Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01801

 

 

 

 

2021 06 14 101/ШШ2021/01801    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х төв холбогдох,

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд био анагаах судлаач мэргэжлээр АШУҮИС-д сураад, 2008 онд мэргэжил дээшлүүлж лабораторийн их эмч гэх диплом авсан. 2008 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хтөвд лабораторийн их эмч буюу одоогийн эмнэл зүйл эмгэг судлаач эмчээр ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажилдаа орох тухай өргөдлийг гаргасан. Өргөдөл нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө ажилдаа орох тухай байсан. Тэгэхэд намайг эмчлэх эрхийн лицензгүй, ажилд авахгүй гэж амаар хэлсэн. Би эрүүл мэндийн хөгжлийн төвд энэ талаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан. Эрүүл мэнд, хөгжлийн төвөөс хариуг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хтөв рүү 1575 гэх тоотоор явуулсан. Түүнд лабораторийн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд намайг ажилдаа орж болно гэх агуулгатай байсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би дахин Хтөвд өргөдөл өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр байгууллагаас амаар намайг ажилд авах боломжгүй гэж хэлсэн. Шалтгаан нь Мэргэжлийн хяналтаас намайг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн гэсэн. Уг маргаантай холбоотой гомдол гаргах хугацаа дуусах гээд байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би шүүхэд хандсан. Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хтөвөөс намайг дуудаж ажилд орох тушаал чинь гарсан гэж хэлсэн. Гэтэл намайг өмнөх албан тушаалаас халаад лаборант гэх тушаалаар ажилд авсан байсан тул би тус ажилд ороогүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Мг эмнэл зүйн эмгэг судлаачийн ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хтөвөөс шүүхэд гаргасан тайлбартаа Х.Мг 2 үндэслэлээр ажилд нь эгүүлэн авахгүй байна гэж харж байна. Нэгдүгээрт, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, иммунологич эмчийн ажлын байр байхгүй болсон, хоёрдугаарт эмнэл зүйн эмнэл судлаач гэх нэртэй болсон, тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул мэргэжлийн хувьд тэнцэхгүй гээд ажилд нь авдаггүй. Эдгээр үндэслэл нь хуульд нийцэхгүй, үндэслэл муутай. Бид эмнэл зүйн эмчийн хөдөлмөрийн гэрээ, иммунологич гэх үүргийг одоо хэн гүйцэтгэж байгаа талаар тайлбарлаач гэсний дагуу баримт гаргаж өгсөн. Эмнэл зүйн эмгэг судлаачийн хөдөлмөрийн гэрээ нь 2016 оноос хойш хугацаагүй байгуулагддаг болсон буюу 2015 оноос лабораторийн эмчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй тэр чигтээ адил гэсэн үг. Иммунологич болон эмнэл зүйн эмгэг судлаач гэх 2 мэргэжил яг ижил. Хийж буй үүрэг огт солигдоогүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Орон тоо хасагдсан зүйлгүй. Түүнийг ажилд авахгүйн тулд л тушаалууд гаргаад байна гэж харж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0202/4871 гэх албан бичгээр Х.Мг ажлын байрны шаардлагад тэнцэхгүй гэдэг. Энэ нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4, 5, 10.8 дугаар зүйлтэй огт нийцээгүй. Гэтэл хуульд нийцээгүй албан шаардлага гаргаад, түүнийг гаргасан хүн нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч тайлбарлаж чаддаггүй. Ажлын байрны шаардлагад нийцэхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар халах ёстой. Х.Мг тус албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байгаа бол тус үндэслэлээр чөлөөлөх ёстой. Эмнэл зүйн эмгэг судлаачийн ажлын байр хэвээр гэдэг нь хэд хэдэн зүйлээс харагдана. Жишээ нь, Х.Мд хүүхэд асрах чөлөө олгосугай гэх тушаал болон 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/21 тушаалын үндэслэлд Х.Мгийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар дуусгавар болгосон байсан. Түүний ажлын байр хэвээр гэдэг нь эдгээрээс харагдаж байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х.Мнь ажилдаа буцаж орох тухай хүсэлт гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 617 ажлын өдөр байна. Бид дундаж цалин хөлсийг холбогдох журмын дагуу бодсон. Х.Мнь 2015 оны 11 дүгээр сард жирэмсний амралтаа авч, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Х.Мгийн 2015 оны 8, 9, 10 дугаар саруудад авсан цалингаас харахад 1 өдрийн цалин нь 56,093 төгрөг буюу нийт 34,609,381 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт гаргуулж, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х.Мнь иммунологийн их эмчээр 2008 оноос эхлэн тус байгууллагад ажилласан. Түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байхад нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/35 тушаалаар иммунологийн эмчийн орон тоо хасагдсан. Эмнэл зүйн эмнэл судлаач эмч гэх орон тоо бий болсон. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажилдаа буцаж орох тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан. Хтөв хүсэлтийг нь аваад 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэргэжлийн хяналтын газар хүсэлт явуулсан. Х.Мг эмнэл зүйн эмгэг судлаачийн эмчээр ажиллаж болох талаар тодорхойлолт гаргуулахыг хүссэн тул түүний холбогдох бичиг баримттай явуулсан. Хариу нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан үлгэрчилсэн загварт Х.Мтухайн чиглэлээр мэргэшээгүй гэсэн байсан. Хтөв эмнэл зүйн эмгэг судлаач эмчээр ажиллах боломжгүй гэж түүнээс дүгнэсэн тул Хтөвийн дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дугаар зүйлд заасныг барьж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/21 тушаал гаргасан. Ингэхдээ түүнийг иммунологийн их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгож, эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу хугацаагүй ажиллуулахаар болсон. Тус тушаал нь өнөөг хүртэл хэвээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлэх эрхийн лицензэд гол асуудал байна. Манайд Х.Мтай ижил мэргэжилтэй 4 хүн лаборант хийдэг. Тэдгээрээс хоёр нь лабораторийн эмч болох хүсэлтэй гээд давхар сурч байна. Эмнэлгийн журам нь өнөөдөр эмчийн лицензийн хугацаа дууссан бол маргааш нь чөлөөлдөг. Тиймээс хугацаа дуусахаас өмнө сунгасан байх шаардлага тавьдаг. Лиценз бол үндсэн шаардлага юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М, хариуцагч Хтөвд холбогдуулан тус төвийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний хугацаагаар тооцон 34,609,381 төгрөг гаргуулах, дурдсан хугацаагаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн, нэхэмжлэгч эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй нь ажлын байрны шаардлагад нийцэхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хтөвийн захирлын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 68 тоот тушаалаар Х.Мг Лабораторийн тасгийн Иммунологийн их эмчийн ажилд томилсон, 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2014 оны 05 дугаар сарын 30-нд талууд ажлын байрны тодорхойлолтыг баталжээ. Тус хөдөлмөрийн гэрээний 1.1-д Х.Мнь их эмчийн албан тушаалд, иммунологийн их эмчийн ажлын байранд ажиллахаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцсон, мөн ажлын байрны тодорхойлолтын В-Тавигдах шаардлага-д Анагаах ухааны чиглэлээр суралцсан дээд боловсролтой, Иммунологч мэргэжилтэй, Иммунологч эмчийн мэргэшил эзэмшсэн байх үндсэн шаардлага тавигджээ. Тус шаардлагыг хангасан гэж үзэж хариуцагч, нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сард жирэмсний амралт авах хүртэл ажиллуулжээ. /1-р ХХ-ийн 53, 72-75 дахь тал/

Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа орох хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 тоот тушаалаар нэхэмжлэгчийг нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар ажиллуулахаар ажилд томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ. Хариуцагч тус тушаалын үндэслэлийг, Хтөвийн захирлын 2016 оны А/35 дугаар тушаалаар Иммунологич их эмчийн орон тоог хассан, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02-02/4871 тоот албан бичигт заасны дагуу нэхэмжлэгчийг Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд томилох боломжгүй болсон гэж шүүхэд тайлбарлажээ. /1-р ХХ-ийн 27 дахь тал/

Хтөвийн ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хтөвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/01 дугаар тушаалын 1-р хавсралтад Нэгдсэн лаборатори 26 ажилтны орон тоотой, үүнээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иммунологич их эмчийн орон тоо 1 гэжээ. Харин мөн захирлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хтөвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/35 дугаар тушаалын 1-р хавсралтаар Нэгдсэн лаборатори 26 ажилтны орон тоотой байхаар, үүнээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иммунологич их эмч-ийн орон тоо хасагдсан байна. Талууд шинээр бий болсон Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байрны орон тоо нь сайдын тушаалд нийцүүлэн Иммунологич их эмчийн ажлын байрны орон тоог ийнхүү өөрчилсөн гэж тайлбарлажээ. 2016 оноос хойших хариуцагчийн жил бүрийн Хтөвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай тушаалд Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байр хадгалагдсан байна. /1-р ХХ-ийн 36-52 дахь тал/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалын 1-р хавсралтаар Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар-ыг баталжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан тус төвийн Лабораторийн тасгийн Эмнэлзүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд Х.Мг ажиллуулж боломжтойг тодруулахаар хандсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02-02/4871 тоот албан бичгийг ирүүлж Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалд зааснаар Х.Мнь тус ажлын байрны шаардлагад нийцэхгүй гэсэн хариуг ирүүлжээ. Энэ үндэслэлээр хариуцагч, нэхэмжлэгчийг Эмнэлзүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд ажиллуулахаас татгалзсан, мөн энэ үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэгчийг ажлын байрны шинэчилсэн шаардлагад тэнцэхгүй гэж нэхэмжлэлээс татгалзаж буй хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны тус 501 тоот тушаалын 1-р хавсралт тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалын 1-р хавсралт Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар-ын В.Тавигдах шаардлага-д: Боловсрол нь Анагаах/байгалийн ухааны дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, Мэргэжил нь Хүний их эмч, Био-анагаах судлаач, Био-анагаахын мэргэжилтэн, Мэргэшил нь Эмнэлзүйн эмгэг судлаач их эмч, био-анагаахын мэргэжилтэн/анагаахын биотехнологич, биохимич, биофизикч, микробиологч, вирусологич, дархлаа судлаач, молекул биологч, цитологч, удам зүйч, гемотологч, нанотехиологч, анагаах ухааны кибернетикч гэсэн 13 төрлийн мэргэшлийг зайлшгүй шаардлага байна гэж нэрлэн заажээ.

Хариуцагчийн зүгээс Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалын дагуу өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн Био-анагаахын мэргэжилтний ажиллах ажлын байрны тодорхойлолтыг дээрх гурван мэргэжил, нэрлэн дурдсан 13 мэргэшлийн хүрээнд нарийвчлан тодорхойлж зохих шийдвэр гаргасан, ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар шийдвэр гаргаагүй гэж хариуцагч тал тайлбарласан. Өөрөөр хэлбэл хариуцагч уг загварыг шууд мөрдлөг болгон ажилласан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч 2001-2006 онд ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуульд суралцан Био-анагаах судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, 2008 онд мөн сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтэд 1.5 жилээр суралцан Лабораторийн эмчийн хөтөлбөрийг дүүргэсэн, 2013-2017 онд мөн сургуульд суралцан Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн зэргээс үзэхэд тэрээр Хтөвийн Нэгдсэн лабораторийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд тавигдах үндсэн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02-02/4871 тоот албан бичгээр Х.Мнь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлага хангахгүй, Хтөвийн лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн ажлын байранд ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны тус 501 тоот тушаалын 1-р хавсралтын В.Тавигдах шаардлага-ын дагуу нэрлэн заасан 13 мэргэшлийн аль нэг чиглэлээр мэргэшин суралцсан байвал тухайн ажил, албан тушаалд ажиллаж болохоор заасныг хэт явцуу байдлаар тайлбарлан зөвхөн Эмнэлзүйн эмгэг судлаач эмч-ээр мэргэшсэн байх гэснийг хариуцагч үндэслэл болгон нэхэмжлэгчийн амаржсан, хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үүргээ биелүүлээгүй, улмаар өөр ажилд томилсон нь нэхэмжлэгчийн ажлын байрны нөхцөлийг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн хувьд Нэгдсэн лабораторийн Иммунологич их эмчийн орон тоо хасагдаж Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн орон тоог бий болгосон, шинэ ажлын байранд тавигдах үндсэн шалгуур нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй их эмч байх шаардлагатай гэж тайлбарласан. Гэвч шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, мэтгэлцсэнээс үзэхэд Иммунологич их эмч, Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүрэг нь агуулгын хувьд ижил байна. Энэ нь Хтөвийн ерөнхий захирлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан Ажлын байрны тодорхойлолтод заасан Иммунологич их эмчийн ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт заасан Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байрны зорилго, зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаатай агуулгын хувьд ижил байна. Үлгэрчилсэн загвараар ажлын байрны тодорхойлолтыг илүү дэлгэрэнгүй, нарийвчлан дурдсан нь хариуцагчийн 2014 оны 128 тоот тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтыг үгүйсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч ажлын гүйцэтгэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалаагүй, өөр ажилд томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ажил олгогчийн үүрэг нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар тодорхойлогдоно. Нэхэмжлэгчийн ажлын байрны албан тушаалын нэршил өөрчлөгдсөн нь тухайн орон тоо хасагдсан гэх үндэслэл болохгүй учир хариуцагч, нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд томилсон нь хуульд нийцэхгүй гэж үзэх тул нэхэмжлэгч Х.Мг хариуцагч Хтөвийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх 617 ажлын өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хугацаагаар тооцон 34,609,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2015 оны 08-10 дугаар саруудад бүтэн авч байсан гурван сарын үндсэн цалингийн нийлбэр /3,567,554/3=1,189,184/-ээс тооцоход нэг сарын үндсэн цалин 1,189,184 төгрөг ба ажилгүй байсан бүтэн 29 сарын цалин 34,486,336 төгрөг болон мөн ажлаас халагдсан сарын, шүүхийн шийдвэр гарсан сарын хэсэгчилсэн хугацааны 1 хоногийн цалин 54,053 төгрөгийг ажлын 10 өдрөөр тооцон 540,530 төгрөг болж нийт 35,026,866 төгрөг болсныг нэхэмжлэгчийн нэг өдрийн үндсэн цалин 54,053 төгрөгийг 617 ажлын өдрөөр бодож /54,053х617=33,350,701/ 33,350,701 төгрөгийн хэмжээгээр тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 1,258,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний хугацаагаар тооцон нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олговол зохих 33,350,701 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутган тооцож олгохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М/*******/-г хариуцагч Хтөвийн Лабораторийн тасгийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33,350,701 төгрөгийг хариуцагч Хтөвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, Х.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Хтөвд даалгаж, нэхэмжлэлээс 1,258,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хтөвөөс /70,200+324,703=394,903/ 394,903 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ