Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00242

 

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаар магадлалтай

Ё.Бын нэхэмжлэлтэй,

Б.Бт холбогдох

Хадлан хийж, хамтран ажилласнаас олсон ашгийн 50% болох 30 000 000 төгрөг гаргуулах, машин тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас Сэлэнгэ аймагт авч ирсэн зардал 5 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Өөрөөс гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Б миний бие нь Жаргалант суманд газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2009 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалангийн чиглэлээр тариа будаа, овьёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй, жижиг оврын тэжээлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй. 2015 онд нийт нутгаар гантай газар тариалангийн гарц муутай жил болсон. Иймээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Бын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд ажиллахаар манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, Б.Б хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө прэсслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу миний бие компанийхаа техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан. Б.Б нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ширхэг том прэсс, /дөрвөлжин 30 пресстэй тэнцдэг/ 19 300 ширхэг дөрвөлжин прэсс нийт 28 090 ширхэг прэсслэсэн өвс хийсэн. Тухайн үед 1 пресс өвс ширхэг нь 4 000 төгрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112.360.000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгийн цэвэр ашиг гарч байна. Одоо пресстэй өвс 8.000 төгрөг хүрч байгаа бөгөөд Б.Б одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч Б.Б нь анх ярилцаж тохиролцсоны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник, тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан. Миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймд Б.Баас хадлан хийж олсон ашгийн 50 хувь болох 30 000 000 төгрөг, машин техник, тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас татан авчрахад гаргасан зардал 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би 60 000 000 төгрөгийн ашиг олох нь байтугай 6 000 000 төгрөгийн ч ашиг олоогүйгээр барахгүй харин ч хохирол амссан. Түймэрт хамаг өвсөө шатаалгасныг Бямбацогт ч өөрөө сайн мэдэж байгаа ба тэрээр 50 том боодол буюу 1 500 ширхэг пресс өвсийг ачаад явсан. Ё.Б 3 ширхэг трактор гаргасан, прэсслэгч машиныг би гаргасан. Тэдний ажилчин Батгэрэлд би цалин өгсөн. Бороо ус, гал түймэр гээд ажил явахгүй байхад тийм их ашиг олох нөхцөл бүрдээгүй. Иймд Ё.Бын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Б миний бие нь 2015 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал, олсон ашгаа хуваан авах, алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардлаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас эхлээд л Ё.Б одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хувааж болно биз гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоохгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9 дүгээр сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг прэсслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, пресслэсэн, том боодлоор пресслэсэн өвс болон хадах байсан талбайгаа түймэрт автуулж шатаалгасан. Миний бие нь “Баянсементал” ХХК-ийн хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд “Баянсементал” ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс “Баянсементал” ХХК нь 12 000 000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс 4 000 боодлыг авсан. Ё.Б 50 том боодол буюу 1 500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30 000 000 төгрөгийн зардал гарсан уу гэхээс ашиг олоогүй юм. Иймд нийт 20 000 000 төгрөгийн алдагдалд орсон, үүний 50 хувь болох 10 000 000 төгрөгийг Ё.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид анхнаасаа алдагдал гаргахгүйн тулд гарах бүх зардлуудаа тооцоод ашгаа хувааж авахаар харилцан тохиролцсон. Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Бын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилтан гаргах, Б.Б хадлан хийх шаардлагатай шатах тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ажилтан нэг бүрд сард 1 500 000 төгрөг олгох, хадлан хийж өвсөө прэсслээд борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ намайг ажлын анхны өдрөөс одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон бусад зардлаа гаргаад явж бай, тэгээд хуваачиж болно биз дээ гэж хэлсээр байгаад бүх зардлыг өөрөө гаргасан, ашиг олоогүй гэсэн нь огт үндэслэлгүй байна. Б.Б нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж ашиг олсон. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгийн цэвэр ашиг гарч байна. Б.Б хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шалгаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж, түүний хохирлыг бүрэн барагдуулсан" тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр Б.Б нь ашиг олоогүй гэх үг үгүйсгэгддэг байна. Иймээс нэхэмжлэгч миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Бын хадлан хийж олсон ашгийн тал хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө авчирсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Бын хадлан хийхэд гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 333 000 төгрөг, хариуцагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 118 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Нэхэмжлэгч Ё.Б нь шүүхэд хариуцагч Б.Баас хадлан хийж олсон ашгийн 50 хувь болох 30 000 000 төгрөг, машин тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас татан авчрахад гаргасан зардал 5 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хадлан хадахад 20 000 000 төгрөгийн алдагдалд орсоны 50 хувь болох 10 000 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018.07.30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан 35 000 000 төгрөгийн үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан 10 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 118 дугаартай магадлалаар “...хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...хадлан хадсан хугацаанд хэдий хэмжээний өвс хадсан, хичнээн боодол өвс хийсэн талаар маргаантай /ашиг орлого олсон эсэх/ тухайн үед хадлангийн талбайд ажиллаж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг гаргаж, хадлан хадах үед хэдий хэмжээний өвс хадсан үүнээс ашиг орлого олсон эсэх талаар үндэслэлтэй тогтоогоогүй..." хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Давж заалдах шатны шүүх нь үндэслэлгүй магадлап гаргасан гэж үзэж байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх нь тухайн гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах үүрэггүй бөгөөд зохигчид нэхэмжлэл болон тайлбараа дэмжих нотлох баримтаа өөрсдөө цуглуулах үүрэгтэй. Мөн хэрэгт хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй гэжээ. Давж заалдах шатны шүүх нь ямар үйл баримтыг тогтоохыг хүсэж байгаа юм?

Нэгэнт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлож чадаагүй тохиолдолд шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нь хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлэн анхан шатны шүүхээр мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт мэдүүлэг өгсөн Баатарсүх, Батгэрэл нар нь ашиг сонирхолын зөрчилтэй гэрчүүд бөгөөд хариуцагчаас мөнгө нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, Баатарсүх нь нэхэмжлэгчийн хадам дүү болох хүн, мөн давж заалдах шатны шүүх нь гэрч Батбаатарыг “...Батбаярт эхлээд 8000 боодол дараа нь 4000 боодол өвс өгсөн...” гэж мэдүүлсэн гэсэн, гэтэл Батбаатар нь дээрх өвсийг “Баянсементал” ХХК болон Батбаяр нарт дунд нь өгсөн гэж мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлгийг буруу ойлгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаах нэг үндэслэлээ болгосон байна.

Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 118 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан хадлан хийж, хамтран ажилласнаас олсон ашгийн 50% болох 30 000 000 төгрөг гаргуулах, машин тоног төхөөрөмжөө Дорнод аймгаас Сэлэнгэ аймагт авч ирсэн зардал 5 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, өөрөөс гарсан зардлын тал хувь болох 10 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэх үндэслэл заажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1.-д зааснаар давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална гэж, 166 дугаар зүйлийн 166.4.-т шүүх хуралдаанд ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлана..., 166.6.-д шүүх хуралдаанд нотлох баримтын талаарх мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу, өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, дүгнэх эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, магадлалд заасан үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д хамаарахгүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зохигч хамтарч хадлан хийж, олсон ашгаа тэнцүү хуваахаар амаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.2.-т хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно, 477.3.-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Б нь 3 трактор, пресслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, ажиллах хүч гаргах, хариуцагч Б.Б нь хадлан хадах газар, хоол хүнс, ажилчдын цалин хөлс, пресслэгч машин, шатах, тослох материалыг хариуцахаар тохиролцсон нь талуудын хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь тохиролцсон эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хоёр ажилтны хамт явуулсан, хариуцагч Б.Б нь Төв аймгийн нутагт байрлах “Баянсиментал” ХХК-иас пресслэгч машин, зарим сэлбэг хэрэгслийг ачиж Дорнод аймгийн Хөлөн буйр суманд ирсэн ба 2015 орны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хадлан авсан, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хадлангийн талбайд түймэр гарч, хадлангийн талбай, хадсан өвс галд автсан үйл баримт тогтоогджээ.

Галд өртсөн талбай нь “Баянсиментал” ХХК-ийн хадлангийн талбай байсан бөгөөд гал алдсан Б.Батбаатар хохирогч нарт учирсан хохиролд 8 000 боодол өвсийг бэлнээр, 4 000 боодол өвсийг хадаж өгч, төлбөрөө барагдуулсан гэх бөгөөд дээрх өвснөөс 4 000 боодол өвсийг Б.Бт өгснөөс 50 том боодол буюу 1 500 жижиг боодол өвсийг Ё.Бод өгсөн, хадлангийн хугацаанд гаргасан шатах тослох материал, ажилчдын хоол хүнс, цалин зэрэг бүхий л зардлыг хариуцаж байсан тул ашиг олоогүй. Харин ч өөрөөсөө 28 000 000 төгрөг гаргаад ашиг олоогүй, алдагдал хүлээсэн тул өөрт учирсан хохиролд  10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан байна.

Хариуцагчийн дээрх тайлбар, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хадлан хийх 2 сарын хугацаанд 293 ширхэг том пресс, 19 300 ширхэг жижиг пресс өвс хийснийг тухайн үеийн ханшаар тооцоход 112 360 000 төгрөг болсон, үүнээс цалин хөлс, шатах тослох материал, ажилчдын цалин хөлс, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 000 000 төгрөгийн ашиг олсон тул өөрт ногдох ашгаа авна гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээний хадлан авсан, ашиг орлого олсон гэх шаардлагаа, хариуцагч нь алдагдал хүлээж, хохирол учирсан гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй бөгөөд талууд хамтран ажилласнаас олсон ашиг, алдагдлын тооцоог нийлээгүй, гэрчүүдийн мэдүүлэг баримтаар нотлогдоогүй, хоорондоо зөрүүтэй тул эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 478.11.-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж тодорхойлсон байх бөгөөд талуудын олсон ашиг, алдагдал баримтаар нотлогдоогүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ                       

              ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД