Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2020/00979

 

 

 

 

2020 07 22 151/ШШ2020/00979

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух .......... овогт Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. тоотод оршин суух ..... овогт Ц.Ц,

Хариуцагч: ......  банк ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 976 520 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н., хариуцагч Ц.Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, С.Жаргалмаа, нарийн бичгийн дарга Б.Дондовням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2008 оноос унадаг, тусдаг, у........ санаа алдаж бие их муудсан. 2008 оны 5 сараас группэд орж эхэлсэн ба үр хүүхэд, нөхөр минь байхад группын мөнгийг маань миний төрсөн эгч болох Ц.Ц. миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 9 сар хүртэл авч ашигладаг байсан байна. Үүнийг миний бие эрүүл саруул болоод мэдсэн. Тэгээд эгч Ц.Ц.гоос нэхэмжлэх нь: Лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөг, хуучин хадгаламж, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /1хх-1/

Нэхэмжлэгч Ц.Н.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Ц.Н. миний бие 2008 оноос унадаг, татдаг, у........ санаа алдаж бие их муудсан. Миний нөхөр группын мөнгийг миний төрсөн эгч болох Цолмон миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008 оноос 2016 оны 9 сар хүртэл авсан байдаг. Би түрүүн гаргасан нэхэмжлэлээс Цолмонгоос лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөгөөс татгалзаж байна.

Ц.Ц.гоос 2008 оноос 2016 оны 9 сар хүртэл миний группын мөнгийг авч байсан учир нийт 12,274,490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. /2хх146/

Хариуцагч Ц.Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Н.ийн 12,274,490 төгрөгийн нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна. 2008 оноос 2012 оны хугацааны тэтгэмжийг бол би сайн мэдэхгүй юм байна. Би 2009 оноос хэвтэн эмчлүүлж байсан. Нарангэрэлд тавих хяналт би тавьж чадаагүй. 2,198,000 төгрөгийг ар гэрийхэн нь авсан байсан. 2008 оноос 2012 оны хугацаанд ар гэрийн хүмүүст нь итгэмжлэл байсан үгүй талаар би сайн мэдэхгүй байна. Ар гэрийн хүмүүс нь хариуцах байх. Ц.Н.ийн нөхөр Д.Энхбаатар нь 2008-2012 он хүртэл ........ банкнаас группын зээл авсан. Мөн лизинг авч группын дэвтрийг банкинд барьцаалсан байсныг Ц.Н. бид хоёр мэдээгүй. Ар гэрээс нь асуухаар мэдэхгүй гээд, наад дүүгээ ав гээд аймаар догшин ширүүн авирлаж, асуудлыг шийддэггүй байсан. Хожим ........ банк зээл, лизинг суутгаад бичилт хийчихсэн байсан. Тэр үед Ц.Н. манай гэрийнхэн авсан юм гээд зөвшөөрсөн мөртлөө энэ олон жилийн дараа хүний ятгалгаар ийм асуудал үүсгэж байна.

Ц.Ц. би 2013 оноос 2016 оны 7 сар хүртэл итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлсэн. Ц.Н.ийг мэдэх болсон үед: Нарангэрэлд ямар ч бичиг баримт байгаагүй, өвчний түүх, карт ч байхгүй байсан. Дахин бүрдүүлж, группыг сунгуулах болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулсан. Хадгаламжтай болгосон.

Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, нөхөр ажилгүй, ууланд явна. Орлого тодорхой бус. Охин Э.Ууганцэцэг Дарханд оюутан байж байгаад хүүхэд гаргаад гэртээ ирсэн. Ц.Н.ийн групп 54,000-208,000 төгрөгийн хооронд амьдрал залгуулна. Амьдралд хүрэхгүйг Д.Энхбаатарт, Ц.Н.д эгчийн сэтгэлээр хандсан гэж боддог.

2016 оны 7 сард 229,960 төгрөг болсон байсан. Би өөрөө хяналт тавьж байх хугацаандаа Нарангэрэлийн 8 ам бүлд 150,000 төгрөгийг сард хүргэдэг байсан. 4 хүүхэд нь сургуульд 1 хүүхэд нь оюутан байсан. 2016 оны 7 сард би Сарангэрэл гэж хүнийг байлцуулан өөрт нь хамаг юмийг нь хүлээлгэн өгсөн. Ц.Н. одоо суманд би ялсан арван хоёр сая төгрөг авна гэж яриад яваад байгаа. Би Нарангэрэлийг тэтгэвэрт оруулах гэж хүртэл үзсэн, хийсэн зүйл байгаа. Би яг энэ мөнгөн дүнг хариуцаж чадна гэж хэлж мэдэхгүй байна гэжээ. /2хх157-158/

Нэхэмжлэгч Ц.Н. нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд тухайн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа...

Миний бие мэдрэл сэтгэцийн улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, 2008 онд групп тогтоолгосон. Энэ группийн мөнгийг ........ банкнаас авдаг байсан. ........ банк 2013 оны 01 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны группийн мөнгийг надад өгөөгүй, миний зөвшөөрөлгүй эгч Ц.Ц.д олгож байсан байна. Миний биеийн байдал 2016 оны 10 сараас эхэлж сайжирсан тул өөрөө мөнгөө авч байгаа.

Урд нь нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өөрчилж, одоо зөвхөн 2013 оны 01 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг ........ банк, эгч Цолмон нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

Миний бие 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарыг дуусталх хугацааны группын мөнгө болох 6 976 520 төгрөгийг 03 жилийн итгэмжлэлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлсэн. Энэ хугацаанд 2013-2016 оны 06 сарыг дуусталх хугацааны сайн дурын НДШ-д 850 752 төгрөг, НДШ төлсөн хугацааг нөхөн тооцуулахад 46 920 төгрөг, Төрийн банк ХХК-д хадгаламжийн данс нээлгэж хуримтлал үүсгэсэн нийлбэр дүн 1 577 672 төгрөг, ачааны автомашин худалдаж авахад 600 000 төгрөг, Ц.Н.ийн нөхөр Д.Энхбаатарын НДШ нөхөн тооцоход 46 920 төгрөг, Ц.Н.д групп сунгах НТ 60 000 төгрөг, мөнгөн ээмэг бөгж зүүлт 3 хос 2 ширхэг нэг бүрийн үнэ 150 000*2=300 000 төгрөг, том охин Ууганцэцэгт төрөхөд нь зориулж Д.Энхбаатарт 340 000 төгрөг, хүнс аж ахуйн материалд сар бүр 50 000*12 сар=600 000 төгрөг /1 жилд/, 600 000*3 жил=1 800 000 төгрөг, хичээлийн бэлтгэл хангахад 1 хүүхэд 50 000 төгрөг гэж бодоход 4 хүүхэд*50=200 000 төгрөг /1 жилд/, 200 000 төгрөг*3 жил=600 000 төгрөг, шинэ жилийн бэлтгэл 30 000*3 жил=90 000 төгрөг, цалин сарын бэлтгэл 100 000*3 жил 300 000 төгрөг, рашаан сувилалд авч явах хувцас авах гэм мэт зарцуулсан болно. Жич:Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, Ц.Н.ийн группийн мөнгө 54 000-208 000 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан ба нөхөр Д.Энхбаатар тодорхой ажилгүй, хааяа ууланд явна. Орлого тодорхойгүй байгаа. Ц.Н. нь ХБН болохоос биш өөрийн үйлдэл үйл ажиллагааныхаа учир холбогдлыг сайтар ойлгон өөрийгөө зөв удирдах чадвартай байж олон жилийн дараа буюу 2018 оноос өнөөдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд хүний ятгалгаар нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараалан санаатай өөрчлөн мэдэн будилж байгаагаар барахгүй сүүлдээ бүүр группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг огт аваагүй мэтээр гүтгэж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч ........ банк ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Төв аймгийн Борнуур сумын иргэн Ц.Н.ийн иргэн Ц.Ц., ........ банк ХХК нарт холбогдуулан гаргасан ........ банк нь миний зөвшөөрөлгүй, миний төрсөн эгч Ц.Ц.той хуйвалдаж группийн мөнгийг олгож байсан байна. Одоо ........ банк болон Ц.Ц. нараас группын мөнгө болох 6 976 520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хариуцагч талаас танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ц.Н.ийн 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарыг дуусталх хугацааны группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг ........ банк ХХК-н Төв салбарын харъяа Борнуур тооцооны төвөөс нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу асран хамгаалагч Цэрэндоржийн Цолмонд олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл /нэхэмжлэгчийн зөвшөөрөл/-ийг үндэслэж түүний төрсөн эгч болох Ц.Ц.д банкниас уг мөнгийг бүрэн гүйцэд хүлээлгэн өгч олгож байсан болно. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Ц.Н.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Н. хариуцагч Ц.Ц., хариуцагч ........ банк ХХК-д холбогдуулан 2013 оны 01 сараас 2016 оны 9 сар хүртэл хугацааны тахир дутуугийн тэтгэвэр 6 976 520 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн чадварын тухайд: Ц.Н. нь тархины өвчин гэмтэл үйлийн гажгийн шалтгаант бие хүний ба зан үйлийн бусад органик ба шинж тэмдгийн эмгэг 70-80 оноштой, түүний хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар, 2008 оноос 2021 он хүртэл хугацаагаар тогтоосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтэд ...Ц.Н. нь F06.3 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг, шинж тэмдгийн уналт, таталт сэтгэцийн эмгэгтэй байна...өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгон, өөрийгөө зөв удирдаж чадах чадвартай байна гэжээ.

/2-хх 175-176/

Дээрх баримтаас үзэхэд Ц.Н. нь иргэний эрх зүйн бүрэн чадвартай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох боломжтой гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь өөрчилж, хэмжээг багасган хамтран хариуцагч татан оролцуулах талаар 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдаан дээр бичгээр хүсэлт гаргаж, энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон тул түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2008 онд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон, ........ банкнаас 2013.01 сараас 2016.09 сар хүртэл тэтгэврээ аваагүй 2016.10 сараас би өөрөө авч эхэлсэн. Иймд 2013.01 сараас 2016.09 сар хүртэл хугацааны тэтгэвэр 6 976 520 төгрөгийг ........ банк, эгч Ц.Ц. нараас гаргуулна гэж,

........ банк хариу тайлбартаа Ц.Н. өөрөө тэтгэвэрээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014.03.07, 2016.02.22-ны өдрийн итгэмжлэлээр авсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж,

Хариуцагч Ц.Ц. нь 2013 оноос 2016 оны тэтгэврийг Борнуурын ЗДТГ-аас олгосон итгэмжлэлээр ........ банкнаас аваад Ц.Н.д өөрт нь болон түүний ам бүлийн 6 гишүүнд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч шаардлагын дүнг 2013.01 дүгээр сараас 2016.09 дүгээр сар хүртэл хугацааны тэтгэврийг 6 976 520 төгрөг гэж шаардсан боловч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар мөн хугацааны тэтгэврийн дүн 8 539 720 төгрөг болж байгаа хэдий ч шүүх 6 976 520 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, ... Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно гэж тус тус заажээ.

Ц.Н. өвчний оношоор хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэж 2008 оны 05 сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоосноор,

Нийгмийн даатгалын хэлтэс 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 сарыг дуустал 45 сарын хугацаанд нийт 8 539 720 төгрөгийг ........ банк ХХК-аар дамжуулан Ц.Н.д сар бүр олгосон болох нь тэтгэврийн дэвтэрийн бичилтээр, банкны гүйлгээгээр нотлогдож байна

/I-хх-5-6, 123-162/.

Нэхэмжлэгч 2013.01 сараас 2016.09 сар хүртэл хугацааны тэтгэврийг хариуцагч нараас бүхэлд нь шаардаж, хариуцагч тус бүрд холбогдох шаардлагыг өөрөө тодорхойлох боломжгүй байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд / 6 976 250 төгрөг/ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзэж, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 492.1-д ..бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч ........ банк ХХК-д холбогдох шаардлагын тухайд:

Банкны тухай хуульд...Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ...Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж зааснаар харилцагч өөрт нь эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байна.

........ банк 2013.01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны тэтгэврийг Ц.Н. өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэх боловч

-2013.01.15-ны 143 000 төгрөг,

-2013.01.24-ний 3 сарын тэтгэврийн зээл 424800 төгрөг,

-2013.05.21-ний 145200 төгрөг,

-2013.06.24-145200 төгрөг,

-2013.08.27-145200 төгрөг,

-2013.09.23-145200 төгрөг,

-2016.08.08-229960 төгрөгийг Ц.Н.д хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь Шүүх шинжилгээний 2019.11.01-ний өдрийн 4590 дугаар дүгнэлтээр ........... банкны 737241, 486349, 2010851, 1268028, 1083085, 1066832, 735974 дугаар журнал буюу зарлагын мэдүүлэг дэх гарын үсэг нь Ц.Н.ийн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

/2-хх 114-118/

Хариуцагч Ц.Ц.д холбогдох шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 64.1-д ...төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдснээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж мөн хуулийн бичгээр олгосон итгэмжлэл хуулийн 64.2-д заасан шаардлагыг хангасан байна гэж заажээ.

Төв аймгийн Борнуур сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2014.03.07, 2014.04.04, 2016.02.22-ны өдөр тус тус гэрчилсэн итгэмжлэлд Ц.Н.ээс Ц.Ц.д тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг банкнаас гарын үсэг зурж авах эрхийг олгосон байх бөгөөд тухайн итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

/1хх141, ........ банкнаас гаргасан 2016.02.22-ны итгэмжлэл/

Дээрх итгэмжлэлүүд нь хэрэгт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирээгүй мөн эрх бүхий байгууллагад хадгалагдаагүй болох нь Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын 2019.05.30-ны 03/50 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч 2014.03.07, 2014.04.04, 2016.02.22-ны өдрийн итгэмжлэлээр ........ банк нь Ц.Н.ийн 2014.04.03-нээс 2016.07.29 хүртэл хугацааны тэтгэврийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц.д олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.

Итгэмжлэлд зааснаар төлөөлөгч Ц.Ц. нь банкнаас олгох тэтгэврийг гарын үсэг зурж авах үүрэгтэй бөгөөд харин захиран зарцуулах эрхийг олгоогүй байх хэдий ч Ц.Н.д өөрт нь дараах байдлаар зарцуулжээ. Үүнд:

........ банкнаас гаргасан жагсаалтаас үзэхэд 2014.04.03, 2014.06.17-ноос 2016.07.29 хүртэл хугацааны 5 826 720 төгрөгийг тэтгэврээс

-Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй 2013.04.01-ний өдөр гэрээ байгуулан сайн дурын даатгалд 2013 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал нийт 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөгөөс 12 хувиар тооцож сард 16 848 төгрөг, нийт 67 392 төгрөгийг,

-2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал нийт 34 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөс 12 хувиар тооцож сард 23 040 төгрөг, нийт 783 360 төгрөгийг,

-1990-2000 оны иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход 46 920 төгрөгийн шимтгэлийг тус тус төлсөн.

/II-хх-103, 6-11, хувийн хэрэг, баталгаажилтын хуудас №1411000371/

Төрийн банк ХХК-д Ц.Н.ийн эзэмшилд хадгаламжийн данс нээж 680 000 төгрөгийг хуримтлуулсан бөгөөд нийт 1 577 672 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдож байна.

/хх-14/

Иймд нэхэмжлэгч Ц.Н.ийн шүүхэд гаргасан 6 976 520 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ........ банкаас 7 удаагийн тэтгэврийн 1 378 500 төгрөгийг, хариуцагч Ц.Ц.гоос 6 976 520 1 378 500 = 5 598 020 төгрөгөөс 1 577 672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4 020 348 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ........ банк ХХК-иас 1 378 500 төгрөгийг, хариуцагч Ц.Ц.оос 4 020 348 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Н.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 577 672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШЗ2018/03654 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Н.ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Ц.гоос 79 276 төгрөгийг, хариуцагч ........ банк ХХК-иас 37 006 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.ЦОЛМОН