Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00050

 

 

*******ын нэхэмжлэлтэй

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 538.072.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-д тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. Үүнд: 2015 оны 5 сарын 7-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 5 сарын 8-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй нийт 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40.000.000 төгрөгийн зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000.000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн. Иймд 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу зээлдсэн 70.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 75.600.000 үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 180.600.000 төгрөг, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу зээлдсэн 90.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 97.200.000 үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг нийт 232.000.000 төгрөг, 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг үүнээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 үндсэн зээл 20.000.000 нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийж үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 болсон. 2015 оны 7 сарын 22-оос 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 518 хоногийн хүү 20.072.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 50.072.000 төгрөг, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдсэн. 18 сарын хүү 43.200.000 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. Эрдэнэбаяраас үндсэн зээл 220.000.000 сая төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөгийн хүү тооцно, алданги 110.000.00 сая төгрөг нийт 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-р бичил хороолол 2-р байр 102 тоотод оршин суух ******* би тус шүүхэд хандаж иргэн *******аас үндсэн зээлд 220.000.000 төгрөг, зээлийн хүүд 208.072.000 төгрөг, алдангид 110.000.000 төгрөг нийт 538.072.000 төгрөг гаргуулан авахаар шаардлага гаргасан. Дээрх шаардлагуудаа дараах байдлаар тайлбарлая. Үүнд хариуцагч *******ын надаас авсан нийт зээлийн талаар А-д: 2015-05-07-ны өдөр 70.000.000 төгрөгийг 2015-05-07-ны өдрөөс 2016-11-07-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сар бүрийн хүү 6% байхаар тохиролцож, мөн гэрээнд заасан хугацаандаа зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөрөөс хоног тутамд 0.5%-ийн алданги тооцон төлөхөөр тохиролцсон хоёр талын зээлийн гэрээ байгуулагдсанаар мөн өдөртөө би *******ын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд нь 70.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр *******аас авах ёстой төлбөрөө тооцвол: Үндсэн зээлд 70.000.000 төгрөг, зээлийн хүүд /70.000.000 6%=4.200.000 төгрөг*18 сар=75.600.000 төгрөг/ 75.600.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг/ 70.0 сая:2=35.000.000/ нийт 180.600.000 төгрөг,Б-д: 90.000.000 төгрөгийг 2015-05-08-ны өдрөөс 2016-11-08-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл биелэгдээгүй үндсэн төлбөрийн 0.5%-иар тооцож хоног тутамд алданги тооцохоор хоёр талын гэрээ байгуулан бөгөөд мөн өдөртөө 90.000.000 төгрөгийг *******ын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.Дээрх зээлийн гэрээгээр *******аас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 90.000.000 төгрөг, зээлийн хүүд /90.000.000 *6%=5.400.000 төгрөг*18 сар=97.200.000 төгрөг/ 97.200.000 төгрөг, алданги /90.000.000 төгрөг: 2=45.000.000 төгрөг/ 45.000.000 төгрөг нийт 233.200.000 төгрөг, В/ 40.000.000 төгрөгийг 2015-07-30-ны өдрөөс 2017-01-30-ыг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон хоёр талын гэрээг байгуулан Д Эрдэнэбаярын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд 40.000.000 төгрөгийг мөн өдрөөр бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээний дагуу *******аас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлд 40.000.000 төгрөг, зээлийн хүүд 40.000.000 төгрөг*6%=.нэг сарын хүү 2.400.000 төгрөг*18 сар =43.200.000 төгрөг /43.200.000 төгрөг, алданги /40.000.000:2=20.000.000 төгрөг/20.000.000 төгрөг нийт 103.200.000 төгрөг, Г/40.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 18 сарын 1 хугацаатай, сар бүрийн 6%-ийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5%-иар алданги төлөх үүргийг хүлээн хоёр талын гэрээ байгуулснаар мөн *******ын ХААН банкин дахь 5029682927 дугаартай дансанд мөн өдрөөр 40.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу зээлдэгч *******аас авах учиртай төлбөрөө тооцвол үндсэн зээлд 40.000.000 төгрөг авах учиртай ч зээлдэгч *******ын 2015-07-22-ны өдөр төлсөн 21.760.000 төгрөгөөс 20.000.000 сая төгрөгийг нь үндсэн зээлээсээ хасаж үлдэх 1.760.000 төгрөгийг 22 өдрийн хүүд тооцож хассан. Дээрх зээлийн гэрээний дагуу *******аас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 20.000.000 төгрөг, зээлийн хүүд /40.000.000 төгрөг*6%=2.400.000 төгрөг*22 өдрийн хүү 1.760.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг / 2015-07-22-ны өдрөөс хойш тооцвол 17 сар, 8 өдөрт тооцвол/*6%=1.200.000 төгрөг*17 сар 08 хоног буюу 518 хоногийн хүү 20.720.000 төгрөг/ 20.720.000 төгрөг,алданги 10.000.000 сая төгрөг нийт 50.720.000 төгрөг болж байна.Зээлдэгч *******аас үндсэн зээлд нийт 220.000.000 төгрөг, зээлийн нийт хүүд 236.720.000 төгрөг гаргуулан авахаас *******ын төлсөн 28.000.000 төгрөгийг хасаж 208.720.000 төгрөг, алданги нийт 110.000.000 төгрөг нийт 538.720.000 төгрөг гаргуулан авахаас 648.000 төгрөгөөс татгалзаж байгаа болно. 2016-06-17-ны өдөр миний ХХБ дахь 407060311 дугаартай дансанд хийсэн 5.000.000 төгрөг, 2016-06-23-ны өдөр ХАС банкин дахь 5001218889 дугаартай дансанд төлсөн 5.000.000 төгрөг, үндсэн зээлээс, мөн 2017-03-10-ны өдөр ХААН банкин дахь 5094635491 дугаартай дансанд төлсөн сая төгрөг, 2017-06-21-ний өдөр төлсөн 8.000.000 төгрөгийг нийт 28.000.000 төгрөгийг зээлүүдийн нийт хүү болох 236.720.000 төгрөгөөс хасаж тооцсон болно. Иймд *******аас 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нийт 538.072.000 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнийгээ алданги 110.000.000 төгрөг, хүү 208.072.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүнд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлж авсан төлбөрөөс 28.000.000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч ******* нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 538.072.000 төгрөгөөс хүү, алданги хэмээн нэхэж буй 318.072.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нь анх *******т 2015 онд мөнгө өгөхдөө хоосон Зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгөөр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байна. Гэтэл ******* нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор Зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Батжаргал нь зээлийн хоосон загварт гарын үсэг зуруулаад нэг хувийг огт өгдөггүй байсан байна. Нөгөөтээгүүр ******* нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд Батжаргал итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол Батжаргал зээл олгох ч үгүй, Д.Эрдэнэбаяр ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв ийм 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй Батжаргал нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар Д.Эрдэнэбаярт огт зээлэхгүй байсан билээ. Иймд ******* ******* нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Би Д.Эрдэнэбаярт 240.000.000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны 5029682927 тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-нд 90.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан Д.Эрдэнэбаяр ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Д.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 06 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой над руу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.360.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1.890.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх *******ын нэхэмжлэлтэй *******аас үндсэн зээлд 220.000.000 төгрөг, зээлийн хүүд 208.072.000 төгрөг,алдангид 110.000.000 төгрөг нийт 538.072.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд зээл тус бүрийг 18 сарын хугацаатай олгосныг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.8-д заасан "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно"мөн хуулийн 282-р зүйлийн 282.2- т "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэсэн заалтуудыг үндэслэн зээлийн гэрээ тус бүрийн 18 сарын хугацааг 3 сарын хугацаа болгон гэрээ тус бүрийг 15 сарын хугацаагаар багасгалаа. Хуулийн дээрх заалтуудаас харахад гэрээний хугацааны хувьд биш зээлийн хүү хэт өндөр бол бууруулах тухай зохицуулалт байна. Хавтаст хэргийн 107-р талд авагдсан хариуцагч *******ын 2017 оны 6-р сарын эхээр бичсэн байх магадлалтай бичвэрт "2017 оны 06 дугаар сарын 25-наас юмаа авч эхэлнэ.Тэгэхээр 25-аас хойш гарсан өдрийн гарцнаас хамаарч би 5-20 сая хүртэл /1 хийхдээ/төлөлтийг 7-10 хоног тутам дансанд хийж байх болно.Энэ байдлыг харгалзан үзэж гэрээг 2-3 сараар сунгаж өгнө үү" гэсэн утгатай байдаг. Энэхүү бичвэрээс харахад бүх гэрээнүүдийн хугацаа дууссаны дараа дахиад 2-3 сар сунгахыг хүсээд байгаагаас нь харахад гэрээ тус бүрийг өөрөө хүсэж хамгийн эцсийн хугацааг 18 сараар тохирсон болох нь нотлогдож байна. *******тай зээлийн гэрээгээ байгуулаад түүний дансанд дараах байдлаар 4 удаа мөнгө шилжүүлсэн баримтуудыг хавтаст хэрэгт хийж өгсөн. Иймд *******аас нийт авах учиртай мөнгө нийт 538.072.000 төгрөг гаргуулан Х.Батжаргалд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлагыг үндэслэлгүйгээр 191.512.000 төгрөгөөр бууруулсан учир шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр *******аас 346.560.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хүү, алданги 157.320.000 гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Иргэн ******* нь өмнө нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд тухайн үед нь ******* зээл авч, буцаан төлж байсан. Гэтэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй зээлийн гэрээнүүдийг байгуулах үед ******* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаагүйг нь *******ын хувьд мэдээгүй. Зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа хүү болон хугацааг бичээгүй зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулан авсан ба сүүлд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээнүүдийн хүү болон хугацааг нөхөж бичиж өөртөө ашигтай байдлаар нэхэмжлэл гаргасан. Дээрх нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Нөгөө талаас шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглээгүй нь буруу болсон. Тодруулбал аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байна. Гэтэл ******* нь дээрх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Шүүх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийдвэрт хариуцагчаас 346.560.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 157.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 538.072.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******аас хариуцагч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй мөнгө тус тус зээлж авах, гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ЦОБАТ ХХК нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг ба хариуцагч Д.Эрдэнэбаттай харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаагүй зээлийн гэрээг иргэний хувьд байгуулж, зээлийн гэрээний дагуу нийт 240.000.000 төгрөг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5029682927 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн мөн 4 удаагийн зээлийн гэрээг нэг ижил нөхцөл болзолтой хийгдсэн гэрээ гэж үзсэн нь зөв байна.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар 15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь ЦОБАТ ХХК-ийн өмнөөс биш иргэн ******* гэдгээр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй гэрээний хоосон загварыг нөхөж бөглөсөн хоосон гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбар, хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх шинжээч томилсон боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10/5354 дугаар албан бичгээр ...шинжилгээ хийх боломжгүй гэх хариуг ирүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаар, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2 дугаар , 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхэд гаргасан тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхээс дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар 157.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Талууд зээлийн гэрээний хугацаа, хүү, алдангийн талаар харилцан тохиролцсон өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд зээлийн гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байхад гэрээний хугацааг 3 сар болгон бууруулж зээлийн хүүгийн хэмжээг 61.200.000 төгрөг гэж тооцсон нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч ******* ... 2017 оны 06 дугаар сарын 25-наас юмаа авч эхэлнэ.Тэгэхээр 25-наас хойш гарсан өдрийн гарцнаас хамаарч би 5-20 сая хүртэл /1 хийхдээ/ төлөлтийг 7-10 хоног тутам дансанд хийж байх болно. Энэ байдлыг харгалзан үзэж гэрээг 2-3 сараар сунгаж өгнө үү... гэх хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан, мөн зээлийн хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлээ төлөөгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм.

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар зээлийн гэрээнүүдийг үндэслэн үндсэн зээл 220.000.000 төгрөг, хүү 208.072.000 төгрөг, алданги 110.000.000 төгрөг нийт 538.072.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.115.510 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944.550 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэг 538.072.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай... гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг ...хариуцагчаас 1.890.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...хариуцагчаас 2.848.310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.115.510 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР