Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 304

 

"Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/02477 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "А" ХХК-д холбогдох

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Б-ийн А ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

   Нэхэмжлэгч "Г" ХХК-ийн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, Ш.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Г" ХХК нь анх 2001 онд 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, улмаар 2007 онд үүсгэн байгуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт таван үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй болсон. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчийн тоо 4 болж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг "Г" ХХК болгон өөрчилж ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих бүртгэлийг хийлгэн гэрчилгээ, дүрмийг шинээр авсан болно. Тус компанийн хувь нийлүүлэгч, захирал Ц.Б нь Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан Хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчин зохих этгээдийн зөвшөөрөлгүй /бусад хувь нийлүүлэгчдээс зөвшөөрөл аваагүй/ дур мэдэн "Г" ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн агуулахын хойно байрлах 6.000 м.кв газар, уг газарт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектуудыг зарах ямар ч санаа зорилгогүйгээр "А" ХХК-ийг зээл авахад нь туслах зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу газар түр эзэмшигчид Газар эзэмших гэрээний нэрийг шилжүүлэхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд болох Газар түр эзэмшүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж "А" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл "А" ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж аваад зогсохгүй уг газар дээр манай компанийн барьсан агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулан авч хохирол учруулсан. Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектын хууль ёсны өмчлөгчөөр "Г" ХХК-ийг тогтоож, компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх ямар нэгэн шийдвэргүйгээр дээрх гэрээнүүдийг хийсэн буюу эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл тул Ц.Бат-Эрдэнийн "А" ХХК-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарьн 24-ний өдрийн Газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч "А" ХХК-ийн төлөөлөгч Ц.Я шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А" ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Капитал банктай ЖДҮ-ийн сангийн төслийн зээлийн гэрээг байгуулан нийт 960.000.000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл "Г" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж байна, сонгуулийн сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай шаардлагатай байна, мөн "Бэрх зараа" ХХК-ийн ажилчдын цалинд 80.000.000 төгрөг хэрэгтэй байна, Хорин хоёрын замын ажлаас болж сонинд нийтлэл гараад сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэл амыг хурдан дармаар байна, туслаач "Г" ХХК болон "Бэрх зараа" ХХК-иуд Улаанбаатар банк болон ХХБ-д өндөр дүнтэй муу зээлүүдтэй тул зээл авч болохгүй байна. Тиймээс зээлийг танай компанийн нэр дээр зээл авмаар байна, авсан зээлээ зохих хүүгийн төлбөрийн хамтаар гэрээнд заасан хугацаанд төлнө гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн. Ц.Батбаярын хүсэлтийн дагуу "А" ХХК нь "Г" ХХК-ийн эзэмшлийн гэх боловч ямар ч гэрчилгээгүй хөрөнгөнүүдийг гэрчилгээжүүлснээр Капитал банкинд нэмж барьцаалан өөрийн авсан 960.000.000 төгрөгийн зээлээс олон удаагийн давтамжтайгаар нийт дүнгээр 320.400.000 төгрөгийн зээлийг "Г" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат болон "Г" ХХК-д бэлнээр олгосон. Гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ч тус компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу Капитал банкны зээлийн барьцаанд тухайн хөрөнгөнүүдийг бүгдийг зээлийн барьцаанд барьцаалсан болно. Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж байгаа болно. Манай компани 2016 он хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан. "Г" ХХК-ийн хувь нийлүүлэгч болох Ц.Батбаяр, Ц.Батбаярын охин Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат /Ц.Батбаярын дүү, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Батбаярын дүү/ нар нь Капитал банкнаас авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө огт төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд зээл болон зээлийн хүү нь нийтдээ 704.500.000 төгрөг болсон байгаа. "А" ХХК нь өөрийн авч хэрэглэсэн зээл, зээлийн хүүгийн хамтаар хугацаанаасаа өмнө бүрэн төлж дуусгавар болгосон. Капитал банк нь гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар уг захирамжид дурдсан. Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөнүүд нь "Г" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Капитал банкнаас авсан зээлийн барьцаанд барьцаалагдсан, улмаар гүйцэтгэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс захирамжилсан тул хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. "Г" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Капитал банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрыг "Г" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Кбанк" ХХК-ийн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Капитал банк" ХХК банкнаас авсан зээлийг буцаан өгсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгнө гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тавьж байгаа асуудал нь "Г" ХХК нь 2001 онд 1 үүсгэн байгуулагчтай байгуулагдан 2007 онд дөрвөөр нэмэгдэж 5 хувьцаа эзэмшигчтэй болсон. Ц.Бат-Эрдэнэ гэдэг хүн нь энэ компанийг төлөөлөх эрхгүй байж байгаад хэлцэл хийсэн гэж тайлбарладаг. Гэхдээ хэргийн материалд авагдсанаар "Г" ХХК-ийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр Ц.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирал мөн, энэ компанийн дүрэмд гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээг тусгайлан хязгаарласан тухай дүрэм 2012 онд газар шилжүүлэх асуудлыг хийж байхад хүчин төгөлдөр улсын бүртгэлд байсан компанийн хувийн гэрчилгээнд энэ талаар тусгагдаагүй байдаг. Мөн "А" ХХК болон "К банк" ХХК хоёрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Тодруулан хэлэхэд маргаан бүхий гэрээний үл хөдлөх эд хөрөнгө нь ипотекийн барьцаа хөрөнгө юм. Барьцаа хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Үүнийг өмчлөгч хэн байх нь үл хамааран бид шударга барьцаалагч учраас та бүхний нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь манай үндсэн зээлийн үлдэгдлийг төлсөн тохиолдолд энэ маргаан цааш үргэлжлэх боломжтой юм. Гэтэл үр дагавар тодорхой бус асуудалд 2 компанийн зүгээс нэхэмжлэгч хариуцагч нь шүүхэд удаа дараа хэн хэнийгээ татаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниуд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр газар түр шилжүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус гэрчлүүлсэн байна. Нотариатч Д.Д  би гэрээнүүдийг гэрчлэхдээ бүх зүйлийг нягтлан үзэж нотариатын тухай хуулийн зохих заалтын дагуу хийсэн бөгөөд гэрчилсэн гэрээнд ямар нэг алдаа мадаг гараагүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул "А" ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэргийн материалд газрын үнэ 5.000.000 төгрөгийг төлсөн ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд энэхүү төлбөр төлөгдөөгүй талаар дурдаж зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл байсан талаар нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалд худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд, гэрээнд мөнгийг бэлнээр шилжүүлэх заалт байгаа. Түүнээс шилжүүлсэн талаарх тэмдэглэл эсхүл анхан шатны баримт хэрэгт байхгүй. Ийм байхад шүүх "бэлнээр төлсөн" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч тус гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэсний учир нь хотын А зэрэглэлд оршиж буй маргаан бүхий тус газар нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээ 5 сая төгрөг байх ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг батлах тодорхой жишээ нь Капитал банк болон "А" ХХК-иуд тус газрыг тухайн үед 960.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан, одоо шүүхэд 700 гаруй сая төгрөгийн зээлийг төлсөн нөхцөлд газрыг "Г" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хариуцагчийн тайлбараас харж болно. Ийм ч учраас тухайн үед 5 сая төгрөгийг гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнийн талаас шаардаагүй бөгөөд мөн хариуцагч өнөөг хүртэл төлөөгүй байдаг нь талууд анхнаасаа тохирч Капитал банкнаас зээл бүтээхийн тулд, "А" ХХК үл хөдлөх хөрөнгөтэй юм шиг харагдуулахын тулд тус дүр үзүүлсэн дээрх хэлцлийг хийсэн болно. Иймд дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэд "Г" ХХК-ийн эд хөрөнгийг худалдах эрх байхгүй болох талаар зөв дүгнэлт хийсэн боловч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримталж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тус заалт нь "гэрээний үүрэгтэй холбоотой" шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэрэглэгдэнэ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой бус харин ч эсрэгээрээ гэрээ, хэлцэл биш болохыг тогтоолгох агуулгатай шаардлага тул дурдсан заалт хэрэглэгдэхгүй. Түүнчлэн шүүх маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг нэхэмжлэгч 2015 онд шүүхэд гаргаж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй талаар дүгнэлт хийжээ. "Г" ХХК нь 2015 онд маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тэмдэгтийн хураамжид 126.000 төгрөг төлж 3 шатны шүүхээр хянуулсан. Тус шүүхээр маргаж байхад "А" ХХК нэхэмжлэгч байсан бөгөөд нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Энэхүү маргаанд талууд гаргасан шаардлагаасаа татгалзаагүй. Түүнчлэн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцогдоно. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч "А" ХХК-ийн өмчлөлд шилжсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектын өмчлөгч болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч маргаан бүхий газрыг дурдагдаж буй 2 объектын хамт "Г" ХХК-аас шилжүүлэн авсан талаараа маргадаггүй. Хэрэгт авагдсан баримтаар "А ХХК-ийн хувьд зөвхөн өмчлөгчөөр бүртгүүлсэн л этгээд юм. Гэтэл бидний хувьд өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг шүүх анхаарсангүй. Маргаан бүхий объект, газрыг "А" ХХК-аас "К" ХХК-д шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн /шүүгчийн 2016 оны 07 сарын 05 өдрийн 05061 дугаартай захирамж/ 2018 онд "Г" ХХК нэхэмжлэлтэй "А" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт" гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Шүүх дурдсан байдалд зохих дүгнэлт өгөлгүй "А" ХХК хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхэд маргаангүй байсан гэж үзнэ" гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, А ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 514 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох Газар болон агуулахын барилгыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан  байдаг ба энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлээс татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох иргэний  хэргийн зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дүгээр захирамжийг үндэслэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объект болон 6.000 м.кв газрыг “А” ХХК хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхэд маргаангүй байсан гэж нэхэмжлэгч “Г”  ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулан “хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул одоо шаардах эрхгүй гэж үзнэ” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Агуулах, вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох  шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах шаардлагад хамаардаг учир нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж, хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлгүй гэж тус тус үзэн иргэний хэрэг үүсгэх учиртайг шүүх анхаарах нь зүйтэй.

 

            Дээрх  ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/02477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ