Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2018/02477

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2018/02477

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д. *******,

 

байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Бат-Эрдэнийн ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, Ш.*******, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.*******, Ш.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь анх 2001 онд 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, улмаар 2007 онд үүсгэн байгуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт таван үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй болсон. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчийн тоо 4 болж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг ******* ХХК болгон өөрчилж ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих бүртгэлийг хийлгэн гэрчилгээ, дүрмийг шинээр авсан болно.

Тус компанийн хувь нийлүүлэгч, захирал Ц.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан Хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчин зохих этгээдийн зөвшөөрөлгүй /бусад хувь нийлүүлэгчдээс зөвшөөрөл аваагүй/ дур мэдэн ******* ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн агуулахын хойно байрлах 6000 м.кв газар, уг газарт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектуудыг зарах ямар ч санаа зорилгогүйгээр ******* ХХК-ийг зээл авахад нь туслах зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу газар түр эзэмшигчид Газар эзэмших гэрээний нэрийг шилжүүлэхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд болох Газар түр эзэмшүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж аваад зогсохгүй уг газар дээр манай компанийн барьсан агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулан авч хохирол учруулсан.

Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектын хууль ёсны өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх ямар нэгэн шийдвэргүйгээр дээрх гэрээнүүдийг хийсэн буюу эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл тул Ц.Бат-Эрдэнийн ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарьн 24-ний өдрийн Газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар худалдах худалдан авах гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Янжмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн тус дүүргийн шүүхэд хандан ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

******* ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******тай ЖДҮ-ийн сангийн төслийн зээлийн гэрээг байгуулан нийт 960,000,000 (есөн зуун жаран сая) төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл ******* ХХК-ний хувьцаа эзэмшигч Ц.Батбаяр нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж байна, сонгуулийн сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай шаардлагатай байна, мөн Бэрх зараа ХХК-ний ажилчдын цалинд 80 сая төгрөг хэрэгтэй байна, Хорин хоёрын замын ажлаас болж сонинд Бэрх зараа ХХК нь үнэхээр бэрх компани юм аа гэсэн нийтлэл гараад сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэл амыг хурдан дармаар байна, туслаач ******* ХХК болон Бэрх зараа ХХК-иуд Улаанбаатар банк болон ХХБ-д өндөр дүнтэй муу зээлүүдтэй тул зээл авч болохгүй байна. Тиймээс зээлийг танай компанийн нэр дээр зээл авмаар байна, авсан зээлээ зохих хүүгийн төлбөрийн хамтаар гэрээнд заасан хугацаанд төлнө гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн.

Ц.Батбаярын хүсэлтийн дагуу ******* ХХК нь ******* ХХК-ийн эзэмшлийн гэх боловч ямар ч гэрчилгээгүй хөрөнгөнүүдийг гэрчилгээжүүлснээр *******инд нэмж барьцаалан өөрийн авсан 960 сая төгрөгийн зээлээс олон удаагийн давтамжтайгаар нийт дүнгээр 320,400,000 /гурван зуун хорин сая дөрвөн мянган/ төгрөгийн зээлийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат болон ******* ХХК-д бэлнээр олгосон.

Газар болон 2 агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хэрхэн ******* ХХК-ийн нэр дээр шилжсэн талаар дараах тайлбарыг тодруулан хүргүүлж байна.

******* ХХК нь 2000 оноос хойш Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 м.кв газрыг ашиглаж эхэлсэн гэх боловч тухайн үеийн байдлаар газар эзэмших гэрчилгээгүй, улмаар Газрын тухай хуульд заасны дагуу газар ашигласны төлбөрийг огт төлөөгүй байсан.

Гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ч тус компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу *******ны зээлийн барьцаанд тухайн хөрөнгөнүүдийг бүгдийг зээлийн барьцаанд барьцаалсан болно.

Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж байгаа болно. /ЧД-ийн Ард кино театрын хажууд байрлах 04 тоот нотариатч *******гийн нотариат дээр ******* ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ өөрийн биеэр ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг хийсэн болно./

Манай компани 2016 он хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан /газрын төлбөр төлсөн Баянгол дүүргийн газрын албанаас баримтаар гаргуулан авч болно. ******* ХХК-ийн хувьд газрын болон зээлийн төлбөрийг огт төлөөгүй болно. Энэ талаар тус компанийг маргахгүй гэж үзэж байна.

******* ХХК-ийн хувь нийлүүлэгч болох Ц.Батбаяр, Ц.Батбаярын охин Б.Сэлэнгэ, Ц.Эрдэнэбат /Ц.Батбаярын дүү, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Батбаярын дүү/ нар нь *******наас авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө огт төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд зээл болон зээлийн хүү нь нийтдээ 704,500,000 төгрөг болсон байгаа.

******* ХХК нь өөрийн авч хэрэглэсэн зээл, зээлийн хүүгийн хамтаар хугацаанаасаа өмнө бүрэн төлж дуусгавар болгосон.

******* нь гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар уг захирамжид дурдсан.

Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөнүүд нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн *******наас авсан зээлийн барьцаанд барьцаалагдсан, улмаар гүйцэтгэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс захирамжилсан тул хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид *******наас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрыг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид маргаан бүхий зүйлийг хууль ёсны дагуу авсан гэж үзэж байна. Гэхдээ ******* ХХК банкнаас авсан зээлийг буцаан өгсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгнө гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тавьж байгаа асуудал нь ******* ХХК нь 2001 онд 1 үүсгэн байгуулагчтай байгуулагдан 2007 онд 4-өөр нэмэгдэж 5 хувьцаа эзэмшигчтэй болсон. н.Бат-Эрдэнэ гэдэг хүн нь энэ компанийг төлөөлөх эрхгүй байж байгаад хэлцэл хийсэн гэж тайлбарладаг. Гэхдээ хэргийн материалд авагдсанаар ******* ХХК-ийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр н.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирал мөн, энэ компанийн дүрэмд гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээг тусгайлан хязгаарласан тухай дүрэм 2012 онд газар шилжүүлэх асуудлыг хийж байхад хүчин төгөлдөр улсын бүртгэлд байсан компанийн хувийн гэрчилгээнд энэ талаар тусгагдаагүй байдаг. Мөн ******* ХХК болон ******* ХХК хоёрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Тодруулан хэлэхэд маргаан бүхий гэрээний үл хөдлөх эд хөрөнгө нь ипотекийн барьцаа хөрөнгө юм. Барьцаа хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Үүнийг өмчлөгч хэн байх нь үл хамааран бид шударга барьцаалагч учраас та бүхний нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь манай үндсэн зээлийн үлдэгдлийг төлсөн тохиолдолд энэ маргаан цааш үргэлжлэх боломжтой юм. Гэтэл үр дагавар тодорхой бус асуудалд 2 компанийн зүгээс нэхэмжлэгч хариуцагч нь шүүхэд удаа дараа хэн хэнийгээ татаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус компаниуд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр газар түр шилжүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус гэрчлүүлсэн байна.

Нотариатч Д.******* би гэрээнүүдийг гэрчлэхдээ бүх зүйлийг нягтлан үзэж нотариатын тухай хуулийн зохих заалтын дагуу хийсэн бөгөөд гэрчилсэн гэрээнд ямар нэг алдаа мадаг гараагүй болно. Гэрчилсэн гэрээнүүдийн эх хувийг нь татан авч хавсаргав гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Бат-Эрдэнийн ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Бат-Эрдэнийн ******* ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд хариуцагчийн татгалзлыг дэмжсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Оросын нефтийн агуулахын хойно хаягт байрлах 6000 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* ХХК нь газрын үнэ 5,000,000 төгрөгийг төлөх үүргийг,

 

Мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч ******* ХХК нь нэгж талбарын 800915034 дугаартай, гэрчилгээний 0231772 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Оросын нефтийн агуулахын хойно хаягт байрлах 6000 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч ******* ХХК нь уг газрыг шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн ба ******* ХХК нь газрын үнэ 5,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр төлжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан байх ба талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг дүр үзүүлэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан боловч шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, маргаан бүхий гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объект болон 6000 м.кв газрыг тус компани ******* ХХК-д барьцаалж, зээл авсан байх ба уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл 695,523,949 төгрөг шаардсан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд эвлэрснээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05061 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд одоо уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

 

Шүүх ******* ХХК болон ******* ХХК нарын эвлэрлийг хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй үндэслэлээр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноос дүгнэвэл Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объект болон 6000 м.кв газрыг ******* ХХК хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхэд маргаангүй байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д өмчлөх эрх шилжүүлсэн дээрх хэлцлүүдийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа.

 

Уг маргаан бүхий гэрээнүүдийг 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ өөрийн биеэр ирж хийсэн талаар талууд маргаагүй тул түүний энэ үйлдлийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д нийцсэн гэж үзнэ.

 

Харин ******* ХХК-ийн хувь нийлүүлэгчид түүнд олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийгдсэн эсэх асуудал маргаантай байна.

 

Хэрэгт авагдсан хувь нийлүүлэгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх удирдлага болох Ц.Бат-Эрдэнэд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объект болон 6000 м.кв газрыг худалдан борлуулах эрхийг олгоогүй байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан нэхэмжлэгч энэхүү шаардлагаа гаргаагүй, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул одоо шаардах эрхгүй гэж үзнэ.

 

******* ХХК-ийг төлөөлж 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ хийсэн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнийн хувьд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар гэрээ байгуулагдсан өдрөөс хойш, тус компанийн ТУЗ-ийн хувьд гүйцэтгэх удирдлагыг уг гэрээг байгуулсныг мэдээгүй байсан гэж үзвэл санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны дотор компанийн тайлан хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлын явцад энэ тухай мэдэх боломжтой байснаас хойш хуулиар тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дууссан байна.

 

Иймд нэхэжлэгч одоо энэ талаар шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн дээрх хэлцлүүдийн улмаас эрх зүйн үр дагаврыг буюу газрыг бусдад шилжүүлж байгаа, түүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэсгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг 2015 онд шүүхэд гаргаж байсан боловч энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй байсныг тэмдэглэв.

 

Дээрх үндэслэлүүдээр ******* ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Бат-Эрдэнийн ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар түр эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын болон вакум цонх, хаалганы үйлдвэрийн зориулалттай объектуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.





ДАРГАЛАГЧ                     Т.НАРАНЦОГТ