Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2019/00095

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй                       

            Хариуцагч: НМХГ-т холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2,710,890 төгрөг гаргуулах, өргөдөл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.О хөтлөв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А би 2017.02.20-ны өдөр НМХГ-т хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд н.Э нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Х-д хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон.

Энэ бол НМХГ-ын даргын буруутай үйлдлийг дээд шатны албан тушаалтан зөвтгөсөн болохыг нотолно. Удаа дараа дээд тушаалтанд гомдол гаргасан гэх үндэслэлээр Эрдэнэчулуун дарга намайг дахиж хавчин, хяхаж 2018 оны 01, 02 сардуудад мөн л ажил хийлгээгүй.

Би бас л дээд шатны байгууллага болох ЗГ-ын гишүүн шадар сайд н.Э гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон. Дахиад л дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд 2018.05.08-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн.

Гэтэл өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие тушаалаа ч гардаж авч чадахгүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тушаал өгөхгүй байснаас гадна ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байна.

Мөн цалингаа нэхэж очиход н.Э дарга уулзахгүй гэдэг ба, өрөөндөө байсан ч өөрийгөө байхгүй байна гэж худлаа хэлдэг.

Сарын дундаж цалин 542,180 төгрөг болж байх тул 5 сарын цалин 2,710,890 төгрөг болж байна. Иймд 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин нийт 2,710,890 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн шүүхээс ажил олгогч ажилтныг дарамтлаж өөрийн эрхшээлдээ байлгах, өөрийнх эсрэг бичиг хийлгэж авах, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй , цалин хөлс өгөхгүй хясан гоогдуулсан эсэхийг анхааран үздэг юм байна.

Миний бие Ерөнхий сайд У.Х , шадар сайд Ө. Э Энх нийгэм ТББ-аар дамжуулан удаа дараа гомдол гаргасаны төлөө ихэд хавчигдаж байсан бөгөөд гомдлын дагуу ажилдаа эргэн орж байсан нь ажлаа 2017.08.09.10.11.12 хүртэл ажиллаад дахин 2018.03.07-ны өдөр ажилдаа дахин орсон болохыг нотлоно.

Өөрөөр хэлбэл 2017.02.20-ны өдөр НМХГ-ын шуурхай албанд ажилд орсноос хойш 2017.06.07, 2018.01.02 саруудад ажилгүй байснаар тодорхой харагдана.

Монгол Улсын иргэн, төрийн ажилд орсон этгээд Нийгмийн даатгал төлөлтөө бодохгүй бөгөөд миний бие ажлаа тасралтгүй хийх чин хүсэлтэй байсан боловч дээрхи хугацаануудад өөрөөс үл шалтгаалах асуудлаар ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хохироод энэ асуудлаар шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаснаар харагдана.

Миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх үед миний буруутай үйлдэл байгаа бол намайг ажилд авсан 2017.02.23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлд заагдсан хариуцлагыг хүлээлгэн ажлаас халах тушаал гаргах байсан гэж үзэж байна.

Гэтэл миний бие ажлаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалж, хөдөлмөрийн гэрээ зөрчөөгүй атлаа ажлаа хийж чадаагүй, цалин хөлсгүй хохирсон. 2017.08 сард ажилд орсон, Ерөнхий сайд У.Х, Шадар сайд Э нарын даалгавараар зөвлөх Э-тэй төрийн ордонд уулзалт хийж байж 2018.03.07-ны өдөр ажилдаа буцаж орсон зэрэг нь миний эрх зөрчигдөж байсан, миний бие эрхээ хамгаалахаар дээд шатны байгууллагуудад гомдол гаргаж байсныг нотлох үйл баримт юм.

Дээд шатны албан тушаалтан, удирдлагын заавраар намайг ажилд эгүүлэн авсан НМХГ-ын дарга Э, Тамгын газрын дарга Б, Захиргаа хүний нөөцийн дарга С нар 2018.03.07-ны өдөр өрөөндөө надтай уулзаж “Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно” гэснээр миний бие удирдлагаа итгэж” 2017.12.28-аас 2018.03.07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн” гэсэн бичгийг хийж өгсөн.

Энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд НМХГ-ын дарга Э-д 2017.03.08-ны өдөр бичиж өгсөн Г.А миний өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө.

Иргэний хуулийн 58,59-р зүйлд ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн нөхцөл оайдлыг тодорхой заасан байх бөгөөд миний бие удирдлагын түвшний хүмүүсийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлсэн үйлдэл нь ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн үйлдэл гэж үзэж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гболон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулах тухай дурдсан байна.

НМХГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь иргэний /7012-8012/ утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаагүй, ирсэн гомдлыг цаг хугацаанд холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь 2017.05.26-ны өдрөөс 2017.08.03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, НМХГ-ын Тамгын газрын 2017 оны цагийн балансад 06, 07-р саруудад ажиллаагүй гэж тусгагдсан байна.

Г.А-ын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2017.12.28-ны өдрөөс эхлэн 2018.03.30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, НМХГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8, 6.5-ыг тус тус үндэслэн НМХГ-ын даргын 2017.12.28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар олгосон байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй.

Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А-ын нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулах тухай дээр дурьдсан холбогдох бичиг баримтаас харахад цалин хөлс олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2018 оны 01, 02, 03 дугаар сард чөлөө авсан гэж өргөдлөө биччихээд, бичээгүй гэж яриад байгаа. Хэрэгт энэ баримт нь нотариатаар баталгаажуулсан байдлаар авагдсан байгаа. 03 дугаар сараас эхлээд ажилласан цагийг нь үзлэг хийгээд тогтоогоод тооцоог нь хэрэгт өгсөн байгаа.

Иймд дээрх хууль зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А хариуцагч НМХГ-т холбогдуулан 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин 2,710,890 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичсэн  өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч НМХГ нь Г.А ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, нэхэмжлэлд дурдсан хугацаанд ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн боловч тэрээр энэ  журмыг хэрэглэх боломжгүй байсан тул  шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

 

Учир нь НМХГ-т хөдөлмөрийн маргаан таслах комисс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд  нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь нэхэмжлэгч хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байсан байна гэж үзлээ.

 

Хэрэгт ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.А 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НМХГ-ын даргын Б/142 дугаартай тушаалаар Тус газрын захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн Шуурхай ажлын багийн ажилтнаар томилж,  мөн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/212 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн  байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь 2017 оны 06, 07 дугаар сар, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар цалин хөлсний маргааныг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гаргах ёстой боловч нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа цалин хөлсийг олгочих байх хэмээн харж байсан гэсэн тайлбар гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Г.А-ын ажилгүй байсан хугацааны цалин 2,710,890 төгрөгийг НМХГ-аас гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

НМХГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар Г.А-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны  өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгожээ.

 

Уг чөлөөг нэхэмжлэгч Г.А-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөн өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэсэн байна.    

 

Нэхэмжлэгч цалингүй чөлөө авах хүсэлтээ ноцтой төөрөгдөлд орсон, мөн байгууллагын дарга  н.Э тамгын газрын дарга н.Б, захиргаа  хүний нөөцийн дарга н.С нар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цалинг нөхөж олгоно санаа зоволтгүй гэсэн учир итгэж цалингүй чөлөө авах өргөдлийг   бичсэн гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч үгүйсгэсэн бөгөөд нэхэмжлэгч  баримтаар нотлоогүй, тэдгээр ажилтнуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Нөгөөтэйгүүр  нэхэмжлэгч  Г.А-ын  цалингүй  чөлөө  хүссэн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өргөдлийг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн мөн газрын 2018 оны шалган бүртгэх товчооны рапортын дэвтрийг буцаан олгосон болно.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2018 оны 07  дугаар сарын 25-ны өдрийн 02-01/2779 итгэмжлэлээр хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Д.С-д төлөөлөх эрх олгосон нь хууль зөрчөөгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид 128,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн болно.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар НМХГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2,710,890 төгрөгийг гаргуулах, Г.А-ын  2017 оны 12 дугаар сарын 28-ны  өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид 128,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.3-т зааснаар НМХГ-аас ирүүлсэн мөн газрын 2018 оны  шалган бүртгэх товчооны рапортын дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                            Б.САЙХАНЦЭЦЭГ