Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2018/00118

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Батбаярт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******т холбогдох,

Хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30.000.000 төгрөг, машин техник тоног төхөөрөмжөө авчрахад гарсан зардал 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хадлан хийхэд гарсан зардлын тал хувь 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие нь Жаргалант суманд газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2009 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалангийн чиглэлээр тариа будаа, овьёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй, жижиг оврын тэжээлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй. 2015 онд нийт нутгаар гантай газар тариалангийн гарц муутай жил болсон. Иймээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр*******ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд ажиллахаар манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах,******* хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө прэсслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу миний бие компанийхаа техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан.******* нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ширхэг том прэсс, /дөрвөлжин 30 пресстэй тэнцдэг/ 19 300 ширхэг дөрвөлжин прэсс нийт 28 090 ширхэг прэссэлсэн өвс хийсэн. Тухайн үед 1 пресс өвс ширхэг нь 4 000 тегрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112.360.000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгийн цэвэр ашиг гарч байна. Одоо пресстэй өвс 8.000 төгрөг хүрч байгаа бөгөөд******* одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч******* нь анх ярилцаж тохиролцсоны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан. Миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймд*******аас хадлан хийж олсон ашгийн 50 хувь болох 30 000 000 төгрөг, машин техник тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас татан авчрахад гаргасан зардал 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би 60 000 000 төгрөгийн ашиг олох нь байтугай 6 000 000 төгрөгний ч ашиг олоогүйгээр барахгүй харин ч хохирол амссан. Түймэрт хамаг өвсөө шатаалгасныг Бямбацогт ч өөрөө сайн мэдэж байгаа ба тэрээр 50 том боодол буюу 1 500 ширхэг пресс өвсийг ачаад явсан. ******* 3 ширхэг трактор гаргасан, прэсслэгч машиныг би гаргасан. Тэдний ажилчин Батгэрэлд би цалин өгсөн. Бороо ус, гал түймэр гээд ажил явахгүй байхад тийм их ашиг олох нөхцөл бүрдээгүй. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Батбаяр миний бие нь 2015 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал олсон ашгаа хуваан авах, алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардлаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас эхлээд л ******* одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хувааж болно биз гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоохгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9 дүгээр сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг прэсслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, пресслэсэн, том боодлоор пресслэсэн өвс болон хадах байсан тайлбайгаа түймэрт авахуулж шатаалгасан. Миний бие нь Баянсементал ХХК-н хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд Баянсементал ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс Баянсементал ХХК нь 12 000 000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс 4 000 боодлыг авсан. ******* 50 том боодол буюу 1 500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30 000 000 төгрөгний зардал гарсан уу гэхээс ашиг олоогүй юм. Иймд нийт 20 000 000 төгрөгний алдагдалд орсон, үүний 50 хувь болох 10 000 000 төгрөгийг Ё.Бямбацогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт:

Миний бие хариуцагч*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид анхнаасаа алдагдал гаргахгүйн тулд гарах бүх зардлуудаа тооцоод ашгаа хувааж авахаар харилцан тохиролцсон. Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр*******ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр гал тогооны хэрэгсэл, 2 ажилтан гаргах,******* хадлан хийх шаардлагатай шатах тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ажилтан нэг бүрд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж өвсөө прэсслээд борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ намайг ажлын анхны өдрөөс одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон бусад зардлаа гаргаад явж бай, тэгээд хуваачиж болно биз дээ гэж хэлсээр байгаад бүх зардлыг өөрөө гаргасан, ашиг олоогүй гэсэн нь огт үндэслэлгүй байна. Б.Батбаяр нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж ашиг олсон. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна.******* хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шалгаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж түүний хохирлыг бүрэн барагдуулсан" тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр******* нь ашиг олоогүй гэх үг үгүйсгэгддэг байна. Иймээс нэхэмжлэгч миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө авчирсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч*******ын хадлан хийхэд гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 333 000 төгрөг, хариуцагч*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

******* нь*******аас хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30.000.000 төгрөг, машин техник тоног төхөөрөмжөө авч ирэхэд гарсан зардал 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн талаар тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заажээ. ************** нарын хувьд хамтран ажиллах гэрээний хураамжийн талаар Ё.Бямбацогг нь хадлан хийх тоног төхөөрөмж болох 3 ширхэг трактор, преслэгч, 2 ажилтан, ажилтнуудын амьдрах гэр, бусад хэрэгцээт зүйлсийг гаргах,******* нь хадлан хийх газар, дээрх хугацаанд гарах зардлыг хариуцахаар тохиролцсон. Гэтэл шүүх дээрх тохиролцоонд дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч******* нь шүүх хуралдаанд ... бид зардлаа мөн хувааж гаргахаар тохиролцсон... гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжпэгч ******* нь хадлангийн бүх хэрэгслийг өөрөө гаргачихаад мөн зардлыг нь давхар хувааж гаргахаар тохиролцох ямар ч үндэслэлгүй юм. Хариуцагч******* нь хадлан хийх хугацаанд 28 сая төгрөгийн зарлага гаргасан гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт баримтаар авагдсан*******ын Голомт банкны 4005100846 тоот данснаас 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан зарлагуудыг зөвхөн хадлан хийхэд зориулж, хамтран ажиллах гэрээний зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх хугацааны зарлагыг зөвхөн хадлан хийхэд зориулсан талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй. Б.Батбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд *******ын ажилтан болон техник тоног төхөөрөмжийг ашиглаж, 2 сар гаруй хугацаанд хадлан хийсэн. Гэрч Н.Баатарсүх, Л.Батгэрэл,******* нар нь дээрх хугацаанд 29,700-29,800 боодол өвс боосон талаар мэдүүлдэг бөгөөд дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр 60,000,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн гэрч нар ******* нь нэг ч удаа өвс ачиж байгаагүй,******* шаланз маркын машинаар өвсөө ачаад явдаг байсан талаар мэдүүлдэг. Гэтэл******* нь хадлан хийж огт ашиг олоогүй, харин ч алдагдалд орсон мэтээр тайлбар гаргадаг.

Дээрх хугацаанаас хойш*******ын ХААН болон Голомт банкны дансаар зөвхөн өвсний үнэ гэсэн гүйлгээний утгатай 14,140,000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд үүнээс өөрөөр гүйлгээний утга хэсэгт нэргүй, утасны дугаар бичсэн олон гүйлгээ байна. Мөн бэлнээр хэдэн төгрөгийн орлого орсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтуудыг хариуцагч*******ыг огт ашиг олоогүй, алдагдалд орсон гэдэг тайлбарыг үгүйсгэхээр шүүхэд хүсэлт гаргаж хэрэгт хавсаргуулсан. Шүүх дээрх баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.*******ын болон Баянсеминтал ХХК-ийн хадсан өвс, хадлангийн талбай нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний шатсан гэдэг боловч шатсан өвсийг А.Батбаатар нь тохиролцож төлсөн талаар баримт, мэдүүлдэг хэрэгт авагдсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадлангийн ажил үргэлжилсэн талаар талууд маргаагүй. Өвс шатсанаас хойшхи хугацаанд ажиллаж ашиг олсон эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжпэгч нь шүүхэд техник хэрэгсэл ачиж ирсэн зардалд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Техник тоног төхөөрөмжийг******* нь буцааж авч ирээгүй гэдэгт маргадаггүй бөгөөд ******* нь өөрөө машин хөлслөж, өөрийн хашаандаа авч ирсэн байдаг. Үүнийг Н.Баатарсүх, И.Чинзориг нар нотолдог. Гэрчийн нарын мэдүүлэг, тодорхойлолт, зохигчдын тайлбараар техник тоног төхөөрөмжийг ******* өөрөө машин хөлслөн ачиж ирсэн гэдэг нь тогтоогдож байхад ямар үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлт хийхгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Б.Баятбаярт холбогдуулан хамтран ажилласнаас олсон ашиг 30.000.000 төгрөг хадлангийн машин техник авчрахад гарсан зардал 5.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч******* нь хадлан хийхэд гарсан зардлын тал болох 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн сөрөг шаардлага гаргаж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадлан хадаж олсон ашгаа хувааж авахаар нэхэмжлэгч ******* 2 ажилчин, 3 трактор, өвс преслэгч машин, ажилчдын гэр гал тогооны хэрэгслийг гаргах, хариуцагч******* нь 2 ажилчин, хадлан хадах газар, хоол хүнс ажилчдын цалин өвс преслэгч машин шатах тослох материалыг гаргахаар тус тус харилцан тохиролцож хамтран ажиллахаар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

2015 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд хадлан хийсэн харин 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хадлангийн талбай шатсан үйл баримт тогтоогджээ.

Хадлан хадсан хугацаанд хэдий хэмжээний өвс хадсан, хичнээн боодол өвс хийсэн талаар талууд маргаантай /ашиг орлого олсон эсэх/ тухайн үед хадлангийн талбайд ажиллаж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг гаргаж хадлан хадах үед хэдий хэмжээний өвс хадсан үүнээс ашиг орлого олсон эсэх талаар үндэслэлтэй тогтоогдоогүй, энэ талаар дээд шатны шүүхүүдийн хийсэн дүгнэлтэнд дурдсан үндэслэлүүдийг хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх тухай журмыг зөрчсөн байна. Тухайлбал гэрч Батбаатар Баянсементал ХХК-ийн нэр дээр хадлан хадаж байсан Батбаярт 12.000 боодол өвс өгөхөөр болсон эхлээд 8000 боодол дараа нь 4000 боодол өвсийг задгайгаар өгсөн гэж, гэрч Баатарсүх нийт 29700 боодол өвсийг хадлангийн талбайгаас авсан. Дөрвөлжин боодолтой өвс 17.000.000 ширхэг том боодол 293 ширхэгийг авсан гэрч Батгэрэл нийт 29800 боодол өвс авсан гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч Энхбаатар онлайнаар мэдүүлсэн мэдүүлэгтээ хадсан өвсний тоо хэмжээг хэлээгүй, Хөлөнбуйр сумаас техник хэрэгсэл бусад зүйлсийг ачиж авчирсан зардал нэхэмжилсэн шаардлагад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

 

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ