Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01601

 

“НХОГ” ОНӨААТҮГ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1180 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “НХОГ” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К банк” ХХК-д холбогдох,

Банкны баталгааны дагуу шаардах 1 974 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч О.Хаш-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

НХОГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2014 онд “Назу проперти” ХХК-тай Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан бөгөөд гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг төлөхөөр К банкнаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж ирүүлсэн. 

Үүнд, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын дулаан хангамжийн эх үүсвэрийн зураг, төсөл БУА-ын гэрээнд 1 110 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын ариутгах татуургын ф150-300 мм-ийн 1115м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 96 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хороолын дулааны ф65-200 мм 1676м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 741 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын усан хангамжийн ф32-150 мм 429м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 27 000 000 төгрөгийн төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээж, батлан даалт гаргасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажил гүйцэтгэгч “Назу проперти” ХХК-д нийт 1 974 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гүйцэтгэгч “Назу проперти” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд захиалагчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тул дээрх мөнгөн төлбөрийг төлөхийг К банкнаас удаа дараа шаардсан боловч төлөөгүй болно.

Иймд нийт 1 974 000 000 төгрөгийг К банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

К банкны зүгээс “Назу проперти” ХХК-тай харилцаж тодруулахад ажлаа хийж гүйцэтгэж байгаа, НХОГ-тай тохиролцсон гэж тайлбарладаг тул манай байгууллагаас эдгээр баталгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/000142 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457 дугаар зүйлийн 457.10 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “К банк” ХХК-иас 1 974 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХОГ ОНӨААТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “К банк” ХХК-иас 10 027 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1180 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10 320 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгаа”-ны агуулгыг тодорхойлж дүгнээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргийг баталгаажуулах” гэсэн тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгааны талаарх тусгайлсан зохицуулалтыг анхаараагүй, хуулийн холбогдох зүйл заалтуудыг нэгдмэл байдлаар уялдуулан тайлбарлаж хэрэглээгүй, зөвхөн Баталгааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэх үндэслэл дурдаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “тендерийн гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөөгүй” харин “тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгаа” өгсөн байгааг анхаараагүй, талуудын хооронд байгуулагдсан Баталгааны гэрээний агуулгыг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. ...Хариуцагч К банк нь “Назу проперти” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “тендерийн гүйцэтгэлийн баталгаа”-г захиалагчид гаргаж өгөөгүй, харин “Назу проперти” ХХК-ийг захиалагчаас өгсөн тендерийн урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна, хэрэв зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд тендерийн урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлнө гэдгийг баталж тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгааг захиалагч буюу нэхэмжлэгчид гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч К банкны хувьд гүйцэтгэгч “Назу проперти” ХХК гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгасан эсэх нь хамааралгүй, харин тус гүйцэтгэгч компани захиалагчаас өгсөн тендерийн урьдчилгаа төлбөр болох 1 974 000 000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь хамааралтай бөгөөд “Назу проперти” ХХК захиалагчаас өгсөн тендерийн урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчид Баталгааны гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэтэл гүйцэтгэгч “Назу проперти” ХХК тендерийн урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч гэрээний ерөнхий нөхцлөө шүүхэд гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгч “Назу проперти” ХХК гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаагүй гэдэг шаардлага мэдэгдлийг хариуцагчид өгч байсан болохоос биш, тус компани тендерийн урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй талаарх шаардлага, мэдэгдлийг хариуцагчид өгч байгаагүй, “Назу проперти” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт хийгээгүй бус ажлаа эхлүүлчихсэн, харин бүрэн дуусгаагүй байгаа гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д заасны дагуу Банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байхад шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл”-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийг “төлбөр” нэхэмжилж байгаа гэж дүгнэсэн бололтой. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ”, 5.7-д “Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжилж буй зүйл нь төлбөрт хамаарахгүй, мөн торгууль, хүү, алданги нэхэмжлээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг “төсвийн байгууллага” гэж үзэх ч боломжгүй. ...Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх ёстой байхад чөлөөлсөн нь хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаярыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, түүний хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн шүүх хуралдаан дээр шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, ажиглагчийн хувиар оролцуулсан  нь тодорхойгүй, хэргийн оролцогчийн  ирцтэй холбоотой санал, хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бүжидлхамаас асуугаагүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг зохих журмын шийдвэрлүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр татан оролцуулсан “Назу проперти” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Цэндсүрэн, М.Буянхүү, эсхүл Ө.Гансүх нарын хэн нь болох нь тодорхой бус байна. “Назу проперти” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Цэндсүрэн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М.Буянхүүг Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг нотлох баримтаар өгсөн боловч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртэлээс ирүүлсэн лавлагаагаар Ц.Цэндсүрэн нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэсэн тодорхойлолт ирсэн, мөн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.Цэндсүрэн ба Ө.Гансүх нарын хооронд байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 3.2.1-д “Захирлаар томилогдсон эрх хүлээн авагчид эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг шилжүүлэх”, 3.1-д “Компанийн эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх эрхийг эдэлнэ” гэж зааснаас үзэхэд Ө.Гансүх нь тус компанийн гүйцэтгэх захирал ч юм шиг ойлгогдож байна. Гэтэл шүүх ямар үндэслэлээр М.Буянхүүг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзсэн ойлгомжгүй байна.

“Назу проперти” ХХК өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхтэй этгээдийг томилоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, тус компаниас Б.Ундрахад олгосон итгэмжлэл , Б.Батбаярт олгосон итгэмжлэлүүд зөвхөн нэхэмжлэлийг гардан авах, хэргийн материалтай танилцах зэрэг хязгаарлагдмал хүрээнд олгосон итгэмжлэлүүд байсан байхад “Назу проперти” ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хамгийн сүүлийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд огт мэдэгдээгүй байдаг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “НХОГ” ОХӨААТҮГ нь банкны баталгааны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч “К банк” ХХК-иас шаардаж, 1 974  000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “К банк” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргийнхээ дагуу оролцсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасны дагуу  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч “НХОГ” ОХӨААТҮГ нь 2014 онд “Назу проперти” ХХК-тай төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил гүйцэтгэх 4 гэрээ байгуулжээ. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу “К банк” ХХК урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Эдгээр баталгаагаар:

-Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын дулаан хангамжийн эх үүсвэрийн зураг, төсөл БУА-ын 3 700 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 1 110 000 000 төгрөгийн,

-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын ариутгах татуургын ф150-300 мм-ийн 1115м шугамын барилга угсралтын ажлын 320 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 96 000 000 төгрөгийн,

-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын дулааны ф65-200 мм 1676м шугамын барилга угсралтын ажлын 2 470 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 741 000 000 төгрөгийн,

-Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хорооны Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын усан хангамжийн ф32-150 мм 429м шугамын барилга угсралтын ажлын 90 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 27 000 000 төгрөгийн

 нийт 1 974 000 000 төгрөгийн төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж, гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээсэн байна.  

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажил гүйцэтгэгч “Назу проперти” ХХК-д нийт 1 974 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч ажил гүйцэтгэгч “Назу проперти” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч шаардлагаа үндэслэсэн байна.  

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Назу проперти” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, гуравдагч этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, нэхэмжлэлийг хүлээн авч, шаардлагатай танилцсан боловч шүүхэд тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар,  нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үгүйсгэсэн нотлогоог шүүхэд гаргаагүй тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 4 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгчийн нэг нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, нэг нь тухайн хэргийн бус харин өөр шүүхийн шүүх хуралдаанд оролцох болсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл биш гэж дүгнэснийг хариуцагчийн мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1., 457.2.-т зааснаар банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх ба баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ.

Мөн зүйлийн 457.5.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардах ба 457.7., 457.8.-д зааснаар баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлж, ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байна.  

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.

Хариуцагч “К банк” ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэлийн талаар шүүхэд тайлбар гаргаагүй, баримт нотлогоог ирүүлээгүй тул шаардлагыг татгалзах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1180 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 027 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН