Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00850

 

“Г” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/02477 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр магадлалтай,

“Г” ХХК-ний нэхэмжлэлтэй

“А”ХХК-д холбогдох

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Бат-Эрдэнийн “А”ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэндсүрэн, Ш.Энхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г”  ХХК нь анх 2001 онд 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, улмаар 2007 онд үүсгэн байгуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт таван үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй болсон. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчийн тоо 4 болж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг "“Г”" ХХК болгон өөрчилж ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих бүртгэлийг хийлгэн гэрчилгээ, дүрмийг шинээр авсан болно. Тус компанийн хувь нийлүүлэгч, захирал Ц.Б нь Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан Хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчин зохих этгээдийн зөвшөөрөлгүй /бусад хувь нийлүүлэгчдээс зөвшөөрөл аваагүй/ дур мэдэн “Г” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн агуулахын хойно байрлах 6.000 м.кв газар, уг газарт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектуудыг зарах ямар ч санаа зорилгогүйгээр “А”ХХК-ийг зээл авахад нь туслах зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу газар түр эзэмшигчид Газар эзэмших гэрээний нэрийг шилжүүлэхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд болох Газар түр эзэмшүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж ”А”ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл ”А”ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж аваад зогсохгүй уг газар дээр манай компанийн барьсан агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулан авч хохирол учруулсан. Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектын хууль ёсны өмчлөгчөөр “Г” ХХК-ийг тогтоож, компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх ямар нэгэн шийдвэргүйгээр дээрх гэрээнүүдийг хийсэн буюу эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл тул Ц.Бат-Эрдэнийн “А”ХХК-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарьн 24-ний өдрийн Газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А”ХХК-ийн төлөөлөгч Ц.Янжмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А”ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Капитал банктай ЖДҮ-ийн сангийн төслийн зээлийн гэрээг байгуулан нийт 960.000.000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан.Гэтэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж байна, сонгуулийн сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай шаардлагатай байна, мөн Бэрх зараа ХХК-ийн ажилчдын цалинд 80 000 000 төгрөг хэрэгтэй байна, Хорин хоёрын замын ажлаас болж сонинд нийтлэл гараад сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэл амыг хурдан дармаар байна, туслаач “Г” ХХК болон Бэрх зараа ХХК-иуд Улаанбаатар банк болон ХХБ-д өндөр дүнтэй муу зээлүүдтэй тул зээл авч болохгүй байна. Тиймээс зээлийг танай компанийн нэр дээр зээл авмаар байна, авсан зээлээ зохих хүүгийн төлбөрийн хамтаар гэрээнд заасан хугацаанд төлнө гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн. Ц.Бын хүсэлтийн дагуу “А”ХХК нь “Г” ХХК-ийн эзэмшлийн гэх боловч ямар ч гэрчилгээгүй хөрөнгөнүүдийг гэрчилгээжүүлснээр Капитал банкинд нэмж барьцаалан өөрийн авсан 960.000.000 төгрөгийн зээлээс олон удаагийн давтамжтайгаар нийт дүнгээр 320.400.000 төгрөгийн зээлийг “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат болон “Г” ХХК-д бэлнээр олгосон. Гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ч тус компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу Капитал банкны зээлийн барьцаанд тухайн хөрөнгөнүүдийг бүгдийг зээлийн барьцаанд барьцаалсан болно. Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж байгаа болно. Манай компани 2016 он хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан. “Г” ХХК-ийн хувь нийлүүлэгч болох Ц.Б, Ц.Бын охин Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат /Ц.Бын дүү, Ц.Б, Ц.Бын дүү/ нар нь Капитал банкнаас авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө огт төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд зээл болон зээлийн хүү нь нийтдээ 704.500.000 төгрөг болсон байгаа. “А”ХХК нь өөрийн авч хэрэглэсэн зээл, зээлийн хүүгийн хамтаар хугацаанаасаа өмнө бүрэн төлж дуусгавар болгосон. Капитал банк нь гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар уг захирамжид дурдсан.Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөнүүд нь “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Капитал банкнаас авсан зээлийн барьцаанд барьцаалагдсан, улмаар гүйцэтгэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс захирамжилсан тул хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Капитал банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрыг "“Г”" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Капитал банк" ХХК-ийн төлөөлөгч Б.Раднаасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Капитал банк" ХХК банкнаас авсан зээлийг буцаан өгсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгнө гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тавьж байгаа асуудал нь "“Г”" ХХК нь 2001 онд 1 үүсгэн байгуулагчтай байгуулагдан 2007 онд дөрвөөр нэмэгдэж 5 хувьцаа эзэмшигчтэй болсон. Ц.Б гэдэг хүн нь энэ компанийг төлөөлөх эрхгүй байж байгаад хэлцэл хийсэн гэж тайлбарладаг. Гэхдээ хэргийн материалд авагдсанаар "“Г”" ХХК-ийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр Ц.Б гүйцэтгэх захирал мөн, энэ компанийн дүрэмд гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээг тусгайлан хязгаарласан тухай дүрэм 2012 онд газар шилжүүлэх асуудлыг хийж байхад хүчин төгөлдөр улсын бүртгэлд байсан компанийн хувийн гэрчилгээнд энэ талаар тусгагдаагүй байдаг. Мөн ”А”ХХК болон "Капитал банк" ХХК хоёрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Тодруулан хэлэхэд маргаан бүхий гэрээний үл хөдлөх эд хөрөнгө нь ипотекийн барьцаа хөрөнгө юм. Барьцаа хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Үүнийг өмчлөгч хэн байх нь үл хамааран бид шударга барьцаалагч учраас та бүхний нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь манай үндсэн зээлийн үлдэгдлийг төлсөн тохиолдолд энэ маргаан цааш үргэлжлэх боломжтой юм. Гэтэл үр дагавар тодорхой бус асуудалд 2 компанийн зүгээс нэхэмжлэгч хариуцагч нь шүүхэд удаа дараа хэн хэнийгээ татаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дашцэдэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниуд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр газар түр шилжүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус гэрчлүүлсэн байна. Нотариатч Д.Дашцэдэн би гэрээнүүдийг гэрчлэхдээ бүх зүйлийг нягтлан үзэж нотариатын тухай хуулийн зохих заалтын дагуу хийсэн бөгөөд гэрчилсэн гэрээнд ямар нэг алдаа мадаг гараагүй болно гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/02477 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “А”ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/02477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Ариунболд хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шуүхэд буцаасан тухайд: Капитал банк нь “А”ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 04 тоот зээлийн гэрээ байгуулж, 960 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатайгаар зээлүүлсэн. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 04 тоот барьцааны гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 04-1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Улмаар тус компани зээлийг хугацаанд нь төлөөгүй тул шүүхэд хандсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэиий хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар захирамжаар 695 523 949 төгрөгийг “А”ХХК-иас гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн, Дээр дурдсан үүргийг хангуулахаар “А”ХХК-ийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлалтай 8009/5034 нэгж талбарын дугаартай 6000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэн газар, уг газар дээр баригдсан 473 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн газар дээр баригдсан 432 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК нь дээр дурдсан хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, “А”ХХК-ийн өмчлөлийн барьцааны эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож хааж байна. Гуравдагч этгээд болох Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, урьд буюу 2015 онд анхан, давах, хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч “А”ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон талаарх баримтыг холбогдох шүүхийн архиваас татуулж, нотлох баримтаар үнэлүүлсэн байтал давж заалдах шатны шүүх хэргийн материалыг бүрэн судлалгүйгээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлох, хариуцагч нь татгалзлаа нотлох, шүүхийн шатанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэргийг шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч хариуцагчийн төлөөлөгч хуралд ирсэн байтал үндэслэлгүйгээр 3 дахь удаагаа анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн болоод хэргийн материалын хувьд үндэслэлгүй дүгнэлт болсон. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А”ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, “А”ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “А”ХХК нь Капитал банкнаас өөрийн эд хөрөнгөө барьцаалан, 960 000 000 төгрөгийг зээлж авсан байсан ба “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б мөнгө зээлээч гэсэн тул түүнээс шилжүүлсэн эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэн банкинд нэмж барьцаалан, авсан зээлээсээ 320 400 000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаар бусад хувьцаа эзэмшигч болох Ц.Бын охин Б.Сэлэнгэ, дүү Ц.Эрдэнэбат, Ц.Б нар мэдэж байсан... банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрын өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигч нь маргааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг маргаагүй, харин зээл төлөх эсэхээс хамаарч эрхийг шилжүүлэх талаар маргасан байхад анхан шатны шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй байна.

“Г” ХХК-ийн гэх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Ариун сарнай ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тул бүртгэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан Капитал банк нь шударга барьцаалагч бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, барьцааны гэрээнд нөлөөлөх эрх зүйн үндэслэл болохгүй талаар Иргэний хуульд заасан болно.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 514 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаар тогтоолоор “А”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох газар болон агуулахын барилгыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд маргааны үйл баримтын талаар шууд дүгнэх үндэслэлгүйгээс гадна шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж,бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК-ийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 15-ны өдрийн 304 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА