Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2018/01188

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Органик солюшнс Монголия ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд олгосон 5 721 600 000 төгрөг, алданги 2 860 800 000 төгрөг, нийт 8 582 400 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь Органик солюшнс Монголия ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг 9 793 157 438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Органик солюшнс Монголия ХХК нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж, 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Захиалагч гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчид БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нь үндэслэн гүйцэтгэлээр нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 937 947 232 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 632 271 590 төгрөгийг, нийт 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Уг санхүүжилтийг Органик солюшнс Монголия ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151 381 178 төгрөгийг шилжүүлээгүй авч үлдсэн нь үнэн. Гүйцэтгэгч нь гэрээний 5-д зааснаар ажлын үр дүнг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, захиалагчаас удаа дараа гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, олгосон нийт санхүүжилтээр буюу 5 570 218 822 төгрөгөөр нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авч, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэх боловч авсан санхүүжилтийн хэмжээ, зориулалтад тохирсон тоног төхөөрөмж худалдан аваагүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай газрын инженерүүд газар дээр нь очиж үзэхэд 13 контейнер байсан ба контейнер доторх тоног төхөөрөмжийг үнийн саналд ирүүлсэн ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд 13 контейнерт туузан дамжуурга, коньверүүд ирсэн, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, удирдлагын самбар болон бусад гол тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д заасан үүрэг болон авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэх үүргээ Органик солюшнс Монголия ХХК биелүүлээгүй. Хариуцагч Органик солюшнс Монголия ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зөрчиж, захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр сануулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээний ерөнхий нөхцөлийн 26.2-т Хэрэв гүйцэтгэгч байгууламжийг эсвэл түүний бүрэлдэхүүний аль нэг хэсгийг дуусгавар болгох хугацаанд ... дуусгаагүй бол гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө гэж заасан. Иймд гүйцэтгэгч урьдчилгаа хөлсөнд олгосон 5 721 600 000 төгрөгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул уг үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар, шүүхэд гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүртэлх /1400 хоног/ алдангийг /40 051 200 000 төгрөг/ тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 2 860 800 000 төгрөгийн алдангийг урьдчилгаа санхүүжилт 5 721 600 000 төгрөг, нийт 8 582 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Органик солюшнс монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ХБҮ/УТ-01 дугаартай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг байгуулсан. Органик солюшнс монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан, санхүүжилтийн урьдчилгаанд 5,7 тэрбум төгрөгийг авсан. Уг санхүүжилтийг Органик солюшнс Монголия ХХК-д шилжүүлэхдээ захиалагчийн техник хяналтын зардалд 151 381 178 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний дагуу манай Органик солюшнс монголия ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай, Улаанбаатар хотын хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажил бүхий барилга байгууламжийн инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар уг ажилд тохирох санхүүжилтийг тухай бүрт олгож байхаар талууд харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөр болох 2 937 947 232 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосныг зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талууд хүлээлцэж акт үйлдэн баталгаажуулсан байдаг. Улмаар гэрээнд заасны дагуу батлагдсан гүйцэтгэлээр дараагийн санхүүжилтийг хүсэхэд 2 632 271 590 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон ба үүнээс хойш дахин санхүүжилт олгоогүй болно. Гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийг зариулалтын дагуу зарцуулж, Хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авснаас гадна бусад туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлөөд байна. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийт 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг олгосон ч Органик солюшнс монголия ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хог боловсруулах үйлдвэр барих ажилд нийт 6 921 605 040 төгрөгийг зарцуулсан байдаг. Тухайн үед ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн ч түүнийг өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа. Органик солюшнс монголия ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхийг хичээн ажиллаж ирсэн бөгөөд хийсэн ажлын тайлан мэдээг тухай бүрт нь албан бичгээр хүргүүлж байсан болно. Органик солюшнс монголия ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч энэ үүргээ биелүүлж чадахгүй болсонд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанууд нөлөөлж байсан. Мөн гэрээний 4-д заасны дагуу үлдсэн 4 071 557 438 төгрөгийн хөрөнгийг тухайн жилд захиалагдсан хөрөнгийн дүнгээр санхүүжилт олгоно гэж заасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зохих санхүүжилтүүд тогтсон хуваарийн дагуу манайд олгогдох байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Органик солюшнс монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгосон 5 570 218 822 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд зааснаар зориулалтын дагуу зарцуулж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Тиймээс манай компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олголгүй өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг саатуулж байгаа атлаа урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компанийн гаргасан тооцоогоор нийт 6.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, тоног төхөөрөмж оруулж ирсэн тооцоо гарсан бөгөөд нэхэмжлэгчээс 1.2 тэрбум төгрөгийн авлагатай гарч байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Органик солюшнс Монголия ХХК-иас 5 570 218 822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 012 181 178 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 009 044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар хариуцагчийн зүгээс хэд хэдэн баримтуудыг гаргаж өгсөн. Тухайлбал, талуудын хооронд 2012 оны 8 сарын 16-ны өдөр байгуулагдсан ХБҮ/УТ-01 тоот Улаанбаатар хотын Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний 10.3-д Захиалагч гэрээний талбар оршин байгаа засаг захиргааны эрх бүхий байгууллагуудын улсын хэмжээний бүх зөвшөөрөл, батламж, лицензийг зохих төлбөрийг төлж авсан байх ёстой хэмээн харилцан тохиролцсон. Гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлж, хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай дулааны, цэвэр бохир усны, цахилгааны холбогдох тусгай зөвшөөрлүүдийг авч өгөхийг болон барилга барих газрыг чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг захиалагч талд хүргүүлж байсан ба үүнийг анхан шатны шүүх үнэлсэн байдаг. Барилгын ажил эхлэхээс өмнө тусгай зөвшөөрлүүд авагдсан, бэлэн болсон байх ёстой хэдий ч гэрээнд заасан хог боловсруулах үйлдвэр барьж, хүлээлгэн өгөх хугацаа болохоос богино хугацааны өмнө буюу хамгийн сүүлд албан хүсэлт өгсөн 2013 оны 12 сарын байдлаар хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай тусгай зөвшөөрлүүд авагдаагүй буюу захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хангалттай нотлогддог. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас дээрх үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа дээрх албан бичгүүдээр болон амаар шаардаж байсан боловч тусгай зөвшөөрлүүд нь хугацаа хожимдож гарсан. Түүнчлэн Хог боловсруулах барилгын ажлаа эхлэх гэхэд захиалагчийн зүгээс зааж өгсөн газар дээр Гурван хажинга ХХК нь оффисын барилгын ажлыг эхлүүлсэн байсан ба талбайд барилын хог хаягдлаа овоолсон байсан. Үүнийг зайлуулах арга хэмжээ авч өгөхийг удаа дараа хүссэн боловч мөн л хугацаа удааширч барилга барих ажилд саад болж байсан юм. Захиалагчийн дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийг гэрээнд заасан хугацаанд хог боловсруулах үйлдвэрийг хүлээлгэн өгөөгүйтэй шууд шалтгаант холбоотой. Ямар ч нөхцөлд барилга барих газрын асуудал, дулааны, цэвэр бохир усны, цахилгааны зэрэг тусгай зөвшөөрөл бэлэн болоогүй байхад барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Дээр дурдсан газрын асуудал нэг тийш шийдэгдэж барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байтал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас барилгын ажлыг зогсоож, дахин гүйцэтгэхийг шаардаж, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/2207 тоот Шаардлага хүргүүлэх тухай бичгээр, мөн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/3099 тоот Тоотын хариу гэх албан бичгийг манайд хүргүүлж ажлыг зогсоосон. Улмаар уг ажилд улсын мэргэжлийн хяналтын газраас хяналт шалтгалт хийж, Монгол улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-80/1242 тоот дүгнэлтээр бидний хийж гүйцэтгэсэн суурийн ажлын бат бэхийн чанар нь шаардлагад нийцсэн болох нь тодорхой болсон бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь үндэслэлгүйгээр барилгын ажлыг зогсоосон болох нь нотлогддог юм. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хог боловсруулах үйлдвэр барих ажил зогсож, хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсныг илтгэх бас нэгэн чухал үйл баримт мөн.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-р заалтад Гэрээний нийт дүн нь 9 793 157 438 төгрөг. Үүнээс 2012 онд 5 721 600 000 төгрөг, үлдсэн 4 071 557 438 төгрөгийн хөрөнгийн тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэ гэрээнд заасан үүргээ 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй. Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлын дараа, дараагийн санхүүжилтийн асуудал тодорхойгүй байсны улмаас хог боловсруулах үйлдвэрийг барих ажил хугацаандаа хийгдэлгүй хугацаа хоцорсон бас нэгэн шалтгаан болдог.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 40.1-д захиалагч төлбөр хийхгүй байгаа... тохиолдолд гэрээ дуусгавар болох хугацааг сунгаж болно гэж харилцан тохиролцсон хэдий ч Органик Солюшнс Монголия ХХК-ийн зүгээс дээрх нөхцөл байдлууд хог боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь барьж, хүлээлгэн өгөх боломжгүй байгаа тухай удаа дараа дурдаж, гэрээний хугацааг сунгахыг хүссэн хүсэлтийг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл татгалзсаар ирсэн. Шүүхийн зүгээс энэхүү нөхцөл байдалд ч үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, дээрх нотлох баримт, нөхцөл шалтгааныг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хороо, Цагаан давааны хогын цэгт очиж, талуудыг байлцуулан хийсэн үзлэгээр нийт 9 793 157 438 төгрөгийн санхүүжилтийн 60 хувь болох 5 721 600 000 төрөгийн санхүүжилтийг авч уг үйлдвэрийн 60 хувь нь хийгдсэн зүйл харагдаагүй болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Органик солюшн монголия ХХК нь Хог боловсруулах үйлдвэр барих гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухай бүрт нь хүлээлгэн өгч, ажлын гүйцэтгэлийн мэдээг тухай бүрт нь хүргүүлж байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч талаас баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан.

Бидний гаргасан тооцоогоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай Хог боловсруулах үйлдвэр барих гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.4 тэрбум төгрөгийг зарцуулсан буюу захиалагч талаас шилжүүлсэн хөрөнгөөс даруй 2.9 тэрбум төгрөгийн илүү хөрөнгө зарцуулаад байгаа юм. Хог боловсруулах үйлдвэр барих газарт дээрх үзлэг хийх үеэр талбайд барилгын суурийн ажил бүрэн хийгдсэн, 14 ширхэг контейнэр тоног төхөөрөмж байсан. Гэтэл шүүгч энэ байдалд огтхон ч үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. БНХАУ-ын Шанхай Шэнжа Санва ХХК-тай байгуулсан хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээний дагуу ирвэл зохих ихэнх төхөөрөмж ирсэн нь дээрх 14 ширхэг контейнэрт хадгалагдаж байгаа юм. Гэрээний 6-р зүйлд заасны дагуу Худалдагч компанид үлдэгдэл төлбөрөө төлснөөр үйлдвэрийн үлдэгдэл тоног төхөөрөмжийг авчран, угсрах, тохируулах ажлыг хийж гүйцэтгэх байсан юм. Гэтэл захиалагч талаас санхүүжилтээ өгөхгүй байгаагаас шалтгаалан уг ажил зогсоод байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгаж байгаа дээрх үндэслэл шалтгаанаа хангалттай нотлох баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25-р зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын маргаагүй хуулийн үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч талд ашигтайгаар, буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрт Нэгэнт хариуцагч Органик солюшнс монголия ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, үйлдвэрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ энэхүү зөрчлийг үндэслэж цаашид үйлдвэрийг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буюу гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа буцааж өгөх үүрэг хүлээж байна. Органик Солюшнс Монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж, түлхүүр гардуулах ажлын гэрээ-г 2012 оны 8 сарын 16-ны өдөр байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хог боловсруулах үйлдвэр барих ажилд нийт 8 498 892 723 төгрөгийн зардал гаргасан байдаг ба Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн 5 570 218 822 төгрөгөөс даруй 2 928 673 901 төгрөгийн илүү зардал гаргасан. Үүнийг нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд үүнийг хариуцагч талаас нэг ч баримтаар үгүйсгэж чадаагүй. Дээрх хуулийн дагуу гэрээ цуцлагдахад хүрвэл түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар нь манай компанийн зүгээс 5,7 тэрбум төгрөг төлөх бус харин хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх үүрэг үүсэх юм.

Анхан шатны шүүхээс Органик Солюшнс Монголия ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, зардлын баримтад огтхон ч үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 31.1, 31.2тус тус заасны дагуу гэрээг хэрэгжих хугацааны явцад оруулж ирсэн, худалдан авсан бүх тоног төхөөрөмж нь захиалагчийн өмчлөлд байхаар байна. Органик Солюшнс Монголия ХХК-ийн хувьд хог боловсруулах үйлдвэрийг барих ажлын хүрээнд авсан бараа материал, хийж гүйцэтгэсэн ажил нь бүгд захиалагч талын өмч байхаар гэрээнд заасан байхад уг ажлыг дүгнэлгүй, үнэлэлгүйгээр гэрээг цуцалж, бидэнд өгсөн санхүүжилтийг буцаан гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохиролтой холбоотой шаардлага гаргаагүй, харин гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан гэж үзвэл шүүхийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг үүсэх байтал анхан шатны шүүх энэ талаар огтхон ч дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байсан бөгөөд шүүхийн зүгээс болон манай компанийн зүгээс шүүх хуралдаан дээр тодруулан асуухад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлж чадахгүй байсан болно. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодорхойлон иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААҮГ нь хариуцагч Органик солюшнс монголия ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд олгосон санхүүжилт 5 721 600 000 төгрөг, алданги 2 560 800 000 төгрөг, нийт 8 582 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр /ХБҮ/УТ-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэгт байршилтай Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламжийн угсалтын ажлыг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Органик солюшнс монголия ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААҮГ-т шилжүүлэх, ажлын хөлс 9 793 157 438 төгрөгөөс 5 721 600 000 төгрөгийг 2012 онд төлөх, үлдэх 4 071 557 438 төгрөгийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Захиалагч гэрээний урьдчилгаа төлбөрт 5 570 218 822 төгрөг төлсөн, гүйцэтгэгч барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй талаар талууд маргаагүй.

 

Гүйцэтгэгч Органик солюшнс монголия ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 18.3, 18.4 дэх хэсэгт зааснаар ажлын явцын тайлан, гүйцэтгэлийг сар бүр тайлагнахаар тохиролцсон боловч 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13/75, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13/96, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13/107, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13/132 тоот албан бичгүүдээр гүйцэтгэсэн ажлыг захиалагчид мэдэгдсэнээс өөр ажлын явц тайланг хүргүүлж байгаагүй. Түүнчлэн хариуцагч байгууллагаас гэрээ сунгах, газрын асуудал шийдвэрлүүлэх, техникийн нөхцөл авах зэрэг хүсэлтүүд нь нэхэмжлэгчид ажлын явцыг тайлагнасан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэнд тооцогдох бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хариуцагч буюу гүйцэтггэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, барилгын зураг төсөл ирүүлээгүй, барилгын суурийн ажлыг дутуу, чанарын шаардлага хангахгүй гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААҮГ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Органик солюшнс монголия ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/3099 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой хийсэн, хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 225 дугаар зүйлийн 225.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн шаардлага хангаагүй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзэж зохих хэмжээнд хэсэг ажил хийгдсэн, түүнтэй холбоотой ажлыг хүлээж авахгүй, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардсан. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцалсан тохиолдолд цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхгүй. Харин гэрээг цуцлах тохиолдолд гэрээний үүрэг, түүнтэй холбоотойгоор алдангийг буцаан нэхэмжлэх боломжтой юм.

 

Иймд хариуцагч Органик солюшнс монголия ХХК-иас 5 570 218 822 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААҮГ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 012 181 178 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Органик сольюшн монголия ХХК нь Хог боловсруулах үйлдвэр барих гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухай бүрт нь хүлээлгэн өгч, ажлын гүйцэтгэлийн мэдээг тухай бүрт нь хүргүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 26 талд авагдсан Барилга байгууламжийн үе шатны ажлыг дүгнэсэн ажлын акт №1 гэх баримтад захиалагч талаас тамга дарж баталгаажуулаагүй байна.

 

Түүнчлэн хог боловсруулах үйлдвэр барих гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн шаардлага хангаагүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 181/ШШ2018/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Органик солюшнс монголиа ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28 010 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН