Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00270

 

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 164 дүгээр магадлалтай

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох

Хадлан хийж олсон ашиг 35 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Ё.Б-оос 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ё.Б-ын гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-тай ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийх болж манай талаас 3 трактор болон преслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, Б.Б- хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө преслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу миний бие компанийнхаа техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийн хамт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан. Ингээд Б.Б- нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прес, 19 300 ш дөрвөлжин прес, нийт 28 090 ш преслэсэн өвс хийсэн.

Тухайн үед 1 прес өвс ширхэг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112 360 000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо престэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд Б.Б- одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч Б.Б- нь анх ярилцаж тохиролцсоны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан байхад нь миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан.

Иймд Б.Б-аас хадлан хийж олсон ашгаа 50 хувь болох 30 000 000 сая төгрөгийг машин техник тоног төхөөрөмжөө Дорнодоос татна авчрахад гаргасан зардал 5 000 000 төгрөгний хамт нийт 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 60 сая төгрөгний ашиг битгий хэл 6 сая төгрөгний ч ашиг олоогүй, харин ч хохирол амссан ба түймэрт хамаг өвсөө шатаалгасныг Бямбацогт өөрөө сайн мэдэж байгаа ба өөрөө 50 том боодол буюу 1500 ш прес өвсийг ачаад явсан. Энэ хүнийг би хөлсөөр ажиллуулаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байтал энэ их мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 9-р сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал олсон ашгаа хуваан авах бөгөөд алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардлаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас эхлээд л Бямбацогт нь одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хувааж болно биз дээ гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоочихгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9-р сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг преслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, преслэсэн, том боодлоор преслэсэн өвс болон хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шатаалгасан. Миний бие нь “Баянсементал” ХХК-ийн хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд “Баянсементал” ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс “Баянсементал” ХХК нь 12 000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс нь 4000 боодлыг авсан. Бямбацогт 50 том боодол юу 1500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30 000 000 төгрөгний зардал гарсан, ашиг гэж мөнгө олоогүй, харин алдагдал гарсан. Нийт 20 000 000 төгрөгний алдагдалд орсон. Тиймээс гарсан зардлын 50 хувь болох 10 000 000 төгрөгийг Ё.Бямбацогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Б- нь миний 2 ажилчин болон миний машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж нийт 28 090 ш преслэсэн өвс хийсэн. Тухайн үед 1 прес өвс ширхэг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байснаар бодоход 112 360 000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо престэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд Б.Б- өвсөө зараад зохих ашгаа олсон үзэж байна. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 2015 оны 08 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 27 хүртэл хугацаанд буюу хоёр сарын хугацаанд хамтран хадлангийн бригад гарган хадлан хийчихээд Б.Б- хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шатгаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж түүний хохирлыг бүрэн барагдуулсан тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт бичсэн байдаг.

Иймээс нэхэмжлэгч миний бие хариуцагч Б.Б-аас хадлан хийж олсон ашгийн хувь болох 30 000 000 төгрөг машин тоног төхөөрөмжөө Дорнодоос татаж авчрахад гаргасан зардал 5 000 000 төгрөгийн хамт нийт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 473.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 35 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Б-од олгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,477 дугаар зүйлийн 477.1-д зааныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ё.Б-оос 10 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Б-оос 174 950 төгрөг гаргуулах хариуцагч Б.Б-т олгож, хариуцагч Б.Б-аас 333 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ё.Б-од олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 164 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дурдсан байх ба үүнийг хэрхэн тогтоож байгаа нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ямар нотлох баримтыг буруу үнэлсэн талаар магадлалд огт тусгаагүй атлаа ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байтал давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн гэж зааж байгаа нь үндэслэлгүй байна.

Ингэж үзэх учир нь хариуцагч Б.Б-ын дүү гэх Б.Ананд-Очирын мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэгтэй зөрүүтэй гэсэн байх ба энэхүү Б.Ананд-Очир нь ганцаараа уг асуудлаар огт үндэслэлгүй худал мэдүүлгийг ахынхаа төлөө, түүний гуйлтаар өгсөн. Харин бусад гэрч болох Н.Баатарсүх, Л.Батгэрэл нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч миний болон хариуцагч Б.Б-ын тайлбараар нотлогдож байгаа тул анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

Нөгөө талаас хариуцагч Б.Б- нь миний гэр, трактор, ажилтнуудыг ашиглаж авч хадлангийн ажилд хамтран ажиллахаар тохиролцож, ажилтнуудыг цалинг өөрөө гаргахаар тохиролцсон атлаа ийнхүү олсон ашгаараа ланд-200 маркийн машин авч унаад, ажилтнуудын цалин, надад ногдох ашгийг өгөхгүй өдийг хүрч байгааг анхан шатны шүүх зөв тогтоож үнэлсэн байтал давж заалдах шатны шүүхээс үүнийг буруу гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн магадлалд “Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар ...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул” гэж байгаа огт үндэслэлгүй, худал бөгөөд хэргийн оролцогчийн ямар эрхийг, яаж зөрчсөн талаарх дүгнэлтийг хийлгүй ийнхүү дүгнэж байгаа нь буруу юм. Харин ч анхан шатны шүүх хуралдааныг хариуцагч Б.Б- нь байнга хойшлуулж, хүсэлт гаргаж маш олон ажиллагаа хийлгэж, шинжээч хүртэл томилуулж 1 жил гаруй хугацаанд өөрийн эрхээ хамгаалуулж ажиллагаа хийлгэсэн нь түүнийг эрхийг шүүх хангаж байсныг хэргийн материалаас харж болно. Ийм байтал түүний эрхийг зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Иймээс давж заалдах шатны шүүхийн 164 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 142/ШШ2017/00878 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ё.Б- нь Б.Б-т холбогдуулан хамтран ажилласнаас олсон ашиг 30 000 000 төгрөг, хадлангийн машин техникийг татан авахад гарсан зардал 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алдагдал 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид хамтарч хадлан хийж, борлуулсан ашгаа тэнцүү хуваахаар тохиролцож, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хадсан ба нэхэмжлэгч нь 3 трактор болон преслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, хариуцагч нь хадлан хийх шатах тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар харилцан тохиролцжээ.

2015 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хадлан хийсэн гэх боловч 2015 оны 09 дүгээр арын 19-ний өдөр хадлангийн талбайд гал гарч, хадсан, преслэсэн өвс болон хадах талбай шатсан, нэхэмжлэгч нь өөрийн гаргасан техник хэрэгслийг Дорнод аймгаас татаж, Орхон аймагт авчирсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хадлан хийх хугацаанд 29 700 прес өвс хадсан тул өөрт ногдох ашгаа авна гэж, хариуцагч нь хадсан өвс шатсан тул ашиг олоогүй, харин хадлан хадахад гаргасан зардлаа хувааж, өөрт учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулна гэж тус тус маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хэргийн бодит үйл баримт үндэслэл бүхий тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэгч нь хамтран ажилласан ашгаас гадна тээврийн зардлын хамт нийт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх зөвхөн ашигт 35 000 000  төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 164 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ё.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД