Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2018/01709/И |
Дугаар | 101/ШШ2018/03336 |
Огноо | 2018-10-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/03336
2018 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/03336 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Л гаргасан,
Хариуцагч: Д.Н холбогдох,
12,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагч Д.Н, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, анх хариуцагч Д.Н гэж хүнийг таньдаггүй байсан, н.Б намайг түүнтэй танилцуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Гэвч хариуцагч тал надаас авсан зээлийг төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй тайлбар хэлж, зухтаж байна.
Миний бие н.Б болон хариуцагч Д.Н нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй, одоо нэхэмжилж буй 10,000,000.00 төгрөгийг н.Б бид хоёрын 45,000,000.00 төгрөгийг зээлтэй хольж, хутгаж болохгүй.
Хариуцагч тал өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхгүй байсан учраас би түүнтэй уулзах гэж Орхон аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж, бензин, шатахууны төлбөрт 2,500,000.00 төгрөгийн зардал гаргасан ба тооцооллыг холбогдох баримтын хамт хэрэгт өгсөн.
Хэрэгт авагдсан мөнгөн орлогын баримтаар хариуцагчийн дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Иймд, хариуцагчаас зээл 10,000,000.00 төгрөг, учирсан хохиролд 2,500,000.00 төгрөг, нийт 12,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч М.Л гэж хүнийг ерөөсөө танихгүй, гэнэт л надаас 10,000,000.00 төгрөг нэхэж, ажил дээр ирж дарамтлах болсон. Би, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Бтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 40,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн юм.
Ингээд н.Б надад авсан зээлээ буцаан төлөхдөө миний дансыг авсан ба 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг М.Л гэж хүнээс шилжүүлсэн байсан, үүнийг н.Бээс лавлахад өөрийнхөө зээлийг төлсөн гэж хэлсэн.
Шүүх, миний хүсэлтээр гэрчээр н.Бийг оролцуулж, мэдүүлэг авахад тэрээр энэ 10,000,000.00 төгрөгийг М.Лд төлнө, гэхдээ компанийн хувьцааг буцаан өгсөн тохиолдолд төлөх болно гэсэн. Яагаад нэхэмжлэгч тал энэ мөнгийг надаас шаардаад байгааг ойлгохгүй байна, би өөрийнхөө бусдад өгсөн зээлийг авсан гэж бодож байна, үүнийг ч тус зээл авсан хүн баталсан.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Лгаас хариуцагч Д.Нд холбогдуулан 12,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээл 10,000,000.00 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол /шатахууны зардал/-д 2,500,000.00 төгрөг, нийт 12,500,000.00 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Лгас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Нын ******* банк ХХК дахь дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тэрээр үүнийг зээл хэмээн тайлбарласан /х.х-ийн 3-р хуудас/.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг анхнаасаа бие биедээ тодорхой илэрхийлэгдэж, нэг талаас гэрээнд заасан зээлийг олгох, нөгөө талаас түүнийг хүлээн авч, буцаан төлөх үүрэг үүссэн тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээний зүйлийг шилжүүлэх бөгөөд тийнхүү шилжүүлснээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх юм.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу энэ төрлийн гэрээний харилцаа үүсэхэд зохигчдод гэрээг байгуулах нэгдмэл хүсэл зориг байсан, үүнд тулгуурласан байх нь чухал бөгөөд хэрэв ийм хүсэл зориг анхнаасаа байгаагүй тохиолдолд аль нэг талын нөгөө этгээдэд мөнгө шилжүүлсэн үйлдлийг зээл гэж үзэхгүй.
Хэдийгээр хариуцагч Д.Н дээр дурьдсан 10,000,000.00 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/11988 тоот захирамжаар Ө.Бийг гэрчээр оролцуулж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг авахад тэрээр маргааны зүйл болох 10,000,000.00 төгрөгийг хариуцагч Д.Нас өмнө нь авсан зээлийг буцаан төлөхдөө нэхэмжлэгч М.Лгаас авч, шилжүүлүүлсэн, үүнийг өөрөө М.Лд төлнө гэсэн утгатай тайлбар өгсөн байна /х.х-ийн 82-85-р хуудас/.
Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Л 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрч Ө.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 45,000,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бол хариуцагч Д.Н үүнээс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 40,000,000.00 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байсан, зээлдэгч буюу гэрч Ө.Б ийнхүү зээлдүүлэгч Д.Нд буцаан төлөх ёстой зээлийг нэхэмжлэгч М.Лгаас авч, төлөхдөө нэхэмжлэгчээр хариуцагчийн дансанд орлогын гүйлгээ хийлгэжээ /х.х-ийн 39, 41-р хуудас/.
Энэхүү үйл баримтын талаар Ө.Б нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн өөрийн мэдүүлэгтээ дурьдсан ба тэрээр М.Лгаас зээлсэн гэх 45,000,000.00 төгрөгөөс Д.Нд 10,000,000.00 төгрөг, н.Д-д 15,000,000.00 төгрөг, н.Уд 15,000,000.00 төгрөгийг өгч, үлдэх хэсгийг татвар болон нийгмийн даатгалд төлсөн гэжээ /х.х-42-р хуудас/.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.
Тайлбарлавал, хэдийгээр нэхэмжлэгч М.Лгаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Нын дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн боловч уг төлбөрийг хариуцагчид гэрч Ө.Б төлөх ёстой байсан, гэрч өөрийнхөө гүйцэтгэх ёстой энэхүү үүргээ нэхэмжлэгчээр гүйцэтгүүлж, хариуцагчийн дансанд орлогын гүйлгээ хийсэн ба тэрээр энэ тухай Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ би Лханаад тухайн үед Нямлхагвын дансыг мессежээр явуулж, 10,000,000.00 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрч Ө.Бтэй байгуулсан гэрээний дагуу түүнд бодитоор 45,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, харин Д.Нямлхагвын дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн тул авах ёстой гэж маргасан.
Гэтэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2.-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Лгаас гэрч Ө.Бтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 45,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй боловч түүний зөвшөөрснөөр эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн Ө.Бийн би М.Лд 10,000,000.00 төгрөгийг Д.Нын дансанд шилжүүл гэж хэлсэн гэх, мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн би Д.Нас 10,000,000.00 төгрөгийг авсан юм чинь М.Лд төлнө, гэхдээ Батжин-Ундрах ХХК-ийн 45 хувийн хувьцааг өөр лүүгээ шилжүүлж авчихаад өгөхгүй байгаа, хувьцааг шилжүүлж өгсний дараа 10,000,000.00 төгрөгийг төлнө гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч М.Л нь гэрч Ө.Бд зээлдүүлэхдээ түүний хүсэлтээр 10,000,000.00 төгрөгийг хариуцагч Д.Нямлхагвын дансанд шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Гэтэл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч Д.Н нь маргааны зүйл болох 10,000,000.00 төгрөгийг гэрч Ө.Бээс авах ёстой байсан, нэхэмжлэгч М.Л ийнхүү гэрчийн хүсэлтээр түүнд зээлдүүлэх 45,000,000.00 төгрөгөөс 10,000,000.00 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх тул энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зохигчдын хооронд үүрэг үүсээгүй байна.
Иймд, хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч М.Лгаас зээл аваагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй байх тул шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Лгийн гаргасан хариуцагч Д.Нд холбогдох 12,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,600.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР