Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/01095

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/01095

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хөүп Таун хотхон *******/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би иргэн *******д 2016 оны 07 сарын эхээр Ниссан санни 15 маркийн 7219 ОРО дугаартай авто машинаа 1 500 000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар мөн бага зэргийн засварыг Баярмаа хийхээр тохиролцож өгсөн болно. Сарын дараа хэрүүл уруул болж байж 500 000 төгрөг авсан. 1,0 сая төгрөгийн үлдэгдэлийг 2016 оны 08 сарын 15-нд өгөхөөр гарын үсэг зуралцан бичсэн болно. Тэр бичгээ олдоггүй. Гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгөө аваагүй явж байна. Нэр дээр шилжүүлээд өгвөл зээл аваад өгье гэхээр нь нэр дээр нь шилжүүлсэн боловч бас өгөөгүй. Буцаагаад машинаа авъя гэхээр би 2 000 000 төгрөгний засвар хийсэн, 2 500 000 төгрөг өгөөд машина ав гэх юм маш хэцүү. Би машинаа сайн мэднэ, их мөнгө орлоо гэхэд 700 000 төгрөгөөс илүү мөнгөний засвар хийхгүй. Би Баярмаад хэлж зарсан, ийм мөнгөний засвар хийнээ гэж. Одоо 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо миний машиныг унаад л таксинд явж байна. Иймд иргэн *******гаас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.07.11-ний өглөө 7219 ОРО дугаартай Ниссан санни машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдагүй байхад нь авснаас хойш 500 000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2,0 сая гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллагууд нь болох Танил техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг нь гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэр ч авна энэ ч авна гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа гэжээ.

Зохигчдын тайбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан худалдан худалдан авах гэрээний үүрэг болох 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зохигчдын хооронд 2016 оны 07 сард худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч нь хариуцагчид Ниссан санни 15 маркийн 72-19 ОРО улсын дугаартай авто машиныг 1,500,000 төгрөгөөр худалдсан байна.

Энэхүү гэрээний дагуу хариуцагч мөнгийг сарын дараа төлөх, мөн бага зэргийн засварыг хариуцан хийх үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч ...72-19 ОРО улсын дугаартай Ниссан санни машиныг гэмтэлтэй асдаггүй байхад нь авсан, мөн *******аас машин худалдаж аваагүй... гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр маргааны зүйл болж байгаа автомашин нь хуучин машин гэдгийг мэдэж, чанар байдал,эвдрэл гэмтэл,доголдлыг нь мэдсний үндсэн дээр 1.500.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байх бөгөөд худалдагч *******ийн эзэмшдэг автомашины эзэмших эрх нь түүний эхнэр *******ийн нэр дээр байсан тул ******* автотээврийн байгууллага дээр очиж түүнд машин болон өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна.

Хариуцагч машиныг хүлээж авсны дараа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардах эрхийн аль нэгийг гаргаагүй, доголдлын талаар гомдол гаргаж байсан болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243.2-д худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Хариуцагч уг машинд засвар үйлчилгээ 2,000,000 сая гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн, сэлбэгийн мөнгийг гүйцэд өгч дуусаагүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Өмчлөгч болсны дараа өөрийн машинд засвар үйлчилгээ хийх,запас сэлбэг авч тавих нь өмчлөгчийн өөрийнх нь өмч хөрөнгөнийхөө талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм.

Иймд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас хэлэлцэн тохирсон үнээ төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэгчид 1.500.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөх ёстой болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээо үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН