Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01431/И |
Дугаар | 142/ШШ2017/01001 |
Огноо | 2017-10-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2017/01001
2017 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2017/01001 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ө
Хариуцагч: С.Д
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагч С.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
|
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Э " ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай Т.Ө 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.М нөхөр хоршооны гишүүн биш Чинос овгийн С Д Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гэрээгээ нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. Миний Д гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх "АФ " ХХК-ийн нэр дээр байсан. 7 500 000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.М зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.М хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш С.Д иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150 000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. С.Д нийт 310 000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд С.Д 10 025 000 төгрөг гаргуулж, Т.Ө олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие С.Д нь Ө нэрийн өмнөөс нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан дараах тайлбарыг гаргаж байна. Ө 7 500 000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэл гаргажээ. Ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7 500 000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод байгаа Н нь эхнэр Б.М өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг намайг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн Өсөхжаргалаас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтад тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн Ө Б.М урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.М нь урьд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх асуудлын талаар хоршооны эзэн байсан С сайн мэдэх тул гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Мөн уг асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг шийдвэрлэхэд өөрийн биеэр уг асуудалд оролцож шийдвэрлүүлэх хүсэлтэй байх ба тархины хавдар оношоор Улаанбаатар хотод хавдар судлалын эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд саяхан хавдартай холбоотой нүдний хагалгаанд орсон, дахин хагалгаанд орохоор төлөвлөгдөөд байгаа тул эрүүл мэндийн байдлыг сайжрах хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч С.Д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч С.Д 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 7 500 000 төгрөгийг аваагүй, тэр өдөр зээлийн төлбөр тооцоо хийхээр хоршоон дээр очиход Э хадгаламж зээлийн хоршооноос эхнэр Б.М авсан зээлийг нийлүүлээд нэг гэрээ болгосон гээд гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э ХЗХ-ноос хариуцагч Б.М холбогдуулан 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Э ХЗХ-ны дарга Ш.Б нэхэмжлэгч хариуцагч нарыг солих хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Т.Ө нь Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Т.Ө гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлэгч Т.Өсөхжаргал, зээлдэгч С.Даваасүрэнд 7 500 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, гэрээний 5 дугаар заалтанд АФ ХХК-ний эзэмшилийн хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 167-169/
Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч С.Д зээлдүүлсэн мөнгөний эх үүсвэрээ Э ХЗХ-с авсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна. /хх 209-210/
Хариуцагч С.Д бодитоор мөнгийг хүлээж аваагүй, эхнэр Б.М ийн Э ХЗХ-ны гишүүний хувиар өмнө авсан зээлүүдийг нэгтгэж байгуулсан зээлийн гэрээгээр үүрэг үүсэх үндэслэлгүй гэж тайлбарлаж, Э ХЗХ-той Б.М байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн болон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А.Саруултуяатай байгуулсан зээлийн гэрээнүүдийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 66-70/
Хариуцагчийн тайлбараар эхнэр Б.М нь Э ХЗХ-с 7 500 000 төгрөг авсан болох нь нотлогдож байгаа боловч дээрхи гэрээний тооцоо нийлсэн хэлбэр нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрхи барьцаат зээлийн гэрээний үргэлжлэх хугацаа, хүү анз тогтоосон хэлбэр, мөнгө хүлээлцсэн тухай бичвэр болон тухайн өдөр С.Д 1 881 654 төгрөгийг төлсөн бол үндсэн зээл болон хүүний төлбөрөөс хасагдаж тооцоо нийлсэн гэрээ байгуулагдах боломжтой байсан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч хүүний төлбөрийг шаардах эрхтэй.
Э ХЗХ нь гишүүддээ үйлчилдэг бөгөөд 2 000 000 төгрөгөөс дээш зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө шаарддаг тул хоршооны гишүүн Б.М гэр бүл АФ ХХК-н захирал С.Д зээлийн гэрээ байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Саруултуяа, Б.М нарын хооронд байгуулагдсан 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 2 000 000 төгрөг хүртэлхи зээлийг хоршооноос гаргах боломжтой бөгөөд түүнээс илүү гарсан зээлийг хоршооны гишүүний хувиар бус иргэд хооронд зээлийн гэрээ байгуулдаг болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх 67, 167/
Иймд хариуцагч С.Д 10 025 000 төгрөг гаргуулан /7 500 000*4.5/100= 337 500 төгрөг, 337 500*12=4 050 000, 7 500 000+4 050 000=11 550 000 төгрөг болох боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцуулахаар шийдвэрлэв./ нэхэмжлэгч Т.Ө олгож, улсын тэмдэгтийн хураамжинд Э ХЗХ-с урьдчилан төлсөн 175 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө 175 350 төгрөг гаргуулан Э ХЗХ-д олгож, хариуцагч С.Д 175 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө тус тус олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д 10 025 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө
олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө 175 350 төгрөг гаргуулан Э ХЗХ-нд, хариуцагч С.Д 175 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ