Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2020/00341

 

 

 

 

 

 

2020 02 12 155/ШШ2020/00341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 14 дүгээр гудамжны 283 тоотод оршин суух, Харчу овогт Доржсүрэнгийн Батзоригт /............................/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороо 9-16 тоотод оршин суух, Соёд овогт Зоригтбаатарын Анхбаяр /....................................../ -т холбогдох

Ажил гүйцэтгэх болон арилжааны гэрээний үүргийн биелэлт 29.750.000 /хорин есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч З.Анхбаярын 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч З.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 09 сард З.Анхбаяр нь Япон улсад үйлдвэрлэсэн моторт завийг надаас 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед З.Анхбаяр эхнэр Эрдэнэтуяа бид нар 2018 оны хавар 28.000.0000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар моторт завины мөнгөө авах гэтэл бид хоёр Жанхайд газар эзэмшдэг юм үүнийгээ таны нэр дээр шилжүүлье гээд огт шилжүүлэлгүй алга болсон. Иймд З.Анхбаяраас 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: З.Анхбаяр нь удаа дараа торх барьж өгнө гэж 1.750.000 төгрөгийг надаас авсан. Тухайн үедээ торхоо надад барьж өгөөгүй, мөн надаас Япон улсад үйлдвэрлэгдсэн завь худалдаж аваад төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. З.Анхбаяр сөрөг нэхэмжлэл гаргахдаа Д******* надаас 1.750.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн . Иймд З.Анхбаяр нь торх барьж өгнө гэж амаар надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад тохиролцсон хугацаандаа торхоо бариагүй байсан тул З.Анхбаяраас ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчсөн төлбөр болох 1.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д******* надад завь зарахдаа Японоос оруулж ирсэн ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч завь хүлээн авч далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон. Тэгээд би ийм завь авахгүй гээд бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй. Харин завийг нь буцааж авах хүртэл түр ахынхаа хашаанд тавиулсан ч одоог хүртэл аваагүй. Иймээс би Д*******од 28.000.000 төгрөгийг төлөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...2017 оны 7 сард Д******* Япон улсад үйлдвэрлэгдсэн хуучин завь Хатгалд авч ирээд зарах санал гаргасан. Тэгээд үнийг нь 28.000.000 төгрөг гэж тохирсон бөгөөд тухайн үедээ миний нэр дээр бүртгэлтэй Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завийг 10.000.000 төгрөгөөр тооцож үнэнд нь өгөхөөр болж, харин үлдэгдлийг нь Жанхайд байрлах газар өгөхөөр болсон юм. Харин тэр үед завь асахгүй байгаа нь жижиг зүйлдээ байгаа хавар очоод асаагаад өгнө гээд байхаар нь итгээд би ч газраа шилжүүлнэ гэсэндээ байсан юм. Тэгээд 2017 оны намраас эхлэн тухайн газар дээр Д******* надаар байшин /шовгор торх/ бариулна гээд тохироод увуулж, цувуулж ажлын хөлс торхны үнэнд 1.750.000 төгрөг над руу шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ Д******* амалсан амлалт, тохиролцоондоо хүрэлгүй 2018 оны хавар ирж завь засаж өгөөгүй, ирсэн гэдгээ ч хэлэлгүйгээр 2018 оны зун ирээд нөгөө надад зарсан гээд байгаа завиа өөрөө ухаад, тасдаад аваад явчихсан байсан. Хэрэв завиа засаж чадаагүй бол наймаа хийхгүй байхаар болсон тул би ч 2018 оны намар нөгөө Жанхайд байрлах газраа дээр нь барьсан торхны хамт зарсан. Харин Д******* миний Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завийг ачаад аваад явсан бөгөөд үнийг нь өгөөгүй байгаа тул бид уг завины үнэ болох 10.000.000 төгрөгөөс Д*******ын над руу шилжүүлсэн 1.750.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Иймд Д*******ын гаргасан 1.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Анхбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: З.Анхбаяр миний бие Д******* гээд хотын хүнтэй 28.000.000 төгрөгийн үнэтэй завь худалдан авахаар тохиролцоод өлтгөнд нь өөрийнхөө хуучин ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завиа 10.000.000 төгрөгт өгөөд, үлдэгдэлд нь Жанхайн хойд талд байрлах газар өгөхөөр тохиролцоод баталгааны бичиг үйлдсэн юм. Тэгээд Д******* манай завийг тэр өдөртөө ачаад Сэлэнгэд аваачиж тавина гээд аваад явсан. Энэ завийг 10.000.000 төгрөгөөр тооцож өгч байсан бөгөөд одоог хүртэл миний нэр дээрээс нэрээ шилжүүлээгүй байгаа. Тэгээд Д******* завийг минь аваад явсны дараа нөгөө надад өгсөн Япон улсаас оруулж ирсэн хуучин завь нь асахгүй байсан учир наймаагаа буцахаар болж завиа ав гэтэл засаад өгнө, бага зэрэг юмандаа л байгаа \бэнкс араа нь эргэсэн байгаа наадах чинь\ гэсэн. Харин эхнэр маань завь эвдэрсэн тэр даруй нь эвдэрхий завь авч яах гэсэн юм гээд авахаа болихоор болоод та энэ завиа ав гэж утасдсан чинь ах нь 1000 километрийн цаанаас яаж очих вэ? Дараа жил очоод засаад өгье, хэрэв засагдахгүй бол наймаагаа буцна, засагдвал бичиг баримтаа шилжүүлж өгнө. Та нар наанаа аргалаад нэг газар байлгаж бай гэж хэлээд ирж завиа аваагүй . Тэгэхээр нь бид нар арга буюу завийг нь ах Нямдалайгийн хашаанд тавиад үлдээсэн. Тэгээд миний зүгээс дараа жил нь ирээд засаад өгчих юм байгаа биз гээд тохиролцсон газраа өгнө гэдгээрээ тэр газарт нь 3 ширхэг шовгорын торх бэлтгэж өгөхөөр болоод нэгийг нь 700.000 төгрөгөөр тооцож модоо бэлдээд, барьж өгөөд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 750.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-нд 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-нд 400.000 төгрөг нийтдээ 1.750.000 төгрөг авсан. Гэтэл Д. Батзоригт нь өөрийн завиа өнгөрсөн жил буюу 2018 оны зун 6 дугаар сарын сүүлээр Хатгалд ирээд нилээд удаад явахдаа завиа засаж байна гээд байсан. Тэгэхээр нь за яахав засчихвал авчихна гэж бодож байсан. Тэгсэн чинь завиныхаа урд үзүүрийн дээд тагийг тайраад авсан, эд ангийг нь ухаж төнхөөд бүүр ажиллахааргүй болгоод явахдаа ч бидэнд хэлэлгүйгээр, уулзалгүйгээр яваад өгсөн. Тиймээс би бүүр наймаа буцсан гэж ойлгосон. Тэгээд наймаа буцсан учир манайх энэ торхоо ч, газраа ч өгөхөө болиод газраа 2018 оны 8 дугаар сард хүнд зарсан. Би одоо өөрийнхөө завины үнэ 10.000.000 төгрөгөөс торх барьж өгнө гэж авсан 1.750.000 төгрөгөө хасаад одоо манайх Батзоригтоос 8.250.000 төгрөг авах авцаатай байгаа. Өнгөрсөн жил ирээд явахдаа завиа засаж чадаагүй учир наймаа буцсан. Учир нь өөрөө завиа засаж чадахгүй бол наймаа буцна гэсэн бөгөөд завиа ч засаагүй, эд ангийг нь өөрөө аваад тайраад ухаж төнхөөд орхисон, явахдаа уулзаагүй яваад өгсөн учраас наймаагаа буцжээ гэж ойлгоод манайх 8 дугаар сард газраа зарсан. Мөн энэ завь одоог хүртэл Монгол улсын Далайн захиргаанд бүртгэгдээгүй, Гаалийн бичигтэй завь гэсэн боловч тэр бичиг баримтаа ч надад шилжүүлж өгөөгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй учир жил бүрийн 6 дугаар сард болдог завины техникийн үзлэгт оруулж далайд гаргах байсан. Завийг далайд гаргасан нөхцөлд нэг зундаа 28.000.000 төгрөгийг олох бүрэн боломжтой байдаг. Гэтэл би өөрийн завь байсан бол өдий 2 жилийн хугацаанд завийг ашиглахгүй, хүнд нь өл

төг мөнгийг нь гаргаж өгөхгүй, юу гэж өдийг хүрэх билээ дээ. Иймд миний эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий завины үнийн үлдэгдэл 8.250.000 төгрөгийг Д*******оос гаргуулж өгнө үү. Энэхүү сөрөг нэхэмжлэлийг Д*******ын завины үнэ болох 28.000.000 төгрөг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлийн хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сард гаалиар Япон улсад үйлдвэрлэгдэж орж ирсэн шинэ завийг хүнээс худалдаж аваад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоныг зорьсон ба намайг Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайн амралтанд амарч байх хугацаанд З.Анхбаяр гэх хүн надтай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирж уулзаад миний Япон улсад үйлдвэрлэгдэж оруулж ирсэн завийг худалдаж авахаар санал тавьж, үнэнд нь амралтын газар үзүүлье гэж хэлээд намайг дагуулж явсан. Хэлсэн газрыг нь явж очиж үзсэн ба тухайн газар нь Жанхайн амралтын газрын баруун хэсэгт байрлалтай байсан. Энэ газраа оролцуулъя гэж хэлэхэд нь би энэ газар дээрээ нэмж Прогресс нэртэй завиа нэмж өгвөл наймаа хийж болох талаар хэлэхэд зөвшөөрсөн. Ингээд бид хоёр бичгээр тухайн үед гэрээ хийсэн. Мөн Далайн захиргаан дээр нэр шилжүүлэх талаар очиж уулзахад уг газар нь ачаалал ихтэй байсан учир тухайн газар ажилладаг Нэргүй гэх хүнд нэр шилжүүлэх талаарх бичиг баримтаа үлдээсэн. Ингээд би буцаад явах шаардлагатай байсан учир Прогресс нэртэй завийг З.Анхбаяраас аваад Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед З.Анхбаяр нь завины үнэнд оролцуулсан газар дээр 3 ширхэг торх барьж өгөхөөр тохиролцсон байсан юм. Гэхдээ торхны үнэ нь завины үнэнд орж тооцогдоогүй. Хөлс мөнгийг нь өгөөөд З.Анхбаяраар бариулахаар тохиролцсон байсны дагуу З.Анхбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эхний торхыг барьчихлаа гэж хэлсний дагуу миний бие торхны үнэ 750.000 төгрөгийг З.Анхбаярт дансаар шилжүүлсэн ба дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр над руу утсаар залгахдаа дараагийн торхыг барьж амжаагүй байна түр хугацаагаар 100.000 төгрөг зээлээч гэсний дагуу би З.Анхбаярт 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахиад торх нэмж барьсан учир 500.000 төгрөгийг мөн дансаар З.Анхбаярт шилжүүлсэн ба нийтдээ надад тухайн газар дээр 3 ширхэг торх барьж өгсөн. Үүний дараа би З.Анхбаярт 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар дээр чинь хашаа барьж өгье, хашаа барихад хадаас болон банз хэрэг болно гэж хэлээд тухайн өдрөө надаас 400.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Мөн бэлнээр надаас хэд хэдэн удаа мөнгө авч байсан боловч түүнийг нь би баримт байхгүй учраас З.Анхбаяраас нэхэмжлээгүй. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу би 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг руу өөрийн биеэр очиж арилжаа хийсэн газраа болон 3 ширхэг торхоо үзэхээр ирэхэд өөр хүнд зарчихсан байсан ба миний усан завь ч байхгүй болсон учир би тухайн өдрөө З.Анхбаярыг эрж хайж байгаад олж очиход ахынхаа хашаанд миний усан завийг аваачиж тавьсан байсан. Ахынх руугаа намайг дагуулаад очиход ах нь гэх хүн З.Анхбаярыг чи яахараа хүн залилдаг юм бэ гээд загнаад тухайн үедээ хоорондоо хэрүүл хийж зодолдсон. Гэхдээ З.Анхбаяр нь миний усан завийг ахынхаа хашаанд тавихдаа сарын 20.000 төгрөгөөр тооцож тавьсан гээд ах нь мөнгөө нэхээд байсан тул ядаж завьтайгаа үлдье гэж бодоод завь хашаанд тавьсан хэд хэдэн сарын төлбөр болох нийт 120.000 төгрөгийг ахад нь өгөөд Анхбаяр нь ахтайгаа зодолдоод байсан учир дундуур нь орж салгаад З.Анхбаярыг явуулсан. Үүний дараа завиа асааж үзэх гэтэл мотор нь нам гацсан байсан. Анх З.Анхбаяр нь стартер /астачир/ нь эвдэрсэн гэж байсан боловч стартерыг нь солиод зүгээр болохгүй байсан учир тухайн газрынхаа цагдаад өргөдөл бичиж өгсөн. Гэтэл цагдаа энэ хүнийг хайгаад олдохгүй байна гэж хэлсээр 15 хоносон учир би арга бараад буцаад Улаанбаатар хот руу явах замаараа буюу Мөрөн сумаар дайрч өмгөөлөгч Д.Содномдорж гэх хүнтэй уулзаж өмгөөлөгчөөр авахаар болж, учир явдлыг бүгдийг нь ойлгуулж хэлээд өөрөө Улаанбаатар хот руу гэрлүүгээ явсан байгаа. Иймд одоо З.Анхбаярт торх бариулахаар шилжүүлсэн 1.750.000 төгрөг, завины үнэ 28.000.000 төгрөг, нийт 29.750.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд З.Анхбаяр нь Прогресс маркийн завиа 10.000.000 төгрөгөөр үнэлж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг завь нь Монгол улсад орж ирээд олон жил болсон. Ашиглах хугацаа нь бараг дууссан байсан. Би уг завийг улсын үнэлгээчнээр үнэлүүлэхэд 2 сая гаруй төгрөгөөр үнэлсэн байсан. Иймд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас завийг үнэлсэн үнэлгээчний мөнгөн дүнг хасаад үлдэх хэсгийг З.Анхбаяраас гаргуулах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч З.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* гэх хүн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай нутагт ирсэн байсан. Тухайн үед би Прогресс маркийн завьтайгаа далай дээгүүр хүн тээвэрлэж явж байгаад Д******* гэх хүнтэй 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн орой таарч дээрх наймаа хийх талаар амаар ярилцаж тохиролцоод маргааш өглөө эрт хүрээд ирээрэй гэхэд нь би эрт явж очсон. Очоод Д******* гэх хүний шар завьтай далай дээгүүр хэсэг газар буюу булан тойрчихоод буцаад ирэхэд завь халахгүй зүгээр байсан учир өөрийн жолоодож явсан завиа өгөхөд ачаад аваад явсан. Тухайн өдрөө бид завиныхаа бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж янзлуулах гэтэл Далайн захиргааны хүмүүс байхгүй байсан учраас дараа хавар болъё гээд буцаад явсан. Ингэж явахдаа бид хоёр Далайн захиргаанд ямар нэгэн бичиг баримт үлдээгээгүй. Завины хувьд би Д******* гэх хүнээс авсныхаа маргааш нь асааж үзээд явах гэтэл завь маш их халаад, бензин их идээд байсан учир энэ талаар Д*******оос өөрөөс нь асуухад ах нь 1000 километрийн цаана байгаа учир өөрөө очиж чадахгүй байна, завиныхаа свечэг нь солиод үз, чи энэ жилдээ хашаандаа тавиад аргалаад байж бай гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу 1 ширхэг свечэг 20.000 төгрөгөөр тооцож, нийт 8 ширхэг свечэг 160.000 төгрөгөөр захиулж хүнээр авчруулсан. Ингээд 2 хоногийн дараа свечэг ирээд завинд тавьсан боловч мөн болохгүй байсан. Иймээс би хүний үнэтэй эд зүйлийг алдчихна гэж бодоод хүн байнга байдаг хамаатны ахынхаа хашаанд тавьж харуулахдаа сарын 20.000 төгрөг өгөхөөр тохиролцож 2 сарын мөнгө болох 40.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл төлбөр болох 120.000 төгрөгийг Батзоригт өгсөн байсан. Тухайн үед Д******* гэх хүнийг ирэхэд хамаатны ах маань намайг хүний мөнгө залилж авлаа гэж зодсон зүйл байгаагүй. Харин би тэр өдөр бага зэрэг архи уусан байсан учир архи уулаа л гэж загнаж байсан. Үүнээс биш бид хоёр мөнгө, төгрөгийн талаар ярилцаж зодолдсон зүйл байхгүй байсан. Ингээд тухайн үед Д******* нь завиа засч өгнө гэж ирэхдээ завиныхаа моторыг нь задлаад урд талын хошууг нь тайрчихаад явсан байсан. Мөн би тухайн намар нь торхны үнэ гэж хэдэн төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би Улаанбаатар хот руу болоод наашаа, цаашаа явахдаа Д*******оос хэд хэдэн удаа мөнгө төгрөг авч байгаагүй. Нэг удаа л 100.000 төгрөгийг авч байсан нь үнэн. Мөн Д******* нь надад завиа худалдсан өдрөө миний завийг ачаад явсан. Энэ завины мотор нь халаад явахгүй байгаа талаар манай нутгийн хүмүүс ч мэдэж байгаа. Мөн намайг цагдаад өгсөн гэдэг бол худлаа, цагдаа эрж сураад явсан зүйл байхгүй. Би 2019 оны хавар Далайн захиргаанд ажилладаг хүнд уг завины эвдрэлийг нь оношлуулах зорилгоор зургийг нь дарж үзүүлээд ямар эвдрэл гэмтэл байгааг асуухад уг завийг далайд явах зориулалтгүй завьж байна гэж хэлсэн. Учир нь завины урд талын хошууг тайрсан тул далайд явах ямар ч зориулалтгүй, зориулалтын бус болгосон байна, мөн манай нутаг дэвсгэрт бүртгэлгүй юм байна гэж хэлсэн. Иймээс би завийг нь буцааж өгье гэж шийдсэн юм. Харин би Далайн захиргаанд бүртгэлтэй, зориулалтын дагуу явж байсан Прогресс маркийн завиа 10.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн байдаг юм. Иймд би Прогресс маркийн завины үнэ болох 10.000.000 төгрөгөөс 1.750.000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 8.250.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан учир би нэхэмжлэгчийн нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие иргэн Д*******оос 8.250.000 төгрөгийг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Учир нь Прогресс маркийн завины үнийг тухайн үед Д*******той тохиролцохдоо 10.000.000 төгрөгөөр үнэлж, газраа 18.000.000 төгрөгөөр үнэлж нийт 28.000.000 төгрөгт тооцон наймаа хийж байсан юм. Иймээс Д******* нь завиа засаж өгнө гэсэн хугацаандаа засч өгөөгүй учир наймаагаа буцсан гэж үзэж Прогресс маркийн завины үнэ болох 10.000.000 төгрөгөөс торх бариулахаар өгсөн 1.750.000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл мөнгө болох 8.250.000 төгрөгийг Д*******оос гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Иймд Д*******оос Прогресс маркийн завины үлдэглэл үнэ 8.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д******* нь хариуцагч З.Анхбаярт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт болох завь худалдсаны үнэ 28.000.000 төгрөг, торх бариулсны хөлс буюу ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1.750.000 төгрөг, нийт 29.750.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч З.Анхбаяр нь нэхэмжлэгч Д*******од холбогдуулан Япон улсад үйлдвэрлэсэн Ямаха маркын завины үнэнд оролцуулж өгсөн М71ХӨ улсын дугаартай Прогресс маркийн завины үнэ 8.250.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д******* нь миний худалдсан завины үнэнд З.Анхбаяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайд байрлах газар болон Прогресс маркийн завийг өгөх, худалдаж авсан газар дээрээ би З.Анхбаяраар торх бариулахаар харилцан тохиролцож нийт 1.750.000 төгрөгийг шилжүүлсэн боловч газрыг өөр хүнд зарсан байгаа тул завины үнэ 28.000.000 төгрөг, торх бариулахаар шилжүүлсэн 1.750.000 төгрөг, нийт 29.750.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч З.Анхбаяр нь завийг хүлээн авч далайд гаргаж шалгахад мотор нь халаад явахгүй болсон ба Д******* нь дараа жилийн хавар очиж засаж өгье гэж хэлсэн боловч энэ хугацаандаа засаж өгөөгүй, надад зарсан завиа буцааж авна гэсэн учир би 2018 оны 11 сард завины үнэнд өгөхөөр тохиролцсон газраа өөр хүнд зарсан тул 2017 оны 07 дугаар сард байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2017 оны 07 дугаар сард Япон улсад үйлдвэрлэсэн Yamaha маркийн завийг 28.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлэлцэж хариуцагч З.Анхбаяр нь завины үнэнд Прогресс маркийн завь болон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайд байрлалтай хаваржаа, зуслангийн зориулалттай газрыг өгөхөөр харилцан тохиролцсон байх ба зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж заасан ба зохигчид тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн, мөнгөн хэлбэрээр бус харилцан нийцэж байгаа ашиг сонирхлын дагуу хөрөнгийн хариуд хөрөнгө шилжүүлж байх тул нэхэмжлэгч Д*******, хариуцагч З.Анхбаяр нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч тал гэрээний зүйл болох завь нь үл хөдлөх эд хөрөнгө учир гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан мэтгэлзэж байгаа ба Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна гэж заасан учир талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан талууд арилжааны гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч З.Анхбаяр нь нэхэмжлэгчийн Япон улсад үйлдвэрлэсэн Yamaha маркийн завины үнэ 28.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, энэхүү завийг далайд гаргаж шалгахад мотор нь халаад явахгүй болсон, Д******* нь дараа жилийн хавар очиж засаж өгье гэж хэлсэн боловч энэ хугацаандаа засаж өгөөгүй, надад зарсан завиа буцааж авна гэсэн учир би 2018 оны 11 сард завины үнэнд өгөхөөр тохиролцсон газраа өөр хүнд зарсан, одоо өгсөн авснаа буцаамаар байна гэж тайлбарлан мэтгэлзэж байгаа боловч уг усан замын тээврийн хэрэгсэлд дээрх доголдол байсан тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар уг доголдлын талаар мэдэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Зам тээврийн хөгжлийн яам Монгол улсын Далайн захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/246 дугаартай ...усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн акт, дүгнэлтгүй тул уг завийг улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох боломжгүй байсан юм. Энэ талаар иргэн З.Анхбаярт тухайн үед нь мэдэгдсэн болно. ... гэх бичилт бүхий албан бичигт мөн доголдлын талаар дурджээ.

Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч З.Анхбаяр нь энэ хугацаанд дээрх хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Д******* нь би худалдсан завиныхаа үнэнд З.Анхбаяраас түүний эзэмшлийн М71ХӨ улсын дугаартай Прогресс маркийн завь, Хатгал тосгоны Жанхайд байрлах газрынх нь хамт 28.000.000 төгрөгт тооцсоноос биш завь 10.000.000 төгрөг, газар 18.000.000 төгрөг гэсэн тохиролцоо бидний дунд хийгдээгүй. Прогресс маркийн завийг үнэлгээчний үнэлсэн үнэлгээ 2.033.378 төгрөгийг нэхэмжлэлийн нийт шаардлага 29.750.000 төгрөгөөс хасч үлдэх хэсэг болох 27.716.622 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж энэхүү тайлбартайгаа холбогдуулан Виннэр Вэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Прогресс-2М маркын усан замын тээврийн хэрэгслийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлжээ.

Энэхүү баримт нь бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул үнэлэх боломжгүй, хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар энэ нь нотлогдохгүй, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар няцааж чадахгүй байх тул Япон улсад үйлдвэрлэсэн Ямаха маркийн завины үнэнд нэхэмжилсэн 28.000.000 төгрөг, торх бариулахаар өгсөн 1.750.000 төгрөг, нийт 29.750.000 төгрөгөөс хариуцагчийн Прогресс маркийн завиа 10.000.000 төгрөгөөр үнэлж зарсан энэ үнээс торх бариулах ажлын хөлсөнд өгсөн 1.750.000 төгрөгийг хасаж үлдэх 8.250.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх тайлбарыг үндэслэн хариуцагч З.Анхбаяраас 21.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д*******од олгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч З.Анхбаяр нь нэхэмжлэгч Д*******оос 28.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий Япон улсад үйлдвэрлэсэн Ямаха маркын завийг нь буцаан өгч өөрийн шилжүүлсэн М71ХӨ улсын дугаартай Прогресс маркийн завины үнэ 10.000.000 төгрөгөөс торх бариулахаар шилжүүлэн өгсөн 1.750.000 төгрөгийг хасч үлдэх 8.250.000 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч З.Анхбаяр нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэх хуульд заасан журмыг баримтлаагүй, шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 8.250.000 төгрөгийг нэгэнт хасаж шийдвэрлэсэн учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д*******оос 256.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д*******од олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 146.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч З.Анхбаяраас 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.750.000 /найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, хариуцагч З.Анхбаярын нэхэмжлэгч Д*******од холбогдуулан гаргасан 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.900 /гурван зуун дөчин мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Анхбаяраас 256.700 /хоёр зуун тавин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д*******од олгож, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 146.950 /нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН