Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00002

 

 

  М.Д-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ё.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : М.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ё.Б-д холбогдох,

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ё.Б-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Ё.Б, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Д би иргэн Ё.Б-д 2016 оны 07 сарын эхээр Ниссан санни 15 маркийн 7219 ОРО дугаартай авто машинаа 1.500.000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар мөн бага зэргийн засварыг Б хийхээр тохиролцож өгсөн болно. Сарын дараа хэрүүл уруул болж байж 500.000 төгрөг авсан. 1.000.000 төгрөгийн үлдэгдэлийг 2016 оны 08 сарын 15-нд өгөхөөр гарын үсэг зуралцан бичсэн болно. Тэр бичгээ олдоггүй. Гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгөө аваагүй явж байна. Нэр дээр шилжүүлээд өгвөл зээл аваад өгье гэхээр нь нэр дээр нь шилжүүлсэн боловч бас өгөөгүй. Буцаагаад машинаа авъя гэхээр би 2.000.000 төгрөгний засвар хийсэн, 2.500.000 төгрөг өгөөд машина ав гэх юм маш хэцүү. Би машинаа сайн мэднэ, их мөнгө орлоо гэхэд 700.000 төгрөгөөс илүү мөнгөний засвар хийхгүй. Би Б-д хэлж зарсан, ийм мөнгөний засвар хийнээ гэж. Одоо 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо миний машиныг унаад л таксинд явж байна. Иймд иргэн Ё.Б-гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.07.11-ний өглөө 7219 ОРО дугаартай Ниссан санни машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдаггүй байхад нь авснаас хойш 500.000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2.000.000 гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллагууд нь болох Танил техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг нь гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэр ч авна энэ ч авна гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Б-гаас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ё.Б давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. М.Д нь 2016 онд уг машиныг надад зарсан нь үнэн. Гэхдээ уг машин эвдрэлтэй асдаггүй машин байсан. Уг машинд 2.000.000 төгрөгний засвар хийж асаасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч бид хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Гэхдээ бид 2-ын дунд машины үнийн хувьд 1 шийдэлтэй биш байхад нэхэмжлэгчийн амнаас гарсан тоог шүүх үндэслэлтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь шудрага биш байна. Нэхэмжлэгч бид хоёрын хувьд 1.500.000 төгрөг гэж тохирсон зүйл байхгүй. Би өөрийн зардлаар уг машиныг асааж авсан. 500.000 төгрөг өгснөөр тооцоо дууссан. Тооцоо дууссан учраас машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Анхан шатны шүүх дараах 2 нөхцөл байдлыг минь анхаарч үзсэнгүй. 1.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч шүүхэд нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх шийдвэртээ хариуцагч Ё.Б миний бие 72-19 ОРО дугаартай Ниссан Санни машиныг гэмтэлтэй асдаггүй байхад нь авсан гэсэн байгаагаас үзэхэд анхнаасаа үзэж хараад тохироод эвдрэл гэмтлийг нь мэдээд авсан болох нь нотлогдож байна гэж дүгнэжээ. Би хариу тайлбартаа үнийн дүнг зөвшөөрсөн тухай нэг ч үг хэлээгүй бөгөөд миний өгсөн тайлбараар нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2.Хариуцагч миний бие шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэсэн үндэслэлээр хүсэлтийг минь хангахаас татгалзаж миний байхгүйд шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Д машины үнийн үлдэгдэл 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Ё.Б “...худалдаж авсан машинд 2.000.000 төгрөгийн засвар хийсэн тул мөнгө төлөх шаардлага байхгүй...” гэх тайлбар гаргажээ.

Шүүх хариуцагч Ё.Б-д нэхэмжлэлийн хувийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгч 14 хоногийн дотор хариуцагчид татгалзсан үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн атлаа уг хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “...хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн...” гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ.

Түүнчлэн хариуцагч Ё.Б-д хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон өдөр хэргийн материалтай танилцуулсан, түүний шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй зөвхөн шүүх хуралдааны явцад хариуцагч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа хүндэтгэх үзэх шалтгаанаа дурьдаагүй гэж танилцуулж хариуцагчийг шүүх хуралдаан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд хариуцагч Ё.Б-гийн гаргасан “.... миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ё.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ