| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01596/И |
| Дугаар | 135/ШШ2017/00460 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2017/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01596/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 8 дугаар хэсэг, 00 тоотод оршин суух, Боржигон овгийн Лувсаншаравын Эхбаригч, /РД:СЮ54010976, утас:9537 8164/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Шимт Агро ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, тоотод байрлах хаягтай утас:8800 8444, 8855 7778/-д холбогдох
2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин / Шимт Агро ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг / 12 523 024 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Эхбаригч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Эхбаригч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2013 оны 04 дүгээр сард түүний хамаатан Сэрдорж танилцуулсанаар нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Батчулуун байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл З.Батчулуун түүний эхнэр нар ...таныг гомдоохгүй ээ байж бай... гэсэн үгэнд нь би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барж өгнө гэхээр нь итгээд эд нар яасан буянтай хүмүүс вэ, байшин 15 000 000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно. Би 2010.4.15-ны өдрөөс 2016.10.23-ны өдрийг хүртэл Шимт агро ХХК-ийн хашаа буюу нисэх буудлын хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд Шимт агро ХХК-иас ямар ч цалин хөлс авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд тог тавуилснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тиймээс манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12,523,023 төгрөгийг Шимт агро ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Л.Эхбаригч манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс ******* манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. ******* манай хашаанд манаачаар ажиллаад цалин хөлс олгохоор тохиролцож, үүрэг болгосон асуудал байхгүй. Л.Эхбаригч нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийхэн ******* ямар ч садан төрлийн холбоо байхгүй. гэжээ
Нэхэмжлэгч Л.Эхбаригч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
...Тухайн үед нисэхийн хашааг Б.Атарбаяр хариуцдаггүй байсан. Анх нисэхийн хашаанд буугаад жил болохдоо би эндээс нүүе гэж хэлсэн. Тэгсэн Б.Атарбаяр надад хэлэхдээ таньд одоохондоо цалин мөнгө өгч чадахгүй, харин таныг гомдоохгүй, таньд байшин барьж өгнө гэж 2 жилийн өмнөөс хэлж байсан. Гэтэл байшин барьж өгсөн зүйл байхгүй, цалин ч өгсөн зүйл байхгүй. гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.../* нэхэмжлэлтэй, Шимт агроХХК-д холбогдох хэргийн материалтай би танилцсан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Шимт агроХХК болон Л.Эхбаригч нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл үүссэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Тэгэхээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т хөлсөөр ажиллах гэрээний талаар тодорхой заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т энэхүү гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байна гэж заасан. Гэрээний гол зүйл болох хашааны манаачийн албан тушаалд ******* авахаар Шимт агро ХХК нь хүлээн зөвшөөрч, ******* харилцан тохиролцож хашаандаа манаачаар ажиллуулсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд хариуцагч компанийн 2016.9.20-ны үед нүү гэх шаардлагыг биелүүлж, 2016.9.23-ны өдөр тус хашаанаас Л.Эхбаригч нь нүүсэн байдаг. Гэрч нарын мэдүүлгээр тус хашаанд Л.Эхбаригч нь сахиулаар 6 жил ажиллаж байсан гэдэг нь нотлогддог. Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь 6 жилийн хугацааны цалин тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нэхэмжилсэн байгаа. Ямар ч тохиолдолд аливаа хэн нэгнийг ажилд туршилтаар болон дагалдангаар ажилд авахдаа ажил олгогч нь ажилтантай заавал гэрээ байгуулж байх талаар хуульд тодорхой заасан. Тиймээс /* Шимт агро ХХК-д холбогдуулан гаргасан 12,523,023 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв тухайн нисэхийн хашаа нь 6 жил эзэнгүй байсан бол өнөөдөр энэ компани тэнд үйл ажиллагаа явуулж байх байсан эсэх, өнөөдөр цаг хэцүү болсон үе. Тэгэхээр хариуцагч тал энэ талаар бодох хэрэгтэй гэж бодож байна. Б.Атарбаяр нь өөрийнхөө эцэг шигээ насны хүнийг хохироохгүй байх гэж бодож байна. гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Эхбаригч хариуцагч Шимт Агро ХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин / Шимт Агро ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр дүйцүүлэн / 12 523 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь Шимт Агро ХХК-ийн /талуудын нэрлэж буйгаар нисэхийн хашаа/ обьектийг хамгаалж сахиулаар ажиллаж байсан тул ажлын хөлс гаргуулна, эзэн З.Батчулуун, түүний эхнэр таныг гомдоохгүй, жижиг байшин барьж өгнө гэсэн амлалтаас буцсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч Шимт Агро ХХК-ийн захирал Б.Атарбаяр ... хамаатан Сэрдоржийн гуйлтаар хашаандаа буулгасан. Компанийн худалдан авсан нисэхийн гэх хашаа, обьектийг харж, хамгаалуулах зорилгоор буулгаагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь 2013 оны 04 дүгээр сараас эзэн З.Батчулуунтай тохирон хашааг харж, хамгаалж байсан тул хүү нь компанийг нь ажиллуулж байгаа тул компаниас нь ажлын хөлсөө сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулж авна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Талуудын хооронд Шимт Агро ХХК-ийн өмчлөлийн нисэхийн хашаа буюу үл хөдлөх хөрөнгийг бусдын халдлагаас хамгаалах, бүрэн бүтэн байлгах зорилгоор манаач, сахиулын үүргийн талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдаагүй ч энэ хугацаанд нэхэмжлэгч тухайн хашаанд гэрээ барин, хашаанд байрлах обьектийг харж хамгаалж, амьдарч байсан үйл явдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд нэхэмжлэгч Л.Эхбаригч тухайн хашаа, обьектыг харж хамгаалж байсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тул ажиллуулагч тогтсон ажлын хөлсийг тодорхой хугацаанд төлөх талаар тохиролцоогүй ч нэхэмжлэгч Л.Эхбаригч нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь 2013 оны 04 дүгээр сараас ажлын хөлс шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэснээр түүний ажлын хөлс шаардах хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 23 хүртэл тооцож 6 624 000 төгрөг Шимт Агро ХХК-иас гаргуулан Л.Эхбаригчид олгож 5 899 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч /* хариуцагч Шимт Агро ХХК-д холбогдох 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин / Шимт Агро ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр дүйцүүлэн 12 523 024 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Шимт Агро ХХК-иас 6 624 000 төгрөг гаргуулан Л.Эхбаригчид олгож 5 899 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* тэмдэгтийн хураамжаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6488 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6 624 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 120 934 төгрөгийг хариуцагч Шимт Агро ХХК-иас гаргуулан төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ