Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монтракт групп ХХК-ний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дугаар шийдвэртэй,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, 4/6 байрны 34 тоотод байрлах, Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар баг, Жаргалан 36 тоотод байрлах “Ховд скай” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 242.202.500 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Монтрак Групп ХХК нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.

Хариуцагч Ховд Скай ХХК нь нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно.

Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрэээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлыөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно.

Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 360 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч Ховд Скай ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасч тооцоход Ховд Скай ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно.

Үүн дээр хариуцагч Ховд Скай ХХК-ийн нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компаний хохирлыг гаргуулж өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь Монтракт ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Мотракт ХХК-ний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 1111-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот  Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242202500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд скай ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай Ховд скай ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монтрак групп ХХК-тай 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр манай компани хариуцагчийн өмчлөлийн хоёр ширхэг XG951HL маркийн авто ачигч машиныг 52500 ам доллараар үнэлж 6 сарын хугацаатай сарын хоёр хувийн хүүтэйгээр эзэмшиж, ашигласны дүнд авто ачигчийн төлбөрийг бүрэн төлөөд түүний нэгийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Гэрээний 9.4 дэх заалтад түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн техникийг буцаан авч ашигласан сар тутамд сарын 15000000 төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 312-317 дугаар зүйл болон Монгол улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн холбогдох тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна.

 Учир нь түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ нь тус тусдаа өөр өөрийн зорилготой, гэрээний гол нөхцөл нь өөр хоорондоо ялгаатай иргэний хэлцлийн төрлүүд байтал санхүүгийн түрээсийн гэрээний гол нөхцлийг зөрчиж түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэхээр нөхцөл заасан нь хууль бус юм. Мөн гэрээний 7.10 заалт нь түрээсийн хүү болон хугацаа хэтрүүлсний алданги нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн дуусах хүртэл тооцогдоно гэж заасан нь мөн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэх үндэслэлтэй байна. Манай компанийн Монтрак групп ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгчээс авсан тоног төхөөрөмжийн үнийг 6 сарын хугацаанд сар бүр 2 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байтал тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хүүг тооцож төлүүлнэ гэсэн нь Иргэний хууль болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэх үндэслэлтэй байна. Ховд скай ХХК, Монтрак групп ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.4-д заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Монтрак групп ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед манай компани Ховд аймгийн Цэцэг суманд үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхай нь Хятад руу нүүрс гаргадаг байсан ба миний бие Хятадын Пин Жан Лю Ди Ван ХХК-тай гэрээ байгуулж ачилт хийж ашиг олно гэж тооцсон. Ингээд Хятадын Пин Жан Лю Ди Ван ХХК-тай гэрээ байгуулсан боловч тээврийн ханш өндөр байна гээд тээвэрлэлт хийхээс татгалзсан. Мөн гэрээ хийснээс хойш Ховд аймгийн Хөшөөтийн уурхай хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаад хаагдсан тул хоёр ширхэг ковшийг ашиглах боломжгүй болсон. Иймд Монгол улсын Иргэний хууль, Санхүүгийн түрээсийн тухай хуулийг ноцтой зөрчсөн Ховд скай ХХК, Монтрак групп ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Манай компани нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монтрак групп ХХК-тай санхүүгийн түрээсийн 14/42 тоот гэрээ байгуулж. Уг гэрээгээр манай компани хариуцагчийн өмчлөлийн хоёр ширхэг авто ачигчийг тус бүрийг нь 52500 ам.доллараар 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй эзэмшиж ашиглаж эхэлсэн. Авто ачигчийн нийт төлбөр 109588.42 ам.доллар үүний 50% нь 54794.21 ам.доллар энэ нь нэг ачигч машины үнэ бөгөөд манай компани нийт төлбөл зохих 109588.42 ам.доллараас 59917 ам.долларыг төлж барагдуулсан нь төлбөл зохих үнийн 54.67 хувь болж байгаа бөгөөд нэг авто ачигчийн үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлтэй юм. Санхүүгийн түрээсийн гэрээгээр хоёр талын хүлээсэн үүрэгт энэхүү гэрээг цуцлах тохиолдолд хоёр тал уулзалт хийж гэрээг дүгнэн харилцан акт үйлдэнэ гэж тусгасан байхад Монтрак групп ХХК нь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хоёр авто ачигч машиныг авч явсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйл санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах, мөн хуулийн 16.3-д зааснаар түрээслэгч түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах эсвэл гэрээний зүйлийг буцаан авах үед түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 50% буюу түүнээс дээш хувийг төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбоотой маргаан гарвал шүүх буюу Арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. Манай компани түрээсийн зүйл болох хоёр авто ачигч машин ашигласны хөлсөнд 109588.42 ам.доллар төлөхөөс 59917 ам.доллар төлсөн. Төлбөл зохих үнийн 54.67 хувийг төлсөн тул түрээсийн зүйл болох хоёр авто ачигч машины өмчлөлийн талаар санхүүгийн түрээсийн гэрээний нэг тал болох манай компани тус шүүхэд маргаан гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Монтрак групп ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 Хариуцагч нь 2 үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахдаа Иргэнийн хуулийн 56.1.1-д зааснаар хууль буюу нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Санхүүгийн түрээсийн гэрээ нь Санхүүгийн түрээсийн хууль болон Иргэний хуулийн түрээс болон эд хөрөнгө хөлслөх гэрээний зохих зүйл заалтуудыг зөрчөөгүй, гэрээний гол нөхцөлд үнийн талаар харилцан тохиролцсон учраас хууль зөрчсөн гэрээ болоогүй. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг яаж зөрчснийг ойлгохгүй байна. Энэ нь арай өөр агуулгаар тайлбарлагдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл нөхцлүүд тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 3.1.1, 3.1.2-т зааснаар гэрээнд заасан үүргээ зөрчихгүй, цаг хугацаанд нь төлсөн бол гэрээнд заасан нөхцлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй байсан. Эхний сараасаа гэрээний үүрэг зөрчигдсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч нь биелүүлээгүй учир түрээслэгчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэг нь нэгийгээ үгүйсгэсэн шаардлага байна. Хариуцагч Ховд скай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дугаар шийдвэрээр:“ 1 .Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дугаар зүйлийн 289.1.2, 289.1.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ховдскай ХХК-иас 61,780,500 /жаран нэгэн сая долоон зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,422,000 /нэг зуун наян сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгийг, Монтрак групп ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118 219 500 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 /нэг сая гурван зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг, хариуцагч Ховдскай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 466,853 /дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ховд скай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 26 дугаар бүлгийн зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, 317 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаар тогтоолоор тодорхой заасан байтал үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй, нэг талд үйлчилсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Маргааны зүйл болох авто ачигчийг Ховд скай ХХК нь өөрийн шууд эзэмшилдээ байлган 6 сарын хугацаатайгаар, хүүтэйгээр төлбөрийг нь төлж барагдуулснаар худалдан авах эрх нь үүсэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Шүүх санхүүгийн түрээсийн гэрээнд яагаад шилжиж болно гэж үзсэн нь ойлгомжгүй сарын 15000000 төгрөгөөр ямар учраас төлнө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч В.Баасанбямба миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг нь зөрчин шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэсэн шүүгчийн дүгнэлт бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна.

Барьцааны агуулга нь хөрөнгөө дагадаг гэтэл хөрөнгөө авсан тал нь машины үнийг давхар авах нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан талууд маргаагүй асуудлаар ч шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч тал гэрээний 9.4-д заасан заалтыг нэг ширхэг авто ачигчийн сарын түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, хоёр авто ачигчийн сарын түрээсийн төлбөр 30.000.000 төгрөг гэж тайлбарласан боловч гэрээний 9.4-т түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15.000.000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж талууд тохиролцсон байна. Иймд илүү нэхэмжилсэн 180.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. 

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т заасан түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлж, сар тутамд 15.000.000 төгрөгөөр тооцох нь 1 авто ачигчийн үнэ гэдэгт талууд маргадаггүй, хариуцагч хүлээн зөвшөөрдөг нь хариуцагч талын тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдож байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эргэлзээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж журамласан атал талуудын маргаагүй асуудлаар шүүх нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ховд скай ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь Ховдскай ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ховдскай ХХК нь Монтрак групп ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118.219.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Ховдскай ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэж, хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Монтрак групп ХХК хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Ховдскай ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлажээ.

            “Монтрак групп” ХХК нь “Ховд Скай” ХХК-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй 2 ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 62250 ам доллароор түрээслүүлж, түрээслэгч “Ховд Скай” ХХК-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох 2 авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. 

            Ховдскай ХХК нь түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Монтрак групп ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйл буюу 2 ширхэг авто ачигчийг буцаан авсан байна.

            Түрээслүүлэгч Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгийг түр буцаан авах эрхтэй хэдий ч мөн зүйлийн 15.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр буцааж өгөх үүрэгтэй байдаг.

            Гэтэл нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь түрээсийн зүйл болох 2 ширхэг авто ачигчийг буцаан авсан байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

            Түрээслүүлэгч 2 ширхэг авто ачигчийг түрээслэгчээс буцаан авснаар талуудын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болж буй тохиолдолд нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэлх түрээсийн төлбөрийг, хариуцагч эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг тус тус шаардах эрхтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсгүүдэд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар хуульчилжээ.

            Гэтэл талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа болон 2 ширхэг авто ачигчийг түрээслэгчид анх шилжүүлсэн зорилго, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргийг шүүх анхаарахгүйгээр Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.356.300 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1.060.060 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.356.300 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1.060.060 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, тэдгээрт буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                М.НЯМБАЯР