Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00905

 

Х.М-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00826 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч ХСҮТ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М, түүний өмгөөлөгч Б.Ц, Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Био-Анагаахын судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2008 онд лабораторийн эмчээр, 2017 онд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2008 оны 68 дугаар тушаалаар Иммунологийн лабораторийн их эмчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч улмаар ХСҮТ ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Б/271 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах ойртсон тул 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр чөлөөний хугацаа дуусахад буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө нь ажиллаж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад эмчийн лицензгүй тул эмчээр ажиллуулах боломжгүй гэх хариуг амаар өгсөн. Миний суралцаж төгссөн Био-Анагаахын судлаач мэргэжилд эмчийн лиценз олгодоггүйгээс болоод ажиллах боломжгүй болсон. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд лабораторийн эмч нь хүний их эмчийн болон лабораторийн эмчийн лицензтэй байх шаардлагатай эсэхийг тодруулахаар гаргасан өргөдлийн хариуг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1575 дугаар албан бичгээр ХСҮТ-д хүргүүлсэн. Тухайн албан бичгийг үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй. Иймд Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм гэжээ. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХСҮТ-д очиж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг ирснийг хэлж ажилдаа эгүүлэн томилуулахаар хүсэлт гаргасан. Ингээд хариу хэлэлгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХСҮТ-ийн хүний нөөцөөс ажлын байрны тодорхойлолтод чинь өөрчлөлт орсон тул ажилд тань авах боломжгүй хэмээн ажилд маань томилоогүй бөгөөд ямар нэгэн албан бичгээр хариу өгөөгүй. Намайг ажилд маань эргүүлэн томилохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүний ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу миний бие өргөдлөө гаргасан боловч ажиллуулахгүй байгаа нь ажлаас халсантай адилтган үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн миний урьд ажиллаж байсан ажлын байр маань хасагдсан, орон тоо цөөрөөгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.М нь ХСҮТ ийн захирлын тушаалаар Лабораторийн тасагт Иммунологийн их эмчээр 2008 онд ажилд орсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. Энэ хугацаанд ХСҮТ-ийн ерөнхий захирлын ХСҮТ-ийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Иммунологийн их эмчийн ажлын байр орон тоог хассан юм. Х.М-ийн  ажилдаа эргэн орох өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ХСҮТ-ийн лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд Х.М нь ажиллаж болох талаар дүгнэлт гаргуулахаар түүний эзэмшсэн мэргэжил боловсролын диплом хавсарган албан бичиг хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХСҮТ-д хариу ирүүлэхдээ Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй био анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай бөгөөд Х.М нь тухайн чиглэлээр мэргэшээгүй тул лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн орон тоон дээр ажиллах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Мэргэжлийн хяналтын албан бичигт заасны дагуу Х.М  нь эмнэлзүйн эмгэг судлаач эмчээр ажиллуулах боломжгүй болсон тул ХСҮТ-ийн ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/21 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилд авсан тухай тушаал гаргасан. Дээрх тушаалаар Х.М-г Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Био-Анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулахаар болсон боловч Х.М нь одоог хүртэл ажилдаа эргэн ороогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 747 733.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн  ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 33 404.40 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч ХСҮТ нь Х.М г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд байгууллагын бүтэц өөрчлөгдөж Иммунологич их эмчийн орон тоо ажлын байр хасагдсан талаар мэдэгдэж, лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн ажлын байранд ажиллуулах боломжтой эсэх талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, тус төвийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/21 дугаар тушаалаар Х.М-г нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар ажиллуулахаар шийдвэрлэжээ" гэжээ. Энэ хэсгээс харахад шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь, нэг бүрчлэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх ёстой байтал нотлох баримтыг тал бүрээс нь судлалгүйгээр үнэлсэн гэж үзэхээр байна. Учир нь Х.М-г жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ХСҮТ  хэд хэдэн удаа бүтэц, орон тооны өөрчлөлтийг хийсэн байх бөгөөд Иммунологич их эмчийн орон тоо ажлын байр хасагдсан талаар огт мэдэгдээгүй, түүний нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүгч ямар үндэслэлээр хариуцагчийг нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр Х.М-г ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг баримтлан Х.М-г ХСҮТ ийн Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд шилжүүлэн томилж ажлын байрыг хадгалж байсан нь нотлох баримтаар тогтоогдоно. ХСҮТ-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилд авсан тухай" А/21 дугаар тушаалын Нэгдүгээр хэсэгт “Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмч Х.М тай тогтоосон хөдөлмөрийн харилцааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөр дуусгавар болгосугай” гэсэн байх бөгөөд Х.М  бүтэц орон тооны өөрчлөлтөөр өмнө Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчээр томилогдсон нь харагдаж байна. ХСҮТ ийн захирлын тушаалаар Х.М-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэж заасныг баримтлан тус хуулийн 38.1.2-т “Ажил олгогч санаачилсан' гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг цуцалж дуусгавар болгожээ. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана" гэж тайлбарлажээ. Гэтэл хариуцагч ХСҮТ  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох зүйл заалтыг баримтлалгүйгээр Х.М-ийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж дуусгавар болгосон нь хууль зөрчсөн байтал шүүгч энэ нөхцөл байдлыг огт анхаарч үзэлгүйгээр хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэсэн нь буруу болсон. Хариуцагч ХСҮТ  нь Х.М-ийн  хөдөлмөрийн харилцааг хууль зөрчиж дуусгавар болгон нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар ажиллуулахаар томилсон байна. Х.М-ийн хөдөлмөрийн гэрээ нь Төрийн үйлчилгээний албан тушаалын шатлалыг ТҮЭМ 5 гэсэн шатлалаар ажиллаж байсан байтал Төрийн үйлчилгээний албан тушаалын шатлалыг ТҮЭМ 4 шатлал болгон бууруулж Лаборантын ажилд томилж байгаа нь хууль болон ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 1575 дугаартай албан бичигт Био анагаах судлаач мэргэжлээр төгссөн Х.М  нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм" гэж дурдсан тул их эмчийн ажилд эгүүлэн томилуулах үндэслэлтэй гэх тайлбар гарган мэтгэлцсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар ХСҮТ ийн Нэгдсэн лабораторийн тасгийн Иммунологийн их эмчийн орон тоо 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хасагдсан, лабораторийн тасагт их эмчээр ажиллах тохиолдолд эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдсан, нэхэмжлэгч Х.М  нь их эмчийн дипломгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна.” гэжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1575 дугаарт албан бичигт “Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн уйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй. Иймд био анагаах судлаач мэргэжлээр төгссөн Х.М нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм" гэжээ. Гэтэл шүүгч тухайн нотлох баримтыг дүгнэхдээ Х.М их эмчийн дипломгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл юм. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үндсэн чиг үүргийг хариуцан ажилладаг байгууллага бөгөөд мэргэжлийн байгууллагаас Х.М-г үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж дүгнэсээр байтал шүүгч хэт нэг талыг барьж дүгнэн иргэнийг хохироож байна. Хэрэв Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1575 дугаар албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлж өөр ажил албан тушаалд томилсон бол мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох зүйл заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч ХСҮТ-ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн асуудал нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт  орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил олж өгнө гэж заасныг баримтлан ажил олгогчийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.М-ийн  их эмчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна" гэжээ. Хэрэв шүүгч ХСҮТ-ийн бүтцийн өөрчлөлтийг хуульд заасныг үндэслэн журмын дагуу хийсэн гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хэрхэн баримтлан ажилласныг дүгнэж шийдвэр гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг баримтлан ажилтантай тохиролцож адил чанарын өөр ажил, албан тушаалд шийдвэрлэх ёстой. Гэтэл Х.М тай тохиролцолгүйгээр албан тушаалын ангилал зэрэглэл, цалинг бууруулж, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилж, хөдөлмөрийн үндсэн нөхцлийг өөрчлөн томилсон асуудлыг дүгнээгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлж байгаа нөхцөлд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх ёстой. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 13-т “хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно" гэж заасан. Гэтэл шүүгч хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт " бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэж заасны дагуу албан тушаал, цалин, зэрэглэлийг бууруулж дурын ажил, албан тушаал санал болгосон үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч ХСҮТ-ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн асуудал хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил олж өгнө гэж заасныг баримтлан ажил олгогчийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.М-ийн их эмчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна" гэжээ. Анхан шатны шүүхийн уг дүгнэлт нь “нэхэмжлэгч ямар албан тушаалд эгүүлэн томилуулахаар шүүхэд шаардлага гаргасныг ойлгоогүй, хариуцагч ямар үндэслэлээр ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлснийг анхаараагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан. Тодруулбал, хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 тоот ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар нэхэмжлэгч Х.М-г “Лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмч”-ийн албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн чөлөөлжээ. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “ХСҮТ-ийн албан албан тушаалын жагсаалтыг батлах” тухай А/01 тоот тушаал авагдсан. Уг нотлох баримт бүхий тушаалын хавсралтын арванзургаадугаар хэсэгт “Лабораторийн тасаг-16” хэсгийн 187 дугаар нүдэнд “Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч" албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн "Иммунологич их эмч1' албан тушаал нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/35 тоот тушаалаар хасагдсан бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч Х.М нь “Жирэмсний болон амаржсаны амралт" (2015/12/26)-тай байсан байна. Өөрөөр хэлбэл ХСҮТ  нь нэхэмжлэгч Х.М-ийн  “Иммунологич их эмч" албан тушаал бүхий ажлын байрыг хассан даруйдаа түүнийг “Лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмч” албан тушаалд томилсон нь харагддаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 тоот ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь “Лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмч”-ийн албан тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан байхад шүүгч үүнийг анхаараагүй. Хэрэв “Лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмч”-ийн албан тушаалд түүний эмчийн тусгай зөвшөөрөлгүй гэж үзэж чөлөөлсөн бол ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь анхнаасаа буруу байна. Өөрөөр хэлбэл, түүнийг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байгаа бол өөр асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Х.М-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч ХСҮТ-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ ажиллаж байсан ажлын байрны орон тоо нь хасагдсан тул түүний эзэмшсэн мэргэжлийн дагуу нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулахаар болсон боловч ажилдаа ороогүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Х.М-г 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тушаалаар тус төвийн лабораторийн тасагт Иммунологийн их эмчээр ажилд авсан, /хх53/ 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй.

ХСҮТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/01 дугаар тушаалаар төвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлахдаа нэгдсэн лабораторийн орон тоог 26-аар тогтоосны дотор Иммунологич их эмчийн 1 орон тоог баталсан, харин үүнээс хойшхи бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд Иммунологич их эмчийн орон тоо батлагдаагүй байна. /хх36-52/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт Био анагаахын мэргэжилтэн нь эмнэл зүйн эмгэг судлаачаар мэргэшсэн байх шаардлагатай болохыг заажээ. Гэвч Х.М  нь энэ талаар мэргэшсэн баримт хэрэгт авагдаагүй тул эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн орон тоонд ажиллах боломжгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллаж байсан орон тоо хасагдсан тул Х.М-г эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажлын байранд ажиллах боломжтой эсэхийг тодруулахаар хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсанд /хх25/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариу ирүүлсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна./хх26/

Нэгэнт ажиллаж байсан орон тоо нь хасагдсан, био анагаах судлаач мэргэжил нь эмнэл зүй эмгэг судлаач эмчийн ажлын байрны шалгуурыг хангахгүй, энэ талаар эрх бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хариу ирүүлсэн зэргийг үндэслэн ажил олгогч нь Х.М-г нэгдсэн лабораторийн тасгийн лаборантаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 тоот тушаал гаргасан /хх27/ байгааг ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Ажил олгогч Х.М-ийн  хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд орон тоо хасагдсан бол өөр ажил олж өгөх үүргээ биелүүлж, лаборантаар ажиллуулахдаа ажилтны нийгмийн байдлыг дордуулаагүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр 30-ны өдрийг хүртэл 24 хоногийн хугацааны цалинд 747 733.2 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, нөхөн бичилт хийлгэхийг ХСҮТ-д даалган шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

Дээрхээс үзвэл хариуцагч байгууллагын орон тоо хасагдаж, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийнг лаборантаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүх нэхэмжлэгч Х.М-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ