Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 479

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.М-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4 504 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                          Д.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хэсэг иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарладаг 20 000 000 төгрөгөөс доош өртөг бүхий ажлын сонгон шалгаруулалтад орох зорилгоор “Х Т” нэртэй иргэдийн бүлэг байгуулж ахлагчаар нь Ш.М-г ажиллуулсан юм. Иргэдийн бүлгийн ахлагч нь сонгон шалгаруулалтад тэнцэж ажил авсан тохиолдолд өдөр тутмын ажил болон санхүүгийн асуудлуудыг хариуцан ажилладаг. Манай иргэдийн бүлэг нь 2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгын хаалга тусгаарлах, 24 дүгээр хорооны гадна талын сандал зэрэг тус бүр нь 17 000 000 төгрөгийн нийт 34 000 000 төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн байдаг. Миний хувьд уг ажлуудад иргэдийн бүлэг эхлээд сонгон шалгаруулалтад орох барилгын ажлыг гүйцэтгэх явцад материал түүхий эд нийлүүлэх зэргээр оролцож явсан боловч одоо болтол ашиг болон нийлүүлсэн материалын үнийг аваагүй байна. Уг ажилд өөрийн үйлдвэрлэж байсан нэг ширхэг нь 1 300 төгрөгийн үнэтэй углуургатай блок 1 380 ширхэг, нийт үнэ 1 794 000 төгрөг, 2 тонн цемент 300 000 төгрөг, 2 портер хайрга 160 000 төгрөг, бүгд 2 254 000 төгрөгийг материал нийлүүлсэн, мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэсний ашгийн надад ногдох хувь, алдангийн хамт 2 250 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Ашгийн хувьд үүрэг хариуцлагыг 3 хүн хариуцахаар, ашиг авахаар гэрээнд заасан. Ш.М-д хамаагүй. Ашгаа 3 хувааж л авах ёстой гэж үздэг. Ш.М- болон бусад нөхдүүдийн хувьд ашиг биш харин цалин авч хамтран ажилласан. Иймд хариуцагч Ш.М-гээс нийт 4 504 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д.О-ад ямар нэгэн гэрээний төлбөр, бараа материалын өглөггүй. 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Х Т” иргэдийн бүлгийн хийсэн ажилд Д.О- огт оролцоогүй, удаа дараа ирж уулз, өр төлбөрөө барагдуул, гэрээгээ шинэчил гэхэд ирээгүй, иргэдийн бүлгийн ажилд хэрэглэхээр барьцаанд тавьсан автомашины мөнгийг аваад алга болсон. Манай иргэдийн бүлгийн Сонгинохайрхан дүүрэгт ажил хийдэг цаг хугацаанд нэхэмжлэгч Д.О- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201625020011 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээр Д.О-аас надад 3 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол өгөөгүй. Нийлүүлсэн тоосгоны тухайд тэдний үйлдвэрийнх мөн байж болох боловч өөр этгээдээс худалдаж авсан. Ашиг орлого олигтой олоогүй. Төсвөөр ашгийг 15 хувь гэж тооцсон, түүгээр бодохоор 3 000 000 гаруй төгрөг болж байгаа. Д.Оюунболд гээд 3 хүн ашиг хувааж авна гэх. Бүгдээрээ хамтарсан учраас 3 хүн хуваах үндэслэлгүй. Ажил хийж байгаа учраас цалин авах ёстой, дээр нь гэрээнд заасны дагуу ашиг ч авах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.М-гээс 554 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 949 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17 276 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О- давж заалдах гомдолдоо:

            ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг хамтран ажиллах гэрээг дүгнэхдээ гэрээний талууд нь гэрээгээр тохиролцсон эрх үүрэгтэй оролцсон оролцоог нарийн ялгахгүй зөвхөн хариуцагчийн тайлбараар дүгнэсэн нь буруу байна. Хамтран ажиллах гэрээний 3.4-т зааснаар хамтын ажиллагааны үр дүн, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Д.О-, Н.С, Т.Э нар хамтран хариуцна гэж тодорхой атал үүнийг тодорхой бус байна гээд 7 гишүүнд тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь сонгон шалгаруулалт хийж байгаа тал буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэв ажлыг гүйцэтгэж чадахгүй бол хэнээс хохирлоо нэхэмжлэх эв гээд хамтран ажиллах гэрээнд байгаа иргэдийн хөрөнгө, орлого, дадлага туршлага зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалт хийсэн. Үүнийг нотлох баримт нь хэрэгт авагдсан миний эд хөрөнгийн гэрчилгээ, хийж байсан ажлын гэрээ зэрэг юм. Энэ нь хэрэв эрсдэл үүсвэл энэ 3 хүн хариуцна гэсэн баталгаа гаргаж түүндээ тохирсон үр дүн ашиг хүртэнэ гэснийг зааж өгсөн заалт байдаг. Шүүх үүнийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Хамтран ажиллах гэрээний 3.5-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Энэ нь бүлгийн бүх гишүүдэд хамаатай байхад шүүх хэн нэгэнд хамаагүй гэж үзсэн. Мөнгө зарцуулах эрхтэй ганцхан хүн Ш.М- юм. Ш.М-гийн дансаар ажлын төлбөр гүйлгээ хийгдэж байсан. Ш.М- мөнгө зарцуулах эрхтэй учир ашгийг цаг тухайд нь хуваарилах байсан боловч өөрөө авсан учир гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж алдангийн төлөх нь зүй ёсны асуудал юм. Ажил гүйцэтгэхтэй холбоотой надаас гарсан барилгын материалыг авсан өгсөн нь нотлогдохгүй гэж үзсэн. Хариуцагч Ш.М- хувьд материалын талаар Д.О-аас материал аваагүй. Хэрэв Д.О- блок үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөл нь хаана байгаа юм гэдэг тайлбар удаа дараа өгсөн. Гэтэл миний зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлтэд гарвал Д.О-ын блок мөн гэхдээ Д.О-аас аваагүй гэдэг тайлбарыг өгдөг. Шинжээчийн дүгнэлтэд 1 100 ширхэг блок орсон тоон дээр маргах зүйлгүй гэж бичээд гарын үсэг зурсан. Хаанаас авсан юм гэхээр шүүхэд тайлбар өгөхдөө Д.О-ын блокыг өөр хүнээс 700 ширхгийг 280 000 төгрөгөөр авсан гэдэг. Дээрх тайлбаруудаас дүгнэлт хийхээр тооны хувьд зөрүү гардаг. 400 ширхэг блокыг хаанаас авсан нь тодорхойгүй хариуцагч нотолж чадаагүй. Хариуцагч илтэд худал тайлбар гаргаж байна. Хариуцагчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт болно. Д.О-аас блок материал аваагүй гэх тайлбар нь худал зөрүүтэй атал шүүх харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш.М-гээс 4 504 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М- давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс надаас 544 200 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэн Д.О- болон бусад нөхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас зарлах 20 000 000 төгрөгөөс доош худалдан ажиллагаанд оролцохоор хамтран ажиллах гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд иргэн Д.О- гүйцэтгэгч талаас хяналт тавьж захиалагчид тухайн гэрээний дагуу тайлагнах гишүүдэд хяналт тавин ажиллах үүрэгтэй заасан, түүнээс ямар нэгэн байдлаар ашиг ногдол ашиг хүртэж бүлгийн ахлагчаас алданги тооцож авах тухай нэг ч үг үсэг гэрээнд байхгүй. Д.О- гэрээний үүргээ биелүүлээгүй хяналтаар хамтран ажиллах захиалагчид үйл ажиллагааг тайлагнах гэх гол үүргээ биелүүлж ажиллаагүй бөгөөд хамтын ажилд хэрэглэх гэж байсан 3 500 000 төгрөгийг залилан авч зугтаасан. 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл залилан мэхлэх замаар зугтааж байсан нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. /хх77-79/ Хамтын бүлэг иргэдийн гишүүн болон Н.С-, Т.Э нарын хамтын ажиллагаанд оролцоогүй тул ашиг болон ногдол ашиг өгөхгүй мэдэгдлийг шүүх авч үзээгүй. /хх98-99/ Иймд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэж нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                             ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Ш.М-д холбогдуулан 4 504 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Х Т” бүлгийн гүйцэтгэсэн хоёр ажлын ашгаас өөрт ногдох хувийг алдангийн хамт, мөн нийлүүлсэн бараа материалын үнийг тус тус гаргуулна” гэж тайлбарлажээ. 

 

            Хуульд зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хэргийн зохигчид болох Ш.М-, Д.О- нар нэр бүхий бусад иргэдтэй хамтран “Х Т” гэсэн бүлэг байгуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцон ажил гүйцэтгэхээр тохиролцож, мөн бүлгийн гишүүд хоорондоо 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5-8/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х Т” бүлэг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас зарласан ажлын сонгон шалгаруулалтад оролцож, Сонинохайрхан дүүргийн захиалагчийн албатай ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулсан байх бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо гадна талын тохижуулах ажлын гэрээгээр 7 017 568 төгрөгийн, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, өрхийн эмнэлэгт хаалга гаргах /хорооноос тусгаарлах/ гэрээгээр 17 279 254 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, уг асуудлаар зохигчид маргаагүй байна.

           

2015 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2-т иргэдийн бүлгийн ахлагч нь Ш.М- байна, 1.1-д заасан чиглэл, хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ахлагч дангаар төлөөлөн удирдан явуулна, 1.2-т ахлагч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг 14 хоногт тайлагнана, 3.3-т бүлгийн ахлагч “Х Т” иргэдийн бүлгийн өмнөөс захиалагчаас зааварчилгаа хүлээн авч, төлбөр тооцоог хийх эрхтэй гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Х Т” бүлгийн гишүүд хамтран ажиллах үүрэг хүлээсэн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан бөгөөд талууд гэрээндээ ашгаа хуваарилахаар өөрөөр тохиролцоогүй, гэрээндээ иргэдийн бүлгийн ахлагч нь хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг дангаар, төлөөлөн удирдан явуулахаар зааснаас үзэхэд хамтын ажиллагаанаас олсон ашгийг талууд тэнцүү хуульд зааснаар ашиг хувиарлахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх тухайн бүлгийн хийж гүйцэтгэсэн хоёр ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоог гаргасан бичгийн баримтаар гэрээний төсөвт ашгийг 15 хувиар тооцсоныг үндэслэн хийж гүйцэтгэсэн ажлаас тухайн бүлэг нийт 3 879 406 төгрөгийн ашиг олсон гэж тооцож, хамтран ажиллах гэрээний дагуу нэг хүнд ногдох ашгийг 554 200 төгрөг гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. /хх-ийн 171, 188/

           

            Харин нэхэмжлэгчээс “Х Т” иргэдийн бүлэгт барилгын ажлыг гүйцэтгэх явцад материал түүхий эд нийлүүлсэн гэж материалын үнэд 2 254 000 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бараа материал нийлүүлсэн гэх шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан зохигчдын гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.О-аас төлсөн 87 014 төгрөг, хариуцагч Ш.М-гээс төлсөн 17 280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО