Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00545

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00545

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 031 363 991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мягмардорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Сугар-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Ж ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр Дархан-Уул аймаг, Дархан дахь ШУТИС-ийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж, эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж бүрэн ашиглалтад оруулж захиалагч болох Ж ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч Ж ХХК нь зохих гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилтийг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм.

Уг оюутны хичээлийн байрыг БСШУЯ-ны захиалгаар барьж ажлын гүйцэтгэлийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт нь орж ирж байсан бөгөөд Ж ХХК нь гүйцэтгэлийн дагуу орж ирсэн санхүүжилтийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу М ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээр санхүүжигдсэн төлбөрөөс 629 217 252 төгрөгийг шилжүүлээгүй.

Манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 2015 онд санхүүжигдэх ёстой 890 000 000 төгрөгөөс дутуу шилжүүлсэн 165 543 827 төгрөг, уг төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 160 хоногийн 0,1 хувиар тооцож 26 487 012 төгрөгийн алданги, 2016 онд Сангийн яамнаас санхүүжилтээр орж ирсэн 820 272 262 төгрөгөөс дутуу шилжүүлсэн 120 272 262 төгрөг, уг төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 144 хоногийн 0,1 хувиар тооцож 17 319 205 төгрөгийн алданги, 967 036 473 төгрөг төлөгдөхөөс дутуу шилжүүлсэн 222 036 473 төгрөг, уг төлбөрт 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 340 хоногийн 0,1 хувиар тооцож 75 492 400 төгрөгийн алданги, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121 364 690 төгрөг, уг төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1 хувиар тооцож 8 859 622 төгрөгийн алданги буюу нийт гүйцэтгэлээс дутуу төлөгдсөн төлбөр 629 217 252 төгрөг, алданги 128 158 239 төгрөгийг, гэрээний 7. 2 дахь хэсэгт заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг, бүгд 1 031 363 991 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК нь 2013 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан тендерт оролцож ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймагт байрлах Дархан ШУТИС-ийн 5 давхар барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Үүнээс хойш захиалагчаас шалтгаалан барилгын ажил хэвийн үргэлжлээгүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 1З-ны өдөр гэрээний хугацааг сунгасан. Гэрээнд зааснаар Ж ХХК нь туслан гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд барилгын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх 08 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.2-т БСШУ-ны яамтай байгуулсан гэрээний үндсэн болон тусгай нөхцөлүүд бүрэн хамааралтайгаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл М ХХК нь Ж ХХК-тай байгуулсан гэрээнээс гадна Ж ХХК болон БСШУЯ-ны хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг дагаж мөрдөхийг бүрэн зөвшөөрсөн болно.

БСШУЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын ажлын нийт төсөвт өртгөөс дараах үнийн дүнг захиалагч нь суутган авч зарцуулахаар тохиролцсон болно. Үүнд: техник хяналтын зардал 52 462 751 төгрөг, магадлашгүй ажлын зардал 52 523 724 төгрөг, инженер геологийн үнэ 1 900 000 төгрөг, зураг төсвийн зардал 45 187 000 төгрөг, экспертизийн үнэ 2 250 000 төгрөг, нийт 154 323 475 төгрөг юм. Энэ нь М ХХК-тай хийсэн гэрээний төсөвт багтсан. Сензо ХХК-д зураг төслийн зардалд 51 033 321 төгрөгийг өгсөн. Үүнийг Ж ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх үнийн дүн нь мөн суутгагдан үлдэхээр харилцан тохиролцсон болно.

Мөн гэрээнд заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг баталгаат хугацааны туршид буюу 3 жилийн хугацаанд БСШУЯ-д байршуулах үүрэгтэй болно.

Дээрх гэрээт ажлыг М ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд Барилга хүлээн авах улсын комисс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан гэх бөгөөд холбогдох эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсаар 2017 оны 5 дугаар сард акт эцсийн байдлаар гарсан болно. Гүйцэтгэгч М ХХК нь ажлыг 6 сарын хугацаанд хийх байсан боловч энэ хугацаандаа хийж дуусаагүй, гэрээгээ зөрчсөн. Манай зүгээс санхүүжүүлэх үүрэгтэй байсан боловч яамнаас санхүүжилт удаашралтай орж ирж байсан, тэгээд ч гэрээнд санхүүжүүлэх хугацааг тодорхой заагаагүй, иймээс алданги тооцох үндэслэлгүй. Яам нийт санхүүжилтээс 150 000 000 орчим төгрөгийг барьцаанд авч үлдсэн. Энэ мөнгийг ерөнхий гүйцэтгэгч л авч болно.

М ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 467 384 396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016 оны 8 дугаар сард 145 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445 127 997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22 256 399 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, нийт 612 384 396 төгрөг гаргуулах гэж байсан. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үед үндсэн ажлын төлбөрийг 392 308 735 төгрөг гэж байсан, одоо болохоор 629 217 252 төгрөг гээд нэмээд орж ирсэн байна. Бид 419 078 946 төгрөгийн тооцоо үлдсэн гэж үзэж байна.

М ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон байна.

Одоо М ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр бичиж гэрээт ажлын төлбөр 629 217 252 төгрөг, алданги 128 158 239 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг, нийт 1 031 363 991 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Манай зүгээс техник хяналтын зардал 52 462 751 төгрөг, магадлашгүй ажлын зардал 52 523 724 төгрөг, инженер геологийн үнэ 1 900 000 төгрөг, зураг төсвийн зардал 45 187 000 төгрөг, эксперизийн үнэ 2 250 000 төгрөг, нийт 154 323 475 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 23 368 000 төгрөгийг, алданги 128 158 239 төгрөгийг, торгууль 105 620 500 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, энэ бүхнийг хасахаар үндсэн төлбөрөөс 419 078 946 төгрөгийг бол хүлээн зөвшөөрнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 879 837 752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 151 526 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 5 314 762 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 557 139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд үүссэн бодит байдалд буюу гэрээг дүгнэн үзвэл Ж ХХК нь 419 078 946 төгрөгийг М ХХК-д төлөх ёстой болно. Анхан шатны шүүхээс уг 210 138 306 төгрөгийг илүү олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-д Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-т Талууд гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа зөрчсөн, нөгөө талынхаа шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг нэг удаа төлнө гэж заасныг үндэслэн 145 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шүүгч энэхүү дүгнэлтийг хийхдээ Ж ХХК нь гэрээний ямар үүргийг зөрчсөн, М ХХК-ийн ямар шаардлагыг удаа дараа хэзээ хэрхэн биелүүлээгүй талаар огт нотлох баримт авагдаагүй байхад хийсвэр байдлаар дүгнэлт гаргасан. Нөгөө талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай огт нийцээгүй зохицуулалтыг хэрэглэсэн. Өөрөөр хзлбэл талууд тодорхой үнийн дүнгээр тохиролцоогүй, мөн гэрээний 7.2-д гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувь гэж заасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоох тухай заасныг шүүгч маргааныг шийдвэрлэхдээ огт анхаарч үзээгүй.

Нөгөө талаар Ж ХХК нь гэрээний ямар ч заалтыг болон үүргээ огт зөрчөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр ажлыг эхлүүлнэ гэсэн бөгөөд санхүүжилтийн талаар ямар нэгэн хуваарь гаргаагүй бөгөөд улсын төсвийн санхүүжилтээс хамаарах талаар тохиролцсон. Гэтэл шүүгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Гэтэл М ХХК нь гэрээний 1.1-д заасан барилгыг ашиглалтад оруулж өгөх үүргээ биелүүлээгүй байхад буюу улсын комиссын акт гараагүй байхад шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүгч огт анхаарч үзээгүй юм. Улсын комиссын акт нь М ХХК-ийг шүүхэд хандсан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гарсан болно. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 145 000 000 төгрөгийн торгуулийг огт хүлээн зөвшөөрөхгүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-д М ХХК нь суурийн нэмэлт ажлын зардалд 105 620 500 төгрөгийг нэхэмжилсэнийг анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д гэрээт ажлын бүх үнийн дүнг 2,9 тэрбум төгрөгөөр тогтоож баталгаажуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан суурийн ажлын актууд 2015 оны 6 дугаар сарын 2, 8, 10-ны зэрэг өдрүүдийн баримтад ямар нэгэн өөрчлөлт байхгүй талаар дурьдаж баталгаажуулсан байна. Иймд уг нэмэлт төлбөрийг Ж ХХК-аас огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 031 363 991 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Ж ХХК-ийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Дархан-уул аймгийн, Дархан ШУТИС-ийн харьяа сургуулийн барилгын барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, тус яам 3 006 921 443 төгрөгийн санхүүжилтыг хийхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Ж ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд М ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 08 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр М ХХК нь өөрийн материал, тоног төхөөрөмжөөр ШУТИС-ийн Дархан сургуулийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг инженерийн шугам сүлжээний хамт иж бүрнээр нь барьж дуусган ашиглалтад оруулах, Ж ХХК нь улсын төсвөөс ирэх санхүүжилтээс 2 900 000 000 төгрөгийн санхүүжилт олгохоор тус тус тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Улмаар барилгыг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисс хүлээн авсан нь барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдсон. /1хх 59-61 дэх тал/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01040 дүгээр шийдвэрээр М ХХК нь Ж ХХК-аас 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 08 тоот гэрээний төлбөр 392 308 735 төгрөг, алданги 52 819 262 төгрөг, өмгөөллийн хөлс 22 256 39 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, нийт 612 384 396 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /1хх 20-22 дахь тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрт зааснаас үзэхэд нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2015 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой хэсгийн талаар дүгнэлт хийж, хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд нэхэмжлэлээс 2015 онд олгох 890 000 000 төгрөгийн санхүүжилтээс дутуу шилжүүлсэн 165 543 827 төгрөг, түүний алдангид 26 487 012 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016, 2017 оны ажлын гүйцэтгэл, түүнтэй холбоотой төлбөрийн талаар шүүх дүгнэх учиртай юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас М ХХК-д 2016 оны эхний хагас жилийн санхүүжилт /2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх/ 820 272 262 төгрөг олгох ёстойгоос 700 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 120 272 262 төгрөгийн санхүүжилт дутуу олгосон, 2017 оны сүүлийн жилийн санхүүжилт /2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх/ 967 036 473 төгрөгийн санхүүжилтээс дутуу шилжүүлсэн 222 036 473 төгрөг болох нь барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон санхүүжилтын баримт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтуудаар тогтоогдож байна. /1хх 16-19, 2хх 18-36 дэх тал/ Өөрөөр хэлбэл эцсийн гүйцэтгэлд төлөх 121 364 690 төгрөг буюу 2016, 2017 оны нийт гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ 463 673 425 төгрөгийг хариуцагч Ж ХХК төлөх үүрэгтэйгээс холбогдох зардлыг хасч тооцно.

 

Түүнчлэн, Дархан ШУТИС-ийн харьяа сургуулийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад захиалагчаас барилгын суурийн ажлын зурагт өөрчлөлт хийгдэж, М ХХК нь нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БСШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаярын өрөөнд болсон хурлын тэмдэглэл, М ХХК-аас Ж ХХК-ийн захиргаанд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15/399-01 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт ажлын зардал гарч төсвийн хэмжээ нэмэгдэх болсон талаар хариуцагчид зохих ёсоор мэдэгдсэн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул анхан шатны шүүх нэмэлт ажлын зардалд 105 620 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь нөгөө талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай хууль зүйн туслалцаа авч, хохирсон гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иймд анхан шатны шүүх өмгөөллийн хөлсний ажлын зардалд 23 368 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 128 158 239 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд энэ талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2 дахь хэсэгт Талууд гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа зөрчсөн, нөгөө талынхаа шаардлагыг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй... бол гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүрэг-ээс торууль тооцох хуулийн шаардлагад нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагаас торгуульд 145 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй, хуулийг буруу хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Ж ХХК нь БСШУЯ-тай байгуулсан гэрээнийхээ хүрээнд барьцааны мөнгийг ажлын хөлсөнд нь оруулж, тооцож суутгасан байгаа боловч М ХХК-тай байгуулсан гэрээнд энэ талаар тухайлан заагаагүй учраас барьцааны мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс суутгаж авч үлдэх эрхгүй юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Иймд барьцааны 150 000 000 төгрөгийг хасч тооцох талаарх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байжээ.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2 дахь хэсэгт Энэхүү гэрээнд БСШУЯ-тай байгуулсан сургуулийн хүчээлийн байрны барилга, барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн болон тусгай нөхцөлүүдтэй бүрэн хамааралтай байна... гэж тохиролцсон тул БСШУЯ болон Ж ХХК-ийн хооронд 2013 онд байгуулагдсан гэрээний 4 дэх хэсэг болох гэрээний үнэд техник хяналтын зардал 52 462 751 төгрөг, инженер, геологийн үнэ 1 900 000 төгрөг, зураг төсвийн зардал 45 187 000 төгрөг, экспертизийн үнэ 2 250 000 төгрөгийг буюу нийт 101 799 751 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй байна. Учир нь барилгын зураг төслийг гуравдагч этгээд болох Сэнзо констракшн ХХК-аар хийлгүүлсэн байх бөгөөд уг зураг төслийн хүрээнд барилга баригджээ. Иймд нэхэмжлэгч нь уг зураг төслийг хийж гүйцэтгээгүй тул гэрээний үнээс хасч тооцно гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий болжээ.

 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэдгийг барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээд гэсэн агуулгаар зааснаас үзвэл экспертизийг нэхэмжлэгч хийсэн гэж үзэх боломжгүй. Иймд уг үнийн дүнг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Мөн техникийн хяналтыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдохгүй тул гэрээний үнээс хасч тооцох юм.

 

Иймд хариуцагчаас 467 494 174 /463 673 425+105 620 500-101 799 751/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 563 869 817 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00227 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 879 837 752 төгрөгийг гэснийг 467 494 174 төгрөгийг гэж, 151 526 239 төгрөгт гэснийг 563 869 817 төгрөгт гэж,

2 дахь заалтын 4 557 139 төгрөгийг гэснийг 2 495 420 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 461 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА