Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01410

 

И.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар магадлалтай,

И.Б-ын нэхэмжлэлтэй

Д.И-т холбогдох,  

Зээл, хүү, алдангид 538.072.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч И.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.И- нь 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 240.000.000 төгрөгийн зээл авсан. Д.И- нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-д тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ байгуулсан. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. Үүнд  2015 оны 5 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 5 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй тус тус зээлдүүлсэн. Үүнээс 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000.000 төгрөгийн зээлээс 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40.000.000 төгрөгний зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн.

Иймд 01 тоот гэрээний дагуу зээл 70.000.000 төгрөг, хүү 75.600.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг, нийт 180.600.000 төгрөг, 02 тоот гэрээний дагуу зээл 90.000.000 төгрөг, хүү 97.200.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг, нийт 232.000.000 төгрөг, 03 тоот гэрээний дагуу зээл 20.000.000 төгрөг, хүү 20.072.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 50.072.000 төгрөг, 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээл 40.000.000 төгрөг, хүү 43.200.000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. Дээрхийг нэгтгээд зээл 220.000.000 төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөг, алданги 110.000.00 төгрөг нийт 538.072.000 төгрөгийг хариуцагч Д.И-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлээс 28.000.000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч Д.И- нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги хэмээн нэхэж буй 318.072.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...И.Б- нь анх Д.И-т 2015 онд мөнгө өгөхдөө хоосон зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй. Гэтэл И.Б- нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр Д.И- нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд И.Б- итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол И.Б- зээл олгох ч үгүй, Д.И- ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй И.Б- нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар Д.И-т огт зээлэхгүй байсан. Иймд И.Б- Д.И- нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 5 сарын 07-ны өдрийн 01 тоот, 2015 оны 5 сарын 08-ны өдрийн 02 тоот, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот, 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.Б-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Д.И-т 240.000.000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны 5029682927 тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 5 сарын 07-ны өдөр 70.000.000 төгрөг, 2015 оны 5 сарын 08-ны өдөр 90.000.000 төгрөг, 2015 оны 6 сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 7 сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан Д.И- ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Д.И- нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 6 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой надруу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.И-аас 538.072.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.И-ын нэхэмжлэгч И.Б-д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.360.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2.848.310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4898 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.И-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр, магадлал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Магадлалд “...зохигчийн эдлэх эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж нэгэнт үзсэн болохоор цаашлаад “...хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтэнд давхар хүрч байгаагаараа хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндлөө. Анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 09-ний өдрийн 142/Ш32018/01216 дугаар захирамжаараа 2018 оны 01 сарын 19-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй, шүүгчийн захирамжид заасан асуудлаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гараагүй, талууд шинэ нотлох баримттай танилцаж, хэргийг сэргээх хүсэлт гаргаагүй байхад өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн шүүх хуралдааныг 2018 оны 3 сарын 14-ний өдөр зарласан байна. Шүүгч нь энэхүү захирамжийг гаргахдаа гомдол гаргах хугацаа зааж өгсөн боловч энэ хугацаа буюу 10 хоногоосоо хойш шүүх хуралдаанаа товлох ёстой боловч 5 хоногийн зайтай шүүх хуралдаан зарлаж байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Мөн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01-р сарын 19-ний өдрийн захирамж бүрэн биелэгдээгүй тул дахин шинжээч томилох, “хариуцагч талд өөрт байхгүй нэхэмжлэгч И.Б-д зээл төлж байсныг нотлох түүний Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкны 2015 оны 5 сараас 2017 оны 8 сар хүртэлх харилцах дансны орлогын хуулга гаргуулах” тухай гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтүүдийг шүүгч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-г үндэслэн гомдол гаргах эрхгүйгээр захирамж гарган, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гаргуулах, шинжээч томилох хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 10/5354 албан тоотоор “...Захирамжид дурдсан асуултуудад хариулах шинжилгээг хийхэд шинжлэгдэх баримтууд болох зээлийн гэрээнүүд дээрх бичиглэлүүдийн үсэг, тоо зэрэг тэмдэгтүүд нь шинжилгээнд хүрэлцэхгүй байх тул химийн шинжилгээ хийх боломжгүй байна” гээд “...жич: Будагч бодисын шинжилгээг хийхэд шинжилгээний стандарт ажлын зааврын дагуу уг бичвэр бичигдсэн оноос шалтгаалан 12-15 ширхэг тэмдэгт шаардлагатай байдаг” хэмээн химийн шинжилгээ хийх боломжгүй гэж шинжээч шинжилгээ хийхээс Шүүхийн шинжилгээний тухай хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан байсан. Ийм ч учраас шүүгч 2018 оны 01 сарын 19-ний өдрийн захирамжаараа энэ хуулийн зөрчлийг арилгах зорилгоор уг асуудлаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шийдвэр гаргасан атлаа ямар нэгэн хууль сануулсан, эргэж хариуцлага тооцох боломжтой, хууль ёсны шинжээч биш зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн и/1063 албан тоотоор "...шинжилгээ хийхийн тулд стандарт ажлын зааврын /СНЕМ-7/ дугаа бичигдсэн хугацаанаас хамаарч 3-аас дээш жилийн өмнө бичигдсэн гар бичвэрийн харьцуулан шинжлэх загвар тус бүрээс 30 цифр авч шинжилгээний дээж бэлтгэх шаардлагатай байдаг тул дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байгаа учраас шинжилгээ хийх боломжгүй байна” гэж өмнөх шинжээчийн дүгнэлтээс өөр үндэслэлээр татгалзаж ирүүлсэн хариутай хариуцагчийн төлөөлөгч дөнгөж танилцмагц шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүй хэмээн хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн төдийгүй маргааны гол үйл баримтын талаарх талуудын маргааныг шүүхээс дүгнэх боломжийг хаасан хэрэг болсонд гомдолтой байна. Үүгээрээ шүүгч нь шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж өөрийнх нь шийдвэрийг үндэслэлгүйгээр биөлүүлэхээс татгалзсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хууль бус үйлдлийг өөрөө хүлээн зешөөрснөөрөө хууль бус шүүхийн практик тогтоох боломжийг бүрдүүлсэн байхад энэ алдааг давж заалдах шатны шүүх нэн даруй засах ёстой үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэзээ, хэдий хугацаагаар хэдэн удаа түдгэлзүүлж, хэзээ сэргээж, ямар хугацаанд шүүх хуралдаан зарласан гэдэг нь уг хүсэлтийг гаргах хугацаа, “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг тодорхойлж өгөх нөхцөл байдлууд юм. Энэ хүсэлтийнхээ үндэслэл, шалтгааныг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт болон давж заалдах гомдолдоо маш тодорхой дурсан байгаа нь хэрэгт авагдсан байгаа болно. Иймд дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.Б-, Д.И-аас зээл, хүү, алдангид 538.072.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

И.Б- нь Д.И-т 4 удаа, урт хугацаатай буюу 18 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, нийт 240.000.000 төгрөг зээлдүүлсэн байх бөгөөд хоёр шатны шүүх эдгээр зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-д банкнаас бусад этгээд ...зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан байна.

Хэрэв зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар аваагүй этгээд энэ төрлийн үйл ажиллагааг байнга явуулсан нь тогтоогдвол зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүсдэг.

Шүүх нэхэмжлэгч И.Б-ын шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тодорхойлсон бөгөөд зохигчийн хоорондын харилцаа, зээл олгосон үндэслэлийг тодруулж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх шаардлагатай ба энэ байдал тогтоогдоогүй байна.

Хэргийн 104-105-р талд 2016 оны 6 дугаар сарын 17, 23-ны өдөр тус бүр 5.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10, мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөг, бүгд 28.000.000 төгрөг төлсөн баримт авагджээ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрхээс гадна 21.000.000 төгрөг, нийт 49.000.000 төгрөг төлсөн гэх боловч эдгээр төлбөрийг хэзээ, хэрхэн төлсөн нь тодорхой бусаас аль зээлийн үндсэн болон хүүд тооцохыг тогтоох боломжгүй байна.

Хариуцагч Д.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Д.И-аас И.Б-д зээл төлж, мөнгө шилжүүлж байсныг нотлох, нэхэмжлэгчийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкны 2015 оны 5 сараас 2017 оны 8 сар хүртэлх харилцах дансны орлогын хуулга гаргуулах” тухай хүсэлт гаргаж, хариуцагч тухайн баримтыг өөрөө гаргах боломжгүйгээ тайлбарласан байхад шүүх хангахгүй орхисон нь учир дутагдалтай, эдгээр баримт хэрэгт ач холбогдолтой байна.

Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2.848.310 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ