Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 387

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03769 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-уудад тус тус холбогдох

Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч “ОЭО” ХХК-иас 32 600 000 төгрөг, хариуцагч “МАЖ” ХХК-иас 45 072 663 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МАЖ” ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулах, “МАЖ” ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй, 58-96УНБ улсын дугаартай, цагаан өнгийн, том оврын автобусыг Ж.Эрдэнэтуяагийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах гарашаас авч зогсоолыг чөлөөлж өгөхийг даалгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нөхөр Л.Г-ын хамт зорчигч тээврийн автобус худалдан авах талаар ярилцаж байсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын үед Л.Г “МАЖ” ХХК автобус зардаг, тэндээс худалдан авсан тохиолдолд аялал жуулчлалын зам олддог гэнэ гэсэн мэдээллийг олж ирсэн. Энэ талаар бид хоорондоо нилээд ярилцсан, улмаар “МАЖ” ХХК-ийн төлөөний н.Энхбаатар, н.Чингүнжав гэдэг хүмүүстэй уулзаад “Монгол аялал жуулчлал” ХХК-иас 58-96УНБ улсын дугаартай, “KIA GRANNDBURD” том оврын автобусыг 30 сая төгрөгөөр худалдан авах тохиролцоог 2015 оны 10 дугаар сард хийсэн. Энэ автобусыг худалдан авах яриа хийгдэж байх үед буюу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “МАЖ” ХХК-ийн захирал Ц.Пүрэвдоржтой уулзсан юм. Тухайн үед Л.Галбадрах бид хоёрт 2006 оны том оврын зорчигч тээвэрлэлт хийх зориулалттай автобус байсан тул хамтарч ажиллая гэхэд Ц.Пүрэвдорж шууд татгалзсан. Ингээд бидний хооронд яриа хөөрөө болж байгаад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 58-96 УНБ улсын дугаартай, “KIA GRANNDBURD” том оврын автобусыг худалдан авсан тохиолдолд хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн. Уг автобусны үнэ 30 сая төгрөг, аялал жуулчлалын тээвэрлэлт хийхэд өндөр орлого олох боломжтой гэдгийг тайлбарлан итгүүлсэн тул бид бэлэн мөнгө байгаагүй учраас банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-аас зээл хүссэн. Бидний зээлийн хүсэлтийг судлаад 30.000.000 төгрөгийн зээл батлагдсан. “МАЖ” ХХК-ийн автобусыг худалдан авахаар болсон, тэгээд “ОЭО” ХХК-тай гэрээг байгуулж 29.6 сая төгрөг төлсөн гэхээр н.Энхбаатар, н.Чингүнжав, Ц.Пүрэвдорж нартай уулзахад “МАЖ” ХХК-ийг улс хооронд жуулчин тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тэдний автобусыг худалдан авбал хамтран ажиллана, цаашлаад маш их хэмжээний ашиг олно гэсэн гэрээний нөхцөл нь боломжийн санагдсан учраас итгэж өндөр хувийн хүүтэй зээл авч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус өдрөө тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн боловч хувь хүн миний нэр дээр бус хуулийн этгээд буюу “МАЖ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх ёстой гэдэг асуудал үүссэн. Би тэдний хүсэлтийн дагуу Автотээврийн үндэсний төв дээр очиж, гарын үсэг зурснаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний худалдан авсан автобус “МАЖ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. Үүний дараа н.Галбадрах 58-96УНБ улсын дугаартай, “KIA GRANNDBURD” автобусыг жолоодон 2015 оны 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 17-ны хооронд нийт 7 удаа тээвэрлэлт хийсэн бөгөөд түүний ажлын зардлаас автобусны үнийн үлдэгдэл 400.000 төгрөгийг “МАЖ” ХХК суутган авсан байдаг. Нэгэнт, тэдний хэлсэн тайлбарт итгэн автобусыг худалдан авч, эзэмшилд нь шилжүүлж, улс хоорондын тээвэрлэлт хийхээр тохирч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны замд гарсан бөгөөд бидний хооронд тохиролцсон Хамтран ажиллах гэрээний дагуу “МАЖ” ХХК нь тээвэрлэлт хийх хугацаанд Л.Галбадрахад нэг хоногийн ажлын хөлс 250.000 төгрөг олгож байхаар тогтсон. Харин автобусны зам, түлш бусад зардал тусдаа “МАЖ” ХХК хариуцахаар тохирсон.

Гэтэл бодит байдал дээр “МАЖ" ХХК нь улс хооронд жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, улс хоорондын жуулчин тээврийг хулгайгаар эрсдэлтэй нөхцөлд явуулдаг, худалдан авахаар тохирсон автобус нь хамтран ажиллана гэсэн “МАЖ" ХХК-ийн эзэмшлийнх биш, тус компани биднийг 2 жил тасралтгүй ажлаар хангана гэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаар хангах боломжгүй боллоо гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, автобус худалдаж авахаас өмнө нэгэнт амаар ярьж тохирсон байсан Хамтран ажиллах гэрээний нөхцөлийг удаа, дараа бичгээр баталгаажуулсан хэдий ч үзэглэхээс илтэд татгалзаж ирсэн, замын хуудсыг үргэлж хуурамчаар үйлддэг, автобусаар жуулчин тээвэрлэж хилээр орж гарахад тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвөөс заавал компани байх ёстой гэж шаардаад цэнхэр хуудас өгөхгүй байна, автобусын эзэмшигч хувь хүн байж болохгүй байна гээд автобусыг “МАЖ” ХХК-ийн нэр дээр 5 хоногийн дараа буцаан шилжүүлсэн зэргээс дүгнэхэд хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгч намайг ноцтой төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хэлцлийг байгуулсан байгаа юм. Мөн Ц.Пүрэвдорж нь “МАЖ” ХХК-ийн БНХАУ-ын Манжуурт аялал жуулчлалын маршруттай гэж худлаа хэлснээс болж Л.Галбадрах тийшээ тээвэрлэлт хийсний улмаас торгуулийн арга хэмжээ авагдаж, асуудалд орж байсан.

Иймд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г ноцтой төөрөгдсөн, хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Талуудын хооронд байгуулж байсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өөрт учирсан хохирол гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “МАЖ” ХХК-тай хамтран ажиллахын тулд тэдний эзэмшлийн том оврын автобусыг худалдан авахаар 30.000.000 төгрөгийг “П ББСБ” ХХК-иас сарын 5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн ба Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.000.000 төгрөгийн өртөг бүхий “Toyota Blade” маркийн машинаа 11.500.000 төгрөгт худалдан борлуулж зөвхөн үндсэн зээлийн хүүний төлбөрт өгч байсан.

Би өөрөө 2016 оны 11 сард зээлдүүлэгч байгууллагатай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөлөгчийн ажлын хөлс, зардлыг зээлийн төлбөрт шууд суутгуулахаар тохирч гэрээ байгуулж байсан ба гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Би, “П” ББСБ-д үндсэн зээлд 30.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний хооронд зээлийн хүүнд 33.912.371 төгрөг бүгд 63.912.371 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн.

Мөн автобусны хадгалалтын хөлсөнд 8.250.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн, автобусыг үнэлүүлсэн үнэлгээний байгууллагад 500.000 төгрөг төлсөн ба нийтдээ надад хамтран ажиллана гэж автобус худалдаж авсанаас хойш өнөөдрийг хүртэл 77.662.371 төгрөгийн бодит хохирол учирсан. Хариуцагч компаниудын захирал Ц.Пүрэвдорж нь намайг төөрөгдүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулсан болохоо зөвшөөрч надад автобусны үнэ 30.000.000 төгрөгийг буцаан төлнө гэсэн зөвшөөрөл бүхий бичиг хийж өгсөн нь хэрэгт байгаа.

 

Иймд, хариуцагч “ОЭО” ХХК-иас автобусны үнэ 29.600.000 төгрөг, энэхүү эрх зүйн маргааны улмаас хууль зүйн зөвлөгөө авахад зарцуулсан буюу өмгөөлөгчид төлсөн зардлын тал хувь болох 2.500.000 төгрөг, автобусыг үнэлүүлсэн зардалд 500.000 төгрөг, бүгд 32.600.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч “МАЖ” ХХК-иас автобусны үнэ 400.000 төгрөг, автобусыг худалдаж авахад зээлсэн 30.000.000 төгрөгийн зээлийн хүү буюу ББСБ-д зээлийн хүүг надад учирсан хохирол гэж үзэж 33.381.697 төгрөг, автобусыг 2015 оны 10 дугаар сарын 16-наас 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хадгалуулсан хөлс төлбөрт 8.250.000 төгрөг, энэхүү эрх зүйн маргааны улмаас хууль зүйн зөвлөгөө авахад зарцуулсан буюу өмгөөлөгчид төлсөн зардлын тал хувь болох 2.500.000 төгрөг бүгд 44.541.989 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ шүүх хуралдаанаас өмнө ББСБ-д зээлийн хүүд 33,912,371 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн байсан бөгөөд дахин тооцоолол хийхэд 33.381.697 төгрөг байгаа тул эл үндэслэлээр “МАЖ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 530.674 төгрөгөөр багасгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-ийн төлөөлөгч Ц.П шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОЭО” ХХК болон Т.У нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу Т.У-д 58-96УНБ улсын дугаартай, “KIA GRANNDBURD” автобус худалдсан, Т.У уг тээврийн хэрэгслийн үнэ 29.600.000 төгрөг төлж, үлдэх 400 мянган төгрөгийг төлөөгүй. Автобусны үлдэгдэл үнийг “МАЖ” ХХК-ийг авсан буюу н.Галдбарахад төлөх хөлснөөс суутган авсан гэдэг бол худлаа.

Учир нь Автотээврийн үндэсний төвөөс тавьдаг шаардлага бол жуулчин тээвэрлэх үйлчилгээг хувь хүн бус эрх бүхий хуулийн этгээдийн байгууллага хэрэгжүүлэх ёстой. Ийм л үндэслэлээр, Т.У худалдан авсан автобусаа “МАЖ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлсэн. Жуулчин тээвэрлэх асуудал бол тэдний ашиг сонирхол байсан. Т.У, н.Галбадрах нар 2013 оны 10 дугаар сарын 23-ноос 12 дугаар сарын 17-н хүртэл нийт 7 удаагийн тээвэрлэлт хийж, 13.292.000 төгрөгийн ашиг олсон байдаг бөгөөд 5.000.000 гаруй төгрөгийг бол компанийн зүгээс түлшний үнэ гэж өгсөн байгаа. Т.У нь н.Галбадрах нэг хоног /өдөр/-ийн 250.000 төгрөгийн хөлсөөр ажиллаж байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Хашаагаа явах, тухайбал, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд гэх мэт явах км-ын зайнаас хамаарч жолооч нарт 1.200-500.000 орчим төгрөгийг өгдөг бөгөөд жолоочид түүнээс түлшний үнэ болон бусад зардлаа гарган өөрт оногдох ашиг, орлогоо авч ажилладаг байсан.

 

Т.У нар өөрсдөө л Улаан-Үдийн тээвэр ашиггүй байна гээд Манжуур явахаар болж явсан. н.Галбадрах 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Манжуурын чиглэлд тээвэрлэлт хийж явах замдаа Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт өвлийн хүйтэн улиралд 17 зорчигчийг хөдөө хээр газар буулгаж хаяна гэж биднийг сүрдүүлж, Улаанбаатарт ч Т.У асуудал үүсгэсэн тул би аргагүйн эрхэнд автобусны үнэ 30 сая төгрөгийг буцаан өгнө гэдэг бичиг хийж өгсөн.

Худалдах-худалдан авах гэрээн дээр намайг гарын үсэг зураагүй, санаатайгаар бусдаар зуруулсан мэтээр тайлбарладаг. Тэр гэрээн дээр миний хүү П.Чингүнжав гарын үсэг зурсан нь үнэн, би тэрийг худлаа гэхгүй, эсэргүүцээгүй, гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэндээ, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дууссан тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Э шүүхэд гаргасан шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах өөрийн эзэмшил газартаа граашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулаад байхад Т.У нь “МАЖ” ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй, 58-96УНБ улсын дугаартай, цагаан өнгийн, том оврын автобусыг манай граашид хадгалуулж гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сараас төлбөрийг төлж байснаа дараа нь “МАЖ” ХХК-ийн эзэмшлийнх тул би зогсоолын төлбөрийг төлөх ёсгүй, тэгээд ч би төлбөрийн боломжгүй болсон тул гэрээгээ цуцалъя гэхэд нь Ж.Э зөвшөөрсөн. “МАЖ” ХХК-ийн захирал Ц.П-д өөрийнхөө автобусыг авч манай зогсоолыг яаралтай чөлөөлж өгөхийг шаардахад би наад автобусыг чинь худалдсан, буцааж авахгүй гэсэн. Ц.П-д хэрвээ автобусаа авахгүй бол бусад автомашиныг зогсоолд тавиулдаг үнээр тооцож, хоног тутам төлбөр авахыг сануулсан. Автобусны өмчлөгчийн хувьд ямар ч хариу өгөөгүйгээс гадна нэг ч төгрөгийн төлбөр хийлгүй өнөөдрийг хүрч, хохироож байна.

“МАЖ” ХХК-ийн ашиг сонирхлыг хамгаалснаас учирсан хохирол 1 өдрийн 20.000 төгрөгөөр тооцож, 15 cap буюу 450 хоногийн 9.000.000 төгрөгийн төлбөр гаргуулж, граашийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.У, хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “ОЭО” ХХК-иас 29.600.000 төгрөг, “МАЖ” ХХК-иас 28.381.697 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн “ОЭО” ХХК-д холбогдох шаардлагаас үлдсэн 3.000.000 төгрөгийг, “Монгол аялал жуулчлал” ХХК-д холбогдох шаардлагаас 16.160.292 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасныг баримтлан, гуравдагч этгээд Ж.Э-гийн грааш хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649.276 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 159.000 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “ОЭО” ХХК-иас 305.950 төгрөг, “МАЖ” ХХК-иас 299.855 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч   2015   оны    10   дугаар   сарын   15-ны   өдөр   зохигчдын   хооронд байгуулагдаж байсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж ... хариуцагч "МАЖ" ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулан нэхэмжилсэн 45.072.663 төгрөгийг шүүх хуралдаан дээр 530.674 төгрөгөөр багасгаж үлдэх 44.531.697 /400.000+33.381.697+8.250.000+2.500.000/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн хариуцагч "МАЖ" ХХК-иас нэхэмжилсэн   Автобусны   үнэнд  төлсөн   400.000  төгрөгийг  хэрэгсэхгүй болгоогүй  атлаа шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн шүүх хариуцагч "МАЖ" ХХК-ийн төлөөлөгч Т.У-ийн автобусаар улс хооронд тээвэрлэлт хийхэд жолоочийн хөлсийг тогтоож өгдөг бөгөөд уг хөлсөнд тээврийн шатахууны зардлыг багтаадаг байсан боловч түүнээс гадна 5.000.000 төгрөгийг өгсөн гэдэг тайлбарыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болох 33.381.697 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хасч үлдэх 28.381.697 төгрөгийг "МАЖ" ХХК-иас гаргуулан Т.У-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. "МАЖ" ХХК нь жолоочид ажлын хөлс, шатахууны үнийг тус, тусад нь бэлнээр олгож байсан бөгөөд жолоочийн ажлын хөлсөнд шатахууны зардал багтдаггүй болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтуудын гүйлгээний утгаар нотлогдох тул шүүхээс 5 сая төгрөгийг төлсөн гэдэг дүгнэлт нь үгүйсгэгдэх боломжтойгоос гадна хариуцагч нэхэмжлэгчид 1 ч төгрөг төлөөгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт ..."МАЖ" ХХК-иас 28.381.697 төгрөгийг гаргуулах гэснийг 33.781.697 /33.381.697+400.000/ төгрөгийг тус тус гаргуулах гэж өөрчилж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Э-гийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Ж.Э-гийн бие даасан шаардлагын талаар тусгайлан дүгнэлт хийсэн боловч зөвхөн бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн зардал 9.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ л тайлбарласан. Харин Ж.Э-гийн өмчлөх эрхийг хөндөж буй асуудал болох грааш чөлөөлүүлэх нэхэмжлэл буюу бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ үндэслэх хэсэгтээ тайлбарлаагүй, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК нарын төлөөлөгч Ц.П давж заалдах гомдолдоо: Т.У-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч "ОЭО" ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хүдэрмөнх оффис-д 2009 оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Т.У нь тухайн оффист ирж худалдах худалдан авах гэрээг хийж, төлбөрийг дутуу хийсэн. Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хурал болсон нь харъяаллын бус газар явагдсан байна.

Шүүх хурлын шүүгч нь С.Амардэлгэр нь 2003 оноос 2006 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн шүүхийн нарийн бичиг, туслах шүүгчээр ажиллаж байсан. С.А-ийг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхад нэхэмжлэгч Т.У-ийн төрсөн эгч Т.У Сонгинохайрхан дүүргийн ерөнхий шүүгчээр 1999 оноос 2006 хүртэл ажиллаж байсан. Иймд С.А нь ашиг сонирхлын зөрчилтэй, уг асуудлыг хуулийн дагуу шийдээгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг худалдах худалдаан авсан гэрээнд нэхэмжлэгч Т.У нь өөрөө гарын үсэг зурж төлбөрийг дутуу хийж, тээврийн хэрэслийг актаар бүрэн хүлээн авсан нь гэрээ ямар ч маргаангүй хүчин төгөлдөр гэрээ болохыг батлаж байна. Хуульч, өмгөөлөгч хүн худалдах худалдан авах гэрээг яаж хийдэг нөхцөлийг бүгдийг нь мэддэг, хууран мэхлэх, залилах, дарамтад орох гэх мэт асуудлуудыг маш сайн ялган салгаж хуулийн дагуу ойлгодог хүн, ийм байхад, янз бүрийн аж ахуйн нэгжийг байнга санаатай гүтгэж байна. Худалдах худалдан авах гэрээ хийж төлбөрийг дутуу төлсөн худалдан авсан тээврийн хэрэгслээр өөрийн нөхөр Галбадрахаар тээвэр хийлгэж ашиг олж байх үедээ юу ч хэлээгүй. Худалдах худалдан авах гэрээ хийснээр уг гэрээ хүчин төгөлдөр болж байгаа нь харагдаж байхад шүүгч нэг талыг баримталж шийдсэн байна. 2015 оны 9 дүгээр сард Unegui.mn сайт дээр тавигдсан зарын дагуу холбогдож Т.У нь өөрийн хүсэл сонирхлын дагуу худалдаж авснаа өөрөө баталдаг. Өөрийн нөхөр гэх Галбадрахад өөрийн худалдан авсан тээврийн хэрэгслээр ашиг олохоор бүх итгэмжилэлийг өгсөн байдаг. Т.У-ийн нөхөр Галбадрах нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 17 хүртэл 7 удаа тээврээс нийт 13.297.000 төгрөг олжээ. Үүнээс Улан-Үдэ 2 удаа 1.500.000 төгрөг, нийт 2.936.500 үүнээс бензин 1.300.000 төгрөг, Эрхүү 2.211.500 төгрөг, үүнээс бензин 800.000 төгрөг, ашиг 1.411.500 төгрөг, Манжуур 3 удаа нийт 7.875.000 төгрөг 7 удаагийн тээврээс нийт 13.292.000 төгрөг олсон. Үүнээс: Улаан-Үүдийн 2 удаагийн аялалаас ашиг 1.636.500 Эрхүү нь аялалаас ашиг 1.411.500 төгрөг ОХУ-ын чиглэлээс нийт ашиг нь 3.048.000 төгрөг Манжуурт 2 удаа явсан аялалаас ашиг нь 2.850.000 төгрөг 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 17 хүртэл энэ богино хугацаанд 54 хоног амралтын 16 хоногийг хасвал 38 хоногт нийт 5.898.000 ашиг олсон байна. Эдгээр төлбөрийг авч байхдаа ямар ч асуудал гаргаагүй байж, дараах нөхцөл байдлаас үндэслэн гүтгэлэг эхлэсэн. Эндээс харахад харин ноцтой төөрөлдсөн биш ашигтай ажилсан харагдаж байхад шүүгч нягтлан үзэлгүй шийдвэрлэсэн байна. Харин Т.У-ийн хувийн амьдралд асуудал гарч Галбадрахаас салж автобус барих хүнгүй болоод ирэхээр, Т.У өөрийн санаан зоргоор заль зохиож худалдан авсан машинаа буцааж өгөхийн тулд өөрийн хуулийн боловсролыг ашиглан залилан мэхлэж байна. Т.У-ийн нөхөр Галбадрах нь 2015 оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар-Манжуурын чиглэлд аялал авч явах үед хуульч, өмгөөлөгч эхнэр Т.У "МАЖ" ХХК-ийн ерөнхий захирал Ц.П-ийг утсаар ярьж болон оффис дээр ирж бүх ажилчдын өмнө дарамтлаж, айлгаж, сүрдүүлж, доромжилж тэсэхийн арга үгүй байдалд хүргэж байсныг манай компанийн ажилчид Х.Ганчимэг, Дашзэвэг, Нямхүү, Хишигсүрэн нар харж байсан тухайн үеийн бичлэг манайд байгаа. Яг энэ мөчид нөхөр Галбадрах нь аялагч нарыг болон хөтөч С.Батжаргалыг дарамтлаж хэлэх хэлэхгүйгээр хэл доромжилж, зодохыг завдаж байсан. Мөн аялалд явж байхдаа хөхөө өвлийн хүйтэнд аялагч нарыг хээр хаяна гэж айлгаснаас үндэслэн хүмүүсийн амь насанд хүрэхгүй тулд захирал Ц.Пүрэвдорж айж тэвдсэн дарамтад орж хүмүүсээ аялуулаад ир тэгвэл 30.000.000 төгрөгийг буцаж өгөөд автобусаа авъя гэсэн бичиг хийж өгөхөд хүргэсэн. Т.У бичиг аваад л шууд хээр хүмүүсийг буулгаж хаясан нь зөвхөн өөрийн хүсэл зорилгыг биелүүлэхэд чиглэгдэж байсан. Хэрэв тэдгээр хүмүүс янз бүрийн байдалд орсон бол манай компанийг Т.У буруутгаад өөрөө цэвэр үлдэхээр байгаа нь хуульч өмгөөлөгчөө ашиглаж бусдыг дарамталж сурсан, хэлж ярьж байгаа үг нь бүгд гүтгэсэн, өөрийн хүсэл сонирхлыг гүйцэтгүүлэхэд юу ч хийхээс буцахгүй болсон энэ дөрвөн жилийн хугацаанд харагдаж байна. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, тээврийн хэрэгсэл хүлээлцсээр тус гэрээ ямар нэгэн маргаангүй дуусгавар болсон. “ОЭО” ХХК-ийн захирал Ц.Пүрэвдорж Т.У-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хийсэн гэрээ байхгүй, нотлох баримтгүй, байхад хуульч, өмгөөлөгч Т.У-ийн үгээр асуудалд хандаж байгаад маш их харамсаж байна. Одоог хүртэл 400.000 төгрөгийг төлөөгүй тус компанийг хохироож байна. Иймд 400.000 төгрөгийн хохирлоо энэ хугацаан дахь хүүгийн хамт нэхэмжилж байна. Анхан шатны шүүхээр гурван удаа хэрэгсэхгүй болгосон үнэн зөв дүгнэлтийг няцаж шүүгч С.Амардэлгэр шийдвэр гаргасныг огт ойлгохгүй байна. Энэ шүүх хурал тэр чигээрээ зөвхөн Т.Урангэрэлийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байна. Т.Урангэрэл нь тээврийн хэрэгслийг худалдаж аваад "ОЭО" ХХК-иас хасуулж өөрийн нэр дээр шилжсэнийг хүлээн зөвшөөрөөд дараа нь Т.У өөрийн биеэр “Авто тээврийн үндэсний төв” дээр очиж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг "МАЖ" ХХК-ийн нэр дээр болгохыг өөрөө батлаад гарын үсэг зурж өгсөн нь Т.У тухайн тээврийн хэрэгслээр ашиг олохын тулд тухайн үеийн хуулийн дагуу Зам тээврийн яам, Автотээврийн үндэсний төвийн гаргасан журмын дагуу жуулчин тээврийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь "МАЖ" ХХК руу шилжүүлсэн юм. Хувь хүн тээвэр хийх эрхгүй тул "МАЖ" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн харагдсаар байгаа нь Т.У-ийг ноцтой төөрөлдсөн гэж үзэж шүүгчийн шийдвэр нэг талыг барьжээ. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.О давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Т.У нь ноцтой төөрөгдөлд орсон хууран мэхлэгдсэн нөхцөл байдлын улмаас маргаан бүхий гэрээг байгуулсан гэсэн ба “МАЖ” ХХК-ийн ерөнхий захирал Ц.П түүний хүү Чингүнжав болон бусад хүмүүсийн зүгээс эд хөрөнгийг худалдан авсан тохиолдолд аялал жуулчлалын ажлаар хангах боломжтой, аялал жуулчлалын ажил нь ашиг орлого сайтай гэсэн итгэл үнэмшил төрүүлсэнээс болж хэлцэл хийсэн гэж тайлбаралсан. Худалдах худалдаан авах гэрээг хийхдээ нэхэмжлэгч Т.У “ОЭО” ХХК-тай хийсэн, тухай компанид тушаасан урьдчилгаа төлбөрийн баримт дээр нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан байгаа ямар нэгэн төөрөлдсөн эргэлзсэн зүйлгүй, маргаангүй гэрээ хийсэн харагдаж байна.

Мөн маргаан бүхий гэрээний зүйл болох, Тээврийн хэрэгслийн ашиглалт буюу аялал жуулчлалын зүйлтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсэж байгаад улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш “МАЖ” ХХК-ын төдийгүй бусад байдлаар ашиглагдаагүй гэж үзэж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1 58.3.4-д заасан үндэслэлээр “Тээвийн хэрэгсэл Худалдаж Худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагч гэж тайлбарлаад байгаа “ОЭО” ХХК-иас 29.600.000 төгрөг харин ямар ч холбогдолгүй “МАЖ” ХХК-иас 28.381.000 төгрөгийг гаргуулхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн хэрэг нь 3 жилийн хугацаа өнгөрч байгаа ба Худалдаж худалдан авах гэрээ хийснээс хойш 4 жил орчим хугацаа өнгөрч байна. Анхан шатны шүүх гурван удаа энэ хэргийг шийдвэрлэж байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрүүд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэрээний талууд хүсэл зорилгоо ямар нэгэн эргэлзээгүй илэрхийлсэн байхыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тусгайлан заасан. Тэгвэл анх гэрээг хийхдээ ямар ч эргэлзээгүй хийсэн талаар хэрэгт Т.У-ийн мэдүүлэг бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. Харин захирал Пүрэвдорж У-ийг дарамтлан шахаж залилан мэхлэж хуурч төөрөгдөлд оруулж гэрээг хийгээгүй гэдэг нь хангалттай байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.У нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч “ОЭО” ХХК-иас 32 600 000 төгрөг, хариуцагч “МАЖ” ХХК-иас 45 072 663 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд Ж.Э  хариуцагч “МАЖ” ХХК-иас              9 000 000 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах гараашийн автозогсоолыг чөлөөлөхийг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Т.Урангэрэл, хариуцагч “ОЭО” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн ба уг гэрээгээр “ОЭО” ХХК нь 58-96 УНБ улсын дугаартай, “Kia grandbird” маркын том оврын автобусыг Т.У-ийн өмчлөлд шилжүүлэх, Т.У нь автобусны үнэд 30 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Т.У нь 29 600 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын         15-ны өдөр хариуцагч “ОЭО” ХХК-д төлж, мөн өдөр талууд автомашин хүлээлцсэн акт үйлдэж автобусыг хүлээн авсан Т.Урангэрэлээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл автобусыг Л.Галбадрах эзэмшиж ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 3-7/

Бичгээр хийгдсэн гэрээнд хариуцагч “ОЭО” ХХК-ийн захирал Ц.П гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцдог тул талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь автобусыг худалдан авбал аялал жуулчлалын тээвэрлэлт хийхэд хамтран ажиллана гэсэн атлаа хамтран ажиллах гэрээ байгуулаагүй,  автобусыг “МАЖ” ХХК-ийн нэр дээр 5 хоногийн дараа буцаан шилжүүлсэн, гэрээнд огт танихгүй хүн гарын үсэг зурсан зэргээр хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход мөн хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлүүд хамааралтай ба Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д зааснаар хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэх зохицуулалттай.

Гэвч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна шүүх нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан гэх тусдаа, бие даасан, хоёр өөр агуулгатай гэрээний асуудлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг “МАЖ” ХХК-ийн нэр дээр худалдаж авсан автобусаа бүртгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл жуулчин тээвэрлэлт хийж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа бөгөөд хамтран ажиллах гэрээ бичгээр хийх эсэх асуудлаар талууд маргасны улмаас  жуулчин тээвэрлэлт хийхээ больсон нь дээрх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Т.У, хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч “ОЭО” ХХК-ийг төлөөлөх эрхтэй Ц.П-ийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гараар бичсэн “...30 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 10-аас 15-ны хооронд буцаан төлнө...”  гэсэн бичмэл баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй болно. Уг бичмэл баримтыг хууль бус дарамт шахалтын үндсэн дээр хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэг хүлээдэг  тул хариуцагч “ОЭО” ХХК-иас 29 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 400 000 төгрөгийг төлсөн гэх байдал нотлогдоогүй болно.

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан явдалд хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байх тул өмгөөлөгчид төлсөн 5 000 000 төгрөг, автобусыг үнэлүүлсэн зардалд 500 000 төгрөг, ББСБ-д зээлийн хүүд төлсөн 33.381.697 төгрөгийг тус тус хохиролд тооцож нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт нийцнэ.

Харин нэхэмжлэгчийн хадгалалтын хөлсөнд 8 250 000 төлсөн төгрөгөөс гэрээнээс татгалзахаас өмнөх хугацааны 2 сарын хадгалалтын хөлс 900 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах, үүнээс хойшхи хугацааны 7 350 000 төгрөгийн тавин хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Ж.Э, Т.У нарын хооронд хийгдсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гараажид тээврийн хэрэгсэл хадгалах гэрээнд хадгалалтын хөлсийг 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад сарын 600 000 төгрөгөөр, бусад саруудад 300 000 төгрөгөөр тохиролцсон байх тул 10, 11 дүгээр сарын төлбөрт 900 000 төгрөгийг хасч тооцсон болно.  Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнээс татгалзсан гэж үзсэн тул хадгалалтын хөлсийг 50, 50 хувиар хариуцуулсан болно.

Анхан шатны шүүх гуравдагч этгээд Ж.Э-гийн гараажийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин шүүх Ж.Э-гийн гараажид хадгалагдаж буй автобусны маргааныг дээрх байдлаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-гийн гараажийг чөлөөлж өгөхийг хариуцагч “ОЭО” ХХК-д даалгах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.У, хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОЭО”  ХХК-иас 33 275 000  төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Т.У-д олгож, “МАЖ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх        44 397 663 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дах заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар гуравдагч этгээд Ж.Э-гийн гараажаас 58-96 УНБ улсын дугаартай, “Kia grandbird” маркын том оврын автобусыг авч чөлөөлөхийг хариуцагч “ОЭО” ХХК-д даалгаж, бие даасан шаардлагаас үлдэх  9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “...хариуцагч “ОЭО” ХХК-иас 305.950 төгрөг, “МАЖ” ХХК-иас 299 855 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгосугай” гэснийг  “...хариуцагч “ОЭО” ХХК-иас 324 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 101 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МАЖ” ХХК-иас төлсөн 299 355 төгрөгийг, “ОЭО” ХХК-иас төлсөн 305 950 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 70200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ