Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00220

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00220

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Үнэмакель ХХК, Б.Батсүх, Т.Бямбарсүрэн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 254 264 764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс, Д.Мөнхзул нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс

Хариуцагч Т.Бямбасүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нандинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс, Д.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хас банк ХХК-тай зээлийн шугамын 5001163269 дугаартай гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хас банк ХХК-тай зээлийн 1030014979 дугаартай гэрээ байгуулж 175 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ, 5001163269 дугаартай зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197 574 559 67 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгчид нь зээлийн 5001163269, 1030014979 дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

Баталгаат ипотекийн 1060011307-1 дугаартай гэрээгээр: Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40м.кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Г-2201000237 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр 92 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц,

Барьцааны 5001163269 дугаартай гэрээгээр: 140 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл, 3355 УБЦ улсын дугаартай Ford explorer маркийн автомашин

Баталгаат ипотекийн БИ1030014979-01 дугаартай гэрээгээр: Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

Барьцааны БГ1030014979-02 дугаартай гэрээгээр: Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 5001163269, 1030014979 зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс эхлэн Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Мөн зээлдэгч нар нь зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх тухай банканд мэдэгдсэн.

Хариуцагч Б.Батсүх нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 27-нд 5001163269 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан, энэ гэрээгээр хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч үүргийг хариуцахаар заасан тул хариуцагч нарын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй. Зээлдэгч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн, батлан даагч Б.Батсүх нар нь 5001163269, 1030014979 дугаартай гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт, талуудын хооронд байгуулсан 500163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч нараас 254 264 765 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үнэмакель ХХК, Б.Батсүх,Т.Бямбасүрэн болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулмандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хас банк нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нарт 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нарт 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор 1030014979 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1030014979 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 97 575 163 40 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5001163269 тоот зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 99 999 396 27 төгрөг төлөх үүргүүдийг нэмж нэгтгэн, зээлдэгчээс банкинд төлөх зээлийн дүнг 197 574 559 67 төгрөг гэж тодорхойлж, нэмэлт өөрчлөлт оруулж, дансны дугаарыг 1030021886 болгон өөрчилсөн гэрээнүүдийг тус тус байгуулсан. 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хас банк ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар салбараас 150 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, 13.8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан. /Тухайн өдрийн төгрөгийн ханш 1423 төгрөг*150 000 ам.доллар=213 450 000 төгрөг зээлсэн/. Энэ зээл олгох үед бидний урьд нь авсан 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, дансны дугаар 1060011307/ хэвийн үргэлжлэн явагдаж байсан ба энэ нь 1060011307-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцөлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг банк өөрсдийн санаачлагаар өгсөн бид 150 000 000 төгрөгийн зээл хүссэн байхад 213 450 000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа долларын ханш байнга нэмэгдсэн тул хуваарийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 175 604 030 төгрөг буюу 123 404 ам.доллар төлсөн. Монгол төгрөгөөр зээл өгсөн бол энэ хугацаанд 25 604 030 төгрөгийг илүү төлж хохирсон. Зээлийн үлдэгдэл 62 739 56 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банкинд 2014 оны 06 дугаар сард гаргасан ба уг зээлийн хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан. Тус банкны Чингэлтэй дүүргийн тооцооны 103 дугаар төв 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэхээр 1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 6 дугаар сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг Үнэмакель ХХК-ийн дансанд хийсэн бөгөөд тухайн өдрөө 62 739 56 ам.долларын /зээлийн үлдэгдэл/*1822=114 312 463 42 төгрөгийг данснаас шууд суутган авсан. /164 200 000-114 312 463 42=49 887 536 58/ 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банк нь 10 800 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж компанийн дансанд 60 867 463 42 төгрөг үлдэгдэлтэй болсон. Хэрэв банк зээлдэгчийн эрх ашиг, хүсэл зоригийг хүндэтгэж, 62 739 56 ам.долларын зээлийн үлдэгдлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 1822 төгрөгөөр бус 1423 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч, мөн гэрээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол зээлийн гэрээний зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. /62 739 56*1423=89 278 393 төгрөг, 62 739 56*1822=114 311 478 32, төгрөг буюу зөрүү нь 25 033 085 төгрөг гарч байна./ 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компани 100 000 000 төгрөгийн зээл хүссэн байсан. Гэтэл биднийг ноцтой төөрөгдөлд оруулж 62 739 56 ам.долларыг төлүүлэх эрх ашгийнхаа төлөө 175 000 000 төгрөгийн зээл олгож, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бидний хүсэл зоригийн эсрэг байгуулж, 114 312 463 42 төгрөгөөр өмнөх зээлийг төлүүлснийг банкны үйл ажиллагаа болон эрх зүйн мэдлэг дутмаг учир тухайн үед мэдээгүй. Бид долларын ханшны дарамтад орсны улмаас компани нь эрсдэлд орсон, нэмж зээл авах шаардлага байгаагүй юм. Хас банк ХХК-ийн 103 дугаар салбараас олгосон 175 000 000 төгрөгөөс 114 312 463 42 төгрөгийг суутган авч, уг зээлийг ашиглуулаагүй байж 175 000 000 төгрөгт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлд 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 он хүртэлх хугацаанд 68 726 000 төгрөгийг 60 687 536 58 төгрөгөөр төлүүлснээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан тул 150 000 ам.долларыг зээл авах 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1 доллар 1423 төгрөгийн ханшаар төлбөр төлөхөд 290 103 706 төгрөг илүү төлсөн 50 253 964 төгрөгийг төлбөрөөс хасуулна. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 1030014979 тоот зээлийн гэрээ нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1060014543 тоот зээлийн гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул банк нь Үнэмакель ХХК-иас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Хас банк ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1060017265 тоот 150,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1030014979 тоот 175 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот 73.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууцыг банкны дарамт шахалтаар 144 000 000 төгрөгөөр Г.Жамсранд зарсан бөгөөд уг орон сууц нь банкны барьцаанд байсны улмаас орон сууц худалдах, худалдан авах гэрээ-д заасны дагуу урьдчилгаа 43 200 000 төгрөгийг нь банкны дансанд байршуулсан. Орон сууцны үлдэгдэл мөнгийг худалдан авагч нь банкны зээлд оруулж төлсөн. Т.Бямбасүрэн нь хүсэлт гаргаж, 30 000 000 төгрөгийг авч, 114 000 000 төгрөг нь банкинд үлдсэн бөгөөд энэ мөнгийг банк хэрхэн зарцуулсан талаар компанид мэдэгдээгүй. 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ байгуулсан юм. Энэ зээлийн гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 32 800 000 төгрөг төлсөн нь Хас банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогдож байна. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компани Хас банк ХХК-иас 100 000 000 төгрөг зээлсэн тул мөн өдөр 175 000 000 төгрөг дахин зээлэх шаардлага байхгүй байсан. 2014 ны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус банкнаас зээлсэн 150 000 000 төгрөгийн зээл, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 150 000 ам.долларын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг бүрэн төлөөгүй байхад банк 1 өдөр 2 төрлийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд зээлийн шугаман гэрээний учрыг ойлгоогүй, Иргэний хуульд хувьсах хүү-ийн талаар заагаагүй байхад банк хэрэглэх эрхтэй эсэх нь талаар шалгаж, зээлийг хүүг бууруулна уу. Манай компани 2005 оноос эхлэн тус банкны харилцагч болж, найдвартай зээлээ эргэн төлдөг, банк манайд зээл олгодог байсан тул итгэж байсан. Гэтэл манай компанийн дансыг өөрийн дураар захиран зарцуулж, хүссэн үедээ компанийн өмнөөс гүйлгээ хийж, орон сууцны төлбөрт авсан 114 000 000 төгрөгийг захиран зарцуулж, манай эрх ашгийг хохироож байна. Хас банк ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нартай байгуулсан боловч 197 574 559 67 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа, Үнэмакель ХХК-ийн нэр дээр 5000050428 тоот данс нээж, 197 574 559 57 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээ хийсэн нь банкны хууль бус үйлдэл юм. Мөнгө хүлээн аваагүй тул 197 574 559 67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43 100 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637 598 төгрөг, нийт 226 312 917 67 төгрөгийг төлөхгүй гэжээ

Хариуцагч Үнэмакель ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулмандах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. 5001163269 тоот зээлийн шугамын зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул гэрээг цуцалснаас хойш зээлийн хүү төлөхгүй, 10030014979 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Сүүлд байгуулсан гэх 197 574 559 67 төгрөгийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул энэ гэрээний дагуу банк Үнэмакель ХХК-иас уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Манай компаний төлөгдөөгүй үлдсэн 54 004 067 төгрөг, 100 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 91 966 783 төгрөг, нийт 146 970 850 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаас 150 000 000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо илүү төлүүлсэн 2 287 910 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дугаа үндэслэлгүйгээр төлүүлсэн 13 584 100 төгрөгийг хасч, үлдэх 130 098 840 төгрөгийг төлнө. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нараас 143 117 375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 111 147 389 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Батсүхэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Нарантуул ОУХТ-ийн 35, 36, 173-р лангуу, Одкон төвийн 82, 83-р лангуу, Хар хорин захын 11-р чингэлэг, Дүнжингарав худалдааны төвийн 919, 922, 923-р чингэлэгт байх 140 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, Ford Explorer маркийн 33-55 УБЦ улсын дугаартай автомашин, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, 275 кв.м талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-2203009513 дугаартай, 700 кв.м талбайтай зуслангийн зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 121/Б тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 92 тоотод орших Ү-2201000237 дугаартай 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 587 224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хас банк ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нараас 873 536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс, Д.Мөнхзул нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д дараах тооцооллын болон хууль хэрэглээний алдаа гаргасан. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан 10100014979 дансны дугаартай 175 000 000 төгрөгийн зээлээр 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан 1060014543 дансны дугаартай 150 000 долларын зээлийн үлдэгдэл 62 739 56 доллар буюу 114 312 462 төгрөгийн зээлийг хаасан нь банк буруутай үйл ажиллагаа явуулсан, уг мөнгөнөөс хүү тооцохгүй, зээлдэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэснээс гол тооцооллын зөрүү үүссэн. 114 312 462 төгрөгийн зээлээс бодогдох хүү 77 587 657 төгрөг, мөн шийдвэрийн 10 дахь тал, эхнээсээ 2 дахь мөрөнд ... /120 557 742-80 787 237=68 731 463/ ... гэж буруу хассан (зөв хассан бол 39 770 505 төгрөг), үүний үр дагавраас бодогдсон хүүд зөрүү гарч нийт 111 147 389 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэг зээлээр олгогдсон 175 000 000 төгрөгөөс 60 687 537 төгрөгийг зээл олгосон гэж үзнэ, 114 312 462 төгрөгийг зээлийн харилцаа гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь буруу болсон. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 175 000 000 төгрөгийн зээл зээлдэгчийн зээлийн данснаас зээлдэгчийн харилцах дансанд олгогдсон бөгөөд зээлдэгч нь уг мөнгөнөөс өмнөх зээлдээ 114 312 462 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт хэрэгт авагдсан Үнэмакель ХХК-ийн харилцах дансны хуулгаас харагдаж байгаа /Хх-153/. Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасны дагуу банк нь зээлдэгчид зээлийн 1030014979 данс нээж зээл олгож, уг данснаас зээлдэгчийн 5000050428 харилцах дансанд олгогдож, зээлдэгч өөрөө уг данснаас өмнөх зээлээ төлснийг зээлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч Үнэмакель ХХК-ийн захирал Б.Батсүх нь уг зээлд иргэнийхээ хувьд батлан даалтын гэрээ байгуулж оролцсон тул түүнийг хариуцагчаар татсан. Шүүх Иргэний хуулийн 462.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даагчид мэдэгдээгүй тул 462.3 дах хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 462.3 дэх хэсэгт батлан даагчаас шаардах эрхээ алдах урьдчилсан нөхцөл нь 462.2 гэж заасан болохоос 462.1 гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл батлан даагч үүргийн талаар мэдээлэл авахаар шаардсан тохиолдолд банк мэдээлэл өгөөгүй бол шаардах эрхээ алдахаар байна. Өөрөөр хэлбэл батлан даагчийн мэдээлэл авах шаардлагыг биелүүлээгүй буруутай үйлдэл банк гаргасан тохиолдолд шаардах эрхээ алдана, түүнээс биш 462.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэл өгөөгүй бол 462.3 дах хэсэгт хамаарахгүй байхад заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Үнэмакель ХХК, Б.Батсүх, Т.Бямбарсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 254,264,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хас банк ХХК болон Үнэмакель ХХК, Т.Бямбасүрэн нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн шугамын 5001163269 дугаар гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 1030014979 дугаар зээлийн гэрээ байгуулж 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 1030014979 дугаар зээлийн гэрээ, 5001163269 дугаар зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197 574 559 67 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгчид нь зээлийн 5001163269, 1030014979 дугаар гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон баталгаат ипотекийн 1060011307-1, БИ1030014979-01 дугаар гэрээ, 5001163269, БГ1030014979-02 дугаар барьцааны гэрээ байгуулж, тодорхой хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, Б.Батсүх нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 27-нд 5001163269 тоот батлан даалтын гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээнд зааснаар Хас банк ХХК 2014 оны 06 сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, 175 000 000 төгрөгийн зээлээс тухайн өдрөө 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 150 000 000 долларын зээлийн үлдэгдэл 62 739 56 долларын зээлийг 1822 төгрөгөөр ханшийг тооцон 114 311 478 32 төгрөгийг суутган авч хаасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлдэгч зарим зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийг нэхэмжлэгч Хас банк ХХК зөрчсөн, 114 311 478 32 төгрөгийн зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад шүүх тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг үндэслэн дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хас банк ХХК шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Үнэмакель ХХК, Б.Батсүх, Т.Бямбасүрэн нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан талаар тайлбарласнаас үзэхэд тэдний хоорондын зээлийн гэрээ цуцлагдсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаангүй байна.

Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар хязгаарлаж хариуцагч нарын үүргийг тодорхойлсон атлаа 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 17 951 874 төгрөгийг шаарджээ. Нэгэнт зээлийн гэрээ цуцлагдсан байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаагаар хүү тооцож хариуцагч нарын үүргийг тодорхойлсон нь алдаатай болжээ.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг тооцохдоо тооцооны алдаа гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Талуудын хоорондын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 175 000 000 төгрөгийн зээлээс урьд зээлийн үлдэгдэл болох 62 731 86 долларын өрөнд суутгасан 114 312 463 төгрөгийг хасч 60 687 537 төгрөгийн зээлд хүү тооцоход 80 787 237 төгрөг төлөх учиртай. /60 687 537*1 116 650 /1.84%/*18 сар=20 099 700+60 687 537/ Зээлийн хүү тооцох хугацааг 2014 оны 06 сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл 18 сар гэж тооцно. Хариуцагч энэ гэрээний үүрэгт 120 557 742 төгрөг төлснөөс төлөх үүрэгтэй 80 787 237 төгрөгийг хасвал 39 770 505 төгрөгийг илүү төлсөн.

Зохигчдын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5001163269 дугаар гэрээний зээлийн үлдэгдлээс илүү төлсөн 39 770 505 төгрөгийг хасч 60 228 891 27 төгрөгийн зээл үлдэх боловч тооцоонд ороогүй 2015 оны 12 сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 сарын 21-ны хооронд төлөгдсөн 5 119 500 төгрөгийн төлбөрийг хасвал 55 109 391 27 төгрөг энэ зээлээс төлөөгүй үлдэгдэлтэй байна. /99 999 396 27-39 770 505-5 119 500/ Гэрээгээр тохирсон жилийн хүү 22.08 хувийг 12 сард хуваахад 1 сарын хүү 1.84 хувь бөгөөд сард төлөх хүүний төлбөр 1 14 012 төгрөгийг 14 сараар бодоход 14 196 179 төгрөгийг хүүнд төлнө. Хүүг 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 02 сар хүртэл 14 сарын хугацаанд тооцно. Энэ гэрээний зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 69 305 570 төгрөг байх ба урьд нь энэ гэрээний үүрэгт хариуцагч нараас төлсөн 13 584 100 төгрөгийг хасаад хариуцагч нар 55 721 470 төгрөгийг төлөх ёстой.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт үүргийг тодорхойлбол 170 033 932 /55 721 470+114 312 462/ төгрөг болох юм. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүүний талаар гомдол гаргаагүй бөгөөд батлан даагчийн талаарх гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дурдаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 143 117 375 гэснийг 170 033 932 гэж, 111 147 389 гэснийг 84 230 832 гэж, 3 дах заалтын 873 536 гэснийг 1 008 120 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 687 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ