Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00750

 

М.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар магадлалтай,

            М.Д-ын нэхэмжлэлтэй,

            Ё.Б-д холбогдох

          Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч М.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би иргэн Ё.Б-д 2016 оны 7 сарын эхээр Ниссан санни 15 маркийн 72-19 ОРО дугаартай авто машинаа 1,500,000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар мөн бага зэргийн засварыг Ё.Б- хийхээр тохиролцож өгсөн болно. Сарын дараа хэрүүл болж байж 500,000 төгрөг авсан. 1,000,000 төгрөгийн үлдэгдлийг 2016 оны 08 сарын 15-нд өгөхөөр гарын үсэг зуралцан бичсэн болно. Тэр бичгээ олдоггүй. Гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгөө аваагүй явж байна. Нэр дээр шилжүүлээд өгвөл зээл аваад өгье гэхээр нь нэр дээр нь шилжүүлсэн боловч бас өгөөгүй. Буцаагаад машинаа авъя гэхээр “би 2,000,000 төгрөгний засвар хийсэн, 2,500,000 төгрөг өгөөд машина ав” гэх юм. Би машинаа сайн мэднэ, их мөнгө орлоо гэхэд 700,000 төгрөгөөс илүү мөнгөний засвар хийхгүй. Би Ё.Б-д хэлж зарсан, ийм мөнгөний засвар хийнэ гэж. Одоо 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Миний машиныг унаад л таксинд явж байна. Иймд иргэн Ё.Б-гаас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ё.Б-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие М.Д-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.07.11-ний өглөө 72-19 ОРО дугаартай Ниссан санни машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдаггүй байхад нь авснаас хойш 500,000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2,000,000 гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллага болох Танил техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэрээр “авна” гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа гэжээ.

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Б-гаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч М.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Ё.Б- нь шүүх хуралд ирсэн боловч оролцоогүй, ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй, хуралд суух бүрэн боломжтой байсан. Хэрэгт 3-4 хуудас материал байсан бөгөөд хариуцагч танилцах бүрэн боломжтой байсан. Аливаа нотлох баримт гаргах нь нээлттэй байсан бөгөөд тухайн асуудлаар хэрэгт баримт гаргалгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал хойшлуулах хүсэлт өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болж байгаа нь харагдаж байна. Иймээс би анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буруутган хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.   

        Нэхэмжлэгч М.Д- хариуцагч Ё.Б-д холбогдуулан машины үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...худалдаж авсан машинд 2,000,000 төгрөгийн засвар хийсэн тул мөнгө төлөх шаардлага байхгүй...” гэж маргажээ.

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Б-гаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгохоор анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

         Анхан шатны шүүх хариуцагч Ё.Б-д нэхэмжлэлийн хувийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгч 14 хоногийн дотор хариуцагчид татгалзсан үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн атлаа уг хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргасан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

     Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон өдөр хариуцагч Ё.Б-г хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдаан хойшлуулах тухай түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 123 дугаар 123.2, 123.3-т заасныг тус тус зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

          Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч Д.Доржнамжилын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга, таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН