Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2019/00005

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би иргэн *******д 2016 оны 07 сарын эхээр Ниссан санни 15 маркийн 7219 ОРО дугаартай авто машинаа 1.500.000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар мөн бага зэргийн засварыг Баярмаа хийхээр тохиролцож өгсөн болно. Сарын дараа хэрүүл уруул болж байж 500.000 төгрөг авсан. 1.000.000 төгрөгийн үлдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 15-нд өгөхөөр гарын үсэг зуралцсан болно. Тэр бичгээ олдоггүй, гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгөө аваагүй явж байна. Нэр дээр шилжүүлээд өгвөл зээл аваад өгье гэхээр нь нэр дээр нь шилжүүлсэн боловч бас өгөөгүй. Буцаагаад машинаа авъя гэхээр би 2.000.000 төгрөгийн засвар хийсэн, 2.500.000 төгрөг өгөөд машинаа ав гэх юм маш хэцүү. Би машинаа сайн мэднэ, их мөнгө орлоо гэхэд 700.000 төгрөгөөс илүү мөнгөний засвар хийхгүй. Би Баярмаад хэлж зарсан, ийм мөнгөний засвар хийнэ гэж. Одоо 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо миний машиныг унаад л таксинд явж байна. Иймд иргэн *******гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.07.11-ний өглөө 7219 ОРО дугаартай Ниссан санни машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдаггүй байхад нь авснаас хойш 500.000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2.000.000 төгрөгийн сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллагууд нь болох Танил техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг нь гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэр ч авна энэ ч авна гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01095 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01095 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ******* миний бие Д.Доржнамжилын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 2016 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 7219 оро дугаартай Ниссан санни машиныг эвдэрхий асдаггүй байхад нь Ганчимэгээс авсан. Уг машиныг авснаас хойш 500.000 төгрөгийг төлсөн. Засварт зориулж 2.000.000 гаран төгрөгийг зарцуулсан. Машин засахад их мөнгө орсон тул буцааж ав гэхэд аваагүй, надаас мөнгө нэхэж эхэлсэн. Засварт оруулсан мөнгөө бодохоор би өөрөө хохирч байна. Ганчимэг нь өөрөө надад хувийн өр авлагын асуудал бас байсан учраас машины талаар сүүлийн үед чимээгүй болсон. Гэтэл энэ асуудалд огт хамаагүй нөхөр нь гэх Доржнамжил шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрөө уг машины эзэн мэт аашилж Ганчимэгийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Доржнамжил шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шөнө орой үтас рууү залгаж шүүх миний талд шийдсэн мөнгөө өг балай авгай минь гэж хэлэх хэлэхгүй үгээр дайрч, архи ууж согтох болгондоо залгаж дарамталж байгаа нь хэрээс хэтэрч байна. Иргэн миний ойлгосноор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд шүүхэд хандах эсвэл өөрөө гарах боломжгүй бол өөрийг нь бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй этгээд гаргах тухай заасан байтал үүнийг зөрчиж энэ хэрэгт огт хамааралгүй Доржнамжил нь ямар ч төлөөлөх итгэмжлэл байхгүй байж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан машины үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч машиныг Ганчимэгээс худалдаж авсан, машинд засвар хийсэн тул мөнгө төлөхгүй гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгчээс улсын 7219 ОРО дугаартай, Ниссан санни маркын машиныг худалдан авч 500.000 төгрөгийг өгсөн, тухайн үед автомашин эвдрэл гэмтэлтэй байсан талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч ******* машиныг 1.500.000 төгрөгөөр худалдаж аваагүй, машины засварт 2.000.000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******гаас төлбөр 1.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч *******гийн худалдаж авсан автомашин нь нэхэмжлэгчийн эхнэр Ганчимэгийн нэр дээр бүртгэгдсэн ба уг автомашин нь гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр бүртгэгдсэнээс үл хамааран тухайн эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуулиар зохицуулагдсан тул өөрийн эхнэр Ганчимэгийг төлөөлөх итгэмжлэл авч улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч *******гийн гаргасан ...уг автомашиныг нэхэмжлэгч *******аас худалдаж аваагүй, автомашины жинхэнэ эзэмшигч Ганчимэгийг хуульд заасны дагуу төлөөлөх итгэмжлэлгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ