Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01338

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.М-гийн хариуцагч ХСҮТ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М-, түүний өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Х.М- нь 2006 онд био анагаах судлаач мэргэжлээр, 2008 онд мэргэжил дээшлүүлж лабораторийн их эмчээр их сургууль төгссөн. Тэрээр ХСҮТ-д 2008 оны 05 сарын 02-ны өдөр лабораторийн их эмчээр ажилд орсон ба 2015 оны 12 сарын 16-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 12 сарын 04-ний өдөр ажилдаа орохоор хандахад эмчлэх эрхийн лицензгүй, ажилд авахгүй гэсэн тул энэ талаар 2018 оны 12 сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд өргөдөл гаргахад тус төвөөс 2018 оны 12 сарын 13-ны өдөр хариуцагч байгууллага руу лабораторийн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажилдаа орж болно гэх агуулгатай 1575 дугаартай албан бичиг хүргүүлсэн. 2018 оны 12 сарын 19-ний өдөр ажилдаа орох талаар дахин хандахад 2019 оны 01 сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтаас ажиллуулах боломжгүй гэсэн тул ажилд авахгүй гэж амаар хэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны 12 сарын 24-ний өдөр 0202/4871 дугаар албан бичиг нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4, 5, 10.8 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Ажлын байрны шаардлагад нийцээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар халах ёстой. Шүүхэд хандсанаас хойш буюу 2019 оны 01 сарын 30-ны өдөр ХСҮТ-өөс нэхэмжлэгчийг өмнөх албан тушаалаас халж лаборант гэсэн ажилд томилсныг зөвшөөрөхгүй. 2016 оноос хойш хугацаагүй байгуулагддаг болсон Эмнэл зүйн эмгэг судлаачийн хөдөлмөрийн гэрээ, 2015 оны лабораторийн эмчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй ижил. Иммунологич болон эмнэл зүйн эмгэг судлаач мэргэжлийн гүйцэтгэх үүрэг адил, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Орон тоо хасагдсан зүйлгүй. Х.М-д хүүхэд асрах чөлөө олгосон тушаал болон 2019 оны 01 сарын 20-ны өдрийн А/21 тушаалын үндэслэлд Х.М-гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болгосон байснаас үзвэл түүний ажлын байр хэвээр байна.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн 2015 оны 08, 09, 10 саруудад авсан цалингаар тооцоход 1 өдрийн цалин 56,093 төгрөг байх тул 2018 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш 2021 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 617 хоногийн нийт 34,609,381 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Х.М- нь иммунологийн их эмчээр 2008 оноос эхлэн тус байгууллагад ажилласан. Түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байхад нь 2016 оны 07 сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар иммунологийн эмчийн орон тоо хасагдаж, эмнэл зүйн эмгэг судлаач их эмч гэх орон тоо бий болсон. 2018 оны 12 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан. Үүний дагуу 2018 оны 12 сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газарт Х.М-г эмнэл зүйн эмгэг судлаачийн их эмчээр ажиллаж болох тухай хүсэлтийг, холбогдох бичиг баримтын хамт явуулсан. Мэргэжлийн хяналтын газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан үлгэрчилсэн загварт Х.М- тухайн чиглэлээр мэргэшээгүй гэсэн хариу ирүүлсэн. Хариуцагч байгууллагад Х.М-тай ижил мэргэжилтэй 4 хүн лаборант хийдэг ба 2 нь лабораторийн эмч болох хүсэлтэй гээд давхар сурч байна. Иймд ХСҮТ-ийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дугаар зүйлд заасныг баримлан 2019 оны 01 сарын 30-ны өдөр Б/21 дугаар тушаалаар иммунологийн их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу хугацаагүй ажиллуулахаар болсон. Тус тушаал нь өнөөг хүртэл хэвээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М- /ХБ83092301/-г хариуцагч ХСҮТ-ийн Лабораторийн тасгийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33,350,701 төгрөгийг хариуцагч ХСҮТ-өөс гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, Х.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 сарын 14-ний хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ХСҮТ-д даалгаж, нэхэмжлэлээс 1,258,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ХСҮТ-өөс 394,903 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг дагуу үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Х.М- нь их эмчийн дипломгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байгааг анхаараагүй. ХСҮТ-ийн Нэгдсэн тасгийн Иммунологич их эмчийн орон тоо 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс хасагдаж, эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн орон тоо шинээр бий болж улмаар тус орон тоонд ажиллах тохиолдолд эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх гэсэн үндсэн шаардлага тавигдсан болох нь ажлын байрны тодорхойлолт, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын хавсралт зэргээс тодорхой байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж заасан.

Мөн ХСҮТ-ийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил олж өгнө гэснийг баримтлан ажил олгогч ХСҮТ-ийн зүгээс нэхэмжлэгчийг 2019 оны 01 сарын 30-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар лаборантын ажилд томилж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болсон бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийн хүрээнд тухайн ажилтны чөлөөний хугацаа дуусахад хуульд заасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь ажилтны нийгмийн байдлыг дордуулаагүйг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч ХСҮТ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын нэршил Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч гэж өөрчлөгдсөн тул уг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргажээ. /1хх1-3, 2хх 132-134/

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ, байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хасагдсан, эмнэл зүйн эмгэг судлаач их эмч гэсэн ажлын байрны шаардлагад нэхэмжлэгч тэнцэхгүй, түүнийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу лаборантаар томилсон, уг тушаал хүчин төгөлдөр байгаа гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 23/

 

Нэхэмжлэгч Х.М- нь ХСҮТ-ийн Лабораторийн тасгийн Иммунологийн их эмчийн албан тушаалд 2008 оны 05 сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж, 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, 2016 оны 05 сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан, энэ хугацаанд буюу 2016 оны 07 сарын 18, 2017 оны 04 сарын 21-ний өдөр, 2018 оны 01 сарын 02-ны өдөр тус тус хариуцагч байгууллагын ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдах үед нэхэмжлэгчийн эрхэлж байсан Иммунологийн лабораторийн их эмч албан тушаал хасагдаж, Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч гэсэн орон тоо бий болсон үйл баримт хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаалууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх 6-9, 36-48/

 

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийг тус төвийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч эсхүл лаборант гэсэн албан тушаалын алинд нь томилох хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч ажлын гүйцэтгэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэж маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар зохигчдын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

 

ХСҮТ-ийн Ерөнхий захирлын 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан нэхэмжлэгч Х.М-гийн эрхэлж байсан Иммунологич их эмч-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, үндсэн чиг үүрэг нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт заасан Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч-ийн ажлын байрны зорилго, зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаатай ижил байна. /хх 74-75/

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн байгааг тухайн орон тоо хасагдсан гэх үндэслэл болохгүйн гадна 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 128 тоот тушаалын 1 хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтоор Нэгдсэн лабораторийн тасгийн Иммунологич их эмчийн шууд харьяалах албан тушаал нь лаборант байсан байна. Иймд хариуцагч талаас гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг лаборантын ажилд томилсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт ...Анагаах/байгалийн ухааны дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, хүний их эмч, Био-анагаах судлаач, Био-анагаахын мэргэжилтэй байх шаардлага тавигдсан бөгөөд нэхэмжлэгч нь Био-анагаах судлаач мэргэжилтэй, Лабораторийн эмчийн хөтөлбөрөөр мэргэшсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын Нэгдсэн лабораторийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд тавигдах үндсэн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэгч эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх үндсэн шаардлага хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, Эмнэл зүйн эмгэг судлаач их эмч-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл, уг ажлын байр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаанд хамааруулан үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т...жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээхээр хуульчилсан.

 

Ажилтан Х.М- нь дээрх хуульд зааснаар урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан боловч ажил олгогч тухайн ажил, албан тушаал хасагдсан гэх үндэслэлээр ажиллуулаагүй, өөр ажилд томилсон үйлдлийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд хандсан маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд гомдолд хамаардаг.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.М-г хариуцагч Халдвар судлалын Үндэсний төвийн Лабораторийн тасгийн Эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж шийдвэрлэнэ. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээдэг тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээрх хуулийн зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох, үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага байх тул анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож нийт 33,350,701 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэмжээний хувьд талууд давж заалдах гомдол гаргаагүй, олговрын хэмжээг буруу тооцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01801 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХСҮТ-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР