Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *******/-т холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 538 072 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Зээлийн гэрээгээр нийт 240.000.000 сая төгрөгийн зээл авсан. ******* нь ******* ХХК, Анар болор ******* ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн.Үүнд: 1.2015 оны 5 сарын 7-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

2.2015 оны 5 сарын 8-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

3.2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

4.2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 240.000.000 төгрөг *******т зээлдүүлсэн. Үүнээс: 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40 000 000 төгрөгний зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш төлбөр тооцоо хийхгүй удааширч удаа дараа тооцоо хийхийг шаардсан боловч Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлсэн байгаа. Эдийн засгийн хямрал болоод мөнгийг маань шилжүүлэхгүй байна гэдэг байсан. Эсвэл утсаа авахгүй сүүлийн үед 2017 оны 4,5-р сард *******ыг олж уулзахад Шарын гол, Заамар зэрэг газарт алтны уурхай нээн ажиллуулж байгаа, та санаа зоволтгүй. 2017 оны 6-р сарын 20-д гэхэд бүх тооцоогоо дуусгана гэсэн боловч одоо болтол төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироож байна.Иймд:

1. 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу зээлдсэн 70.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 75.600.000, үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 180.600.000 төгрөг

2. 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу зээлдсэн 90.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 97.200.000, үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг нийт 232.000.000 төгрөг

3. 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг үүнээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000, үндсэн зээл 20.000.000 нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийж үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 болсон. 2015 оны 7 сарын 22-оос 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 518 хоногийн хүү 20.072.000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 50.072.000 төгрөг

4. 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээлдсэн 40 000 000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдсэн. 18 сарын хүү 43.200.000 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. Д.Эрдэнэбаяраас үндсэн зээл: 220.000.000 сая төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөгийн хүү тооцно, алданги 110.000.00 сая төгрөг нийт 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-р бичил хороолол 2-р байр 102 тоотод оршин ******* би тус шүүхэд хандаж иргэн *******аас үндэсэн зээлд 220.0 сая тегрөг, зээлийн хүүд 208.072.000 төгрөг, алдангид 110.0 сая төгрөг нийт 538.072.000 төгрөг гаргуулан авахаар шаардлага гаргасан.

Дээрх шаардлагуудаа дараах байдлаар тайлбарлая: Үүнд:1.Хариуцагч *******ын надаас авсан нийт зээлийн талаар: А-д: 2015-05-07-ны өдөр 70.0 сая төгрөгийг 2015-05-07-ны өдрөөс 2016-11-07-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сар бүрийн хүү 6% байхаар тохиролцож, мөн гэрээнд заасан хугацаандаа зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөрөөс хоног тутамд 0.5%-ийн алданги тооцон төлөхөөр тохиролцсон хоёр талын зээлийн гэрээ байгуулагдсанаар мөн өдөртөө би *******ын ХААН банкан дахь ******* дэгаартай дансанд нь 70.0 сая төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн.

Дээрх зээлийн гэрээгээр *******аас авах ёстой төлбөрөө тооцвол: Үндсэн зээлд 70.0 сая төгрөг, зээлийн хүүд /70.0 сая*6%=4.200.000 төгрөг*18 сар=75.600.000 төгрөг/ 75.600.000 төгрөг,алданги 35.0 сая төгрөг/ 70.0 сая:2=35.0 сая/ нийт 180.600.000 төгрөг:

Б-д: 90.0 сая төгрөгийг 2015-05-08-ны өдрөөс 2016-11-08-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл биелэгдээгүй үндсэн төлбөрийн 0.5%-иар тооцож хоног дутамд алданги тооцхоор хоёр талын гэрээ байгуулан бөгөөд мөн өдөртөө 90.0 сая төгрөгийг *******ын ХААН банкан дахь ******* дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.

Дээрх зээлийн гэрээгээр *******аас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 90.0 төгрөг, зээлийн хүүд /90.0 сая*6%=5.400.000 төгрөг*18 сар= 97.200.000 төгрөг/ 97.200.000 төгрөг, алданги / 90.000.000 сая төгрөг:2=45.000.000 төгрөг/ 45.000.000 сая төгрөг нийт 233.200.000 төгрөг:

В/ 40.0 сая төгрөгийг 2015-07-30-ны өдрөөс 2017-01-30-ыг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон хоёр талын гэрээг байгуулан Д Эрдэнэбаярын ХААН банкан дахь ******* дугаартай дансанд 40.0 сая төгрөгийг мөн өдрөөр бэлэн бусаар шилжүүлсэн.

Дээрх зээлийн гэрээний дагуу *******аас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлд 40,000,000 сая төгрөг, зээлийн хүүд 40.000.000 төгрөг*6%=.нэг сарын хүү 2.400.000 төгрөг*18 сар =43.200.000 төгрөг/43.200.000 төгрөг,алданги /40.0сая:2=20.0 сая төгрөг/20.0 сая төгрөг нийт 103.200.000 төгрөг:

Г/40.0 сая төгрөгийг 2015-06-30-наас 2016-12-30-ны өдрийн хооронд 18 сарын 1 хугацаатай, сар бүрийн 6%-ийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног дутамд 0.5%-иар алданги төлөх үүргийг хүлээн хоёр талын гэрээ байгуулснаар мөн *******ын ХААН банкин дахь ******* дугаартай дансанд мөн өдрөөр 40.0 сая төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн.

Дээрх гэрээний дагуу зээлдэгч *******аас авах учиртай төлбөрөө тооцвол үндсэн зээлд 40.0 сая төгрөг авах учиртай ч зээлдэгч *******ын 2015-07-22-ны өдөр төлсөн 21.760.000 төгрөгөөс 20.0 сая төгрөгийг нь үндсэн зээлээсээ хасаж үлдэх 1.760.000 төгрөгийг 22 өдрийн хүүд тооцож хассан.

Дээрх зээлийн гэрээний дагуу *******аас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 20.0 сая төгрөг, зээлийн хүүд /40.0 сая төгрөг*6%=2.400.000 төгрөг*22 өдрийн хүү 1.760.000 төгрөг, 20.0 сая төгрөгийг /2015-07-22-ны өдрөөс хойш тооцвол 17 сар, 8 өдөрт тооцвол/*6%=1.200.000 төгрөг*17 сар 08 хоног буюу 518 хоногийн хүү 20.720.000 төгрөг/ 20.720.000 төгрөг,алданги 10.0 сая төгрөг нийт 50.720.000 төгрөг болж байна.

Зээлдэгч *******аас үндсэн зээлд нийт 220.000.000 төгрөг, зээлийн нийт хүүд 236.720.000 төгрөг гаргуулан авахаас *******ын төлсөн 28.0 сая төгрөгийг хасаж 208.720.000 төгрөг, алданги нийт 110.000.000 сая төгрөг нийт 538.720.000 төгрөг гаргуулан авахаас 648.000 төгрөгнөөс татгалзаж байгаа болно.

2016-06-17-ны өдөр миний ХХБ дахь 407060311 дугаартай дансанд хийсэн 5.0 сая төгрөг, 2016-06-23-ны өдөр ХАС банкин дахь 5001218889 дугаартай дансанд төлсөн 5.0 сая төгрөг, үндсэн зээлээс, мөн 2017-03-10-ны өдөр ХААН банкин дахь 5094635491 дугаартай дансанд төлсөн сая төгрөг, 2017-06-21-ний өдөр төлсөн 8.0 сая төгрөгийг нийт 28 сая төгрөгийг зээлүүдийн нийт хүү болох 236.720.000 төгрөгнөөс хасаж тооцсон болно. Иймд *******аас 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Эрдэнэбаяр нь Батжаргал нь 2015 онд надад мөнгө өгөхдөө хоосон зээлийн гэрээний загвар гаргаж ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар ямар нөхцөлтэйгээр хүүтэй юу, хүүгүй юу хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байж зээлийн гэрээнүүдийг нөхөж бичсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байна. Би Эрдэнэбаярт 240 000 000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны ******* тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-нд 90 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан ******* ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. ******* нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 06 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой надруу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд гэрээ байгуулахдаа хүү, алданги, хугацааг зөвшөөрч гэрээ хийсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байгаа. ******* хоосон цаасан дээр гарын үсэг зурсан бусдыг нь ******* нөхөж бичсэн гэдгээ юугаар нотлож байгаа юм бэ, ингэж хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй байх. Би Иргэний хуулийг үзэж судаллаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байна. Энэ хуулийн заалт нь ноцтой төөрөгдсөн төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох гэсэн заалт байна. ******* нь мөнгө зээлж зээлийн гэрээ хийх үедээ ямар нэгэн байдлаар төөрөгдөлд ороогүй өөрөө хүсэлт гаргаж надаас мөнгө авсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шуүхэд хянан хэлэлцэгдэж буй *******ын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах зээлийн гэрээний төлбөрт 538 072 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хшаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нийт 538 072 000 төгрөг нэхэмжилсэн байх ба уүнийгээ алданги 110 000 000 төгрөг, хүү 208 072 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 220 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүнд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлж авсан төлбөрөөс 28 000 000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч ******* нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 538 072 000 төгрөгнөөс хүү, алданги хэмээн нэхэж буй 318 072 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь уг нэхэмжлэлд 2017.09.11-нд зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч ******* нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа гэж хариу тайлбараа гаргаж байсан. Мөн хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам миний бие тус шүүхэд уг үндэслэлийг нотлох зорилгоор 2017.11.15-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээнүүдэд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2017/05319 дугаартай захирамжаар ...шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсугай хэмээн хангаж шийдвэрлэсэн. ******* нь анх 2015 онд мөнгө хэрэгтэй болоод *******аас авах болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч *******ын 2017.08.04-ны өдрийн нэхэмжлэлийн агуулга хэсэгтээ ...Эрдэнэбаяр нь Анар болор хишиг ХХК, Анар болор ******* ХХК гэсэн 2 компаниар УБ Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Төнөг төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж огч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсаны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж бодитоор нь дурдаж бичсэн байдаг билээ.

******* нь анх *******т 2015 онд мөнгө өгөхдөө хоосон Зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байна. Гэтэл ******* нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор Зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Батжаргал нь зээлийн хоосон загварт гарын үсэг зуруулаад нэг хувийг огт өгдөггүй байсан байна. Ер нь *******аас ******* 2015 оноос өмнө хэд хэдэн удаа зээл авч түүнийгээ тохиролцсоны дагуу төлдөг байсан ба найдвартай хэлсэн ярьсандаа зээл өгч, авалцдаг байсан тул Батжаргалын хувь хүний шинж байдал, өмнөх харилцаа зэрэгт итгэн хоосон гэрээнд гарын үсэг зуруулахад ийм зүйл болно гэж огт бодоогүй байна. Нөгөөтэйгүүр ******* нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд Батжаргал итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол Батжаргал зээл олгох ч үгүй, Эрдэнэбаяр ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв ийм 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй Батжаргал нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар Эрдэнэбаярт огт зээлэхгүй байсан билээ.

Иймд И.Батжаргал ******* нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 538 072 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч, зээлийн хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

******* нь *******аас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй нийт 240 000 000 төгрөг зээлж авсан, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч хариуцагчид нийт 240 000 000 төгрөгийг түүний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнүүд, Хаан банкны орлогын мэдүүлэг / 4ш / зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 240.000.000 төгрөг зээлж авсан, хариуцагч нь нэхэмжлэгчид 49.760.000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

Зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******ын өмчлөлд 240 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч ******* шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Зээлдүүлэгч нь 4 зээлийн гэрээг 6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарлан нийт 538 072 000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хариуцагч зарим зээлийн гэрээний гол нөхцлүүдийг тохиролцохгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийг тохиролцоогүй тул зээлийн хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй.

******* нь *******аас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй нийт 4 удаа бие даасан гэрээ байгуулж тус тусад нь эрх,үүрэг хүлээсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч шүүх эдгээр гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан нэг ижил нөхцөл болзолтой гэрээ байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид анх 70.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгохдоо 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй гэж байгуулсан байх ба энэхүү зээлийн гэрээний үнийн дүн 70.000.000 төгрөг дээр тухай бүр нэмж зээл олгох замаар зээлийн нийт дүн 240.000.000 төгрөг болсон байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа хууль зөрчиж зээлийн үйл ажиллагаа эрхлэж их хэмжээний ашиг олдог, Цобат ХХК-тай, түүгээрээ дамжуулж зээлийн үйл ажиллагаа эрхлэдэг гэж ярьсан боловч зээлийн үйл ажиллагааг байнга хувийн дансаар, хувиараа зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгаж байна.

Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т зээлийн үйл ажиллагаа эрхлэх юм бол тусгай зөвшөөрөл авах ёстой,улсын бүртгэлийн байгууллагад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ гэчихээд ямар ч барьцаагүй зээл өгсөн байгаа гэж тайлбарлаж байна.

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрийг төлж, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардаж байгаа боловч, нэхэмжлэгч нь хариуцагчтай Цобат ХХК хуулийн этгээдээрээ биш, иргэн *******ын хувьд хэлцэл хийснийг буруутгаж, хүүлэх үйл ажиллагаа хийсэн гэж дүгнэх, улмаар хүү, алдангийн хэмжээг хасах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

Хариуцагч нь ...зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ...******* нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөл өөрөөр хэлбэл ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй. Харин зээлийн гэрээнүүдийг нөхөж бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичиж хоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан гэсэн тайлбар гаргаж гэрээний хугацаа, хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа.

Шүүх дээрх байдлаас үндэслэн зээлийн хугацааны талаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлж харилцан тохиролцоогүй, хариуцагчийн зээл нэмж авч байсан хугацаа болон урьд нь зээл авч байсан хугацааны байдлыг үндэслэн хариуцагч нь 2015 оны 5 сарын 7-ноос 2015 оны 7 сарын 30-н хүртэл 240,000,000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан байна гэж дүгнэлээ. Харин зээлийн гэрээний хүүгийн хувьд 6 хувийн хүү тохирсон нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн талуудын зээлийн гэрээгээр тохиролцсон анзын хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул шүүх алдангийг илт их гэж үзэж хасах боломжгүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 240.000.000 төгрөгөөс нийт төлсөн 49.760.000 төгрөгийг хасаж үндсэн зээл 190.240.000 төгрөг, алданги 95.120.000 төгрөг, хүү 61.200.000 төгрөг нийт 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ...******* хоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, ******* зээлийн гэрээнүүдийн гарын үсгээс бусад хэсгийг нөхөж бичсэн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлүүдийн гэрээний агуулгын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.360.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1.890.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4898 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН