Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Т даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03476 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 327 059 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М- би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан М.С-аас зээл, хүү, алданги 297 540 000 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч талаас дээр дурдсан нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр М.С- нь Б.М-тай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 юанийг анх зээлсэн хэмээн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Би М.С-д дор дурдсан зээлийн гэрээ байгуулж, 170 000 000 төгрөгийг дараах байдлаар зээлдүүлсэн болно. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ: Хариуцагчийн тайлбарласанчлан би М.С-тай анх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 500 000 юань (150 000 000 төгрөг)-ийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн боловч М.С- тус гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тооцон 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ дахин байгуулсан: Зээл 157 650 000 төгрөг, хүү 7 650 000 төгрөг, алданги 11 823 750 төгрөг, нийт 169 473 750 төгрөг. Дээр дурдсанчлан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хүү /7 650 000 төгрөг/, алданги /11 823 750/-ийн үүргийн тооцоо 19 473 750 төгрөг болно. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ: Хариуцагч М.С- дээрх гэрээний дагуу зээлсэн мөнгөн дээрээ нэмж 70 000 юань /20 000 000 төгрөг/ зээлье гэсэн тул бид зээлийн гэрээг шинэчлэн байгуулах болсон. Хариуцагч М.С- дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 564 912.5 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нэмж зээлсэн 20 000 000 төгрөгийг нэмэн нийт дүнг 600 000 юанаар мухарлан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 600 000 юанийг 6 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний үүрэг дараах тооцоогоор дүгнэгдэнэ: Зээл 180 000 000 төгрөг, хүү 18 360 000 төгрөг, алданги 32 729 400 төгрөг, нийт 231 089 400 төгрөг. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл, нэмж олгосон 20 000 000 төгрөгийг нэмж 170 000 000 төгрөгөөс гэрээний дагуу хүү, алданги тооцно. Зээл 170 000 000 төгрөг, хүү 17 340 000 төгрөг, алданги 30 911 100 төгрөг, нийт 218 251 100 төгрөг. Дээр дурдсанчлан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хү /17 340 000 төгрөг/, алданги /30 911 100 төгрөг/-ийн үүргийн тооцоо 48 251 100 төгрөг гүйцэтгэгдээгүй үлдсэн болно. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь хариуцагч М.С- зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, тус барьцаагаа Хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьж, тус банкнаас зээл авч зээлийг тань төлье гэж гуйхаар нь итгээд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийж, барьцааг чөлөөлсөн ба хариуцагч М.С- 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 770 298 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ мөн л шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нийт дүнг 671 400 юанаар тооцон 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 671 400 юанийг 1 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний дор дурдсан үүрэг өнөөг хүртэл гүйцэтгэгдээгүй байна. Зээл 671 400 юань, хүү 11 413.8 юань, алданги 341 406.9 юань, нийт 1 024 220.7 юань. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл 150 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмж олгосон 20 000 000 төгрөг, нийт 170 000 000 төгрөгөөс гэрээний дагуу дараах байдлаар хүү, алданги тооцно. Зээл 172 890 000 төгрөг, хүү 2 890 000 төгрөг, алданги 86 545 000 төгрөг, нийт 259 335 000 төгрөг. Хариуцагч 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үедээ мөнгө авсан, бусад гэрээг өмнөх гэрээг үндэслэн байгуулсан гэж буй хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ" гэх заалтаар хариуцагчийн надтай байгуулсан дээрх зээлийн гэрээ-нүүд хүчин төгөлдөр болно. Ийнхүү хариуцагч М.С- нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалт болон 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 19 473 750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 48 251 100 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүү, алданги 259 335 000 төгрөг, нийт 327 059 850 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд дээр дурдсан тооцоог үндэслэн М.С-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 327 059 850 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М-гийн нэхэмжлэлтэй М.С-д холбогдох 327 059 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөн тодруулах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.М- нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч М.С-ын төрсөн ах М.Эрхэмбаярт холбогдуулан 401 475 328 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэлийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 065 000 юанийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 180 000 000 төгрөгийг 1.7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээг юанаар хийсэн боловч 180 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Уг гэрээний үүрэгт 297 540 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, өдрийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан, 2014 оны 12 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг нэмж зээлсэн нийлээд 180 000 000 төгрөг болгож мухарлаад 600 000 юанийн гэрээ байгуулсан гэж тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгоход дахин өмнөх зээлийн гэрээг гарган ирж бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж мэтгэлцэж байх тул Б.М-, М.С- нарын хооронд хийгдсэн гэрээг нэг мөр дүгнэж асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцагчтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дүнд Б.М-гаас анх Улаанбаатар хотын банкны зээл хаах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор нийт 2 удаа л мөнгө зээлсэн болохыг тогтоосон. Үүний дагуу банкны дансны хуулгыг гаргуулахад зээлийг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан байсан. Нэгэнт банкны зээлийг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр барагдуулсан байгаа учир тэр өдөр Б.М-тай зээлийн гэрээ байгуулсан байх магадлалтай байсан тул энэ талаар ярилцсаны үр дүнд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000 юанийн гэрээ байгуулсан болохыг олж тогтоон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бол 600 000 юанийн гэрээний шаардлага шүүхээр хэрэгсэхгүй болж шийдэгдвэл дахин 500 000 юанийн гэрээ гарган ирж шүүхэд нэхэмжлэл гарган шаардах байсан гэж үзэж байна. Хариуцагч М.С- нь Улаанбаатар хотын банкны зээлийг хаах зорилгоор Б.М-гаас 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг /хх-184 тал Улаанбаатар хотын банкны дансны хуулга/, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.С-ын охины нь сургалтын төлбөрт 15 000 сингапур доллар /15 000*1459.96=21 899 400/ хэрэгтэй байсан тул 22 000 000 төгрөг /төлбөр төлсөн баримт, орчуулгын хамт/ нийт 163 150 000 төгрөг зээлж авсан. Уг мөнгөн дүнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болно. 163 150 000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 126 200 000 төгрөг /хх-118 тал Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 148 талын арын нүүр/, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөг /хх-112 тал Голомт банкны дансны хуулга, 149 тал, 179-182 тал/, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 700 000 төгрөг /хх-133 тал дансны хуулга/ нийт 164 900 000 төгрөг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Б.М-гаас зээлсэн 141 150 000 төгрөгийг 500 000 юанийн гэрээнд заасан нөхцөлөөр хүү, алданги тооцож 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэхэд 141 150 000*1.7%=2 399 550 1 сарын хүү 2 399 550*3=7 198 650 нийт 3 сарын хүү, 141 150 000+7 198 650=148 348 650 гүйцэтгээгүй үүрэг, 148 348 650*0.5%=741 743,25 нэг хоногийн алданги, 741 743,25*13=9 642 662,25 нийт 13 хоногийн алданги, 148 348 650+9 642 662,25=157 991 312,25 болж байна. Үүнийг тэгшлээд 158 000 000 төгрөг болгосон. 158 000 000+22 000 000=180 000 000 төгрөг болгон тооцсон байна. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 500 000 юань, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 600 000 юанийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 671 400 юанийн гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Yндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т /4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно/ зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас харахад Б.М- нь юанийн гэрээг байгуулахдаа Монгол банкны албан ёсны зөвшөөрлийг авах шаардлагатай байсан. Зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу дээрх үнийн дүн бүхий юанийг М.С-д хүлээлгэн өгөөгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Б.М- нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг бөгөөд уг үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажиллагаа юм. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйл Хуулийн нэр томъёо 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно 3.1.1.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг; 3.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг гэж зааснаас харахад иргэн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой этгээд юм. 15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл 15.1.Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. 15.3.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр 15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх; Нэхэмжлэгч Б.М- нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан нь түүний дансны хуулгаар /хх-148 тал Лхамсүрэнгийн дансны хуулга 4,14, 15, 16, 17, 18, 19, 27, 38, 44, 46, 51, 70, 84, 85, 86, 92, 99, 102, 120, 124, 133, 146, 156, 171, 172, 184, 196, 203, 215, 223, 232, 261, 274, 293, 296, 300, 303, 340, 347, 357, 362, 372, 371, 392, 396, 403, 404, 405, 407, 416, 422, 424, 437, 438, 443, 444, 445, 453, 462, 467 тоот гүйлгээ, Б.М-гийн 2705000818 тоот дансны 2014 оны 12 сарын 08, 2015 оны 02 сарын 17, 05 сарын 08, 19, 06 сарын 12, 30, 08 сарын 31, 10 сарын 30, 11 сарын 09, 19, 12 сарын 03, 2016 оны 02 сарын 04, 04 сарын 25, 08 сарын 16, 10 сарын 04, 27, 2017 оны 01 сарын 13, 02 сарын 14, 08 сарын 01, 15, 09 сарын 09, 20, 12 сарын 08, 08, 2018 оны 01 сарын 17, 25, 02 сарын 20, 03 сарын 06, 07 сарын 24-ний өдрийн хуулга зэргээр нотлогдож байх бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх талаар заасан. Гэрч Б.А-ийн мэдүүлгийн талаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн дүү болох Б.А-гийн зээлийн гэрээ, нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч хариуцагч М.С- нь 126 000 000 төгрөг, 38 000 000 төгрөгийг Б.М-гийн бус Б.А-гийн зээлийн төлбөрт төлсөн гэж маргадаг. Энэ талаар Б.А- “Т” ХХК нь цонхны материал авна гээд Пүрэвсүрэнгийн саун массажны газрыг зээлийн барьцаанд тавиад 350 000 юанийг 2014 онд зээлээд эргээд хүүгийн хамт 400 000 юань болгож төлсөн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэг нь дараах баримтуудаар няцаагдаж байна. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч М.С-ын төрсөн ах М.Э-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 401 475 328 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ 1 65 000 юанийг М.Э-д бэлнээр өгсөн. Зээлээс үндсэн төлбөрт 302 720 юань, хүү 212 430 юань нийт 515 150 юань төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 762 280 юань, алданги 381 140 юань нийт 1 143 420 юань гаргуулна гэж тодорхойлсон. Тус хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр, Магадлал өнөөдөр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Б.М-гийн тухайн үед шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлээс 515 150 юань төлж барагдуулсан гэдэг тооцоо нь хариуцагч М.С-ын компани болох Т ХХК-аас 126 000 000 төгрөг буюу 400 000 юань, 38 000 000 төгрөг буюу 115 150 юань шилжүүлсэнийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон гэж дурдсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр /Хх-ийн 62 дугаар хуудасны ар талд/ гуравдагч этгээдийн өмгөөлөгч: “Т” ХХК гэж байгууллагаас Б.А-гийн дансруу төлбөр төлөгдсөн байдаг, энэ төлөлтүүдийг зээлийн төлөлтөөс хассан уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А- нь нэхэмжлэгчийн дүү нь байгаа. Төлөгдсөн мөнгийг нь хассан байгаа гэж тайлбарласан. Б.А- нь Б.П-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 231 938 280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 350 000 юанийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан. Б.А-, Б.М- нар нь шүүхэд нэхэмжлэлээ 1 сарын хугацаатай гаргаж байсан бөгөөд Б.М-гийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.А- нь гэрчээр орж байснаас харахад хэн ямар агуулгатай нэхэмжлэл гаргаж байсныг бүрэн мэдэж байсан. Шүүхэд Б.М-гийн нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн, бэлэн мөнгөний орлогын баримт хэсэгт мөнгө тушаагч гэсэн хэсэг дэх гарын үсэг Б.А-гийн гарын үсэг мөн гэж гарсны дараа Б.А- нэхэмжлэлээ татан авсан байдаг. Мөн Б.М-, Б.А- нар нь Голомт банкны 2705000818 дугаар дансыг хамтран эзэмшдэг, Б.А- нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Түүнээс манай гэр бүлийн мөнгөн, ... Н гэж хүнд зээлсэн. Бусдыг сайн санахгүй байна. Би ерөнхийдөө зээл гаргадаг. Н-г С авч ирж танилцуулсан” гэсэн байдаг. Дээрхээс дүгнэвэл Б.М-, М.С- нарын хооронд хийгдсэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 500 000 юань, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 600 000 юань, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 61 400 юанийн гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.4 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1, 15.3.4 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж Монгол банк болон холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр гадаад валютын зээл олгосон, зээлийн үйл ажиллагаа явуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч М.С- нь Б.М-гаас авсан 163 150 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан уг үнийн дүн бүхий төгрөгийн зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй, зээлийн төлбөрийг 164 900 000 төгрөг болгон бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.С-аас 255 775 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс 71 284 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М- нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 863 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 436 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч Б.М- би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03476 дугаар шийдвэрийн миний нэхэмжлэлийн шаардлагаас 71 284 850 төгрөгийн шаардлагыг хангаагүйг эс зөвшөөрч, анхан шатны шүүх нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би М.С-тай анх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 500 000 юань (15 000 000 төгрөг)-ийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 1,7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч М С тус гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмж зээл авч, тус зээлийн гэрээ /2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн/-гээ дүгнэж, зээл төлөх хугацааг сунгаж, зээлийн гэрээ байгуулсан. Би дээрх бодит үйл баримтын дагуу гагцхүү гэрээний дагуу тооцогдох хүү /7 650 000 төгрөг/, алданги /11 823 750/-ийн үүргийн тооцоо 19 473 750 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Хариуцагч М.С- дээрх гэрээний дагуу зээлсэн 150 000 000 төгрөг дээрээ нэмж 70 000 юань /20 000 000 төгрөг/ зээлье гэсэн тул бид 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан, үүн дээр талууд маргадаггүй. Тус зээлийн гэрээгээр үндсэн зээл дээр нэмж зээлсэн зээлийн дүнг нэмэхийн хамтаар өмнөх гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн дүнг нэмж тооцсон дүнгээр зээлийн дүнг тооцон 600 000 юанийг 6 сарын хугацаатай, сар бүрийн 1,7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан боловч би Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл, нэмж олгосон 20 000 000 төгрөгийг нэмж, 170 000 000 төгрөгөөс гэрээний дагуу хүү, алданги тооцон нэхэмжилсэн. Тодруулбал, талууд 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэх хүртэл хугацаагаар тооцон гэрээний дагуу тооцогдох хүү /17 340 000 төгрөг/, алданги /30 911 100 төгрөг/-ийн үүргийн тооцоо 48 251 100 төгрөгийг шаардсан болно. Хариуцагч М.С- зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, тус барьцаагаа Хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьж, тус банкнаас зээл авч зээлийг тань төлье гэж гуйхаар нь итгээд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийж, барьцааг чөлөөлсөн. Энэ үед хариуцагч М.С- бид мөн л гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн дүнг нэмж тооцсон дүнгээр зээлийн дүнг тооцон 671 400 юанийг 1 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан боловч би Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл 150 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмж олгосон 20 000 000 төгрөг, нийт 170 000 000 төгрөгөөс гэрээний дагуу дараах байдлаар хүү, алданги тооцож шаардсан. Хариуцагч 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үедээ мөнгө  авсан, бусад гэрээг өмнөх гэрээг үндэслэн байгуулсан гэж тайлбарлаж буй хэдий ч 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмж 20 000 000 төгрөгийн зээл авсан, өмнөх үүргийн нөхцөлийг хожим өөрчлөн тохиролцсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ" гэх заалтаар хариуцагчийн надтай байгуулсан дээрх “зээлийн гэрээ”-нүүд хүчин төгөлдөр болно. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг үл харгалзан хариуцагчийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “зээлийн гэрээ” гэх нэртэй баримт үйлдэх үед буюу гэрээ байгуулах үедээ мөнгө аваагүй гэж дүгнэсэн нь талуудын гэрээний нөхцөлийг өөрчлөн хожим тохиролцсон тохиролцоог хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ" гэх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэрэг болсон. Ийнхүү хариуцагч М.С- нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалт болон 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 19 473 750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 48 251 100 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүү, алданги 259 335 000 төгрөг, нийт 327 059 850 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байхад шүүх 255 775 000 төгрөгийг М.С-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх байдлаар үндэслэлгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03476 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, М.С-аас 71 284 850 төгрөгийг нэмж буюу нийт 327 059 850 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 21, 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Үүнд нэхэмжлэгч Б.М-гаас 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг /хх-184 тал Улаанбаатар хотын банкны дансны хуулга/, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.С-ын охины сургалтын төлбөрт 15 000 сингапур доллар /15 000*1459.96=21 899 400/ хэрэгтэй байсан тул 22 000 000 төгрөг нийт 163 150 000 төгрөг зээлж авсан. Уг 141 150 000 төгрөг болон 22 000 000 төгрөгт ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ болон 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу 600 000, 500 000 юанийг тус бүр М.С-д хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу юань хүлээлгэн өгөөгүй, өгсөн болох нь нотлогдоогүй байхад юанийг хүлээлгэн өгсөн мэтээр хийсвэрээр дүгнэж 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнээс хүү, алданги тооцсон нь хууль бус. Б.М- нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр юанийн зээлийн гэрээ байгуулахдаа  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 500 000 юань, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 600 000 юанийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 671 400 юанийн гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохих газраас нь тусгай зөвшөөрлийг авалгүй эрхэлсэн, тусгай зөвшөөрөл авалгүйгээр гадаад валютаар зээлийн гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно зэрэг үндэслэлээр хариуцагч татгалзсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь баримтаар нотлогдоогүй, юанийн тухайн үеийн ханш 300 төгрөг байсан тул 15 000 000 төгрөг авсан болох нь бодит үнэнд нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгч нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй байхад ямар үндэслэлээр 500 000 юанаар гэрээ байгуулсан байхад энэ гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй, 141 150 000, 22 000 000 төгрөгөөр зээлийн болон барьцааны бичгээр байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй байхад сарын 1.7 хувийн хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчээс 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хүү 7 650 000 төгрөг, алданги 11 823 750 төгрөг нийт 19 473 750 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж үндсэн зээл болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги тооцсон нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт хүү, алданги 48 251 100 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр хүү 2 890 000 төгрөг, алданги 86 545 000 төгрөг үндсэн зээл 259 335 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж зааснаар тухайн гэрээний хугацааг дууссан өдрөөс сунгасанд тооцохоор байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу хүүг үргэлжлүүлэн тооцох боломжгүй гэж зөв дүгнэсэн атлаа уг 2 гэрээгээр шаардсан үнийн дүнг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг шаардсан мэтээр оролцуулан тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн байна. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан ямар нэгэн сунгалтын гэрээ гэж бичигдээгүй, алдангийн дараагийн заалтад “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлсэн өдрөөс байгуулагдсанд тооцно” гэж заасан. Хариуцагч М.С- нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр юань хүлээн аваагүй, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 22 000 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Б.М- нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь түүний Голомт банкны дансны хуулгаар бүрэн нотлогддог бөгөөд уг хуулгын гүйлгээний утга хэсэгт нэг хүнээс олон давтамжтайгаар  зээлийн хүү, зээл төлөв, зээл олгов гэсэн байдаг. Энэ үйл баримтыг хариу тайлбар дээр нэг бүрчлэн дурдаж өгсөн байдаг. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 126 200 000 төгрөгийг Б.М-гийн өгсөн ээж Л-ийн дансаар шилжүүлсэн, энэ нь Б.М-гийн төлбөр болох талаар өмнөх хурлын тэмдэглэл болон бусад баримтаар нотолсон байтал анхан шатны шүүх зээлээс хасч тооцоогүй нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсвэл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч М.С-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, хүү, алдангид нийт 297 540 000 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, 2014 оны 8 дугаар сарын 21, 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 327 059 850 төгрөг гаргуулахаар шаардаж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзжээ./1хх 1-2, 221-224, 235 дугаар тал ар/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б.М-гийн нэхэмжлэлтэй, М.Э-д холбогдох иргэний хэргийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. /1хх 67-77 дугаар тал/

 

Учир нь дээрх хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй шүүхийн шийдвэртэй хэргийн буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн хариуцагч М.С-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэсэн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Хэрэгт хариуцагч М.С-ын нэр дээрх Голомт банкны 3105105238 тоот данснаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт Б.Лхамсүрэн, хаан төв банк гэх, мөн Түмэн цагаан ХХК-ийн нэр дээрх Голомт банкны 406042247 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 126 200 000 төгрөгийг Б.Л 5172002685 “Түмэн цагаан” ХХК-аас барааны үнэ, зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар тус тус зарлага гарсан дансны хуулгууд баримтаар авагджээ./1хх 112-118 дугаар тал/

 

Хариуцагч М.С- нь уг мөнгүүдийг өөрийн зээлийн төлбөрт тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж маргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх бөгөөд, шүүх энэ хэрэгт гэрчээр оролцоогүй буюу хариуцагчийн ах М.Э-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны шатанд гэрчээр оролцсон хариуцагчийн мэдүүлгийг үнэлж, М.Э-ийн нэхэмжлэгч Б.М-гаас авсан зээлийн төлбөрт тооцогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх гэрчээр асууж, мэдүүлэг авах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон этгээдийн мэдүүлэг биш, хариуцагчийн өөр хэрэгт гэрчээр оролцож өгсөн мэдүүлгийг шууд нотлох баримтад тооцож шийдвэрийн үндэслэл болгосон нь дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчжээ.

 

Харин дээрх мөнгө нь хариуцагч М.С-ын нэхэмжлэгч Б.М-гаас авсан зээлийн төлбөрт тооцогдох эсэх талаар зохигчид маргаж буй тохиолдолд М.Э-ийн нэхэмжлэгч Б.М-гаас авсан зээлийн төлбөрт уг мөнгө тооцогдсон эсэх, тэдгээрийн хоорондын маргаантай хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Түүнчлэн, өөр маргаантай хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг шүүх тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд хэргийн нөхцөл байдалд хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс тодруулж, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, зохигчдын давж заалдах гомдолд хариу өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 514 375 төгрөг, хариуцагчийн 1 437 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.Т

 

                               ШҮҮГЧИД                                  Г.Д

 

                                                                                  С.Э