Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00579

 

 

 

 

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00579

Улаанбаатар хот

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НХОГ ОНӨААТҮГ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:О ХХК -д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд олгосон 5.721.600.000 төгрөгийг, алданги 2.860.800.000 төгрөгийн хамт нийт 8.582.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.Б, хариуцагч О ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн даргад Б.Мөнхтулга нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НХОГ ОНӨААТҮГ нь Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Манай газар О ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх /ХБҮ/УТ-01/ тоот Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-г 9.793.157.438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан.

Гэрээ байгуулагдсанаас хойш О ХХК нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж, 5,7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй.

Захиалагч гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчид БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг нь үндэслэн гүйцэтгэлээр нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.937.947.232 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.632.271.590 төгрөгийг, нийт 5.570.218.822 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Уг санхүүжилтийг О ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151.381.178 төгрөгийг шилжүүлээгүй авч үлдсэн нь үнэн.

Гүйцэтгэгч нь гэрээний 5-д зааснаар ажлын үр дүнг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч, өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, захиалагчаас удаа дараа гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй.

Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, олгосон нийт санхүүжилтээр буюу 5.570.218.822 төгрөгөөр нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авч, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэх боловч авсан санхүүжилтийн хэмжээ, зориулалтад тохирсон тоног төхөөрөмж худалдан аваагүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай газрын инженерүүд газар дээр нь очиж үзэхэд 13 контейнер байсан ба контейнер доторх тоног төхөөрөмжийг үнийн саналд ирүүлсэн ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд 13 контейнерт туузан дамжуурга, коньверүүд ирсэн, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, удирдлагын самбар болон бусад гол тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350 дугаар зүйлийн 350.1.5-д ...материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр-дүн шилжүүлэх, Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний 5-д заасан үүрэг болон авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэх үүргээ О ХХК биелүүлээгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээ цуцлах журмыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлд тусгайлан зааж өгсөн бөгөөд 355.1-д "Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" гэж заасан.

Мөн хуулийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй", 225.2-т "үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тоггоосонтой адилтгаж үзнэ" гэжээ.

Хариуцагч О ХХК нь 2012.08.16-ны өдөр НХОГ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж 2013.12.01-ний өдөр гэхэд үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зөрчиж, захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр сануулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

Мөн гэрээнд заасан ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас шилжүүлсэн мөнгийг зориулалтын дагуу ашиглах, Иргэний хуулийн 350.1.5-д заасан үүргээ зөрчиж, захиалагчаас шилжүүлсэн 5,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан буюу санхүүжилтэд тохирсон тоо хэмжээний тоног төхөөрөмжийг худалдан аваагүй болох нь захиалагч байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр нотлогддог.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 26.2-т Хэрэв гүйцэтгэгч байгууламжийг эсвэл түүний бүрэлдэхүүний аль нэг хэсгийг дуусгавар болгох хугацаанд ... дуусгаагүй бол гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 232.6-д зааснаар гүйцэтгэгч урьдчилгаа хөлсөнд олгосон 5.721.600.000 төгрөгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул уг үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар, шүүхэд гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2017.10.24-ны өдөр хүртэлх /1400 хоног/ алдангийг /40.051.200.000 төгрөг/ тооцож мөн хуулийн 232.4-д заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнд нийцүүлэн 2.860.800.000 төгрөгийн алдангийг урьдчилгаа санхүүжилт 5.721.600.000 төгрөгийн хамт буюу нийт 8.582.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НХОГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Органик сольюшнс монголия ХХК нь НХОГ тай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ХБҮ/УТ-01 дугаартай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг байгуулж байсан билээ.

Органик сольюшнс монголия ХХК нь НХОГ ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан, санхүүжилтийн урьдчилгаанд 5,7 тэрбум төгрөгийг авсан нь үнэн. Уг санхүүжилтийг О ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151.381.178 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний дагуу манай Органик сольюшнс монголия ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай, Улаанбаатар хотын хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажил бүхий барилга байгууламжийн инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, НХОГ уг ажилд тохирох санхүүжилтийг тухай бүрт олгож байхаар талууд харилцан тохиролцсон.

Урьдчилгаа төлбөр болох 2.937.947.232 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосоныг зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талууд хүлээлцэж акт үйлдэн баталгаажуулсан байдаг.

Улмаар гэрээнд заасны дагуу батлагдсан гүйцэтгэлээр дараагийн санхүүжилтийг хүсэхэд 2.632.271.590 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон ба үүнээс хойш дахин санхүүжилт олгоогүй болно. Гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийг зариулалтын дагуу зарцуулж, Хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авснаас гадна бусад туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлөөд байна.

Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийт 5.570.218.822 төгрөгийн санхүүжилтийг олгосон ч Органик Сольюшнс Монголия ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хог боловсруулах үйлдвэр барих ажилд нийт 6.921.605.040 төгрөгийг зарцуулсан байдаг. Тухайн үед ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж НХОГ т хүргүүлсэн ч түүнийг өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа.

Органик сольюшнс монголия ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхийг хичээн ажиллаж ирсэн бөгөөд хийсэн ажлын тайлан мэдээг тухай бүрт нь албан бичгээр хүргүүлж байсан болно.

Органик сольюшнс монголия ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч энэ үүргээ биелүүлж чадахгүй болсонд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанууд нөлөөлж байсан.

Тухайлбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хог боловсруулах үйлдвэр барих ажлыг гүйцэтгэж, суурь тавих ажлыг хийж байтал 2013 оны 7 дугаар сард Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас суурийн ажил чанарын шаардлага хангахгүй хийгдэж байна, иймд шаардлагад нийцүүлж хийнэ үү гэх шаардлага ирүүлж, барилга барих ажлыг зогсоосон.

Улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүсэлт гаргасны дагуу барилгын гүйцэтгэлийн ажилд Мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилж, суурийн ажлын бетоны бат бэхийн талаар дүгнэлт гаргуулахад Улсын ахлах байцаагчийн 2014 оны 8 сарын 15-ны өдрийн 02-07-80/1242 тоот дүгнэлтээр бетоны анги /марк/ В20/М250) байхаар зураг төсөлд тусгагдсан ба шинжилгээний үр дүнгээр барилгын суурийн бетоны бат бэхийн дундаж 262.75 кг/см2 үзүүлэлттэй гарсан байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл бетоны бат бэх нь зураг төсөлд тусгагдсан шаардлагад нийцсэн гэх дүгнэлтийг гаргасан ба гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ зохих ёсны дагуу биелүүлж байсныг нотолсон.

Мөн гэрээний 4-д заасны дагуу үлдсэн 4.071.557.438 төгрөгийн хөрөнгийг тухайн жилд захиалагдсан хөрөнгийн дүнгээр санхүүжилт олгоно гэж заасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зохих санхүүжилтүүд тогтсон хуваарийн дагуу манайд олгогдох байсан ч энэ үүргээ биелүүлээгүй.

НХОГ т энэ үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан ч тус газраас 2013, 2014, 2015 оны улсын төсөвт ажлын үлдэгдэл хөрөнгийн санхүүжилтийг тусгуулахаар саналаа холбогдох газруудад хүргүүлсэн боловч батлагдаагүй гэх хариуг ирүүлж байсан болно.

Санхүүжилт зохих хуваарийн дагуу олгогдож, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд саад учруулаагүй байсан бол хог боловсруулах үйлдвэр тохирсон хугацаандаа ашиглалтад орох бүрэн боломжтой байсан.

Түүнчлэн Органик сольюшнс монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгосон 5.570.218.822 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд зааснаар зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Тиймээс манай компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй юм.

Манай компанийн хувьд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгосон санхүүжилтийг зохих ёсны дагуу ашиглаж, хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэн, барилгын ажлуудыг эхлүүлсэн байгаа юм.

О ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болохыг нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрч Барилга байгууламжийн үе шатны ажлыг дүгнэсэн ажлын акт №1-д гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжпэгч байгууллага өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажпыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олголгүй өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг саатуулж байгаа атлаа урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компанийн гаргасан тооцоогоор нийт 6.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, тоног төхөөрөмж оруулж ирсэн тооцоо гарсан бөгөөд нэхэмжлэгчээс 1,2 тэрбум төгрөгийн авлагатай гарч байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд олгосон санхүүжилт 5.721.600.000 төгрөгийг, алданги 2.860.800.000 төгрөгийн хамт нийт 8.582.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч О ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил бүхий барилга, байгууламжийн инженерийн тооцоо, судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч НХОГ нь ажлын хөлс 9.793.157.438 төгрөгөөс 5.721.600.000 төгрөгийг 2012 онд, үлдсэн 4.071.557.438 төгрөгийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна./1-р хх-ийн 39-65-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон журмын дагуу хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч НХОГ нь хөрөнгө нь батлагдсан зураг төсөл, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, их засвар, тохижилтын ажилд Захиалагчийн хяналт тавьж ажилладаг мэргэжлийн байгууллага юм

Захиалагчийн хяналтын үе шат нь зөвлөмж хүлээн авах, гэрээ байгуулах, ажил эхлүүлэх, ажлын явцын хяналт, ажил дуусган хүлээлгэн өгөх гэсэн үе шатаар хэрэгждэг.

Зөвлөмж хүлээн авах үе шатанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд шалгарч ирсэн аж ахуйн нэгжийн материал болон техникийн баримт бичгийг шалгаж, шаардлага хангасан байгууллагатай гэрээ байгуулдаг.

Захиалагч НХОГ нь хууль, дүрэм, журам заалтын дагуу шаардлага хангаагүй тохиолдолд Үнэлгээний хороо руу буцаах арга хэмжээ авах эрхтэй боловч зохих шалгуурыг хангасан гэж үзэж О ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Хариуцагч /гүйцэтгэгч/ О ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэх үүднээс 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай Монгол Улсын Улаанбаатар хотод Нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж худалдаалах гэрээг байгуулж, хог хаягдал ангилах 16 нэр төрлийн төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн төхөөрөмж, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн төхөөрөмж, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг тус тус худалдан авч, уг тоног төхөөрөмжөө 2 хэсэг болгон 2012 оны 12 дугаар сарын 31, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд хүлээн авахаар тохирсон байх ба энэ гэрээнд үндэслэн захиалагчаас санхүүжилт хүссэн бөгөөд захиалагч НХОГ нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.721.600.000 төгрөгийн урьдчилгааг олгосон байна./1-р хх-ийн 23-25, 27-38-р хуудас/

Нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ нь үүнээс өөр төлбөр төлөөгүй, хариуцагч О ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тодорхой төрлийн тоног төхөөрөмжийг Шанхай Шенгжиа Санва ХХК-аас хүлээн авсан байх боловч гэрээнд заасан хугацаанд барилгын ажпыг бүрэн гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Гүйцэтгэгч О ХХК-нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 18 дугаар зүйлийн 18.3., 18.4.-т гүйцэтгэж буй ажлын явцын тайлан, гүйцэтгэлийн явцыг сар бүр төслийн менежерт гаргаж өгнө гэж тохиролцсон боловч 2013 оны 6 дугаар сарын 10 ны өдрийн 13/75 дугаартай албан бичгээр ...үйлдвэрийн барилгын суурийн газар шорооны ажлыг хийж дуусгаад, ул бетон цутгахад бэлтгэж байна... гэх мэт 7 төрлийн ажлыг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 13/96 дугаартай албан бичгээр 5 төрлийн ажлыг, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 13/107 дугаартай албан бичгээр 9 төрлийн ажлыг, 2013 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 13/132 дугаартай албан бичгээр 10 төрлийн ажлыг тус тус гүйцэтгээд байгаа тухайгаа захиалагч НХОГ т хүргүүлсэнээс өөр гүйцэтгэлийн явц, ажлын тайланг хүргүүлж байгаагүй байна./2-р хх-ийн 51-54,58,66-68-р хуудас/

Өөрөөр хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш ажил гүйцэтгээгүй байна.

Захиалагч НХОГ нь

2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/1666 дугаартай албан бичгээр ...барилга угсралтын явцад барилгын зураг төсөв бэлэн бус, гол даацын суурийн бетоныг буулгаж барилгын норм дүрмийн дагуу хийх, зуурмагийн чанарын баталгаат тусгай зөвшөөрөлтэй бетон зуурмагийн чанарын баталгаат узелээс авах гэх мэт 8 төрлийн зөрчлийг 2013 оны 8 дугаар сарын 05-ны дотор шалгуулна уу гэсэн шаарлагыг хүргэж, /2-р хх-ийн 58-р хуудас/

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/3099 дугаартай албан бичгээр .. ажлын зургийг ирүүлээгүй, барилгын суурийн бетон марк заасан хэмжээнд хүрэхгүй байна, ажлыг ямар ч шалтгаангүйгээр зогсоосон байх тул гэрээг ноцтой зөрчиж байна гэж үзэн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлжээ./2-р хх-ийн 57-р хуудас/

Өөрөөр хэлбэл захиалагчийн хяналт тавьж ажиллах үүрэг бүхий НХОГ нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ямар ч хяналт шалгалт хийгээгүй гэж үзэхээр байна.

Гүйцэтгэгч О ХХК-нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны 12/75, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний 13/08 тоот, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны 13/09, 2013 оны 3 дугаар сарын 27-ны 13/44, 2013 оны 3 дугаар сарын 29-ний 13/45, 2013 оны 8 дугаар сарын 20-ний 13/123, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 13/129, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13/154, 2013 оны 12 дугаар сарын 26-ны 13/162 дугаартай албан бичгүүдээр гэрээ сунгах, газрын асуудал шийдүүлэх, цахилгааны техникийн нөхцөл авах зэрэг хүсэлтүүдийг НХОГ т хүргүүлж байсныг ажлын явц тайланг хүргүүлж байсан гэж үзэхгүй юм./хх-ийн 53,56,59-65-р хуудас/

Хариуцагч Органик Сольюшн Монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийт 5.570.218.822 төгрөгийн санхүүжилтийг олгосон, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хог боловсруулах үйлдвэр барих ажилд нийт 5.769.528.900 төгрөгийг зарцуулж барилга байгууламжийн үе шатны ажлыг дүгнэсэн ажлын актыг үйлдсэн, гэрээ ёсоор үлдэгдэл санхүүжилтийг олгосон бол үйлдвэрийг барьж дуусгах боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цагаан давааны хогын цэгт очиж талуудыг байлцуулан хийсэн үзлэгээр нийт 9.793.157.438 төгрөгийн санхүүжилтийн 60% болох 5.721.600.000 төгрөгийн санхүүжилтийг авч уг үйлдвэрийн 60% нь хийгдсэн зүйл харагдаагүй болно./1-р хх-ийн 187-189-р хуудас/

Гүйцэтгэгч О ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөн учраас захиалагч НХОГ ОНӨААТҮГ нь урьдчилгаа санхүүжилтэд шилжүүлсэн 5.721.600.000 төгрөгийг, алданги 2.860.800.000 төгрөгийн хамт нийт 8.582.400.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч О ХХК гэрээгээр тохирсон ажлыг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус компани Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч хариуцагчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд хариуцагч О ХХК ийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-нд заасан

үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-ыг Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч О ХХК-иас урьдчилгаанд төлсөн 5.721.600.000 төгрөгийг алдангийн хамтаар нэхэмжилж байгааг түүнийг гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэв.

 

Тодруулбал, хэдийгээр хариуцагч О ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үйлдвэрийг нэмэлт санхүүжилтийг бүрэн өгсөн тохиолдолд барьж дуусган хүлээлгэн өгнө гэж тайлбар хийж байгаа боловч захиалагч НХОГ ОНӨААТҮГ түүнийг хүлээн авахаас татгалзаж буй тайлбар, гүйцэтгэгч талд өгсөн хөлсийг алдангийн хамт шаардаж байгаагаар илэрхийлэгдэж байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан.

 

Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Нэгэнт хариуцагч О ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, үйлдвэрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ энэхүү зөрчлийг үндэслэж, цаашид үйлдвэрийг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ гэрээнд заасан үйлдвэрийг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч О ХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч О ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаанд авсан 5.721.600.000 төгрөгийг төгрөгийг захиалагч НХОГ ОНӨААТҮГ -т буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас хэдийгээр ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч /Захиалагч/ НХОГ ОНӨААТҮГ нь гэрээгээр тохиролцсон 5.721.600.000 төгрөгийг хариуцагч /гүйцэтгэгч/ О ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151.381.178 төгрөгийг шилжүүлээгүй талаар талууд маргаагүй тул нэхэмжлэлийн үнийн дүн болох 5.721.600.000 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй. /5.721.600.000-151.381.178= 5.570.218.822/

 

Иймд хариуцагч О ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 5.570.218.822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.012.181.178 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний ерөнхий нөхцөлийг 1.1.-ийн а.-д захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд аливаа маргаан, зөрчил үүсч гэрээний ерөнхий нөхцлийн 6.1-ийн дагуу түүнд хандсан үед нь шийдвэрлэх ёстой этгээд эсвэл этгээдүүдийг хэлнэ гэж,

6.1.1.-д хэрэв захиалагч ба гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээтэй холбоотойгоор гэрээний бодит байдал, хүчин төгөлдөр байх эсэх, эсвэл цуцлах талаар, байгууламжийг гүйцэтгэх явцад эсвэл дуусгавар болсны дараа, цуцалсны өмнө болон цуцалсны дараах гүйцэтгэлийн хэрэгжилтийн байдал, гэрээг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах талаар үүссэн аливаа маргаан, зөрчилдөөнийг талууд энгийн жижиг гэлтгүйгээр харилцан зөвшилцөж шийдэх ёстой. Хэрэв маргаан зөрчилдөөнийг ингэж харилцан зөвшилцөж чадахгүй бол тухайн маргаан зөрчилдөөнийг Маргаан шийдвэрлэгчид бичгээр хандан шийдвэрлүүлнэ гэж тус тус тохиролцсон байна. /1-р хх-ийн 45-р хуудас/

Шүүхээс Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч НХОГ ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч О ХХК ийн /төлөөлөл/ маргаан шийдвэрлэгч нар нь гэрээний гүйцэтгэл, үйл явц, үр дүнгийн талаарх маргаан зөрчилдөөний талаарх баримтууд болох маргаан шийдвэрлэгч нарын уулзалтын үр дүнг 2018 оны 2 дугаар сарын 26-ны дотор бичгээр ирүүлэхийг даалгахад үр дүнд хүрээгүй.

Өөрөөр хэлбэл: Талуудыг гэрээнд заасны дагуу маргаан шийдвэрлэгч нарыг томилоод хоорондоо уулзаж, уулзалтын үр дүнг ирүүлэхийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1230 дугаартай захирамжаар шаардахад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 6/411 дугаартай тайлбарыг ирүүлсэн болно. /2-р хх-ийн 241-р хуудас /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК-иас 5.570.218.822 /таван тэрбум таван зуун далан сая хоёр зуун арван найман мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.012.181.178 /гурван тэрбум арван хоёр сая нэг зуун наян нэгэн мянга нэг зуун далан найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.009.044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО