Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00094

 

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1421 дүгээр магадлалтай,

 

............гийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 327 059 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014.08.21-ний өдөр ............тай зээлийн гэрээ байгуулан 150 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. ............ гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир 2014.12.05-ны өдөр дахин гэрээ хийж зээл 150 сая төгрөг, 3 сарын хүү нь 7 650 000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацааг 2014.12.21 гэж зааж өгсөн. Төлөх үүрэг нь хүү, алдангитайгаа нийлээд 169 473 750 төгрөг болсон. ............ нь 2014.12.05-ны өдөр дээрх үүрэг дээрээ нэмж 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн тооцоо нь үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 2 040 000 төгрөг, алданги 11 020 000 төгрөг нийт 33 060 000 төгрөг болсон. Үүний дараа ............ нь барьцааны зүйлээ чөлөөлмөөр байна гэхээр нь өмнөх 2 гэрээгээ дүгнэж барьцааг нь чөлөөлж өгсөн. Ингээд 2015.07.08-ны өдөр 2 гэрээгээ дүгнэж зээлийн гэрээ гэж нэрлээд үндсэн зээл 170 000 000 төгрөг, хүү 20 230 000 төгрөг, алданги 180 150 000 төгрөг нийт 370 450 000 төгрөг болсон. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ 2018.08.21-ний өдөр ............, ............ нарын хооронд байгуулагдсан. 500 000 юань зээлэхээр тохирсон ч юань 141 150 000 төгрөгийг хүлээн авсан. ............ нь Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан нь дансны хуулгаар нотлогдоно. Харин 150 сая төгрөг хүлээж аваагүй. 2014.09.14-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр шаардлагатай болоод 22 сая төгрөг зээлсэн. Гэхдээ бичгээр гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч 20 сая төгрөг зээлсэн гэдэг ч манайх 22 сая төгрөг зээлсэн гэдгээ зөвшөөрдөг. Бичгээр гэрээ байгуулагдаагүй учир хүү, алданги тооцохгүй. Мөн 2018.08.21-ний өдрийн гэрээнд хүү, алданги тооцохгүй, бичгийн гэрээ байхгүй. Талуудын хооронд 2 удаагийн гэрээний тооцоо байдаг. Төлбөрийг нэмж нэгтгээд 2014.12.05-ны өдөр 600 000 юаны гэрээ хийсэн боловч энэ мөнгийг шилжүүлж аваагүй. Тиймээс хүү, алданги тооцохгүй. ............ нь 2015.10.15-ны өдөр 126 200 000 төгрөгийг ............гийн ээж Лхамсүрэнгийн Голомт банкны данс руу шилжүүлсэн, орохдоо юань болж 400 000 юань хөрвөгдөн орсон. Үүнийг Ариунаагийн төлбөрт өгсөн мөнгө гэж нэхэмжлэгч маргадаг ч Ариунаа, ............ нарын маргаан энэ хэрэгт хамаагүй. 2016.09.15-ны өдөр ............аас ............гийн ээж Лхамсүрэнгийн Голомт банкны дансанд 30 000 000 төгрөг, 2015.08.31-ний өдөр ............гийн Голомт банкны дансанд 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд 164 900 000 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Мэнддаваагийн ............аас 255 775 000 төгрөг гаргуулж Бэхчандарын ............д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 71 284 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ............ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 863 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ............аас 1 436 825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1421 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 437 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн. 2014 оны 08 сарын 21-ний өдрийн гэрээгээр алданги 11.823.750 төгрөг, хүү 7.650.000 төгрөг нийт 169.473.750 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж алданги 78.825.000 төгрөгөөр тооцож 2014 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 236.475.000 төгрөг 2014 оны 09 сарын 14-ний өдрийн 20.000.000 төгрөг нэмээд 256.475.000 төгрөгөөс 2015 оны 08 сарын 31-ний өдрийн ............, Б.Ариунаа нарын голомт банк дахь дансанд төлсөн 700.000 төгрөгийг хасч 255.775.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 2014 оны 12 сарын 05, 2015 оны 07 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д зааснаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй, дээрх гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “талуудын хооронд Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ. Иргэний хуулийн 217 дугаар зүйлд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийн талаар заасан бөгөөд 217.1 мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. 217.2 хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т /4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно/ зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байна. ............ ............ нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь яагаад дээрх хориглосон заалтад хамаарахгүй, хуулийн ямар үндэслэлээр дээрх гэрээ нь банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээтэй адил гадаадын мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ болж байгааг тодорхойлоогүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. ............ ............ нарын хооронд хэрэв төгрөгөөр зээлийн гэрээ байгуулагдаад үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийсэн бол дээрх хориглосон хуулийн зохицуулалт үйлчлэхгүй байсан гэж үзэж байна. ............ нь шүүх хуралдаан дээр би төгрөг зээлсэн, валютын ханш өсөж байсан тул өөрийн эрсдлийг хааж юаны гэрээ байгуулсан гэдэг. ............ нь ............гаас 2014 оны 08 сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг, 2014 оны 09 сарын 14-ний өдөр 22.000.000 төгрөг нийт 163.150.000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг мөнгийг 2015 оны 10 сарын 14-ний өдөр 126.200.000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-ны өдөр 38.000.000 төгрөгийг Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын дансруу “Түмэн цагаан” ХХК-иас зээлийн төлбөр гэсэн утгаар, 2015 оны 08 сарын 31-ний өдөр 700.000 төгрөгийг ............гийн дансруу шилжүүлж нийт 164.900.000 төгрөг төлж барагдуулсан байдаг. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. ............ нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Түмэн цагаан” ХХК-иас зээлийн төлбөрийг ............гийн даалгаснаар түүний ээж Лхамсүрэнгийн дансанд мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн үедээ зээлийн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Хаан банк дахь ............гийн ээж Лхамсүрэнгийн данс, Голомт банк дахь ............гийн өөрийнх нь дансны хоёулангийх нь хамтран эзэмшигчээр Б.Ариунаа байдаг бөгөөд хэн нэгэн хүнээс дансанд мөнгө шилжүүлэхэд үндсэн данс эзэмшигчийн мэдээлэл гарч ирэхээс хамтран эзэмшигч нарын мэдээлэл гарч ирдэггүйгээс зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан байхад энэ байдлыг овжиноор ашиглаж өөр зээл төлсөн мэтээр тайлбарлаж байна. Энэ нь дараах үйл баримтаар тогтоогддог. ............ нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр ............ын төрсөн ах М.Эрхэмбаярт холбогдуулан 1.065.000 юаны гэрээний үүрэгт 1.143.420 юань гаргуулахаар, ............гийн дүү Б.Ариунаа 2017 оны 03 сарын 27-ны өдөр Б.Пүрэвсүрэнд холбогдуулан 2015 оны 03 сарын 27-ны өдрийн 350.000 юаны зээлийн гэрээний үүрэгт 231.938.280 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан байдаг. ............гийн М.Эрхэмбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь 1.065.000 юаныг бэлнээр хүлээлгэн өгөөгүй, 2014 оны 01 сарын 03-ны өдрийн 200.000.000 төгрөг, 2014 оны 08 сарын 21-ний өдрийн 500.000 юаны зээлийн гэрээний тооцоог нэгтгэж гаргасан дүн байсан, уг үнийн дүнгээс нэхэмжлэлдээ зээлийн үндсэн төлбөрөөс 302.720 юань, хүү 212.430 юань нийт 515.150 юань төлсөн талаараа бичсэн байдаг. Б.Ариунаа нь Б.Пүрэвсүрэнг гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Дээрх 2 нэхэмжлэл нь ............ болон Б.Ариунаа нарт ашигтайгаар шийдвэрлэгдээгүй байсан тул ............ын ............гаас зээлсэн зээлийн төлбөрт түүний ээж Лхамсүрэнгийн дансанд төлсөн зээлийн гэрээний үүргийг өөрт ашигтайгаар эргүүлэхээр уг зээлийн төлөлт нь Б.Ариунаагаас авсан зээлийн төлбөр болгон хувиргаж шүүхэд нэхэмжлэл гарган мэтгэлцэж байгаа нь талууд шүүхэд үнэн зөв тайлбар гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв уг мөнгийг анхнаасаа Ариунаагийн зээлийн төлөлтөд авсан байсан бол яагаад дээрх утга бүхий нэхэмжлэлийг ............, Б.Ариунаа нар нь М.Эрхэмбаяр, Б.Пүрэвсүрэн нарт холбогдуулж гаргах байсан, мөн энэ их хэмжээний мөнгийг хүлээн авсан байж яагаад мэдэхгүй өнгөрөх байсан гэж. ............гаас хэд хэдэн удаагийн шүүх хурал дээр шүүгч нар та төрийн албан хаагч байж хаанаас ийм их хэмжээний мөнгө зээлсэн юм гэхэд энэ мөнгө манай ээж, ах дүү хамаатан садан нарын мөнгө гэж хэлж байсан. Иймд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.4 дүгээр зүйлийг зөрчиж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хууль зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу ............, ............ нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь анх хийгдсэн цагаасаа хүчин төгөлдөр бус бөгөөд ............ нь ............гаас авсан 163.150.000 төгрөгийг 164.900.000 төгрөг болгон төлж барагдуулсан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............д холбогдуулан зээлийн үүрэгт 327 059 850 төгрөгийг гаргуулах, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Хариуцагч зээлийг буцаан төлж, үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 255 775 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож хэрэглэсэн байх боловч хариуцагчийн биелүүлэх зээлийн үүргийг зөв тогтоож чадаагүй алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Учир нь /ганц жинтэй өгүүлбэр бичмээр байна/” ...гэх өгүүлбэр тусгагдсан, энэ хэсэг нь шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй боловч магадлалыг хүчингүй болгох үндэслэл болоогүй тул уг алдааг дурьдаж, цаашид анхаарах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2 гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу ............ нь 500 000 юаньтай тэнцэх 150 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй зээлдүүлэх, ............ зээлийг хүүгийн хамт, хугацаанд нь буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ. Үүний дараа талууд амаар тохирч 2014 оны 12 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй байна.

Талууд хоёр гэрээг дүгнэн, зээлийн хүүг нэмж тооцон 2014 оны 12 сарын 05-ны өдөр 600 000 юань зээлдүүлсэн гэж дахин гэрээ байгуулсан нь бие даасан гэрээ бус өмнөх гэрээг дүгнэсэн агуулгатай байна. Зээлийн үүргийн талаар ийнхүү тооцоо нийлсэн боловч зээлдэгч маргасан тул хэргийн нөхцөл байдалд үндэслэн, гэрээнд заасан нөхцөлөөр зээлдэгчийн үүргийг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

............ нь 150 000 000 төгрөгийг шилжүүлж үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэсэн бол зээлдэгч ............ 141 150 000 төгрөгийг хүлээн авч, 164 900 000 төгрөгийг буцааж төлсөн гэж мэтгэлцжээ. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар удаа дараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 141 150 000 төгрөгийг авснаа зөвшөөрсөн байна.

Зээлдүүлэгч мөнгийг бүрэн хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагчийн маргаагүй, зөвшөөрсөн хэмжээнд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан журамд нийцээгүй, энэ талаар хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

............ нь 150 000 000 төгрөг бус 141 150 000 төгрөгийг авсан тул уг зээлийг, хүү 7 198 650 төгрөг, алданги 74 174 325 төгрөг нийт 225 522 975 төгрөгийг төлөхөөс 700 000 төгрөгийг төлсөн тул хасч 221 822 975 төгрөгийг, амаар тохирч зээлсэн 20 000 000 төгрөг бүгд 241 822 975 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Тэрээр 700 000 төгрөгөөс гадна дараах байдлаар буюу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Түмэн цагаан ХХК-иас 126 200 000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 38 000 000 төгрөгийг ............гийн ээж Б.Лхамсүрэн, дүү Б.Ариунаа нарын данс руу тус тус шилжүүлж, зээлээ бүрэн төлж дуусгасан гэж байгаа боловч уг үүргийн гүйцэтгэлийг  үүрэг гүйцэтгүүлэгч ............ зөвшөөрөөгүй байна. /1хх112, 117-118/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч ............ нь зээлийн мөнгийг өөр этгээдэд өгөхийг нэхэмжлэгч мэдэгдсэн, зөвшөөрсөн гэдгийг нотлоогүйгээс гадна үүргийг ийнхүү гүйцэтгэснээр нэхэмжлэгч нь ашиг олсон байдал тогтоогдоогүй тул уг мөнгийг хасч тооцоогүй шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. Энэ талаар буюу 164 200 000 төгрөгийг хасаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй болно.

Харин хариуцагч нь уг мөнгийг андуурч эсвэл эрхгүй этгээдэд шилжүүлсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1421 дүгээр магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...255 775 000 /хоёр зуун тавин таван сая долоон зуун далан таван мянга/ гэснийг ...241 822 975...гэж, ...71 284 850...гэснийг ...85 236 875...гэж, шийдвэрийн 3 дах заалтад ...1 436 825...гэснийг 1 367 064 гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 437 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.УНДРАХ

                            ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА