Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 532

 

Б.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Нарангэрэл, гуравдагч этгээд “ОМ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү, өмгөөлөгч Л.Нарандаваа, гуравдагч этгээд “МАК” /МАК/ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0710 дугаар магадлалтай, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “МАК” ХХК, “ОМ ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.10, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, БХА-ийн Жаргалант сумын ИТХ болон сумын ЗД нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0710 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэснийг “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгогдсон МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Монгол алт” /МАК/ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, “ОМ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд “ОМ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 128/ШШ2017/0448 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0710 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд “ОМ ” ХХК-ийн зүгээс гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “ОМ ” ХХК-ны МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай болгон өөрчилсөн байдаг. 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд гуравдагч этгээдүүд болон хариуцагчийн зүгээс 6 жилийн өмнөх асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж маргасан хэдий ч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу “Илт хууль бус болохыг тогтоох” шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарахгүй гэж үзсэн. Дээр дурдсан 14.5 дахь заалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэглэх хуультай ба нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тул энэхүү заалтыг хэрэглэх боломжгүй байсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх энэхүү алдааг залруулаагүй, дүгнэлт хийгээгүй орхисон хэрнээ нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “МАК” /МАК/ ХХК-аас “ОМ ” ХХК руу тусгай зөвшөөрөл шилжсэн 2015 оны 294 дүгээр шийдвэрийг хариуцагч нь гаргасныхаа дараа нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, нэхэмжлэгч нар мэдээгүй тул 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ. 2010 оны 930 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч нар мэдсэн, үүнтэй холбоотой маргаан үүсгэж байсан нь хавтаст хэргийн баримтаар нотлогдож байгаа ба 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өмнө гаргасан бүх л шаардлага буюу 2010 оны 930 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах, 2015 оны 294 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцуулах шаардлагуудад нэгэн адил хэрэглэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөгдөж байсан хуульд илт хууль бус актын талаарх гомдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн зохицуулалт байхгүй байхад үүнээс өмнө гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагуудад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдөх хуулиудыг хэрэглэсэн нь алдаа болжээ.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу 2010 оны Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 930 тоот шийдвэр, МҮ-015651 тоот тусгай зөвшөөрлийг илт хууль бүс гэж үзсэн үндэслэлийн тухайд, анхан болон давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өргөдөл гаргагч буюу “МАК” ХХК нь байгаль орчны үнэлгээг хавсаргаж өгөөгүй байхад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус гэж үзсэн. Маргаан бүхий акт буюу хариуцагчийн 2010 оны 930 тоот шийдвэр гарах үед Байгаль орчны үнэлгээний тухай 1998 оны хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна” гэж заасан. Эндээс чухам аль үнэлгээг нь лиценз авахын өмнө хийсэн байхыг тодорхой хуульчилсныг харж болох ба хуулийн зүйл заалтыг үгийн шууд утгаар ойлгоно. Шүүх Ерөнхий үнэлгээнд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байгаа тул нарийвчилсан үнэлгээг авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой гэж дүгнэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Байгаль орчны үнэлгээний тухай хуульд зааснаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд төслийн болон технологийн оновчтой хувилбар, төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөмж; төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа, осол, эрсдэлийн үнэлгээ; болон бусад асуудлыг тус тус тусгана гэж заасан. Эдгээрээс харахад тухайн уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл гаралгүйгээр энэхүү нарийвчилсан үнэлгээг хийх, боловсруулах боломжгүй гэж шууд харж болохоор байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1-т “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан. Үүнийг хуулийн маш тодорхой заалт гэж ойлгож байна. Уурхайг, тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл бэлэн болоогүй байхад буюу техник эдийн засгийн үндэслэлээ бэлдэхээс өмнө байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулах боломжгүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь техник-эдийн засгийн үнэлгээ хэрхэн хийгдсэнээс, ямар техник-эдийн засгийн үнэлгээ байгаагаас шууд хамаарч, түүн дээр үндэслэгдэн гарна. Ийм байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой байсан, үүнийг хангаагүй учраас 930 тоот шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан баримтыг хавсаргаагүй, илт хууль бус акт гэж үзэх нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэсэн л шаардлага байдаг. Ерөнхий үнэлгээ юу, нарийвчилсан үнэлгээ юу гэдгийг тодорхой заагаагүй. Нөгөөтэйгүүр ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг бөгөөд тусгай зөвшөөрөл авснаар шууд үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй болно. Ашиглалтын үйл ажиллагаа буюу олборлолт, үйлдвэрлэл хийхэд техник-эдийн засгийн үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээ зэргийг бэлэн болгож, холбогдох газруудаар батлуулж, улмаар уурхай нээх буюу ажил эхлэх зөвшөөрөл авна. 2010 оны 930 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “МАК” ХХК нь ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичигтэй л болсон хэрэг юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг барьж байгуулан эрх бүхий байгууллагаас томилогдсон техникийн комиссоор шалгуулан акт үйлдүүлж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисст хүлээлгэн өгч уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхэлдэгээс харахад тусгай зөвшөөрөл авах, түүний дараа ордыг ашиглаж эхлэхийн хооронд маш олон бичиг баримт бүрдүүлж, бэлтгэл ажил хийдэг гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь ч энэ хооронд хийгддэг баримт бичгийн нэг болно. Цаашлаад Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл нь “Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг” гэсэн гарчигтай. Эндээс 39 дүгээр зүйлд заасан үүргүүдийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээд хүлээнэ гэж ойлгоход ямар нэгэн эргэлзээ алга. Мөн хуулийн 39.1.6-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх” гэж заасан. Эндээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ батлагддаг болох нь мөн харагдана. Хавтаст хэрэг дэх баримтад Байгаль орчин аялал жуулчлалын яамны шинжээч Д.Энхбат, Б.Саран нарын баталсан, яамны тамга тэмдэг дарагдсан Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүх холбогдох хууль журмын дагуу Байгаль орчны яамаар батлуулаагүй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээг батлуулсан үгүй талаар, энэхүү үнэлгээ нь шаардлага хангасан эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Мөн 2010 оны 930 тоот шийдвэр нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэхүү хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т энэ хуулийн хүрээнд хамаарагдах талбайг Засгийн газар тогтоохоор хуульчилсан. Засгийн газар 2012 онд 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон байдаг. 2010 онд буюу Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 930 тоот шийдвэр нь урт нэртэй хууль зөрчиж гарсан байх боломжгүй юм. Засгийн газраас тусгай баг, ажлын хэсэг гарган, тооцоо судалгаа, газар дээрх хэмжилтийг нь хийж, шав тэмдэг тавьж, нэгдсэн бүртгэл системд оруулсан. Хариуцагч тухайн үед тусгай зөвшөөрлийн тэр хэсэг нь “урт нэртэй хууль”-д хамаарна гэх үндэслэл, нөхцөл байхгүй байсан. 2012 онд Засгийн газрын тогтоол батлагдсанаар “урт нэртэй хууль”-ийн хүрээ хязгаарт орсон тусгай зөвшөөрлийг бүрэн болон хэсэгчлэн цуцлах боломжтой болсон ба энэхүү бүрэн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.3-ээр төрийн захиргааны төв байгууллагад олгосон. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч энэ тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэж үзэж байгаа бол тэрхүү шаардлагаа гаргаад төрийн захиргааны байгууллагад хандах, улмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Анхан шатны шүүхээс “урт нэртэй хууль 2009 онд батлагдсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж, Засгийн газрын тогтоол гартал тусгай зөвшөөрөл олгохгүй түдгэлзүүлэх ёстой байсан, яаран тусгайлан олгосон нь буруу” гэж ямар ч хууль, журамд үндэслэгдээгүй дүгнэлт хийсэн ба энэ логикоор бол 2009 оноос хойш 2012 оны Засгийн газрын тогтоол гартал ямар ч тусгай зөвшөөрөл Монгол Улсын хэмжээнд олгогдох ёсгүй байж.

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 294 дүгээр шийдвэрийг илт хууль бус гэж үзсэн шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрөл нь нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээдэд шилжинэ. 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4-т заасан шаардлага хангагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл шилжихгүй байх үндэслэлгүй. Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээдэд шилжүүлэх нь төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Энэхүү үүргээ хэрэгжүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 294 тоот шийдвэр гаргасан нь илт хууль бус байх ямар ч үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд мөн л урт нэртэй хууль, тухайн нутаг дэвсгэрт алт олборлолтыг хориглосон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтоол байгаа тул шилжих ёсгүй гэх мэт үндэслэлүүдээр дүгнэлт хийсэн хэдий ч эдгээр нь тусгай зөвшөөрөл буюу тэрхүү үүссэн эрхийг цуцлах үндэслэл байж болохоос биш нэгээс нөгөөд шилжүүлэхгүй байх үндэслэл биш юм. Анхан шатны шүүх “Орон нутгийн удирдлага болон иргэд зөвшөөрөхгүй байхад хариуцагч нь тусгай зөвшөөрлийг “ОМ ” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг үндэслэн шилжүүлсэн нь илт хууль бус байна” гэж хүртэл дүгнэсэн. Тусгай зөвшөөрөл шилжсэнээр иргэдийн, нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол хөндөгдөнө, дордоно гэсэн асуудал огт байхгүй.

Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нарын тухайн актуудыг илт хууль бусад тооцуулах гол үндэслэл нь , 2010 оны 930 тоот шийдвэр буюу /МАК/ ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон нь “/МАК/” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтдээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж хавсаргаагүй байсан учраас илт хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж, хариуцагч болоод гуравдагч этгээдүүдийн зүгээс нарийвчилсан үнэлгээ хийгдсэн, тэгээд ч хуулиар нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа, уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө хийлгэхээр хуульчилсан тул 2010 оны 930 тоот шийдвэр, түүний дараах бусад актууд илт хууль бус байх боломжгүй болно. Мөн анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 930 тоот шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргасан акт тул илт хууль бус гэж үзсэн, давж заалдах шатны шүүхээс “Захиргааны акт нь эерэг ба сөрөг нөлөөлөл бүхий байдаг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасан тул эерэг, сөрөг ялгаагүй захиргааны бүхий л акт Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байж болно гэж дүгнэсэн. Шүүхийн хэрэглэсэн уг хуулийн заалт нь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тухайн акт нь илт хууль бус болно” гэсэн зохицуулалттай. Эндээс харахад “... эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ...үндэслэл байгаагүй” буюу “халдах” гэдэг үгийг хэрэглэснээрээ манай тохиолдол бусдад эрх олгосон буюу тусгай зөвшөөрөл олгосон 930 тоот шийдвэрт хамаарахгүй гэж ойлгохоор байна. Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж байгаа нь тухайн захиргааны акт чиглэгдэж байгаа этгээдэд “халдаж” байгаа хэрэг биш. Хэдий эх сурвалжийн хэмжээнд ашиглах, хэрэглэх үүрэггүй ч Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт энэхүү 47.1.6 дахь заалтыг зөвхөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хэрэглэхийг онолын үүднээс тайлбарласныг ч мөн шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Гуравдагч этгээдийн зүгээс 930 тоот шийдвэр, 294 дүгээр шийдвэрүүдийг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа юм, Онолын хувьд захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь тухайн актыг гаргах эрх хэмжээ тухайн албан тушаалтанд хуулиар олгогдоогүй байхыг ойлгох бөгөөд энэхүү маргааны хувьд хариуцагч өөрийн эрхийн хүрээнд шийдвэрүүд гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь захиргааны акт илт хууль бус байх, хууль бус байхын ялгааг зөв зааглаж, дүгнэж чадаагүй гэж мөн үзэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “МАК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн 448 дугаар шийдвэр, 710 дугаар магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдлыг гаргаж байгаа болно.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх тухайд: Шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дүгнэсэн. Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нар зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо "нутгийн иргэдийн эрх" гэж тодорхойлсон ба нутгийн иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх итгэмжлэлээр, мөн хуулиар тусгайлан олгогдоогүй. Гэтэл шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж "нэхэмжлэгчийн нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн ямар байдлаар зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй. Гэтэл шүүхээс маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны сонирхол зөрчигдөж буй асуудалд бус өөр захиргааны актын улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийн талаар тайлбарласан.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтгүй гэх тухайд: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулсан байх үүргийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулаагүй. Мөн хайгуулын ажлаар тогтоогдсон нөөцийг олборлох уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үнэлгээ батлагдсаны дараа л байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулдаг, техник эдийн засгийн үнэлгээ, төлөвлөгөө нь батлагдаагүй байхад байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах боломжгүй. Иймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа / техник эдийн засгийн үнэлгээ, төлөвлөгөө батлагдсан нөхцөлд/ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулдаг практик нэгэнтээ тогтон хэрэгжиж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж ажилласан.

Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч бичиг баримтын хувьд зөрчилгүй. Гэтэл анхан шатны шүүхээс "... эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй ... ", “...зэргээс үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох журмын хүрээнд батлуулаагүй болох нь тогтоогдож байх тул шүүх уг баримтын нотолгооны ач холбогдлыг үнэлэхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзлээ гэсэн хэт нэг талыг барьсан, зөрүүтэй дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүхээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /1998 он/-ийн 1.1.1, 4.1. 1.6. 4.6.1, 4.6.3 дахь заалтуудыг үндэслэсэн байх ба “Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд байгалийн нөөц ашиглах тохиолдолд урьдчилан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх бөгөөд шинжээч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тэрхүү үнэлгээг хийлгэж, баталгаажуулсны дараагаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсарган өгөх ба Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангаж байгаа эсэхийг хариуцагч нягтлах үүрэгтэй байна" гэжээ. Нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй эсхүл холбогдох журмын дагуу байгуулаагүй гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох журмын хүрээнд батлуулаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль /Урт нэртэй хууль/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийг Засгийн газраас тогтоохоор заасан. 2010 онд манай компанид МҮ-015651 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үед Засгийн газраас ашигт малтмал хайх. ашиглах газрын хилийг тогтоогоогүй байсан ба Засгийн газраас 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийг солбицлоор тогтоосон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс '"Энгийнээр хэлбэл хуулийн 13-д заасан хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг гарах хүртэл олгохгүйгээр, түдгэлзүүлэх, хүлээх ёстой байсан бөгөөд гол мөрний болон Усны тухай хууль зэргээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байхад түүнийг үл хайхран ашиглалтын тусгай зөвшөөрлийг яаравчлан олгосон нь буруу байна" гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Манай компани Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 4352Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ихээхэн хэмжээний эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж нөөцийг батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26.3-т ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэхээр заасан. Иймээс урт нэртэй хуулийг зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй төдийгүй, хариуцагчийг Засгийн газрын тогтоол гарах хүртэл тусгай зөвшөөрөл олгохгүйгээр түдгэлзүүлэх, хүлээх ёстой байсан. яаравчлан олгосон гэж буруутгах боломжгүй юм. Хэрвээ урт нэртэй хуульд хамрагдсан тохиолдолд нөхөн олговрыг шийдвэрлэх ёстой.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч иргэдийн шүүхэд нэхэмжлэл гаргах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд энэ тухай мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ гэж заасан. 2010 онд МҮ-015651 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэдгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон нутгийн иргэд 2010-2011 оны үед бүрэн мэдэж байсныг нотлох баримтууд байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээргүй байна гэж, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс зөвхөн 2015 оны 294 дүгээр шийдвэртэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан илт хууль бус захиргааны актад хамаарах зохицуулалт. 2010 оны 930 дугаартай шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацааны талаар давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхисон. Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэлт өгсөн нь дараах байдлаар хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх хэм хэмжээ нь материаллаг хэм хэмжээ тул акт гарах үед үйлчилж байсан хууль /хэм хэмжээ/-ийг хэрэглэнэ. Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний 930 дугаартай шийдвэр гарах үед 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан тул тус хуулийг хэрэглэх ёстой. Шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагааны хэлбэр болон нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хамааран тодорхой тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан. Гэвч хэрэглэх ёстой хууль буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагааны хэлбэр болон нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй. 2016 оноос дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёсгүй байсан. Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт хийхдээ ” ... эрх зүйн үндэслэлгүй хууль бус акт гаргасан. Улмаар дараа дараагийн эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт гаргах суурийг тавьсанд нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах нь шударга ёсонд нийцэхгүй..." гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл хуулийн тодорхой заалтыг хэрэглэхгүй гэсэн тайлбар гэж ойлгогдож байна. Зүй нь бол шударга ёсыг тогтоох, нийтийн дэг журам, ашиг сонирхлын төлөө хууль баталж, хэрэгжүүлж, мөрдүүлж байгаа атал шүүхээс хуулийг хэрэглэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. 2010 оны 08 дугаар сарын 31-ний 930 дугаартай шийдвэрт холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбар, үндэслэлээ бичиж, хэлсээр байтал давж заалдах шатны шүүхээс энэ актын хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ байдал нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагч байгууллага ирээдүйд гарах хуулийн шаардлагыг урьдчилан мэдэх, түүнийг нийцүүлэх боломжгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2010 оны 930 дугаартай шийдвэр гарах үед үйлчилж байсан 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэглэж "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэх ойлголтыг тодорхойлсон /2012 оны батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэглэхгүй/ атлаа, 930 дугаартай захиргааны актын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар дүгнэхдээ 2016 оны 07 сараас мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж байна.

Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний 710 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зарим нэхэмжлэгчдийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон зэргээс шүүхийн шийдвэр магадлал, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гуравдагч этгээд “МАК” /МАК/ ХХК, “ОМ ” ХХК-иудын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд өөрийн эзэмшлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг үндэслэн “МАК” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй газарт 1130,73 га уурхайн эдэлбэр газар МY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг болон 25 дугаар зүйлд заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”-ыг зөрчөөгүй байна.

Мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай “МАК” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх МY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “ОМ ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэх тухай Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

Түүнчлэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “ОМ” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайн тодорхой хэсгийг буцааж өгөхөөр гаргасан хүсэлтийн дагуу 1130,73 га уурхайн эдэлбэр газраас 5 га газрыг буцаан авч, 254.32 га газарт МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь “Тусгай  зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх” талаарх Ашигт малтмалын тухай хуулийн  55 дугаар зүйлд заасан журмын дагуу хийгдсэн байна.

Нэхэмжлэгч БХА-ийн Жаргалант сумын ИТХ-ын дарга, ЗД болон тус сумын иргэн Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б нараас “...ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь анхнаасаа буруу, ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргаагүй байсан, ...усны нөөцгүй болсон, ...өвөлжөө хаваржаагүй болсон...” гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгаль орчныг хамгаалах талаар бүрэн эрхийг тодорхойлсон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, Сум, дүүргийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлын хүрээнд бүрэн эрхийг нь тодорхойлсон мөн зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, байгаль орчныг хамгаалах талаар тухайн албан тушаалтнуудын бүрэн эрхийг нь тодорхойлсон дээрх хуулийн зохицуулалтыг шүүхэд төлөөлөн нэхэмжлэлийг гаргах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “...хуульд заасан бол захиргааны байгууллагаас ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж... тусгайлан заасан бол...захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн маргааны шийдвэрлүүлэхээр” гэж заасантай тус тус нийцэхгүй болно. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу захиргааны байгууллага нь хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд объектив эрхийн асуудлаар хандах бөгөөд энэ тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга ямар чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тодорхойгүй байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “з”-д заасан Засаг даргын “... иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хүрээнд дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх” бүрэн эрх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж хэрэгжих учиртай.

            Иймээс эрх бүхий захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар гаргах эрхгүй гэж үзэж, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зөв байжээ.

Үүнээс гадна дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль нийцсэн, тухайн үед эдгээр актуудыг гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч иргэд болох Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход өргөдөлд хавсаргах байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлаар тухайлбал, нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээ “...заавал нарийвчилсан үнэлгээ...” байх шаардлагатай гэж, харин гуравдагч этгээдийн зүгээс “...хуулиар ийм шаардлага тавигдаагүй...” гэж маргасан байна.

Хэрэгт “МАК” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” авагдсан байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан шаардлагад нийцжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ”, 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж тус тус зааснаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлолтыг шууд явуулах эрх олгодоггүй бөгөөд тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон эдэлбэр талбайд уурхай болон боловсруулах үйлдвэр барьсанаар олборлолт явуулах эрх үүсэхээр юм.

            2015 онд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу “ОМ” ХХК-ийн эзэмшиж байгаа МҮ-015651 тоот тусгай зөвшөөрөл бүхий ордын уурхайг хүлээн авахаар томилогдсон Улсын комисс нь “орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх буюу нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй” гэж үзэж, уурхайг хүлээн авах боломжгүй гэж дүгнэснээр гуравдагч этгээд нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байжээ. Үүнээс үзвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ анхнаасаа зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байна. 

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлд заасан маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, хуулиар олгосон эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, анхнаасаа тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байснаас анх олгосон тусгай зөвшөөрөлтэй хамааралтай бусад захиргааны актууд мөн илт хууль бус гэх нэхэмжлэгч иргэдийн тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч иргэд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тусгай хэрэгцээнд байгаа газар гэх үндэслэлээр гаргасан тайлбарт шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, эдгээр үйл баримттай хамааралтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлын асуудлаар захиргааны байгууллагаас гаргах шийдвэрийн тухайд холбогдох хуулиар тусгайлан зохицуулсан, энэ асуудал нь анхнаасаа тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоогүй байна.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, иргэн Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүхийн энэ тогтоол нь эрх бүхий этгээдээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар гаргах шийдвэрт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0710 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.3, 49.6.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгогдсон МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай иргэн Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар БХА-ийн Жаргалант сумын ИТХ-ын дарга болон ЗД нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд “МАК” ХХК, “ОМ” ХХК-иудаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ