Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00914

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03769 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 387 дугаар магадлалтай, 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

ОЭО ХХК, МАЖ ХХК-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч ОЭО ХХК-иас 32.600.000 төгрөг, хариуцагч МАЖ ХХК-иас 45.072.663 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэл

Хариуцагч МАЖ ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулж, 58-96 УНБ улсын дугаартай, том оврын автобусыг гараашаас авч, зогсоол чөлөөлөхийг  даалгуулах Ж.Э-гийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У-, түүний өмгөөлөгч Б.Б-, А.Д-, хариуцагчийн төлөөлөгч Ц.П-, түүний өмгөөлөгч Ш.О-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Т.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нөхөр н.Галбадрахын хамт зорчигч тээврийн автобус худалдан авах талаар ярилцаж байсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын үед н.Галбадрах МАЖ ХХК автобус зардаг, тэндээс худалдан авсан тохиолдолд аялал жуулчлалын зам олддог гэнэ гэсэн мэдээллийг олж ирсэн. Бид хоорондоо ярилцаж, улмаар МАЖ ХХК-ийн н.Энхбаатар, н.Чингүнжав гэдэг хүмүүстэй уулзаад тус компаниас 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD том оврын автобусыг 30 сая төгрөгөөр худалдан авах тохиролцоог 2015 оны 10 дугаар сард хийсэн. МАЖ ХХК нь ОХУ болон БНХАУ-ын Манжуур хотод автобусаар жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, манай автобусыг худалдаж авах хүнтэй жуулчин тээвэрлэх гэрээгээр хамтарч ажиллана, сард 4-өөс доошгүй удаа ажлаар хангана, жуулчин тээвэрлэхэд сард 3,5 саяас дээш төгрөгийн цэвэр ашиг олдог, манай автобусыг худалдаж авбал 10 дугаар сарын 16-нд ОХУ-д жуулчин тээвэрлэх ажилдаа шууд гаргана... гээд замын маршрут болон бусад зүйлсийг танилцуулж байсан. Тухайн үед н.Галбадрах бид хоёрт 2006 оны том оврын зорчигч тээвэрлэлт хийх зориулалттай автобус байсан тул хамтарч ажиллая гэхэд Ц.П- шууд татгалзсан. Ингээд бидний хооронд яриа хөөрөө болж байгаад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD том оврын автобусыг 30 сая төгрөгөөр авахаар болж,  аялал жуулчлалын тээвэрлэлт хийхэд өндөр орлого олох боломжтой гэдгийг тайлбарлан итгүүлсэн тул бид банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-аас зээл хүссэн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ, хэлцэл хийх болтол гэнэт өөр ОЭО ХХК-тай гэрээг байгуулах болсон. Энэ компани бол Ц.П-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд МАЖ ХХК-ийн охин компани, ямар ч асуудалгүй гэж тайлбарлаж байсан. Ямартай ч гэрээгээ хийхээр болж ББСБ-аас авсан зээл 30 сая төгрөгөөс, би өөрөө 400.000 төгрөгийг автобус жолоодох н.Галбадрахад итгэмжлэл өгөх, даатгал хийх зэрэгт зарцуулсан байсан тул бэлэн байсан 29,6 сая төгрөгийг гэрээ хийсэн Очир-Эрдэнийн орон ХХК-д тушаасан. Тэдэнд итгэж өндөр хувийн хүүтэй зээл авч 2015 оны 10 сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус өдрөө тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн байсан юм. Үүний дараа Ц.П- нартай хэлэлцэн тохиролцоод худалдан авсан автобусаар улс хооронд жуулчин тээвэрлэх үйлчилгээ эрхлэх болоход уг тээврийн хэрэгсэл хувь хүн миний нэр дээр бус хуулийн этгээд буюу МАЖ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх ёстой гэдэг асуудал үүссэн. Тэгээд МАЖ ХХК-ийн нэр дээр автобусыг бүртгүүлсэн. Үүний дараа н.Галбадрах 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD автобусыг жолоодон 2015 оны 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 17-ны хооронд нийт 7 удаа тээвэрлэлт хийсэн бөгөөд түүний ажлын зардлаас автобусны үнийн үлдэгдэл 400.000 төгрөгийг МАЖ ХХК суутган авсан байдаг. Нэгэнт, тэдний хэлсэн тайлбарт итгэн автобусыг худалдан авч, эзэмшилд нь шилжүүлж, улс хоорондын тээвэрлэлт хийхээр тохирч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны замд гарсан бөгөөд бидний хооронд тохиролцсон Хамтран ажиллах гэрээний дагуу МАЖ ХХК нь тээвэрлэлт хийх хугацаанд н.Галбадрахад нэг хоногийн ажлын хөлс 250.000 төгрөг олгож байхаар тогтсон. Харин автобусны зам, түлш бусад зардал тусдаа МАЖ ХХК хариуцахаар тохирсон. Гэтэл бодит байдал дээр МАЖ ХХК нь улс хооронд жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, улс хоорондын жуулчин тээврийг хулгайгаар эрсдэлтэй нөхцөлд явуулдаг, худалдан авахаар тохирсон автобус нь хамтран ажиллана гэсэн МАЖ ХХК-ийн эзэмшлийнх биш, тус компани биднийг 2 жил тасралтгүй ажлаар хангана гэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаар хангах боломжгүй боллоо гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, автобус худалдаж авахаас өмнө нэгэнт амаар ярьж тохирсон байсан хамтран ажиллах гэрээний нөхцлийг удаа, дараа бичгээр баталгаажуулсан хэдий ч үзэглэхээс илтэд татгалзаж ирсэн, замын хуудсыг үргэлж хуурамчаар үйлддэг, автобусаар жуулчин тээвэрлэж хилээр орж гарахад тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Авто тээврийн үндэсний төвөөс заавал компани байх ёстой гэж шаардаад цэнхэр хуудас өгөхгүй байна, автобусын эзэмшигч хувь хүн байж болохгүй байна гээд автобусыг МАЖ ХХК-ийн нэр дээр 5 хоногийн дараа буцаан шилжүүлсэн зэргээс дүгнэхэд хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгч намайг ноцтой төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хэлцэлийг байгуулсан байгаа юм. Мөн Ц.П- нь МАЖ ХХК-ийн БНХАУ-ын Манжуурт аялал жуулчлалын маршруттай гэж худлаа хэлснээс болж н.Галбадрах тийшээ тээвэрлэлт хийсний улмаас торгуулийн арга хэмжээ авагдаж, асуудалд орж байсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг ноцтой төөрөгдсөн, хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас надад хохирол учирсан. Иймд талуудын хооронд байгуулж байсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр МАЖ ХХК-тай хамтран ажиллахын тулд тэдний эзэмшлийн том оврын автобусыг худалдан авахаар 30 сая төгрөгийг Прогресскапитал ББСБ ХХК-иас сарын 5%-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 сая төгрөгийн өртөг бүхий Toyota Blade маркийн машинаа 11,5 сая төгрөгт худалдан борлуулж зөвхөн үндсэн зээлийн хүүний төлбөрт өгч байсан. Би өөрөө 2016 оны 11 сард зээлдүүлэгч байгууллагатай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөлөгчийн ажлын хөлс, зардлыг зээлийн төлбөрт шууд суутгуулахаар тохирч гэрээ байгуулж байсан ба гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Прогресскапитал ББСБ-д үндсэн зээлд 30.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний хооронд зээлийн хүүд 33.912.371 төгрөг бүгд 63.912.371 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Мөн автобусны хадгалалтын хөлсөнд 8.250.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн, автобусыг үнэлүүлсэн үнэлгээний байгууллагад 500.000 төгрөг төлсөн ба нийтдээ надад хамтран ажиллана гэж автобус худалдаж авсанаас хойш өнөөдрийг хүртэл 77.662.371 төгрөгийн бодит хохирол учирсан. Хариуцагч компаниудын захирал Ц.П- нь намайг төөрөгдүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулсан болохоо зөвшөөрч надад автобусны үнэ 30 сая төгрөгийг буцаан төлнө гэсэн зөвшөөрөл бүхий бичиг хийж өгсөн. Иймд, хариуцагч Очир-Эрдэнийн орон ХХК-иас автобусны үнэ 29.600.000 төгрөг, энэхүү эрх зүйн маргааны улмаас хууль зүйн зөвлөгөө авахад зарцуулсан буюу өмгөөлөгчид төлсөн зардлын тал хувь болох 2.500.000 төгрөг, автобусыг үнэлүүлсэн зардалд 500.000 төгрөг бүгд 32.600.000 төгрөг, мөн хариуцагч МАЖ ХХК-иас автобусны үнэ 400.000 төгрөг, автобусыг худалдаж авахад зээлсэн 30 сая төгрөгийн зээлийн хүү буюу ББСБ-д зээлийн хүүг надад учирсан хохирол гэж үзэж 33.381.697 төгрөг, автобусыг 2015 оны 10 дугаар сарын 16-с 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хадгалуулсан хөлс төлбөрт 8.250.000 төгрөг, энэхүү эрх зүйн маргааны улмаас хууль зүйн зөвлөгөө авахад зарцуулсан буюу өмгөөлөгчид төлсөн зардлын тал хувь болох 2.500.000 төгрөг бүгд 44.541.989 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ шүүх хуралдаанаас өмнө ББСБ-д зээлийн хүүд 33.912.371 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн байсан бөгөөд дахин тооцоолол хийхэд 33.381.697 төгрөг байгаа тул эл үндэслэлээр МАЖ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 530.674 төгрөгөөр багасгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОЭО ХХК, МАЖ ХХК-ийн төлөөлөгч Ц.П-ийн шүүхэд өгсөн тайлбарт: ...Очир-Эрдэнийн орон ХХК болон Т.У- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу Т.У-д 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD автобус худалдсан, Т.У- уг тээврийн хэрэгслийн үнэ 29.600.000 төгрөг төлж, үлдэх 400.000 төгрөгийг төлөөгүй. Автобусны үлдэгдэл үнийг МАЖ ХХК-ийг авсан буюу н.Галбадрахад төлөх хөлснөөс суутган авсан гэдэг бол худлаа. МАЖ ХХК нь өөрт явж байсан автобусыг худалдахаар үнэгүй.мн вэб сайтад зар тавьсан байсан. Гэтэл Т.У-, н.Галдбадрах нар манай хүү П.Чингүнжав болон түүний найз руу утасдаж, автобусыг ирж үзэн худалдан авахаар болсон. Түүнээс Ц.П- гэдэг хүний хувьд ямар нэгэн амлалт өгч худалдан борлуулсан зүйл байхгүй. Т.У- нь нөхөр н.Галбадрахаар автобусаа жолоодуулан аялалд явуулах гэж л худалдаж авсан. Тэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу худалдан авсан автобусаа мөн өөрсдийн санал, санаачилгаар 2015 оны 10 дугаар сарын 23-нд МАЖ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх асуудлыг хөндсөн. Учир нь Автотээврийн үндэсний төвөөс тавьдаг шаардлага бол жуулчин тээвэрлэх үйлчилгээг хувь хүн бус эрх бүхий хуулийн этгээдийн байгууллага хэрэгжүүлэх ёстой. Ийм л үндэслэлээр, Т.У- худалдан авсан автобусаа Монгол аялал жуулчин ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлсэн. Жуулчин тээвэрлэх асуудал бол тэдний ашиг сонирхол байсан. Т.У-, н.Галбадрах нар 2013 оны 10 дугаар сарын 23-ноос 12 дугаар сарын 17-н хүртэл нийт 7 удаагийн тээвэрлэлт хийж, 13.292.000 төгрөгийн ашиг олсон байдаг бөгөөд 5 сая гаруй төгрөгийг бол компанийн зүгээс түлшний үнэ гэж өгсөн байгаа. Т.У- нь н.Галбадрах нэг хоног /өдөр/-ийн 250.000 төгрөгийн хөлсөөр ажиллаж байсан гэдэг нь үндэслэлгүй. ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд гэх мэт явах км-ын зайнаас хамаарч жолооч нарт 1.200-500.000 орчим төгрөгийг өгдөг бөгөөд жолоочид түүнээс түлшний үнэ болон бусад зардлаа гарган өөрт оногдох ашиг, орлогоо авч ажилладаг байсан. Т.У- нар өөрсдөө Улаан-Үдийн тээвэр ашиггүй байна гээд Манжуур явахаар болж явсан. н.Галбадрах 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Манжуурын чиглэлд тээвэрлэлт хийж явах замдаа Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт өвлийн хүйтэн улиралд 17 зорчигчийг хөдөө хээр газар буулгаж хаяна гэж биднийг сүрдүүлж, Улаанбаатарт ч Т.У- асуудал үүсгэсэн тул би аргагүйн эрхэнд автобусны үнэ 30 сая төгрөгийг буцаан өгнө гэдэг бичиг хийж өгсөн. Худалдах-худалдан авах гэрээн дээр намайг гарын үсэг зураагүй, санаатайгаар бусдаар зуруулсан мэтээр тайлбарладаг. Тэр гэрээн дээр миний хүү П.Чингүнжав гарын үсэг зурсан нь үнэн, гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дууссан тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Э- шүүхэд гаргасан шаардлагад: ...Миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах өөрийн эзэмшил газартаа гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулаад байхад Т.У- нь МАЖ ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй, 58-96 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн, том оврын автобусыг манай гараашид хадгалуулж гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сараас төлбөрийг төлж байснаа дараа нь МАЖ ХХК-ийн эзэмшлийнх тул би зогсоолын төлбөрийг төлөх ёсгүй, тэгээд ч би төлбөрийн боломжгүй болсон тул гэрээгээ цуцалъя гэхэд нь зөвшөөрсөн. МАЖ ХХК-ийн захирал Ц.П-ид өөрийнхөө автобусыг авч манай зогсоолыг яаралтай чөлөөлж өгөхийг шаардахад би наад автобусыг чинь худалдсан, буцааж авахгүй гэсэн. Ц.П-ид хэрвээ автобусаа авахгүй бол бусад автомашиныг зогсоолд тавиулдаг үнээр тооцож, хоног тутам төлбөр авахыг сануулсан. Автобусны өмчлөгчийн хувьд ямар ч хариу өгөөгүйгээс гадна нэг ч төгрөгийн төлбөр хийлгүй өнөөдрийг хүрч, хохироож байна. Өөрөөр хэлбэл, Ж.Э-, Т.У- нарын хооронд байгуулсан хадгалалтын гэрээ 2017 оны 4 сарын 01-ний өдөр төлбөр төлөгдсөнөөр цуцлагдаж, энэ өдрөөс хойш Ж.Э- Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж эхэлсэн. Тухайн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь МАЖ ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд МАЖ ХХК-ийн төлөөлөгч Ц.П-, Ж.Э- нарын хооронд ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийгдээгүй учир Ж.Э- бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгээд байгаа гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-т "Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу МАЖ ХХК-ийн ашиг сонирхлыг хамгаалснаас учирсан хохирол 1 өдрийн 20.000 төгрөгөөр тооцож, 15 cap буюу 450 хоногийн 9.000.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан тул гараашийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч МАЖ ХХК-ийн төлөөлөгч Ц.П-ийн гуравдагч этгээдийн шаардлагад өгсөн тайлбарт: ...Нэхэмжлэгч Т.У- нь 2015 оны 10 дугаар сарын 15-нд ОЭО ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD автобусыг худалдан авч, уг гэрээг бүрэн хэрэгжиж дууссан. Хэдийгээр, өнөөдрийн байдлаар тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигч нь МАЖ ХХК байгаа боловч ийнхүү бичигдсэн асуудал бол гагцхүү Т.У-ийн хувийн ашиг сонирхлын үүднээс, түүний хүсэлтээр л хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Т.У- тухайн автобусаар улс хооронд зоригч тээвэрлэх ажил эрхлэх гэтэл уг үйлчилгээг хувь хүн бус хуулийн этгээд хэрэгжүүлдэг тул МАЖ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг бид зөвшөөрсөн. Тэгээд түүнээс хойш Т.У-ийн нөхөр н.Галбадрах уг автобусыг жолоодон тээвэрлэлт хийж байсан. Тухайн үеэс л Ж.Э-тай тохиролцон түүний гараашид автобус тавьсан юм уу яасан юм бид мэдэхгүй. МАЖ ХХК-д хамааралгүй тул гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03769 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.У-, хариуцагч ОЭО ХХК, МАЖ ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ОЭО ХХК-иас 29.600.000 төгрөг, МАЖ ХХК-иас 28.381.697 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн ОЭО ХХК-д холбогдох шаардлагаас үлдсэн 3.000.000 төгрөгийг, МАЖ ХХК-д холбогдох шаардлагаас 16.160.292 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасныг баримтлан, гуравдагч этгээд Ж.Э-гийн гараашийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649.276 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 159.000 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч ОЭО ХХК-иас 305.950 төгрөг, МАЖ ХХК-иас 299.855 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 387 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.У-, хариуцагч ОЭО ХХК, МАЖ ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, 2 дах заалтыг "Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОЭО ХХК-иас 33.275.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, МАЖ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.397.663 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж, 3 дах заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар гуравдагч этгээд Ж.Э-гийн гараашаас  58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD маркийн том оврын автобусыг авч чөлөөлөхийг хариуцагч ОЭО ХХК-д даалгаж, бие даасан шаардлагаас үлдэх 9.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “...хариуцагч ОЭО ХХК-иас 305.950 төгрөг, МАЖ ХХК-иас 299.855 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгосугай” гэснийг “...хариуцагч ОЭО ХХК-иас 324.325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгосугай" гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж эаалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 101.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МАЖ ХХК-иас 299.355 төгрөгийг, ОЭО ХХК-иас төлсөн 305.950 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 70.200 тегрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүйн улмаас энэхүү маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэж хэргийг буруу шийдсэн тухай дараах үндэслэлүүдийг Улсын дээд шүүхэд гарган гомдож байна. Магадлалд ...Т.У-, ОЭО ХХК-ийн  хооронд Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь хянан үзэлгүйгээр үйл баримтад бүрэн бус дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй магадлал гаргасан гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан 2015.10.15-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ” нь талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг илтгэх баримтуудын зөвхөн нэг хэсэг нь бөгөөд болсон үйл баримтыг хууль зүйн талаас нь дүгнэж үзвэл Т.У- нь Ц.П- гэдэг эзэнтэй ОЭО ХХК мөн МАЖ ХХК нарын хооронд харилцан үүрэг хулээсэн гэрээний харилцаа үүссэн юм. Миний бие анх гэрээний зүйл болох “МАЖ гэдэг нэр бүхий хаягтай автобусыг хараад “МАЖ” ХХК-ийн эзэмшлийн автобус байна гэсэн ойлголтод хүрсэн, ингээд МАЖ ХХК-ийн захирал Ц.П-той холбогдоход “Уг автобусыг худалдан авснаар, манай компанийн аялалд жуулчин тээвэрлэлт хийлгүүлнэ” гэж тохиролцсон. Ийнхүү 2015.10.15-ны өдөр Ц.П-ийн зүгээс мөнгөний хэрэг яаралтай гарсан, өнөөдөр гэрээгээ байгуулъя, 16-нд эхний аялалд гаргана гээд дуудсан. Миний зүгээс гэрээгээ байгуулахаар ирэхэд Ц.П- өөрөө байхгүй гээд түүний хүү П.Чинзориг надаас гэрээний төлбөрт 29.600.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ үед тус автобусны эзэмшигч нь МАЖ ХХК биш ОЭО ХХК байгаа нь ямар учиртайг асуухад ялгаагүй нэг эзэнтэй компаниуд, МАЖ ХХК-ийн охин компани, адилхан аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг манай компани гэж надад итгүүлж, дахин намайг гэрээ байгуулах сэдэлтийн талаар төөрөгдүүлсэн. Үүнээс гадна хэрэгт авагдсан материалаас үзвэл автобусны үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг МАЖ ХХК авсан байдаг нь тогтоогддог ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасны дагуу “автобус худалдаж авбал компанийхаа аялалд жуулчин тээвэрлэлт хийлгэнэ.” гэсэн тохиролцоо анхнаасаа Ц.П- гэдэг нэг үүсгэн байгуулагчтай гэх “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК нарын хооронд үүссэн нь нотлогддог. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх заалт болон 21-р бүлэгт заасан үүрэгт олон этгээд оролцсон зохицуулалтыг хэрэглэж, дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Магадлалд “...Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход мөн хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлүүд хамааралтай ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-д зааснаар хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж үзэх зохицуулалттай. Гэвч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна шүүх нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан гэх тус тусдаа, бие даасан, хоёр өөр агуулгатай гэрээний асуудлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээс “хэлцэл хийгч нөгөө талын хувийн шинж байдлаас шалтгаалан төөрөгдсөн гэж үзэх” нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хариуцагч нарын зүгээс намайг ТХХХАГ-нд гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлж өөрөөр хэлбэл намайг ноцтой төөрөгдөлд оруулах нөхцлийг бий болгосон гэдгийг харуулдаг. Анхнаасаа МАЖ ХХК-ийн захирал Ц.П- нь маргааны зүйл болох автобусыг МАЖ ХХК-ийн эзэмшлийнх гэж төөрөгдүүлж, манай автобусыг худалдан авбал компанийхаа жуулчинг тээвэрлүүлнэ гэж ойлгуулаад 2015.10.15-ны өдөр автобусны үнэ 30 сая төгрөгнөөс 29.600.000 төгрөгийг бэлнээр аваад үлдэх 400.000 төгрөгийг жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байхад МАЖ ХХК-ийн санхүүгийн баримтаар хүлээн авч байхад би МАЖ ХХК-тай хамтран ажиллахын тулд охин компани болох ОЭО ХХК-ийн автобусыг нь авсан гэдэг төөрөгдөлд орсон юм. Хожим талуудын хооронд тусгай зөвшөөрөлгүйн улмаас гэрээний тохиролцоотой холбоотой маргаан үүсч, 2015 оноос өнөөдрийг хүртэл үргэлжлэхэд, хариуцагч нарын төлөөлөгч хоёр компанийн эзэн Ц.П-оос гэрээг ОЭО ХХК-тай байгуулсан, өөр илүү дутуу юм байхгүй, МАЖ компани бидний маргаанд гомдолтой байдаг. Давж заалдах шатны шүүхээс намайг ноцтой төөрөгдөх ямар ч нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна, Т.У- нь ОЭО ХХК-тай тусдаа худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон, дараа нь МАЖ ХХК-тай жуулчин тээвэрлэхэд хамтран ажиллах тусдаа гэрээний харилцаанд орсоноос өөр нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг МАЖ ХХК-ийн нэр дээр өөрийн худалдаж авсан автобусаа бүртгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл жуулчин тээвэрлэлт хийж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа бөгөөд хамтран ажиллах гэрээ бичгээр хийх эсэх асуудлаар талууд маргасны улмаас жуулчин тээвэрлэлт хийхээ больсон нь дээрх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм...” гэж дүгнэж давж заалдах шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 195.6-д заасан зохицуулалтыг хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг бодитой дүгнээгүйн улмаас талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг буруу дүгнэж, хууль хэрэглээний хувьд бүрэн бус дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс “ТХХХАГ бичгээр хийсэн, тэр гэрээнд ОЭО ХХК бичигдсэн байна, харин хамтран ажиллах гэрээ нь МАЖ ХХК-тай бичгээр хийгдээгүй тул энэ 2 гэрээ тус тусдаа бие даасан гэрээ” гэж үзэж, нэхэмжлэгчид ямар ч ноцтой төөрөгдөл бий болоогүй гэсэн нь учир дутагдалтай дүгнэлт юм. Хэргийн материалд би МАЖ ХХК-тай жуулчин тээвэрлэхэд хамтран ажиллах тухай ярьсан нөхцлүүдийг тусгасан 2 талт /Жолооч Галбадрах, МАЖ ХХК-ийн хооронд/, 3 талт /автобусыг худалдагч Очир-Эрдэнийн орон ХХК, автобусыг жолоодох жолооч Л.Галбадрах, МАЖ ХХК нарын хооронд/, 4-н талт /Худалдагч Очир-Эрдэнийн орон ХХК, ажил олгогч МАЖ ХХК, худалдан авагч Т.У- миний бие, уг автобусыг аялалд жолоодох жолооч Л.Галбадрах нарын хооронд/ гэх мэт үзэглэгдээгүй хэдий ч талуудын хүсэл зорилгыг бүрэн тусгасан Жуулчин тээвэрлэлтэд хамтран ажиллах гэрээний төслүүд авагдсан байдаг. Тэрхүү гэрээний төслүүдэд би ямар зорилгоор автобус худалдаж авч байгаа. ББСБ-ын зээлийг ямар орлогоос буцааж төлөх, МАЖ ХХК биднийг автобусыг нь худалдаад авсан тохиолдолд хэрхэн хамтран ажиллах, ажлын хөлсийг хэдээр тооцож, хэзээ өгч байх, жолооч сард хэдэн удаа, хаашаа аялалд гарах, жолооч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүдийг амаар автобус худалдаж авахаасаа өмнө 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тохирсон зүйлүүдийг нь худалдаж авсаныхаа дараа бичгээр байгуулахыг хүссэн ч хариуцагч гарын үсэг зурахаас татгалзсан юм. Түүнчлэн энэхүү гэрээний төслүүдэд хариуцагч нар нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй гол шалтгаан нь хариуцагч болох хуулийн этгээдүүд Олон Улсад автобусаар жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, Очир-Эрдэнийн орон ХХК нь сантехник, барилгын засварын үйл ажиллагаа явуулах чиглэлээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн, МАЖ ХХК нь аялал жуулчлалыг зөвхөн дотооддоо эрхлэх зөвшөөрөлтэй атлаа ОХУ болон Хятад улсад хууль бусаар жуулчин тээвэрлэлт хийж байсантай шууд холбоотой нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон юм. Би автобусыг худалдан авсаны дараа жуулчин тээвэрлэлт хийх талаар ярьсан бол “МАЖ” ХХК-тай мөн ОЭО ХХК-тай гэрээний ямар харилцаа үүссэн гэдгийг ямар нэгэн төөрөгдөлгүйгээр урьдаас мэдэх боломжтой, ноцтой төөрөгдөл үүсэх боломжгүй байсан. Магадлалд хариуцагч ОЭО ХХК-ийг төлөөлөх эрхтэй Ц.П-ийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гараар бичсэн “...30 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 10-аас 15-ны хооронд буцааж төлнө...” гэсэн бичмэл баримт зохигчдын тайлбараас үзэхэд талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй болно. Уг баримтыг хууль бус дарамт шахалтын үндсэн дээр хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний биелэлтийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэг хүлээдэг тул хариуцагч “ОЭО ХХК-иас 29.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгох нь зүйтэй гээд нэхэмжлэгчийн автобусны үнэнд төлсөн 400.000 төгрөгийн талаар дүгнэлт огт хийгээгүй. Мөн "МАЖ” ХХК-ийг тус үүргийн харилцаанаас гаргаж, тусад нь дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс ноцтой төөрөгдлийн улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “гэрээнээс татгалзах” тухай Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэж, гэрээг хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй мэт дүгнэлт хийж, хүчин төгөлдөр гэрээнээс үүдэлтэй гэрээнээс татгалзсан тухай нөхцөл байдлыг бий болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. “Ц.П-ийн 30 сая төгрөгийг өгнө” гэсэн гар бичмэлийн хүсэл зоригийн илэрхийлэл хэнээс? хаашаа? чиглэж байгааг шүүх зөв дүгнэх байсан бөгөөд мөн Ц.П-ийн зүгээс “бичье гэж бодоогүй бичээд өгсөн” гэсэн агуулга бүхий шүүх хуралдаанд гаргасан тайлбар байдаг. Үүнээс гадна гар бичмэлд Ц.П- өөрөө гэрээ байгуулах болсонд буруутайгаа, “МАЖ” ХХК нь ОУ-д жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, намайг тусгай зөвшөөрөлтэй гэж итгүүлээд хамтран ажиллахаар төөрөгдөлд оруулж худалдах худалдан авах гэрээ байгуулсаныг хүлээн зөвшөөрсөн, гар бичмэлийг МАЖ ХХК болон ОЭО ХХК-ийг төлөөлж бичсэн гэж би ойлгосон. Давж заалдах шатны шүүх хохирлыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний зүгээс хариуцагч МАЖ ХХК-ийн зүгээс ноцтой төөрөгдөлд оруулах нөхцөл байдлыг анх бий болгосны улмаас өөрт учирсан хохирлыг барагдуулахаар шаардлага, түүнийг үндэслэлийг тодорхойлсон. Талууд харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээнээс татгалзаагүй, татгалзсан гол шалтгаан нь гэрээ байгуулах санал анх тавьсан МАЖ ХХК нь манай автобусыг худалдаж авбал бид Олон улсад жуулчин тээвэрлэлтэд хамтран ажиллаж ашиг олох тусгай зөвшөөрөлтэй гэж төөрөгдөлд оруулсан. Мөн хамтран ажиллаж ажлаар хангана гэсэн МАЖ ХХК-ийн анх тавьж байсан бүхий л нөхцлүүд нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцлүүд үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээнээс татгалзсан зохицуулалтыг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлээд зогсохгүй, хариуцагч ОЭО ХХК, МАЖ ХХК нь ямар ч гэм буруугүй, гэрээний дагуу зохих ёсоор үүргээ биелүүлсэн буюу надад ямар нэгэн хохирол учруулаагүй мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нарын зүгээс намайг ноцтой төөрөгдөлд оруулан хэлцэл хийсэн буруутайн улмаас миний бие “Прогресс капитал ББСБ” ХХК-иас өндөр хүүтэй зээл авч, түүнийгээ хүүтэй нь төлж барагдуулахдаа хариуцагч компаниудаас 1 төгрөг аваагүй ба надад худалдсан гэх хэдий ч буцаад “МАЖ” ХХК-ийн нэр дээр шилжсэн автобусыг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш огт ашиглаж байгаагүйг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ц.П-ийн аль 4 жилийн өмнө буюу 2015.12.17-ны өдөр өөрийн гараар бичсэн хууль зүйн хүчин чадалтай эсэх нь эргэлзээтэй баримтыг үндэслэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэж миний эрхийг ноцтой зөрчсөн буруу шийдвэр гаргасан мөн 2015 онд бичсэн гар бичмэлээ хариуцагч нар биелүүлээгүй бүхэл бүтэн 4 жил өнгөрсөн байхад миний зүгээс автобусны 30 сая төгрөгийн зээлийг хүүтэй нь 66 сая төгрөг болгон төлж, ашиглах боломжгүй МАЖ ХХК-ийн нэр дээр байгаа автобусын хадгалалтын зардалд маш их хэмжээний төлбөр төлж эд хөрөнгөөрөө хохирсон байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарыг хохирол хариуцах ямар ч үндэслэлгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байхад хүлээж авалгүй нэхэмжлэгчийг оролцуулалгүй, шүүх хуралдааны товыг надад албан ёсоор мэдэгдэлгүйгээр, миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийн оролцогч нарт тэгш бус хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Миний давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, магадлалын хянавал хэсэг, тогтоох хэсэгт гомдлын талаар огт дурьдаагүй, шийдвэрлээгүй гэж үзээд гомдолтой байна.

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулан нэхэмжилсэн 45.072.663 төгрөгийг шүүх хуралдаан дээр 530.674 төгрөгөөр багасгасан. Шүүх нэхэмжлэгчийн хариуцагч МАЖ ХХК-иас нэхэмжилсэн Автобусны үнэнд төлсөн 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоогүй атлаа шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан. Нэхэмжлэгч автобусын үнэнд нийт 30.000.000 төгрөг төлөхөөс 29.600.000 төгрөгийг ОЭО ХХК-д, харин 400.000 төгрөгийг нь МАЖ ХХК-д тус тус төлсөнтэй хариуцагч нарын төлөөлөгч маргаагүй. Зээлийн хүүд төлсөн 33.381.697 төгрөгнөөс хариуцагч 5.000.000 төгрөгийг төлсөн гэж үзээд нийт 28.381.697 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн дээр маргаж байна. Шүүх хариуцагч “МАЖ" ХХК-ийн төлөөлөгч Т.У-ийн автобусаар улс хооронд тээвэрлэлт хийхэд жолоочийн хөлсийг тогтоож өгдөг бөгөөд уг хөлсөнд тээврийн шатахууны зардлыг багтаадаг байсан боловч түүнээс гадна 5.000.000 төгрөгийг өгсөн гэдэг тайлбарыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болох 33.381.697 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хассан нь буруу болсон гэж би үзэж байгаа. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах хэсэгт ...“МАЖ” ХХК-иас 28.381.697 төгрөгийг гаргуулах гэснийг 33.781.697 /33.381.697+400.000/ төгрөгийг тус тус гаргуулах гэж өөрчлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнэж, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Магадлалд “...Нэхэмжлэгч Т.У- нь 29.600.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч ОЭО ХХК-д төлж, мөн өдөр талууд автомашин хүлээлцсэн акт үйлдэж автобусыг хүлээж авсан. Т.У-ээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл автобусыг Л.Галбадрах эзэмшиж ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон” буюу нэхэмжлэгч нар автобусыг хүлээн авч өөрийн нэр дээр шилжүүлээд хэдхэн хоног эзэмшиж байсныг дурдсан хэрнээ “Бичгээр хийгдсэн гэрээнд хариуцагч ОЭО ХХК-ийн захирал Ц.П- гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцдог тул талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” буюу худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн дүгнэсэн шилжүүлсэн, худалдсан гээд байгаа хөрөнгийг хариуцагч хамтран ажиллаж ашиг олох нэрийн дор хуурч мэхлэн нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээд, 6 хоногийн дараа буцаан шилжүүлсэн авсан үйл баримт байдаг. Монгол аялал жуучлал ХХК-ийн хувьд жуулчин, зорчигч тээврийн үндсэн үйл ажиллагааг багагүй хугацаанд эрхэлсэн, үйл ажиллагааг нь Монгол хүн бүр мэддэг компани. Жуулчин тээврийн автобус нь өөрийн эзэмшилд байхгүй бол хилээр нэвтэрдэггүй, үйл ажиллагааг хийх боломжгүй мэдэхгүй байх боломжгүй, гэтэл зарсан нэр зүүж бусдад мөнгө залилж авчихаад 7 хонолгүй буцаан шилжүүлж авсан байдаг. Мөн шүүх зохигчдын хооронд зөвхөн худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнээд байгааг ойлгосонгүй, үнэхээр зарснаас өөр нөхцөл талуудын дунд яригдаагүй бол яагаад автобусыг буцаан шилжүүлж өөрийн нэр дээр авах гэж. Энэ үйл баримтанд шүүх огт дүгнэлт өгсөнгүй, хамтран ажиллах хүсэл зорилгоор гэрээ хийгдсэн учраас автобусын хариуцагч буцаан шилжүүлж авсан байдаг. Хэрэгт хамтран хэрхэн ажиллах, ашиг орлогоо яаж хуваах гээд талуудын дунд гэрээ байгуулах хүсэл зориг ямар байсан нь баримтаар хангалттай авагдсан байхад шүүх зөвхөн авто машин худалдах худалдан авах гэрээ гэж хэлбэрийн төдий хуурч мэхэлж хийсэн гэрээгээр дүгнээд байгаа нь хууль буруу хэрэглэхэд хүргэсэн байна. Зохигчдын өөрсдийн тайлбар, хавтаст хэргийн 54-69 хуудсанд авагдсан аялалын маршрут, хөтөлбөр, зам шалгах хуудас, аялалын танилцуулга, хуваарь болон хэргийн 162-172 дах талд авагдсан зарлагын ордер, удаа дараагийн утасны бичлэгүүд, хамтран ажиллах зорилготой байсан нь хангалттай нотлогдож байхад шүүх эдгээр баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд нэхэмжлэгч автобусыг ирж үзсэн байдаг. Уг автобусны хоёр талд “МАЖ” гэсэн том хулдаасан хэвлэл наагдсан, хариуцагч нар Монгол аялалын автобус гэж хэлэх байдлаас эхлээд нэхэмжлэгчийн төөрөгдөл бий болсон ба уг автобусаар МАЖ компани аялалаар явдаг, тус компанийх юм байна гэсэн ойлголтыг авсан байдаг. Энэ ойлголтыг МАЖ компаниас зориудаас бий болгосон. Нэхэмжлэгч өөрт нь яг ижилхэн том оврын автобус байсан хэдий ч МАЖ компаниас тавьсан “Автобусыг худалдан авсан тохиолдолд хамтран ажиллана” гэсэн саналыг үнэн гэж итгэж үнэмшин, ноцтой төөрөгдөлд орж эхэлсэн. Гэтэл гэрээ байгуулах өдөр уг автобус нь ОЭО ХХК-ийн гэрчилгээтэй болохыг мэдсэн бөгөөд шалтгааныг МАЖ компанийн охин компани, нэг хүсэл зоригтой гэснээр нэхэмжлэгч хамтран ажиллана гэсэн төөрөгдлөөрөө гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хамтран ажиллах тохиролцоогоо бичгээр баталгаажуулахаар “Хамтран ажиллах гэрээ”-ний төслийг илгээсэн боловч нөгөө талаас хүлээж аваагүй. Анхнаасаа хариуцагч нар нь нэг иргэний үүсгэн байгуулсан хоёр компани бөгөөд автобусыг МАЖ ХХК-ийх хэмээн ойлголт төрүүлж, цаашид хамтран ажиллаж, худалдах санал хүргүүлэн бодит бус нөхцлийг бий болгож, нэхэмжлэгчийг “ноцтой төөрөгдөлд” оруулсан байдаг. Гэтэл шүүхээс “...хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж үзэх зохицуулалттай. Гэвч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн хэдий ч нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд ороогүй байдлыг дүгнээгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр, хүсэл зоригийн дагуу хийсэн гэх тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд хариуцагч тал гарын үсэг зурахгүй, баталгаажуулаагүй хэн зурсан тодорхойгүй байгаагаас харахад хариуцагч ч гэсэн худалдах худалдан авах гэрээ хийх хүсэл зориг байсан уу, гэрчилгээг шилжүүлэхээр хийж байгаа үйлдэл үү гэдэг нь харагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөх ямар ч нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна, Т.У- нь ОЭО ХХК-тай тусдаа худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон, дараа нь МАЖ ХХК-тай жуулчин тээвэрлэхэд хамтран ажиллах тусдаа гэрээний харилцаанд орсоноос өөр нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэнд гомдолтой байна. Өөр өөр компаниудтай тус бүрт өөр өөр гэрээ байгуулаад байсан зүйл огт байхгүй. Хамтран ажиллах гэрээний нэг нөхцөлд тээврийн хэрэгсэл худалдаж авах байсан гэдгийг дахин хэлье. Магадлалд “...Нэхэмжлэгч нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг “МАЖ” ХХК-ийн нэр дээр өөрийн худалдаж авсан автобусаа бүртгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл жуулчин тээвэрлэлт хийж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа бөгөөд хамтран ажиллах гэрээ бичгээр хийх эсэх асуудлаар талууд маргасны улмаас жуулчин тээвэрлэлт хийхээ больсон нь дээрх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу ойлгосноор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөөр дүгнэх эх сурвалж болж “...нэхэмжлэгч Т.У- хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэсэн байна. Нөгөө талаар нэхэмжлэгчид автобус худалдан авах хэрэгцээ шаардлага байсан уу гэдгийг харсангүй, худалдан авсан автобуснаас он залуу, том оворын автобус өөрт нь байсаар байхад зөвхөн хамтран ажиллана гэсэн нөхцөлд хөтлөгдөн агуулгын хувьд төөрөгдсөн хэлцэл хийгээд байхад шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд байгааг ойлгосонгүй. Магадлалд “...ОЭО" ХХК-иас 29.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 400.000 төгрөгийг төлсөн гэх байдал нотлогдоогүй болно” гэж нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй 400.000 төгрөгийг хассан байна. Хэргийн 162-172 хуудсанд зарлагын ордеруудад энэ дүнг суутган тооцсон байдаг. Мөн зохигчид өнөөдрийг хүртэл автобусны үнэ бүрэн төлөгдсөн, дутуу эсэх дээр маргаагүй байхад шүүх маргаагүй үйл баримтад дүгнэлт өгч байгаа нь нэг талд давуу байдал бий болгосон, ашиг сонирхол орсон гэж үзэхээр байна. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар зохигчдын гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн бол гэрээнээс татгалзснаар учирсан хохирлыг хэрхэн үзсэн нь ойлгомжгүй үлдсэн байна. Хэрэгт нэхэмжлэгч энэ харилцаанд орсноор бодитоор хэрхэн хохирсон талаар хангалттай баримтыг хавсаргасан байдаг, гэтэл хохирлыг шүүх огт дүгнэсэнгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагч нарын эрх ашгийг авч үзсэн шүүх хурал болсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч давж заалдах гомдол гаргасан байхад гомдлыг хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй нь нэг талын ашиг сонирхлыг илүү тавихыг хичээснийг илтгэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болсон. Эцэст нь дүгнэхэд зохигчид гэрээ байгуулах хүсэл зориг, агуулгаасаа өөр гэрээ байгуулсан, хариуцагчийн буруутай ажиллагаанаас нэхэмжлэгч төөрөгдөж хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байхад, хүчинтэй гэрээ, гэрээнээс татгалзсан байна гэж үндэслэлгүй дүгнэн хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны магадлалыг бүхэлд хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хассан автобусны үнэнд төлсөн 400.000 төгрөг, нэхэмжлэгчид өгөгдсөн гэж үзсэн 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн шаардлагад нэмж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Ц.П-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...ОЭО ХХК нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр иргэн өмгөөлөгч Т.У-тэй худалдах-худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдэж 2 тал уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийг актаар хүлээн авсанаар дуусгавар болсон. Давж заалдах шатны шүүх шударгаар ямар ч холбогдолгүй МАЖ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.394.663 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрч, гуравдагч этгээд Ж.Э-гийн гараажийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 9.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болсоныг зөвшөөрч байна. Харин ОЭО ХХК-иас 33.272.000 төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй байна. Худалдах-худалдан авах гэрээ хийж 29.600.000 төлбөрийг төлж 400.000 дутуу хийсэн нь батлагдаж байгаа. Худалдах-худалдан авах гэрээ хийж, тээврийн хэрэгслийг актаар хүлээн авснаар гэрээ дуусгавар болсон. Хуульч өмгөөлөгч Т.У- ийм гэрээг хуулийн дагуу хийдэг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хуулийн мэдлэгээ ашиглаж бусдыг 4 жил хохироож байна. 2015 оны 10 сарын 23-аас 2015 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл тухайн тээврийн хэрэгслээр 7 удаагын тээвэр хийж 13.292.000-11.000.000 төгрөгийн ашиг олсон нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байна. Дээрх хугацаанд ямар нэгэн асуудал үүсгээгүй хир нь, өмгөөлөгч Т.У- өөрийн хууль эрх зүйн мэдлэг танил талаа ашиглаж, аж ахуй нэгжийн ”ХААН” банк ,”Худалдаа хөгжлийн” банкны дансыг 2016 оны 9 сард дансыг хаалгаж 2018 оны 11 сард 290-ээд сая төгрөгний хохирол учруулаад байгааг анхан шатны шүүхэд баримтаар нотлоод байхад энэ талаар юу ч дурдаагүй байгааг гайхаж байна. Ямар нэгэн аман хэлэлцээр ОЭО ХХК, МАЖ ХХК, Т.У- нарын хооронд харилцан хамтран ажиллах гэрээ хийсэн баримтаар батлагдаагүй байхад зөвхөн Т.У-ийн гүтгэсэн үйлдэлд шүүх итгэж шийдвэр гаргасанд гайхаж байна. Ц.П- нь 2015 оны 12 сарын 17 өдрийн 30.000.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 10 дотор буцааж төлнө гэсэн бичгийг бичэх үед Т.У-ийн нөхөр Галбадрах нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр 13 цагт Улаанбаатар хотоос БНХАУ-ын Манжуур хот руу тээвэр гүйцэтгэхээр аялалд 17 аялагчтай аялалд гарсны дараа, 15 цагаас нэхэмжлэгч Т.У- хариуцагч Ц.П- надруу утсаар ярьж “автобусаа буцааж өгөөд мөнгө авъя гэсэн” энэ яриа олон давтагдсан, 19 цагийн үед манай оффисоос авч явсан 17 аялагчийг хээр буулгаж хаялаа гэж айлгаж, барьцаалж, дарамтлаж эхлэсэн нь Т.У-ийн гол зорилго нь автобусыг буцааж өгч, мөнгө авах талаар урдаас төлөвлөсөн, нөхөр н.Галбадрахтайгаа үгсэн хуувилдаж, зохион байгуулсан үйлдэл болох нь тодорхой байна. Эдгээр хүмүүсийг барьцаалж автобусаа буцааж өгөхийн тулд, айлган сүрдүүлж дарамт үзүүлж эхэлсэн, эсвэл мөнгө өгнө гэсэн бичиг хийж өг тэгвэл аялагчдыг чинь БНХАУ-ын Манжуур хот хүртэл оруулж өгөөд буцааж Улаанбаатар хотод авч ирнэ гэсэн. Үүнээс өмнө мөнгө авах автобус буцааж өгөх талаар огт дурсаж байгаагүй. Дээрхи байдлаас болж Ц.П- би өвлийн хүйтэн 40 градусын хүйтэнд 17 хүний амь нас яригдаж байгаа энэ үед яах аргагүй байдалд орж, Т. Урангэрэлд “танай нөхөр автобусны жолооч н.Галбадрах хүмүүсээ Манжуур оруулаад, буцаагаад Улаанбаатар авч ирнэ биздээ гэхэд тэгнэ” гэсэн амлалтыг Т.У-ийг өгсөний дараа аргагүй эрхэнд гарын үсгийг зурж өгч байхад манай ажилтан Х.Ганчимэг, Хишигсүрэн, Нямхүү нар байсан тул уг үйл явдалыг яаж намайг дарамтанд оруулж байсныг бүрэн гэрчлэх болно. Эдгээр хүмүүсийг нэг ч удаа гэрчээр асуугаагүй болно. Хүмүүсийн амь нас яригдаж байгаа үед Манжуур оруулж өгөөд, буцаагаад Улаанбаатарт авчирч өгвөл мөнгийг нь буцааж өгөхөд бэлэн байсан боловч Т.У- болон түүний нөхөр Галбадрах нар итгэлийг эвдэж 17 хүнийг хээр буулгаж хаясан, Т.У-д зөвхөн гарын үсэг хэрэгтэй байснаас тэр хүмүүсийн амь нас огт хамаагүй байсан баримтаар батлагдаж байгааг шүүгч нар анхаарахгүй байгаа нь их сонин байна. Манай компани Г.Урангэрэлийн эзэмшлийн автобусыг 2015 оны 10 сарын 23-аас 2015 оны 12 сарын 17-ны дотор 7 удаа тээвэр явуулж Т.У-д 13.292.000 төгрөг өгсөн байгаа нь баримтаар нотлогдож байна. Энэ мөнгөнөөс хэдийг шатахуунд зарцуулах тухайн эзэмшигчийн асуудал, хэдэн төгрөгийн ашиг олсныг шүүх хуралд дурдсангүй. Т.У- тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа үлдэгдэл төлбөр 400.000 төгрөгийг манайд төлөөгүй нь нотлогдоод байхад энэ талаар огт дурдсангүй. Т.У- нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч байх үедээ тухайн тээврийн хэрэгслийг аялалд явуулах талаар ярьж байсан энэ ярианы дагуу 7 удаа аялалд явсан баримтаар, ашиг олж байсан нь батлагдаж байна. Т.У- нь ББСБ-аас зээл авч тээврийн хэрэгсэл худалдаж авсан манайд ямар ч хамаагүй. Гэтэл ББСБ-аас Т.У- нь авсан зээлээ манайхаар төлүүлэхээр 2015 оны 11 сарын дундуур харилцан хамтран ажиллах гэрээ гэдгийг явуулсан байсан уг гэрээг уншихад Т.У-ийн ББСБ авсан зээлийг манай компани төлөхөөр нөхцөлтэй байсан тул бид гэрээ хийхгүй гэсэн. Т.У-ийн энэ үйлдэл бусдын итгэлийг эвдэж залилах гэсэн арга барил баримтаар нотлогдоод байхад шүүгч олж хараагүй юу? эсвэл санаатай нэг талд шийдвэр гаргаад байна уу? Т.У- нь 2015 оны 11 сарын дунд үеэс хойш харилцаан хамтран ажиллана гэсэн гэрээний ноорогыг хэрэгт хавсаргасан байхад шүүгч хараагүй гэдэгт итгэхэд хэцүү юм. Т.У- нь худалдах-худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж тээврийн хэрэгслийг актаар бүрэн бүтэн хүлээж авснаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Т.У- дараах гэмт үйлдлүүд хийсэн. Үүнд худалдах-худалдан авах гэрээг хууль ёсны дагуу хийсэн дараа нөхөр Галбадрахтайгаа таарахгүй болсны дараа тээврийн хэрэгсэл буцаж өгөх талаар бодож, мөнгө буцаж авахын тулд 17 хүнийг барьцаалсан ноцтой үйлдэл Ц.П- болон МАЖ ХХК-ийн ажилчдыг хууран мэхэлж, итгэлийг эвдэж, дарамталж гарын үсэг зуруулсан, шүүх хурлыг төөрөгдүүлэхийн тулд өөрийн хуулийн мэдлэг, танил талаа ашиглаж янз бүрийн арга мэхийг 4 жилийн хугацаанд хэрэглэж ирсэн, өөрийн бусармаг үйлдлээ шийдэхийн тулд шүүх хуралд 3-4 өмгөөлөгчтэй ордог энэ нь залилан мэхэлсэн гэдэг нь бэлхэнээ харагдаж байна. Манай хоёр компаний дансыг 4 жил гаруй хугацаанд хаалгаж маш их хэмжээний хохирол учруулсан, өөрийн хүсэл сонирхолыг биелүүлэхийн тулд хийсэн эл үйлдлээс болж манай компани томоохон хэрэглэгчээ алдсан, данс хаалгаснаас төрийн байгууллагууд болон дансаар харьцаж үйл ажиллагаа хамтарч явуулдаг байгууллагууд хамтран ажиллахаас татгалзсан хуульч өмгөөлөгч хүн бусдыг ноцтой гүтгэж, танил талдаа бардаж 4 жилийн хугацаа өнгөрүүлсэн. Энэ хэрэгт ямар нэг байдлаар хамааралгүй “МАЖ” ХХК-г гүтгэж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санаатай тасалдуулж, үнэгүй.мн сайтаар удаа дараа гүтгэж нэр төрд халдсан. Энэ хугацаанд Т.У- Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагаар удаа дараа шалгуулсан ч Ц.П- миний бие буруугүй гэдэг нь нотлогдсон байгаа Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын авто тээвэрчдын нэгдсэн холбоо, Авто тээврийн Үндсэний төв гэх мэт газрууд гомдол гаргасан ч эдгээр нь ор үндэсгүй худал зүйл болох нь батлагдсан. Харин анхан шатны шударга шүүх үнэн зөвөөр шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгоод байхад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр Т.У-ийн талд шийдсэн нь яах аргагүй танил талаа ашигласан нь харагдаж байна. Шүүгч нар шударгаар шүүж хэргийг хуулийн дагуу бүхэлд нь бүрэн хянаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.У-, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн 29.600.000 төгрөг, хохирол буюу эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсийн 50 хувь буюу 2.500.000 төгрөг, нийт 32.600.000 төгрөгийг ОЭО ХХК-с, худалдах-худалдан авах гэрээний үнэд төлсөн 400.000 төгрөг, хохирол буюу гэрээний үнийг төлөх зорилгоор бусдаас зээлсэн мөнгөний хүү 33.912.371 төгрөг, өмгөөлөгчийн хөлсийн 50 хувь 2.500.000 төгрөг, эд хөрөнгийг хадгалуулахад гарсан зардал 8.250.000 төгрөг, бүгд 45.072.663 төгрөгийг  МАЖ ХХК-с тус тус шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч компаниуд зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээд Ж.Э- автобусыг хадгалсан хөлс 9.000.0000 төгрөг гаргуулж, гарааш чөлөөлөх бие даасан шаардлагыг Монгол аялал жуучлал ХХК-д холбогдуулан гаргасан байна.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 58.3, 58.3.1, 58.3.4, 58.7-д зааснаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч ОЭО ХХК-иас 29,600,000 төгрөг, МАЖ ХХК-иас 28,381,697 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар гуравдагч этгээд Ж.Э-гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОЭО” ХХК-иас 33.275.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсэг болон МАЖ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар гуравдагч этгээд Ж.Э-гийн бие даасан шаардлагаас гараашаас автобус чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Т.У-, түүний өмгөөлөгч А.Д- нар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахыг, хариуцагч ОЭО ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг тус тус гаргажээ.

Зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй  байна.

Нэхэмжлэгч Т.У-, хариуцагч ОЭО ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 58-96 УНБ улсын дугаартай, KIA GRANNDBURD маркийн том оврын автобусыг 30.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, худалдагч гэрээний зүйлийг шилжүүлсэн, худалдан авагч үнэд 29.600.000 төгрөг  төлсөн талаар зохигч маргаагүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлжээ.

Нэхэмжлэгч Т.У- шүүхэд хандаж, 2 хариуцагч татаж, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, улмаар гэрээг хүчин төгөлдөр буст тооцсноос үүсэх үр дагавар, мөн хохирол гаргуулахыг хүссэн байна.    

Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон нь  учир дутагдалтай талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.У- гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах хууль зүйн үндэслэлээ, гэрээ байгуулах сэдэл, хэлцэл хийгч нөгөө талын хувийн шинжийн талаар төөрөгдсөн, тухайлбал, гэрээний зүйл болсон автобусыг хариуцагч Монгол аялал жуучлал ХХК-ийнх гэж ойлгуулсан, гэвч ОЭО ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан,  хариуцагч компаниуд нэг эзэнтэй гэсэн учир тус компанитай гэрээ байгуулсан, хариуцагч компаниуд аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй, хамтран ажиллана” гэсэн гэжээ.

Нэхэмжлэгч анх хариуцагч компаниудтай хамтран ажиллах зорилгоор автобусыг худалдан авсан, эсхүл худалдан авсны дараа хамтран ажиллахаар ярилцсан, энэ хамтын ажиллагаа хэрэгжээгүй аль ч нөхцөл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл болохгүй байна. Аливаа гэрээ байгуулагдсанаар тухайн харилцаанаас эрх, үүрэг, үр дагавар бий болох бөгөөд нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл болгосон хариуцагчийн  аялал жуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг эсэх нь худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх шалтгаант холбоо бүхий хүчин зүйл биш болно.

Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 58.3.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээний үүргээ талууд харилцан биелүүлсний дараа цаашид хамтран ажиллахаар ярилцаж, жуулчин тээвэрлэлт хийхийн тулд автобусыг Монгол аялал жуучлал ХХК-ийн нэр дээр шилжүүлж, тодорхой үйл ажиллагааг хамтарч явуулсан боловч харилцан тохирч хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, гэрээний нөхцлийг тохиролцож чадаагүй, маргаан гарснаас хамтын үйл ажиллагаа үргэлжлээгүй байна. Харин нэхэмжлэгч худалдах-худалдан авах  гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрч хэлцлээр шилжүүлсэн үнийг буцаан төлөх баталгаа гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2 өөр гэрээний харилцааг нэгтгэн дүгнэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн автомашины үнэд төлсөн төлбөрөө буцаан авах, хохирол гаргуулах шаардлагын үндэслэлийг  гэрээнээс татгалзсан агуулгаар дүгнэх боломжтой юм.

Иймд давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хэлцлээр шилжүүлсэн 29.620.000 төгрөгийг ОЭО ХХК-с гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 227 дугаар 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд хариуцагч ОЭО ХХК-ийн  гэм буруу тогтоогдоогүй тул тухайн гэрээнээс үүдэлтэй автобус үнэлүүлсэн зардал, өмгөөлөгчийн хөлсийн тал хувийг гаргуулах  үндэслэлгүй.

МАЖ ХХК болон  Т.У- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний харилцаа үүссэн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  тус компаниас хохирол гаргуулах нь хуульд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч тус компанид автобусын үнэд 400.000 төгрөг өгсөн нь  нотлогдоогүй байна.

Хариуцагч автобусын мөнгийг буцаан төлөх баталгаа гаргаснаас хойш нэхэмжлэгч Т.У- автобусыг бусдын гараажид хадгалуулж хөлс төлсөн зардлыг зохигчийн хэн алинд нь хувааж хариуцуулахаар, гуравдагч этгээдийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 387 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгийн төлсөн 308.483 төгрөг, хариуцагчийн төлсөн 324.800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

        ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ