Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00886

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00886

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Н-д холбогдох

Гэм хорын хохиролд 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч И.Н нь орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч М ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 тоот гэрээт даатгуулагч Эрдэнэсайхан овогтой Сайханзул нь 2017 оны 12-р сарын 14-ны өдөр Т аймаг Б сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нн жолоодон явсан 0000 УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. 0000 УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч И.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 2 дугаар бүлэг 2.1-т Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас манай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сын амь насыг хохироосон байна.

Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан, орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 513 дугаар зүйл 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, мөн 513.2-т Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нгээс гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хувьд 2017 оны 12 дугаар сард зам тээврийн ослын улмаас өөрийн сайн найзын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж явдаг. Хохирогчийн зүгээс 26.000.000 төгрөг хохиролд өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Гэтэл эрүүгийн хууль холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзээд би оршуулгын зардалд нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч Гэрэлцэцэг нь үлдсэн 13.000.000 төгрөгийг хэзээ өгөх юм гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. Тэрээр уг 13 сая төгрөг нь талийгаачийн амь насыг хохироосон хохирол гэж нэхэж байсан. Миний хувьд хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлөхийг хүсэж байсан боловч хохирогчийн амь насны хохирлын шаардлагаа нотлох баримттай бол төлөхөө илэрхийлснээ эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүхийн өмнө нотлох шаардлага үүссэн. Улмаар Гэрэлцэцэг нь гэм хор хохирлын төлбөрөөс баримтгүй нэхэмжлээд байгаа 13.000.000 төгрөгийг төлнө гэж байгаа бол хоорондоо зээлийн гэрээ байгуулаад баталгаажуулчихъя гэсэн санал тавьсан. Миний хувьд түүний саналыг хүлээн зөвшөөрөхдөө уг 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа баримтаа бүрдүүлж өгнө гэж хоорондоо амаар тохиролцоод 13.000.000 төгрөг Гэрэлцэцэгээс зээлж авсан мэтээр дүр үзүүлэн зээлийн гэрээг хоорондоо байгуулсан. Би уг төлбөрийг 2018 оны 6 дугаар сард Гэрэлцэцэгийн дансанд шилжүүлсэн. Би хохирогч Гэрэлцэцэгт нийт 26.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанчлан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.С нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч И.Нн жолоодож явсан 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зам тээврийн осолд орж нас барсан. Энэ нь Даатгалын гэрээний 2.1-д заасан Даатгуулагчийн гэнэтийн осол гэдэг даатгалын зүйлд хамаарч байгаа. Тухайн даатгалын тохиолдол бий болсон учраас манайх гэрээний дагуу нөхөн төлбөр олгох ёстой. Үүнийг Голомт банкнаас ирүүлсэн албан бичиг, даатгуулагч Э.Сын хууль ёсны төлөөлөгч А.Гэрэлцэцэгийн гар өргөдөл зэргийг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 39.997.139 төгрөгийн нөхөн төлбөрийг Голомт банканд шилжүүлсэн. Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7, Даатгалын гэрээний 5.4-т заасны дагуу буруутай этгээдээс тухайн гэм хорын хохирлыг шаардах эрхтэйгээр нэхэмжлэл гаргасан. И.Н нь өөрөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 8.2, 9.2 гэх заалтуудыг зөрчсөн гэж прокурорын тогтоол, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож, гэм буруутай нь нотлогдсон. Иймд энэхүү олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 39.997.139 төгрөгийг буруутай этгээд болох И.Нгээс шаардаж байна.

Даатгалын баталгаа гэдэг бол орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дээд хэсэг буюу үндсэн даатгуулагч нарын мэдээлэлтэй хэсэг юм. Талийгаачийн гэр бүлийн хүн болох А.Гэрэлцэцэг нь Маас нөхөн төлбөр аваагүй гэж хэлсэн гэж байна. Манайх Голомт банканд орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн юм. Хууль ёсны төлөөлөгч А.Гэрэлцэцэгт нөхөн төлбөрийг өгөх шаардлага байхгүй. Хариуцагч талаас 13.000.000 төгрөгийг орон сууцны зээлд өгсөн гэж хэллээ. Энэ талаар гэрээ байгуулсан зүйл, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Зөвхөн амаараа яриад, бичгээр тайлбар өгөөд байна. Гарын үсэгтэй холбогдуулан тайлбар хэлэхэд үндсэн даатгуулагч нь Э.С, хамтран зээлдэгчээр А.Гэрэлцэцэг нь гэр бүлийн хүн нь юм. Э.Сыг төлөөлж А.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан. Энэ нь Э.Сын нэртэй дансны хуулга болоод банкнаас авсан зээлийн хүү, даатгалын хураамж төлж байсан үйлдлээр Э.Сыг даатгуулсан гэдгийг нотолж байгаа юм. Иргэний хуулийн 199.3, 189.1-т тус тус заасныг баримталсан. Иргэний хуулийн 189.1-д гэрээ байгуулахдаа талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иймд хоёр даатгуулагч байхад нэг нь төлөөлж гарын үсэг зурж болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Даатгуулагчийг нас барсны дараа үлдэгдэл төлбөрийг банканд төлүүлэхийн тулд байхгүй байсан гэрээг нөхөж хийсэн гэрээ юм биш үү, тухайн үед Э.С даатгуулагч нас барсан учраас ганцхан А.Гэрэлцэцэгээр гарын үсэг зуруулсан гэж хардаж байна. Нөхөж хийсэн гэрээ мөн эсэх, гарын үсэг нь хэзээ зурагдсан, 2017 онд сунгалт хийсэн гэрээ мөн эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох эрх нь хариуцагч талд байсан. Даатгалын хуульд бичигдсэн даатгалын баталгаа гэж зүйл нь даатгалын гэрээг хэлж байгаа юм. Мөн Э.Сын данснаас даатгалын хураамж, зээлээ төлж байсан үйлдлээр даатгалд хүсэл зоригоо илэрхийлж, даатгуулсан нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Талийгаачийн гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг нь 13.000.000 төгрөг авсан гэдгийг бид мэдэхгүй. Тэр нь орон сууцны зээлийн гэм хорын хохиролд төлөгдсөн гэж яригдсан зүйл байдаггүй. Уг 13.000.000 төгрөгийг өгсөн авсан талаар хоорондоо байгуулсан гэрээ байхгүй байгаа тул энэ талаар тайлбарлаж байгааг үндэслэл бүхий тайлбар гэж үзэхгүй байна. Гарын үсгийн хувьд даатгалын хураамж төлсөн баримтаар нотлогдож байгаа зүйл юм. Энэ нь Иргэний хуулийн 189.1, 19.3-т заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь амь насны даатгалын гэрээнд Э.Сын гарын үсэг байхгүй. Харин түүний эхнэр уг даатгалын гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Хүний амь насыг өөр хүн төлөөлж гарын үсэг зурж, амь насыг нь даатгуулж болох эсэх нь эргэлзээтэй. Даатгалын тухай хуульд даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын баталгааг үндэслэж олгоно гэж заасан байдаг. Гэтэл уг даатгалын баталгаа гэх зүйл байхгүй байгаа юм. Даатгалын гэрээнд Э.Сын гарын үсэг зурагдаагүй талаар эхнэрээс нь асуухад манайх ийм мөнгө аваагүй гэж хэлсэн. Талийгаачийн эхнэр А.Гэрэлцэцэг бид нараас оршуулгын зардалд 13.000.000 төгрөг авсан. Тэгээд ипотекийн зээл төлөхөд маань туслаарай гэхэд нь 13.000.000 төгрөг өгөөд цаашид талийгаачийн аав, ээж охинд нь тус болж явахаар тохиролцсон. Дараа нь талийгаачийн эхнэрт нь ийм зүйл байсан талаар тухайн үед бид нарт шударгаар хэлэхгүй яасан юм бэ, бид нар хүний мөсгүй хүмүүс биш, тухайн үед нь хэлсэн бол боломж бололцоогоороо тохиролцоод өгөх боломж байсан гэхэд би энэ мөнгийг аваагүй гээд байгаа юм. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх болон хянаж, шалгадаг байгууллагаар нь шийдвэрлүүлэх бодолтой байна. Анхаарал болгоомжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон нь миний нөхрийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүр тэгш эрхтэй. Бидний зүгээс гэм хор учруулсан гэдгээ хангалттай хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн үнэн зөвийг л хүсэж байна. Э.С нь айлын ганц хүү. Миний шүтдэг бурхан бид нарыг эдгээр хүмүүстэй маргаан хийж болохгүй гэсэн. Талийгаачийн ээж нь өндөр настай хүн, аав нь харвалт өгсөн хүн байдаг тул тусалж явах, талийгаачийн өмнөх эхнэрийнх нь охин байдаг юм түүнд ч гэсэн тусалж явна гэж боддог. Гэтэл одоо ийм өрөнд орох ч юм шиг үгүй ч юм шиг байдалтай байна. Манайх ам бүл олуулаа, манай нөхөр тогтмол ажил эрхэлдэггүй тул ийм эргэлзээтэй мөнгийг төлнө гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тэгээд хуулийн байгууллагад хандаж үнэн зөвийг тогтоолгоё гэж шийдсэн.

Хэдийгээр гэр бүлийн хүн нь боловч хүний амь тус тусдаа. Хүний амыг өөр хүнээр төлөөлүүлээд гарын үсгийг нь зуруулчхаад амь насны даатгалтай байсан гэж зүтгээд байгаа нь зөв зүйл юм болов уу? Үүн дээр маргаан үүсэж, хардлага төрүүлээд байдаг. Ийм зүйл байж болно гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Гэхдээ болох эсэхийг нь шүүх шийдвэрлэх байх. Би хууль судалж үзэхэд ийм зүйл байж болохгүй гэж заасан байгаа юм.

Гэрээн дээр А.Сайханзулын гарын үсэг байгаад, даатгалын баталгаа нь байгаа бол эргэлзэх зүйл алга. Гэтэл сунгалтын гэх гэрээн дээр талийгаач Э.Сын гарын үсэг байхгүй, даатгалын баталгаа байхгүй, байгаа нь сүүлд нөхөж хийсэн гэрээ ч байх боломжтой, гэрээ нь хууль бус гэж үзэж байна.

Мөн анх 2014 онд байгуулсан гэх гэрээ хаана ч байхгүй байна. Даатгалын компанийн зүгээс хүний амь нас даатгаж их мөнгө хүнд өгч байгаа байж баримт нь хангалтгүй байна. Мөнгөний асуудал баримттай байх ёстой. Аль аль талдаа даатгалын гэрээ нь байхгүй. Даатгалын тухай хуульд даатгалын нөхөн олговрыг даатгалын баталгаанд үндэслэж олгоно гэж заасан. Мөн даатгалын компани нь даатгуулагчид гардуулан өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл ийм зүйлс байхгүй байгаа юм. Даатгалын гэрээ даатгалын баталгаа нь хоёр өөр зүйл байтал адилхан гэж тайлбарлаж байна. Хүний хардлага төрүүлэхгүйгээр баримтаа бүрдүүлсэн байсан бол өөр байх байсан. Гэтэл А.Гэрэлцэцэг нь би даатгалын мөнгө аваагүй гэдэг. Мөн биднээс ипотекийн зээл төлнө гэж мөнгө авсан. Талийгаачийг нас барснаас 1 сарын дараах сунгалтын гэрээнд ганц А.Гэрэлцэцэгийн гарын үсэг байгаа юм. Үүнийг би Гэрэлцэцэг нөхөн үйлдсэн гэрээ гэж үзэж байна. Цаашдаа ийм зүйл өөр хүнд үүсэж болзошгүй тул хуулийн дагуу шалгаж шүүх үнэн зөвийг олоосой гэж хүсэж байна. Хүн хэдийгээр алдаа гаргасан ч гэсэн цаана нь хүний амьдрал байгаа гэдгийг бодоосой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч И.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 33,997,139.94 (гучин гурван сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч И.Н нь орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч И.Нд холбогдуулан гэм хорын хохирол, даатгалын нөхөн төлбөрт төлсөн 39.997.139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч И.Н зөвшөөрөхгүй гэж маргалаа.

Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурдсан үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гэрээ байгуулах үед Мандал женерал даатгал ХХК байсан ба дараа нь М ХК болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэх тайлбарыг гаргасан ба Мандал женерал даатгал ХХК болон Голомт банк нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.

Харин иргэн Э.С, А.Гэрэлцэцэг нар нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банкны Дархан-Уул салбартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж 43,700,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүгийн хамт төлөх үүргийг харилцан хүлээж, хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг нь Мандал женерал даатгал ХХК-тай зээлдэгчийн гэнэтийн ослын орон сууцны 1601007397, амь насны 1603007397 дугаартай сунгалтын даатгалын гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцны даатгалд 75.600 төгрөг, амь насны даатгалд 49,217.04 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Гэтэл зээлийн үндсэн төлбөр 39,997,139.94 төгрөгийн үлдэгдэлтэй байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлдэгч Э.С нь хариуцагч И.Нн жолоодож явсан автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж улмаар нас барсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба гэм буруугийн асуудлаар талууд маргаагүй.

М хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Голомт банкнаас ...үндсэн зээлдэгч Э.С нас барж, даатгалын тохиолдол бий болсон тул зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулж өгнө үү... гэх албан бичгийг, мөн хамтран зээлдэгч, даатгуулагч А.Гэрэлцэцэгээс ...үндсэн зээлдэгч Э.С нас барсан. Иймээс зээлдэгчийн гэнэтийн ослын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгож өгч тусална уу... гэх өргөдлийг тус тус гаргаж, улмаар М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж Э.Сын орон сууцны зээлийн үлдэгдэл 39.997.139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг Голомт банкны 8285100000 тоот дансанд шилжүүлжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 431.4.5-д Даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, мөн хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй, мөн хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл даатгуулагч гэдэг нь өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэнийг хэлэх ба даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах, даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус харилцан хүлээжээ.

Хэрэгт Мандал женерал даатгал ХХК болон даатгуулагч Э.С, А.Гэрэлцэцэг нарын хооронд анх байгуулагдсан гэх даатгалын үндсэн гэрээ, даатгалын баталгаа, даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгалын хураамжид хэдэн төгрөг төлсөн талаарх баримтуудыг ирүүлээгүй, сунгалтын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлдэгчийн гэнэтийн ослын орон сууцны 1601007397, амь насны 1603007397 дугаартай гэрээнд даатгуулагч Э.Сын гарын үсэг зурагдаагүй нь талийгаач Э.С Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан этгээдэд хамаарахгүй, даатгалын харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан. Энэ үүргээ нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч И.Н нь орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ...талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн гэнэтийн ослын амь насны даатгалын 1603007397 дугаартай сунгалтын гэрээнд Э.Сын гарын үсэг зурагдаагүй боловч талийгаач Э.Сын эхнэр хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан байгаа. Мөн Э.С нь даатгалын хураамж төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба энэ нь гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй болохыг нотолж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...хэмээн мэтгэлцэж байна.

Хуульд талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор заасан ба Мандал женерал даатгал ХХК болон Э.С нарын хооронд байгуулагдсан зээлдэгчийн гэнэтийн ослын амь насны даатгалын үндсэн гэрээ байхгүй, сунгалтын 1603007397 дугаартай гэрээнд Э.Сын гарын үсэг зурагдаагүй, даатгалын хураамж төлсөн эсэх тодорхойгүй тул даатгалын гэрээ анхнаасаа байгуулгагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамааруулах, улмаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,940 (гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нгээс сөрөг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Нд холбогдох гэм хорын хохиролд 39.997.139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийг, хариуцагч И.Нн орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.940 (гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуу/)төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД С.ОЮУНЖАРГАЛ

Р.САРАНТУЯА