Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00397

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00397

 

 

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01426 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Органик солюшнс Монголия ХХК-д холбогдох

 

Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар нь Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Органик солюшнс Монголия ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх /ХБҮ/УТ-01/ тоот Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-г 9 793 157 438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Органик солюшнс Монголия ХХК нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж,  5,7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр манай газрын инженерүүд газар дээр нь очиж үзэхэд 13 контейнер байсан ба контейнер доторх тоног төхчөөөрөмжийг үнийн саналд ирүүлсэн ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд 13 контейнерт туузан дамжуурга, коньверүүд ирсэн, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, удирдлагын самбар болон бусад гол тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан. Манай газар Органик солюшнс Монголия ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх, үлдэгдэл тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.5, 350.1.6-д зааснаар санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг Органик солюшнс Монголия ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Батхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Органик солюшнс Монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд дээр дурдсан гэрээ байгуулсан, гэрээний санхүүжилтийн урьдчилгаанд 5,7 тэрбум төгрөгийг авсан нь үнэн. Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний дагуу манай Органик сольюшн Монголия ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай, Улаанбаатар хотын хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажил бүхий барилга байгууламжийн инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ уг ажилд тохирох санхүүжилтийг тухай бүрт олгож байхаар талууд харилцан тохиролцож байсан. Манай компанийн хувьд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгосон санхүүжилтийг зохих ёсны дагуу ашиглаж, хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэн, барилгын ажлуудыг ч эхлүүлсэн байгаа юм. Үүнийг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэгч нарыг оролцуулан ажлын гүйцэтгэлийг дүгнэж, акт үйлдэн баталгаажуулсан ба уг актаар нийт 5,7 төгрөгийн санхүүжилтэд тохирох ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг дүгнэж акт үйлдэн баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Органик солюшнс Монголия ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болохыг нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрч барилга байгууламжийн үе шатны ажлыг дүгнэсэн ажлын акт №1-д гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олголгүй өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг саатуулж байгаа атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компанийн гаргасан тооцоогоор нийт 6.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, тоног төхөөрөмж оруулж ирсэн тооцоо гарсан бөгөөд нэхэмжлэгчээс 1,2 тэрбум төгрөгийн авлагатай гарч байгаа юм. Иймд дээрх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг тус тус баримтлан хавсралтад заасан хог боловсруулах үйлдвэрийн хог хаягдал ангилах 16 нэр төрлийн, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлэхийг Органик солюшнс Монголия ХХК-д даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэхэмжлэлтэй "Органик сольюшн Монголия" ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан нь 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 11 цаг 30 минутад болохоор товлогдсон билээ. Миний бие "Номгон Санчир" авто сургуульд суралцаж 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл жолоочийн эрх олгох улсын шалгалттай байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.3-д "... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй" гэж заасны дагуу тус сургуулиас шалгалттай болохыг тодорхойлсон албан бичиг, мөн өөрийн уг хүндэтэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж авалгүй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар "Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.", 6.4 дэх хэсэгт зааснаар "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэх судлахад тэгш эрхтэй оролцоно" гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх "Органик сольюшн Монголия" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг миний биеийг шүүх хуралдаанд оролцох боломж олголгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг маань харгалзан үзэлгүйгээр дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар "Органик сольюшн Монголия" ХХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжид үзлэг хийж, гэрээнд заасан тоо хэмжээтэй тохирч байгаа эсэхийг шалгаж тогтоохоор болсон билээ, Уг ажиллагааг хийх нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байтал шүүх энэ ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болох юм. Гэтэл захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас манай компанийн барилга байгууламж барьж захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа хожимдсон талаар огт дүгнэлт өгөлгүйгээр гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй хэмээн манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь авсан санхүүжилтэд тохирсон хог хаягдал ангилах 16 нэр төрлийн төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн төхөөрөмж, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн төхөөрөмж, бусад 2 нэр төрлийн төхөөрөмж зэргийг бүрэн бүтэн тээвэрлэж ажлын талбарт хүргэх, үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч нь тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн "Органик сольюшн Монголия" ХХК нь нэхэмжлэгчээс авсан санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж, авсан санхүүжилтээсээ 1 200 005 04 төгрөгөөр илүү бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэсэн байдаг ба энэ талаарх өөрийн гаргасан тооцоог хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, мөн хуулийн 168.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/Ш32016/07275 тоот захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товложээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал нь анхан шатны шүүх хуралдаан зарлагдсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улсын Дээд шүүхэд О.Одсүрэнийн нэхэмжлэлтэй Мфикс капитал ХХК-д холбогдох шүүх хуралдаанд оролцох тухайгаа мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр ирүүлж, холбогдох баримтыг хавсаргасан ирүүлсэн байна. / хэргийн 139-142 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш байх мэтгэлцэх зарчимд үндэслэн хэрэгждэг бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь уг хуулийн заалтуудыг зөрчжээ.

 

Хэргийг шүүх хуралданаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалыг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэг танилцуулсан тухай баримтад тэмдэглэлгээ хийгдээгүй байгаа нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. / хэргийн 132 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд хандаж нийтийн хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж худалдан авах тухай гэрээний хавсралт 1, 2-т заасан тононг төхөөрөмж нь хариуцагчийн худалдан авсан тоног төхөөрөмжтэй тохирч байгаа эсэх талаар үзлэг хийлгэхээр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/Ш32016/02034 тоот захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 113 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан агуулгатай хүсэлт ирүүлсэн байна. /хэргийн 128 дугаар тал/

 

Анхан шатны шүүх шинжээч томилуулахаас татгалзсан нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг тоног төхөөрөмж-д үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг зөрчсөн байна. (хэргийн 129 дүгээр тал)

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүй байна. Тухайлбал: нэхэмжлэгч байгууллага гэрээний 5 дахь заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн байхад уг заалтаар ямар эд хөрөнгө, тоног төхөөрөмж гаргуулахыг хүсч байгааг нарийвчлан тодруулж, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээний хавсралтад заасан хог хаягдал ангилах 16 нэр төрлийн, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн, түлшнээс уусмал хог хаягдлын 6 нэр төрлийн, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг гаргуулахаар ерөнхийлэн заасан нь ойлгомжгүй болжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйийн 168.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2016/01426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "Органик сольюшн Монголия" ХХК-иас төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА Ц.ИЧИНХОРЛОО