Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 363

 

Т.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 507 дугаар магадлалтай, Т.Г-т холбогдох 1706036900410 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан Б овогт Т-ийн Г.

Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны *** тоотод оршин суух Д.М-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Сони” загварын зурагт хулгайлж 192.000 төгрөгийн хохирол,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 11-02 тоотод оршин суух Б.Г-гийн гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын зурагт, “Сони” загварын зөөврийн комьпютер, мөнгөн аяга хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 16 дугаар гудамжны 323а тоотод оршин суух иргэн Ч.О-ын өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлж 252.000 төгрөгийн хохирол,

Д.Х-той бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н-гийн өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Скай ворт” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга хулгайлж нийт 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ээс 2.550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д, 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д тус тус олгуулахаар, мөн хохирогч Д.М-, Ч.О- нарт төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Г гаргасан гомдолдоо “Миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус хулгайн гэмт хэрэгт шалгагдан яллагдагчаар татагдсан бөгөөд уг хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, уг хэргийг нэгтгэн шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэгтэйгээ нэгтгүүлэхээр гомдол гаргасан. Т.Г-ийн хэрэг хяналтын шатны шүүхэд гаргах ёстой гомдлын шаардлагыг хангахгүй байна. Прокурорт хандаагүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Т.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг хөндсөн байх тул уг гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 507 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Т.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

           ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН