Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00377

 

Э-, -У, М-, У-,

Э.Ч-, Б.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э-, -У, М-, У-, Э.Ч-, Б.Ц- нарын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М- ХХК нь шүүхийн шийдвэр, захирамжаар 20 төлбөр авагчид нийт 513,885,149 төгрөгийн өглөгтэй болсон бөгөөд Н-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. М- ХХК нь өөрт байгаа эд хөрөнгүүдээ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бүгдийг нь хураалгасан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр авагч нарт төлбөрүүд зохих хэмжээгээр хуваарилагдсан. Үүнээс гадна М- ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилга, эзэмшиж байгаа газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоосон. М- ХХК нь сүүлийн 5-6 жил үйл ажиллагаа явуулаагүй учраас төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Төлбөр авагч нар төлбөрөө нэхэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд халдах ажиллагаа хийж эхэлсэн. Нэхэмжлэгч нарын арилжааны банкнууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоосон үйлдэл хийдэг. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай 3 тогтоолоор М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан. Компанийн дүрмийн 7.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага уг заалтыг судалж үзэхгүйгээр хувьцаа эзэмшигч нарт Компанийн тухай хуулийг үндэслэж хаалт тавьсан. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хувийн эд хөрөнгийг захиран зарцуулах, өмчлөх эрхэд халдаж байгаа гэж үзэж, дээрх хууль бус тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч М- ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн ажиллагаа явуулсан. М- ХХК-ийн дүрмийн 7.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсэн гэжээ.

 

3.Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч М- ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангаагүй, тус компани нь оршин байх хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад эд хөрөнгөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байх тул М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь 20 төлбөр авагчид нийт 513,885,149 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2016 оноос хойш төлбөр огт төлөгдөөгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2 дах хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх цаашид шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх боломжгүй байдалд хүргээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Э-, -У, М-, У-, Э.Ч-, Б.Ц- нар нь хариуцагч Н-т холбогдуулан төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төлбөр төлөгч М- ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь тус компанийн хувьцаа эзэмшигч нарын эрхэд халдаж, арилжааны банкууд дахь дансыг битүүмжилсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч төлбөр төлөгч М- ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч нар нь төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан байна. /хх-ийн 1-2, 31-р тал/

 

Хариуцагч Н- нь төлбөр төлөгч М- ХХК-ийн бусдад төлөх төлбөр болох нийт 513,885,149 төгрөгт бичигдсэн 20 ширхэг гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж буй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 32-51, 80-99, 123, 147-164-р тал/

 

Төлбөр төлөгч М- ХХК-ийн хувьцааны 51 хувийг Э-, 34 хувийг -У, 6 хувийг У-, 4 хувийг Э.Ч-, 4 хувийг М-, 1 хувийг Б.Ц- нар тус тус эзэмшдэг болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 6-16, 126-р тал/

 

Хариуцагч Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч М- ХХК болон 51 хувийн хувьцаа эзэмшигч Э- нарын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг нийт 54,111,327 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр, /хх-ийн 20-р тал/

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч М- ХХК болон 34 хувийн хувьцаа эзэмшигч -У, 4 хувийн хувьцаа эзэмшигч М- нарын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг нийт 54,111,327 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр, /хх-ийн 21-р тал/

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч М- ХХК болон 6 хувийн хувьцаа эзэмшигч У-, 4 хувийн хувьцаа эзэмшигч Э.Ч- нарын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг нийт 54,111,327 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр тус тус битүүмжилж, төлбөрийг тус газрын дансанд шилжүүлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгажээ. /хх-ийн 22-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөд халдах учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Э-, -У, М-, У-, Э.Ч- нараас М- ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь тэдгээрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байх нөхцөлд хариуцагч байгууллага нь хувьцаа эзэмшигч нарын хөрөнгөөр шийдвэрийг гүйцэтгүүлэхээр банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдсэн нь дээрх хуульд нийцээгүй байна. Иймд төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх нөхцөлд шүүхийн шийдвэр биелэгдэх зарчмыг хувь этгээдүүдийн хөрөнгөөр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцнэ гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151, 17280060/01, 17280060/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудаар нэхэмжлэгч Б.Ц-гийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нэхэмжлэгч Б.Ц-гийн эрх, ашиг нь зөрчигдөөгүй байна.

 

Иймд хариуцагч Н-т холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин төлбөр төлөгч М- ХХК-ийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн нь үндэслэлтэй тул хариуцагч байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151, 17280060/01, 17280060/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоос нэхэмжлэгч Э-, -У, М-, У-, Э.Ч- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151, 17280060/01, 17280060/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоос нэхэмжлэгч Э-, -У, М-, У-, Э.Ч- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Н-т холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 17280060/151, 17280060/01, 17280060/02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ