Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00837

 

Ц.Энхтайван нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1618 дугаар магадлалтай, 

Ц.Энхтайван, Д.Уранцэцэг, Ц.Мөнхчимэг, Д.Урангоо, Э.Чулуунбаатар Б.Цэцэнгуа нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

Нэхэмжлэгч Ц.Энхтайван, Д.Уранцэцэг, Ц.Мөнхчимэг, Д.Урангоо, Э.Чулуунбаатар Б.Цэцэнгуа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхзамбала корпораци ХХК нь шүүхийн захирамж, шийдвэрээр 20 төлбөр авагчид 513,885,149 төгрөгийн өглөгтэй болсон бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаар тогтоолоор Мөнхзамбала корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Урангоо Э.Чулуунбаатар нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд, тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаар тогтоолоор Мөнхзамбала корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Энхтайваны арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд, тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаар тогтоолоор Мөнхзамбала корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Уранцэцэг, Ц.Мөнхчимэг нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн байна. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хувийн дансыг битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч тус газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболд нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/108 тоот албан бичгээр дансны зарлагын гүйлгээг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн болно.

Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар батлагдсан дүрэмд хувьцаа эзэмшигч 4 өөр нэмэгдэж нийт хувьцаа эзэмшигч нь 6 болсон. Энэ дүрмийн дагуу Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хувь нийлүүлэгч 4 нэмэгдэж үүсгэн байгуулагчийн тоо 6 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн. Энэ дүрмийн 7.5-д зааснаар хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгө зааглагдсан байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнхзамбала корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж, тэдний арилжааны банкинд байгаа хувийн харилцах дансыг битүүмжилж, зарлагын гүйлгээг зогсоосон нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа учир тус газрын Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу Мөнхзамбала корпораци ХХК нь 20 гүйцэтгэх баримт бичгийн нийт 513,885,149 төгрөгийг бусдад төлөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Мөнхзамбала корпораци ХХК-ийн дүрмийн 7.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа болно. Иймд хувьцаа эзэмшигч нар нь эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1618 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7-р сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж, 1618 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн болно.

Мөнхзамбала корпораци ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүрмийн 7.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус, байр орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул уг хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж заасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16281274 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-оор Мөнхзамбала корпораци ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсний дараа 4 хувьцаа эзэмшигч шинээр нэмэгдэж орж ирсэн байдаг.

Хувьцаа эзэмшигч нар Мөнхзамбала корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохдоо тус компани бусдад нилээд хэмжээний өр төлбөртэйг нь мэдэж байсан учир хожим компанийн өр төлбөрийг хувийнхаа эд хөрөнгөөр хариуцахгүй байх зорилгын үүднээс анх хувьцаа эзэмшигч болохдоо компанийн дүрэмд нэмэлт оруулсан байна. Дүрмийн 7.5-д заасан тул бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нэг бүрчлэн мал амьтан, шашны эд зүйлс, үнэт эдлэл, уран зураг, харилцах болон хадгаламжийн данс, хувьцаа гэх мэтээр дурдах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэдэгт хөрөнгийн нэр заасан, заагаагүй түүний бүх хөрөнгө хамаарах учиртай.

Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Ц.Энхтайван, Д.Уранцэцэг, Ц.Мөнхчимэг, Д.Урангоо, Э.Чулуунбаатар Б.Цэцэнгуа  нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020.01.28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 7280060/151 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсний дараа 4 хувьцаа эзэмшигч шинээр нэмэгдсэн, ...эдгээр нь тус компани бусдад нилээд хэмжээний өр төлбөртэйг мэдэж байсан тул компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөр хариуцахгүй байх зорилгоор дүрмийн 7.5-т энэ талаар тодорхой заалт оруулсан, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэдэгт хөрөнгийн нэр заасан, заагаагүй бүх эд хөрөнгө хамаарах тул шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...тус компани өөрийн хөдлөх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, зарж байсан бараа бүтээгдэхүүнийг төлбөр авагч нарт шилжүүлж, бэлэн мөнгөө төлбөрт суутгуулсан, мөн компанийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилга, эзэмшиж байгаа газрыг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зарлагын гүйлгээг хаасан, ...дүрмийн 7.5 дах заалтаар хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө зааглагдсан... гэжээ.

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ...Мөнхзамбала корпораци ХХК төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа, ...хувьцаа эзэмшигч нарын арилжааны банк дах дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргажээ.

Мөнхзамбала корпораци ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдад 513,885,149 төгрөг төлөх төлбөртэй, шийдвэр гүйцэтгэх байгууллага нийт 20 гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь Мөнхзамбала корпораци ХХК байна.  

Мөн хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн этгээдээс төлбөр гаргуулах хуульд заасан бүхий л ажиллагааг хийж, төлбөр төлөгч Мөнхзамбала корпораци ХХК нь гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөрийг төлөх эд хөрөнгөгүй болохыг тогтоосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдсан байх ба эдгээр эд хөрөнгөөс төлбөрийг хэрхэн тооцож төлүүлсэн, хэдий хэмжээний төлбөр төлөгдөөгүй болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020.01.28-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаар тогтоол гаргаж, Мөнхзамбала корпораци ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.Уранцэцэг, 4 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Мөнхчимэг, 6 хувийн хувьцаа эзэмшигч Д.Урангоо, 4 хувийн хувьцаа эзэмшигч Э.Чулуунбаатар, 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Энхтайван нарын эзэмшиж байгаа болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг нийт 54,111,327 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгажээ /хэргийн 20-23 дугаар тал/.

Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.  

Мөнхзамбала корпораци ХХК нь анх Ц.Энхтайван, Д.Уранцэцэг гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй байсан ба 2016 онд хувьцаа эзэмшигч дөрвөөр нэмэгдэж, нийт 6 хувьцаа эзэмшигчтэй болж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд 2016.12.08-ны өдөр бүртгэжээ /хэргийн 7-17, 127-147 дугаар тал/.  

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг. 

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93  дугаар зүйлийн 93.4-т заасан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч  өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцаж болохоор Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын компанид оруулсан хөрөнгө түүний хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй бол тэрээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.

Иймд төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгч нарын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэгч зохих ажиллагааг явуулах үүрэгтэй.

Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигч нарын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хувийн эд хөрөнгөөс заагласан, эсхүл зааглаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа явагдаагүй байна.

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ ажиллагаатай холбоотой төлбөр төлөгч компанийн дүрэм, санхүүгийн бүртгэл тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт зэргийг гаргуулахаар шаардсан, мөн нэхэмжлэгч нар энэ талаарх баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн тус компанийн дүрмийн 7.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 7.5-т хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхдээ түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх хувийн эд хөрөнгө ..., эрхээс зааглагдсан гэж ойлгогдож байна, харин данс дахь мөнгөн хөрөнгөөс зааглагдаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу.  

Нэхэмжлэгч нарын битүүмжлэгдсэн харилцах болон хадгаламжийн данс компанийн үйл ажиллагаанд ашиглагддаг эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.  

Шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч нарт төлбөр төлөгч компанийн өр төлбөрийг хариуцуулсан үндэслэлээ нотлох үүрэгтэй.

  Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүйгээс гадна энэ талаар зохигч мэтгэлцээгүй, үүний үндсэн дээр нотлох баримт үнэлэх ажиллагаа буюу дүгнэлт хийгдээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчинө.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Компанийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг зөв хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1618 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

 Х.ЭРДЭНЭСУВД