Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00548

 

 *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

Газар эзэмших эрх болон агуулахын, вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө буцаан буцаан авах тухай үндсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг *******-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, албан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь анх 2001 онд 1 үүсгэн байгуулагчтайгаа ар байгуулагдаж, улмаар 2007 онд үүсгэн байгуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт таван үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй болсон. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчийн тоо 4 болж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг ******* болгон өөрчилж ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих бүртгэлийг хийлгэн гэрчилгээ, дүрмийг шинээр авсан болно.

Тус компанийн хувь нийлүүлэгч, захирал Ц.Бат-Эрдэнэ нь дур мэдэн *******-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн агуулахын хойно байрлах 6000 м.кв газар, уг газарт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектуудыг зарах ямар ч санаа зорилгогүйгээр *******-ийг зээл авахад нь туслах зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу газар түр эзэмшигчид Газар эзэмших гэрээний нэрийг шилжүүлэхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд болох Газар түр эзэмшүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж *******-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл ******* нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж аваад зогсохгүй уг газар дээр манай компанийн барьсан агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулан авч хохирол учруулсан. Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектын хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг тогтоож, компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх ямар нэгэн шийдвэргүйгээр дээрх гэрээнүүдийг хийсэн буюу эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл тул Ц.Бат-Эрдэнийн *******-тай 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объект болон мөн хаягт байрлах 6000 мкв газар эзэмших эрхийг *******-нд тус тус буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Капитал банктай ЖДҮ-ийн сангийн төслийн зээлийн гэрээг байгуулан нийт 960,000,000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл *******-ний хувьцаа эзэмшигч Ц.Батбаяр нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж байна, сонгуулийн сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай шаардлагатай байна, мөн Бэрх зараа ХХК-ний ажилчдын цалинд 80 сая төгрөг хэрэгтэй байна, Хорин хоёрын замын ажлаас болж сонинд Бэрх зараа ХХК нь үнэхээр бэрх компани юм аа гэсэн нийтлэл гараад сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс зээлийг танай компанийн нэр дээр авмаар байна, авсан зээлээ зохих хүүгийн төлбөрийн хамтаар гэрээнд заасан хугацаанд төлнө гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн. ******* нь 2000 оноос хойш Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 м.кв газрыг ашиглаж эхэлсэн гэх боловч тухайн үеийн байдлаар газар эзэмших гэрчилгээгүй байсан. Гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ч тус компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу Капитал банкны зээлийн барьцаанд тухайн хөрөнгүүдийг бүгдийг зээлийн барьцаанд барьцаалсан болно. Манай компани 2016 он хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан. Газрын төлбөрийн баримтыг Баянгол дүүргийн газрын албанаас гаргуулан авч болно. *******-ийн хувьд газрын болон зээлийн төлбөрийг огт төлөөгүй болно. Энэ талаар тус компанийг маргахгүй гэж үзэж байна. *******-ийн хувь нийлүүлэгч болох Ц.Батбаяр, Ц.Батбаярын охин Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат, Ц.Бат-Эрдэнэ, /Ц.Батбаярын дүү/ нар нь Капитал банкнаас авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө огт төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд зээл болон зээлийн хүү нь нийтдээ 704,500,000 төгрөг болсон байгаа. ******* нь өөрийн авч хэрэглэсэн зээл, зээлийн хүүгийн хамтаар хугацаанаасаа өмнө бүрэн төлж дуусгавар болгосон. Капитал банк нь гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар уг захирамжид дурдсан. Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөнүүд нь *******-ийн хувьцаа эзэмшигчдийн Капитал банкнаас авсан зээлийн барьцаанд барьцаалагдсан, улмаар гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс захирамжилсан тул хөрөнгийг шилжүүлэх боломжгүй. *******-ийн хувьцаа эзэмшигчид Капитал банк-аас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрыг *******-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны эрх хүлээн авагчийг хүлээн авсан тэнцэлд *******- д холбогдох зээл тусгагдсан. Одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээгүй, хүчинтэй хэвээр явагдаж байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарсан Капитал банк" буюу Банкны эрх хүлээн авагчийг шударга барьцаалагч гэж үзэх үндэстэй гэжээ.

Хариуцагч Ариун сарнай ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Орос нефтийн агуулахын хойно байрлалтай, аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газар болон уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 кмв болон 473мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед ******* нь газрын төлбөрөө төлөөгүй байсан тул худалдан авагч тал газрын төлбөр болох 25.879.500 төгрөгийг 2012 оны 05 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн газрын албанд төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 08 сарын 02-ны өдөр *******-ийн нэр дээр гаргуулан авсан. Уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 мкв болон 473мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлийн Ү-2205045476, Ү-2205045477 дугаарт *******-ийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон. Худалдагч тал болох *******-ийн эзэмшил өмчлөлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, авто машин болон бусад эд хөрөнгүүд манай компанийн эзэмшлийн аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд байсаар байна. Иймд ******* нь өөрийн эзэмшил, өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Орос нефтийн агуулахын хойно байрлалтай, аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газар болон уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 кмв болон 473мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг *******-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг *******-д даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь *******-д холбогдуулан газар болон агуулахын барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байжээ. Улмаар нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг гаргасан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32016/25455 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл дээрх сөрөг нэхэмжлэл нь газар болон агуулахын барилгыг чөлөөлүүлэх шаардлагатай байна. 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32016/25455 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ижил бөгөөд уг сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. *******-ийн зүгээс гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ нь компанийн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчингүйд тооцож, маргаан бүхий газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Анхнаасаа ******* нь маргаан бүхий газар объектыг хууль бус хэлцлийн замаар өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр *******-аас *******-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч *******-аас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 хаягт байрлах 473 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2205045476/, уг гудамжны 85/2 хаягт байрлах 432 мкв талбайтай вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/Ү-2205045477/-ийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-ийн өмчлөлд шилжүүлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас аж ахуйн зориулалттай 6000 мкв газар эзэмших эрх шилжүүлэх тухай шаардлага болон агуулах, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,845,984 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******-аас 2,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 1930 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн үндсэн бүрдэл гэж үзэхгүй, харин бие даасан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх нь зүйтэй. Энэ ч үндэслэлээр эдгээр ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд бие даасан хэлцэл байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 мкв талбай бүхий газар *******-ийн нэр дээр эзэмших эрх бүртгэлтэй/ дээр баригдсан, *******-ийн нэр дээр анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Капитал банк ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхын сацуу эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь *******-ийн өмчлөлд байсан болон өмчлөх эрхтэй этгээд болох нь аливаа нотлох баримтаар тогтоогдоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбарыг үндэслэн уг эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө тодорхойлох эрхтэйн сацуу 2012 оны 07 сарын 05-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-г, 2012 оны 07 сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох эсэх нь тодорхойгүй, шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан төдийгүй гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай тусдаа нэхэмжлэлийн шаардлага байх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд учир дутагдалтай дүгнэлт болсон гэж үзэж байна. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 мкв талбай бүхий газрыг эзэмшиж буй *******-ийн эзэмшлийн гэрчилгээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн гэрчилгээг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Зохигчдын зүгээс шүүхэд хандаж хооронд үүссэн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан атал шат шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийн оронд газар болон үл хөдлөх эд хөрөнгүудийг салгаж хоёр байгууллагын нэр дээр тус тусад нь үлдээн шийдвэрлэж байгаа нь талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх бус харин ч эсрэгээрээ маргаантай байдлыг улам бий болгож газар болох үл хөдлөх эд хөрөнгүүдээ хэрхэн ашиглах болон аливаа хэлбэрээр захиран зарцуулах нь тодорхойгүй байдлыг бий болгож шийдвэрлэлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 1930 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Ганьт ХХК нь Ариунсарнай ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/2 хаягт байрлах 432 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 85/1 хаягт байрлах 473 м.кв вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлэх, 6000 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү шаардлага гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үр дагаврыг арилгуулна гэж тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр банкнаас авах зээлийн үүрэгт барьцаалах зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж авсан, зээлийг төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргаж, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-ийн өмчлөлд шилжүүлэн, үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ганьт групп ХХК болон Ариунсарнай ХХК-ийн хооронд 2012 оны 7 сарын 05-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх болон Газар худалдах, худалдан авах тухай 2 гэрээ байгуулагдсан байх ба гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 8009-5034 дугаартай, 6000 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар эзэмших эрх байна /1хх 12-13 тал/.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Ганьт групп ХХК нь Ариунсарнай ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэх, харин худалдах, худалдах авах гэрээнд газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах нөхцөл тусгагджээ.

Гэрээний тал болох Ганьт групп ХХК нь нэрээ 2017.04.28-ны өдөр ******* болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй ба шүүх *******-ийг нэхэмжлэгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т нийцжээ.

Нэхэмжлэгч маргааны зүйл болох газрыг эзэмшдэг байсан ба агуулах болон вакум цонх, хаалганы үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж бий болгосон, хариуцагч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээл авах зорилгоор газрын эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Зохигчийн хооронд хэлбэрийн хувьд газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хэдий ч талуудад ийм хүсэл зориг байгаагүй, энэхүү гэрээ хэрэгжээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1заасан.

Шүүх, үндсэн нэхэмжлэлийн ...газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх, сөрөг нэхэмжлэлийн ...газар чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч *******-ийн хувьд анх 5 жилийн хугацаагаар олгосон газар эзэмших эрх дуусгавар болсон, *******-д 5 жилийн хугацаагаар олгосон эрхийг сунгасан баримтгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Харин зохигчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй, энэ тохиолдолд энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч маргааны зүйл болох агуулах, үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ба ******* нь уг эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авч, улмаар Капитал банктай 2012.01.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохоо үгүйсгээгүй байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барих үед газар төрийн өмчлөлд байсан ба нэхэмжлэгч газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байжээ.

******* нь агуулах, үйлдвэрийн өмчлөх эрхийг хариуцагчид хэрхэн яаж шилжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна зохигчийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх, газар худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар тусгагдаагүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдтэй үүрэг үүсээгүй бол уг зүйлийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид буцаах өгөх үүрэгтэй. Тодруулбал, талуудын хооронд үүрэг үүсээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч эд хөрөнгөө шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Хариуцагч Ариунсарнай ХХК нь Капитал банк ХХК-тай 2012.01.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 960,000,000 төгрөгийг 2017.01.03-ны өдөр хүртэл хугацаагаар зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргааны зүйл болсон газар эзэмших эрх, агуулахын болон үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна /1хх 149-165/.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.05-ны өдрийн 05061 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь Капитал банкны нэхэмжилсэн 695,523,949 төгрөгийн шаардлагыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дах банкны эрх хүлээн авагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбар гаргасан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэлд дурдсан газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь Ариунсарнай ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан, уг бүртгэлийг үндэслэн банк барьцааны гэрээ байгуулсан байх тул Капитал банк ХХК-ийг шударга барьцаалагч гэж үзнэ.

Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Нэхэмжлэгч газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах гэж тодорхойлсон, энэ тохиолдолд шүүх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагагүй тул энэ шаардлагыг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ