Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2018/00760

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2018/00760

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ё.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох

Хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин техник тоног төхөөрөмжөө авчрахад гарсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хадлан хийхэд гарсан зардлын тал хувь 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний бие нь Жаргалант суманд газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2009 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалангийн чиглэлээр тариа будаа, овъёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй, жижиг оврын тэжээлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй. 2015 онд нийт нутгаар гантай газар тариалагийн гарц муутай жил болсон. Иймээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд ажиллахаар манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, ******* хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө прэсслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу миний бие компанийхаа техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан. ******* нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ширхэг том прэсс, /дөрвөлжин 30 пресстэй тэнцдэг/ 19 300 ширхэг дөрвөлжин прэсс нийт 28 090 ширхэг прэссэлсэн өвс хийсэн. Тухайн үед 1 пресс өвс ширхэг нь 4 000 тегрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112 360 000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо пресстэй өвс 8 000 төгрөг хүрч байгаа бөгөөд ******* одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч ******* нь анх ярилцаж тохиролцсны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан. Миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймд *******аас хадлан хийж олсон ашгийн 50 хувь болох 30 000 000 төгрөг, машин техник тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас татан авчирахад гаргасан зардал 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би 60 000 000 төгрөгийн ашиг олох нь байтугай 6 000 000 төгрөгний ч ашиг олоогүйгээр барахгүй харин ч хохирол амссан. Түймэрт хамаг өвсөө шатаалгасныг Бямбацогт ч өөрөө сайн мэдэж байгаа ба тэрээр 50 том боодол буюу 1 500 ширхэг пресс өвсийг ачаад явсан. ******* 3 ширхэг трактор гаргасан, прэсслэгч машиныг би гаргасан. Тэдний ажилчин Батгэрэлд би цалин өгсөн. Бороо ус, гал түймэр гээд ажил явахгүй байхад тийм их ашиг олох нөхцөл бүрдээгүй. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2015 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал олсон ашгаа хуваан авах, алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардлаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас эхлээд л ******* одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хувааж болно биз гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоохгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9 дүгээр сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг прэсслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, пресслэсэн, том боодлоор пресслэсэн өвс болон хадах байсан тайлбайгаа түймэрт авахуулж шатаалгасан. Миний бие нь Баянсементал ХХК-н хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд Баянсементал ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс Баянсементал ХХК нь 12 000 000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс 4 000 боодлыг авсан. ******* 50 том боодол буюу 1 500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30 000 000 төгрөгний зардал гарсан уу гэхээс ашиг олоогүй юм. Иймд нийт 20 000 000 төгрөгний алдагдалд орсон, үүний 50 хувь болох 10 000 000 төгрөгийг Ё.Бямбацогоос гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд:

******* нь сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Хөлөнбуйр нутагт хадлан хийж гарах зардал болон олсон ашгаа хуваан авах бөгөөд алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоо хийсэн гэх боловч миний гаргасан нэхэмжлэлд тайлбар ирүүлэхдээ энэ тухай огт дурдаж байгаагүй бөгөөд харин ч эсэргүүцэж зөвшөөрөхгүй байсан. Мөн бид анхнаасаа алдагдал гаргахгүйн тулд гарах бүх зардлуудаа тооцоод ашгаа хувааж авахаар харилцан тохиролцсон. Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр гал тогооны хэрэгсэл, 2 ажилтан гаргах, ******* хадлан хийх шаардлагатай шатах тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ажилтан нэг бүрд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж өвсөө прэсслээд борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон.

Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ намайг ажлын анхны өдрөөс одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон бусад зардлаа гаргаад явж бай, тэгээд хуваачиж болно биз дээ гэж хэлсээр байгаад бүх зардлыг өөрөө гаргасан, ашиг олоогүй гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Миний бие тохиролцсоныхоо дагуу газар тариалангийн чиглэлээр тариа будаа овъёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй учраас техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийн хамт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан.

******* нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж ашиг олсон. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. ******* хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шатгаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж түүний хохирлыг бүрэн барагдуулсан" тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр ******* нь ашиг олоогүй гэх үг үгүйсгэгддэг байна. Иймээс нэхэмжлэгч миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө авчирсан зардал 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хадлан хийхэд гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадлан хадаж, олсон ашгаа хувааж авахаар харилцан тохиролцож 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгаас *******ын техник хэрэгслийг ачиж Дорнод аймаг руу хөдөлсөн байна.

Нэхэмжлэгч ******* хоёр ажилтан, 3 ширхэг трактор, прэсслэгч машин, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэлийг гаргах, хариуцагч ******* хоёр ажилтан, хадлан хадах газар, хоол хүнс, ажилчдын цалин, прэсслэгч машин, шатах тослох материалыг хариуцахаар тохиролцсон байна.

Хариуцагч ******* Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Баянсиментал ХХК-аас прэсслэгч машин, зарим сэлбэг хэрэгсэл ачиж 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Бор овоот гэдэг газар очсон ба 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан.

2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Д.Батбаатар гал алдаж, ******* болон Баянсиментал ХХК-ний хадсан байсан өвс болон хадах талбай түймэрт өртөж, Баянсиментал ХХК, ******* нарт хохирол учирсан бөгөөд талууд хэлэлцэн тохиролцож 12 000 боодол өвсийг нөхөн төлөхөөр болсон байна.

Ийнхүү хэлэлцэн тохирсон ёсоор 8 000 боодол өвсийг бэлнээр, 4 000 боодол өвсийг хадаж өгснөөр Баянсиментал ХХК болон ******* нарт төлөх үүргээ Д.Батбаатар гүйцэтгэсэн болох нь гэрч Б.Анд-Очирын мэдүүлэг, Баянсиментал ХХК-ний тайлбар, Д.Батбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэлээр нотлогдож байна. /хх 214-217, 186, 156-162/

Гэрч Д.Батбаатарын мэдүүлгээр 12 000 боодол өвсийг Баянсиментал ХХК, ******* нарын дунд нь өгсөн гэж тайлбарласан бөгөөд уг өвснөөс хэн нь хэдийг авсан талаар мэдэхгүй гэж, хариуцагч ******* 4 000 боодол өвсийг авсан ба *******од 50 боодол буюу жижиг 1500 боодол өвс өгсөн гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч байна.

Талууд хамтран хадлан хадах, ашгаа тэнцүү хуваах, нэхэмжлэгч ******* 2 ажилтан болон гэр гал тогооны хэрэгсэл, 3 трактор гаргасан, хариуцагч ******* хадлан хадах газар, 2 ажилтан, шатах тослох материал, хоол хүнсний зардал, ажилчдын цалин /Н.Баатарсүхээс бусад/ өгсөн хийгээд гал түймэр гарсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгч прэсслэгч машин гаргасан гэснийг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцэж байх бөгөөд хариуцагч ******* Баянсиментал ХХК-наас прэссийн машин ажиллуулж байсан гэх тайлбар, гэрч Д.Батбаатарын ...том жижиг хэмжээгээр өвс боосон байсан гэсэн мэдүүлгээр зохигчдын хэн алиных нь прэсслэгч машин ажиллаж байсан гэж дүгнэв.

Орхон аймгийн Жаргалант сумын *******ын аж ахуйн хашаанаас 3 ш трактор, тоног төхөөрөмжийг гэрийн хамт 52-41 ОРО, 39-14 ОРХ дугаарын машинд ачиж Төв аймгийн Баян суманд фермерийн аж ахуй дээр аваачиж, тэндээс шалаанз маркийн машинд шилжүүлэн ачиж Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хүргэсэн байх бөгөөд энэ талаар тус ачааг ачиж явсан жолооч Д.Цэрэнсамбуу, Б.Пүрэвжав нар тодорхойлолт гаргасан, 2015 оны 10 дугаар сарын 30-нд хадлан хадаж дууссаны дараа 3 ш трактор, бусад тоног төхөөрөмжийг Дорнод аймгаас Орхон аймгийн Жаргалант суманд *******ын аж ахуйн хашаанд буулгасан тухай И.Чинзоригийн тодорхойлолтоос дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгсэл 2 ажилтнаар, хариуцагч ******* хадлан хадах газар, 2 ажилтан, өвс прэсслэх машин, санхүүгийн төлбөр тооцоог хариуцан хамтран ажиллаж байсан байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөгийг, машин техник хэрэгслээ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас буцаан авчрахад гарсан зардал 5 000 000 төгрөгийн хамтаар гаргуулна гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч ******* цаг агаарын таарамжгүй байдал, гал түймрийн улмаас ашиг олоогүй, алдагдалтай ажилласан тул гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн хуулийн 477.3-д гэрээнд өөрөөр заагаагүй бол төлсөн хураамж нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь гэрч Н.Баатарсүх, Л.Батгэрэл, Д.Батбаатар нарын тодорхойлолтыг үндэслэн 28 090 ширхэг прэссэлсэн өвс бэлдсэнийг 4 000 төгрөгөөр тооцоход 112 360 000 төгрөг, үүнээс ажилчдын цалин, шатах тослох материал, хоол хүнсийг хасч 60 000 000 төгрөгийн ашигтай ажилласан гэсэн нь нотлогдохгүй байна. Тодруулбал: гэрч Д.Батбаатарын талбайг шатаасан төлбөрт Баянсиментал ХХК болон Батбаяр нарт 12 000 боодол өвс өгсөн, хадах талбай дуусч байсан гэх мэдүүлэг, Баянсиментал ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/31 тоот албан бичигт 4000 боодол өвс *******т өгсөн гэсэн тодорхойлолт, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 24/45 тоотод 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт баг Бор толгой гэх газарт хээрийн түймэр гарч хадлангийн талбай шатсан гэх тодорхойлолт, Дорнод аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тоотод 2015 оны 09 дүгээр сарын 1, 17, 21, 22, 24, 30-нд бороо орсон тухай тодорхойлолт, гэрч Л.Батгэрэлийн ...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан тэгэхэд өвсөө хадаад бараг дууссан байсан гэх мэдүүлэг, гэрч Н.Баатарсүхийн ...бөөрөнхий өвс 320 орчим байснаас шатаад 4-5 боодол үлдсэн гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд 60 000 000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Ашиг гэдэг нь орсон орлого гарсан зардлаас давсан зөрүүгээр тодорхойлогдох бөгөөд хариуцагч *******ын Голомт банкны 4005100846 тоот дансанд 26 595 935.78 төгрөг байснаас 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гүйлгээний үлдэгдэл 3 849 035.78 төгрөг болж буурсан байна. Мөн дээрхи хугацаанаас хойш хариуцагчийн дансаар өвсний үнэ /Хаан болон Голомт банкаар/ нийт 14 140 000 төгрөгийн орлого орсон байгаа боловч энэ орлогыг ашиг гэж тодорхойлох боломжгүй юм.

Зохигчид оруулсан хувь хэмжээгээр олох ашгаа хуваана гэж тохиролцсон тул хариуцагчийн гарсан зардлын тал хувь гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө авчирсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хадлан хийхэд гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 333 000 төгрөг болон 174 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Б-ын хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө авчирсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Б-ын хадлан хийхэд гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 333 000 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ