Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 62

 

И.Бын нэхэмжлэлтэй

хариуцагч Д.Эт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Эт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 538.072.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э нь зээлийн гэрээгээр нийт 240.000.000 сая төгрөгийн зээл авсан. Э нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. Үүнд:

1.2015 оны 5 сарын 7-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

2.2015 оны 5 сарын 8-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

3.2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

4.2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 240.000.000 төгрөг Эт зээлдүүлсэн.

Үүнээс: 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40 000 000 төгрөгний зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн. Иймд:

1. 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу зээлдсэн 70.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 75.600.000, үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 180.600.000 төгрөг

2. 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу зээлдсэн 90.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 97.200.000, үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг нийт 232.000.000 төгрөг

3. 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг үүнээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000, үндсэн зээл 20.000.000 нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийж үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 болсон. 2015 оны 7 сарын 22-оос 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 518 хоногийн хүү 20.072.000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 50.072.000 төгрөг

4. 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээлдсэн 40 000 000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдсэн. 18 сарын хүү 43.200.000 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. Эаас үндсэн зээл: 220.000.000 сая төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөгийн хүү тооцно, алданги 110.000.00 сая төгрөг нийт 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нийт 538 072 000 төгрөг нэхэмжилсэн байх ба уүнийгээ алданги 110 000 000 төгрөг, хүү 208 072 000 төгрөг, ундсэн зээлийн үлдэгдэл 220 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүнд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлж авсан төлбөрөөс 28 000 000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч Д.Э нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 538.072.000 төгрөгнөөс хүү, алданги хэмээн нэхэж буй 318.072.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

И.Б нь анх Д.Эт 2015 онд мөнгө өгөхдөө хоосон Зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байна. Гэтэл И.Б нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор Зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б нь зээлийн хоосон загварт гарын үсэг зуруулаад нэг хувийг огт өгдөггүй байсан байна. Нөгөөтэйгүүр Д.Э нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд Б итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол Б зээл олгох ч үгүй, Э ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв ийм 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй Б нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар Эт огт зээлэхгүй байсан билээ. Иймд И.Б Д.Э нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Би Эт 240 000 000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны 5029682927 тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-нд 90 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан Э ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Э нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 06 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой надруу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Эаас 538.072.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Эын нэхэмжлэгч И.Бд холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.360.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2.848.310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4898 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэннй хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/Ш32017/05319 дүгээр захирамжаар шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10/5354 албан тоотоор Захирамжид дурдсан асуултуудад хариулах шинжилгээг хийхэд шинжлэгдэх баримтууд болох зээлийн гэрээнүүд дээрх бичиглэлүүдийн үсэг, тоо зэрэг тэмдэгтүүд нь шинжилгээнд хурэлцэхгуй байх тул химийн шинжилгээ хийх боломжгүй байна. гээд ...Жич: Будагч бодисын шинжилгээг хийхэд шинжилгээний стандарт ажлын зааврын дагуу уг бичвэр бичигдсэн оноос шалтгаалан 12-15 ширхэг тэмдэгт шаардлагатай байдаг хэмээн химийн шинжилгээ хийх боломжгүй шинжээч шинжилгээ хийхээс Шүүхийн шинжилгээний тухай хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох зорилгоор хүсэлт гаргаж шүүхээс шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс нэг асуудлаар 2 өөр хариулт буюу стандарт ажлын заавар нь нэг болохоор 12-15 тэмдэгт, нэг болохоор 30 цифр шинжилгээ хийхэд шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн байхад дахин шинжээч томилж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж эргэлзээтэй Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албан тоотоор өгсөн хариуг шүүхээс шинжээч томилсон захирамж биелэгдсэн мэт дүгнээд хариуцагч өөрөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй гэж асуудалд хандаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх шинжээч шинжилгээ хийхээс татгалзахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-дах заалтыг үндэслээгүй албан тоотыг шинжилгээ хийхээс татгалзасан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн дахин шинжээч томилох хүсэлтийг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч талд өөрт байхгүй нэхэмжлэгч И.Бд зээл төлж байсанг нотлох түүний Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкы 2015 оны 05 сараас 2017 оны 08 сар хуртэлх харилцах дансны орлогын хуулга гаргуулах" тухай нотлох баримт гаргуулах хүсэлт нь 2018.01.19-ний өдөр тус шүүхэд гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нотлох хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгаар шүүх хуралдааны үед гаргасан хэмээн хүлээн авалгүй шийдвэрлэсэнд мөн адил гомдолтой байна.

Анхан шатны шүүх үнэхээр нэхэмжлэгчийг 49.760.000 төгрөг төлсөн гэж дүгнээд байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаас ядаж 21.760.000 төгрөгийг хасах ёстой байтал анх нэхэмжилсэн 538.072.000 төгрөгөөр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасны дагуу шинжилгээ хийлгэх, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүрэгт 538.072.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Э нь хүү алдангийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч И.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдэд тулгуурлан тодорхойлжээ.

Нэхэмжлэгч И.Б хариуцагч Д.Э нар нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай барьцаагүйгээр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 90.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, барьцаагүйгээр, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай барьцаагүй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг 16 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай барьцаагүйгээр зээлэхээр зээлийн гэрээнүүдийг байгуулж гэрээндээ зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хоног дутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээний дагуу мөнгийг тухай тухайн өдрөө зээлдэгч Д.Эт шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /зээлийн гэрээнүүд, төлбөрийн даалгавар/ нотлогдон тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Д.Эаас үүргийг хугацаандаа биелүүлээгүй хариуцлага алдангийг тооцон шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч И.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, Т.Гүрбадам нар зээлийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй гэрээний хоосон загварыг нөхөж бөглөсөн хоосон гэрээнд гарын үсэг зуруулж авсан гэсэн тайлбар гарган гэрээний хугацаа хүү алдангийг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байх ба шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрээнүүдэд бичигдсэн хугацаа, зээлийн хүү зэрэгт бичсэн бичвэр, бичсэн бэх нэг өнгөөр бичигдсэн эсэх, эдгээр бичвэрүүд нэг цаг хугацаанд бичигдсэн эсэх зэргийг тодруулахаар шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч зээлийн гэрээнүүд дээрх бичиглэлүүдийн үсэг тоо зэрэг тэмдэгтүүд нь шинжилгээ хийх стандарт хэмжээнд хүрэлцэхгүй, гараар бичигдсэн хэсгүүдэд давхацсан хэсгүүд байхгүй тул нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй, гар бичвэрүүдийг нэг бэхээр бичигдсэн эсэхийг шинжлэхийн тулд стандарт ажлын зааврын дагуу бичигдсэн хугацаанаас хамаарч 3-аас дээш жилийн өмнө бичигдсэн гар бичвэрийн харьцуулан шинжлэх загвар тус бүрээс 30 цифр авч шинжлэх шаардлагатай байдаг тул энэ хэмжээнд хүрэлцэхгүй учир шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариунуудыг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээгээр хүү алданги тохиролцоогүй гэж тайлбар гарган маргаж буй боловч хүүгийн хэмжээг өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор хийгдсэн гэж үзэж зээлийн хүүг багасгах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, анзын хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтрээгүй тул шүүх алдангийг илт их гэж үзэх боломжгүй мөн сарын 6 хувийн хүү тооцож тохиролцсон хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх хууль ёсны эрх ашигт илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэсэн үндэслэлд нийцээгүй, хэлцлийн агуулгын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн нэхэмжлэгч И.Бын Д.Э нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, тоног төхөөрөмж оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй та мөнгө өгч туслаач гэж гуйсны үндсэн дээр ажил гүйцэтгэх хэмжээний их мөнгө 240.000.000 төгрөг зээлдүүлсэн гэсэн тайлбар нь хэрэгт цугларсан Д.Эын Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдох мөн хариуцагч Д.Эын нэхэмжлэгч И.Бд өгсөн хүсэлтэнд хөрс хуулалтын ажил хийгдэж байна 2017.06.25-наас юмаа авч эхлэхээр 5.000.000-20.000.000 төгрөгийн төлөлт хийнэ гэрээгээ 2-3 сараар сунгаж өгнө үү гэжээ. Эдгээр нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Д.Э нь өөрийн ажил гүйцэтгэх хэрэгцээ шаардлагын үүднээс зээлийн гэрээ хийсэн болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагчинй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн байх тул хэргийн зохигчдын эдлэх эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ