Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00300

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00826 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 905 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Х.М-

          Хариуцагч: Намхай-Очирын Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговрыг гаргуулах, зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М-, түүний өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2006 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Био-Анагаахын судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2008 онд лабораторийн эмчээр, 2017 онд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2008 оны 68 дугаар тушаалаар Иммунологийн лабораторийн их эмчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй. 2015-12-26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч улмаар Хавдар судлалын үндэсний төвийн захирлын 2016-5-02-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар 2017-12-29-ний өдрийн Б/271 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2018-12-26-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах ойртсон тул 2018-12-04-ний өдөр чөлөөний хугацаа дуусахад буюу 2018-12-27-ны өдрөөс өмнө нь ажиллаж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад эмчийн лицензгүй тул эмчээр ажиллуулах боломжгүй гэх хариуг амаар өгсөн. Миний суралцаж төгссөн Био-Анагаахын судлаач мэргэжилд эмчийн лиценз олгодоггүйгээс болоод ажиллах боломжгүй болсон. Би 2018-12-10-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд лабораторийн эмч нь хүний их эмчийн болон лабораторийн эмчийн лицензтэй байх шаардлагатай эсэхийг тодруулахаар гаргасан өргөдлийн хариуг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2018-12-13-ны өдөр 1575 дугаар албан бичгээр Хавдар судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тухайн албан бичгийг үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 25.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй. Иймд Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм гэжээ. Ингээд 2018-12-19-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвд очиж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг ирснийг хэлж ажилдаа эгүүлэн томилуулахаар хүсэлт гаргасан. Ингээд хариу хэлэлгүй байсаар 2019-01-09-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн хүний нөөцөөс ажлын байрны тодорхойлолтод чинь өөрчлөлт орсон тул ажилд тань авах боломжгүй хэмээн ажилд маань томилоогүй бөгөөд ямар нэгэн албан бичгээр хариу өгөөгүй. Намайг ажилд маань эргүүлэн томилохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т заасныг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу миний бие өргөдлөө гаргасан боловч ажиллуулахгүй байгаа нь ажлаас халсантай адилтган үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн миний урьд ажиллаж байсан ажлын байр маань хасагдсан, орон тоо цөөрөөгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, 2018-12-26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Х.М- нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлын тушаалаар Лабораторийн тасагт Иммунологийн их эмчээр 2008 онд ажилд орсон бөгөөд 2015-12-26-с эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын Хавдар судлалын үндэсний төвийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай 2016-7-18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Иммунологийн их эмчийн ажлын байр орон тоог хассан юм. Х.М-гийн ажилдаа эргэн орох өргөдлийг 2018-12-19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд Х.М- нь ажиллаж болох талаар дүгнэлт гаргуулахаар түүний эзэмшсэн мэргэжил боловсролын диплом хавсарган албан бичиг хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2018-12-24-ний өдөр Хавдар судлалын Үндэсний төвд хариу ирүүлэхдээ Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй био анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай бөгөөд Х.М- нь тухайн чиглэлээр мэргэшээгүй тул лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн орон тоон дээр ажиллах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Мэргэжлийн хяналтын албан бичигт заасны дагуу Х.М- нь эмнэлзүйн эмгэг судлаач эмчээр ажиллуулах боломжгүй болсон тул Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, 106.2-т заасныг үндэслэн 2019-01-30-ны өдөр Б/21 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилд авсан тухай тушаал гаргасан. Дээрх тушаалаар Х.М-г Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, 2019-02-01-ний өдрөөс эхлэн Био-Анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулахаар болсон боловч Х.М- нь одоог хүртэл ажилдаа эргэн ороогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 101/ШШ2019/00826 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хавдар судлалын үндэсний төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 747,733 төгрөгийг гаргуулан Х.М-д олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 33,404 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 905 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсан байна.

       Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ..Х.М- миний бие эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшлийнхээ дагуу 7,5 жил алдаа дутагдалгүй ажилласан.. Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг нь өвчтөнтэй шууд харьцах - клиник (мэс засал, халдвар, хавдар, хүүхэд, дотор гэх мэт) ба өвчтөнтэй шууд бус харьцах - параклиник (лаборатори, үйл оношлогоо, эмнэлгийн эмийн сан гэх мэт) гэсэн эмнэлгийн үйлчилгээ явуулах үндсэн хоёр бүтэцтэй байх ба клиникийн салбарт эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, онош тавьж, жор бичдэг, төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн хүний их эмч нар, харин параклиникийн салбарт лабораторийн эмчээр эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, анагаах ухааны дээд боловсролтой (их эмч, эрүүл ахуйч, био-анагаах судлаач гэх мэт) лабораторийн төрөлжсөн мэргэшлийг эзэмшсэн хүн ажиллаж болно гэсэн хуулийн дагуу миний бие 2008 онд эмнэлзүйн эмгэг судлаач эмчээр мэргэшиж, ажил үүргээ гүйцэтгэсэн. Үүнийг дараах хууль тушаалууд батална. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1, 25.2.. лабораторийн эмчид хамааралгүй юм. Хоёрдугаарт, Эрүүл мэнд, спортын сайдын 2015-3-16-ны өдрийн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай 98 дугаар тушаалын 1.4.. лабораторийн эмчид хамааралгүй юм. Гуравдугаарт, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үндсэн чиг үүргийг хариуцан ажилладаг Эрүүл мэндийн хөгжлийн төвд миний бие 2018-12-10-ны өдөр гаргасан ..өргөдлийн хариуг Хавдар судлалын үндэсний төвд хүргүүлсэн байдаг ба энэхүү 2018-12-13-ны өдрийн 1575 дугаарт албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 25.2-р хэсэгт зааснаар Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй. Иймд “Био-Анагаах судлаач” мэргэжлээр төгссөн Хүрэлхүүгийн М- нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм.’ гэсэн байна. Мэргэжлийн хяналтын газраас Хавдар судлалын үндэсний төвд ирүүлсэн 2018-12-24-ний өдөр 02-02/4871 дугаар албан бичигт ..Х.М- нь ..ажиллах боломжгүй болно гэжээ. ХСҮТ нь уг албан бичгийг үндэслэл болгож, намайг эмнэлзүйн эмгэг судлаач эмчээр ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн. Уг албан тоотыг сайн харвал өөрөө ямар ч үндэслэлгүй албан бичиг болох нь нотлогдоно. Үүнд: Нэгдүгээрт, дээрх албан бичигт дурдагдсан Эрүүл мэндийн сайдын 2015 оны 501 тоот тушаалд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй био анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай юм гэсэн заалт байхгүй. Харин үүнд Био-анагаахын мэргэжилтэнгээр эмнэлзүйн эмгэг судлаач эмч мөн Био-анагаах судлаач хүн ажиллаж болно гэсэн заалт байна. Хоёрдугаарт, хуучин лабораторийн эмч гэх нэршил өөрчлөгдөж одоо эмнэлзүйн эмгэг судлаач эмч гэх нэршилтэй болсон. Өөрөөр хэлбэл энэ хоёр нь нэг утгатай юм. Дээрх албан тоотод Х.М- нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшлээр мэргэшээгүй тул лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн орон тоон дээр ажиллах боломжгүй гэж бичсэн нь миний 2008 онд АШУҮИС-н лабораторийн резиденсийг дүүргэж авсан лабораторийн эмчийн мэргэшлийн С2008174296 дугаартай дипломыг шууд хүчингүйд тооцсон байна. Миний бие 2019-4-3-ны өдөр “Эрүүл мэндийн сайдын 501 тоот тушаалын хаанаас нь Био-анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай гэсэн заалтыг гаргасан, ямар учраас М- нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшлээр мэргэшээгүй гэж дүгнэж, цохсоныг тайлбарлаж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Батшагайд гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2019-5-13-ны өдрийн 02-02/1866 дугаартай албан бичгээр өгсөн байх ба үүнд Таны ирүүлсэн хүсэлтэд дурдагдсан асуудал нь Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвд хамааралтай тул тухайн газарт хандаж лавлагаа авна уу гэсэн. Энэ нь өөрийнхөө гаргасан албан бичгийг тайлбарлан дүгнэлт өгч чадахгүй байгааг харуулж байна. Харин Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2016-12-15-ны өдрийн А/184 дугаар тушаалд хүний их эмч мэргэжилтэй хүн эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшлээр мэргэшнэ гэж шинэчилсэн байдаг. Энэхүү А/184 дугаар тушаалд Уг тушаал батлагдахаас өмнө тухайн мэргэшлийн чиглэлээр суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд уг тушаалд хүчингүй болгосон “Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалын дагуу мэргэшлийн үнэмлэх олгоно гэж заагдсан. Энэ нь уг шинэчилсэн тушаал гарахаас өмнө нарийн мэргэшлээр сурч байгаа болон сурчихсан хүмүүсийн диплом хүчин төгөлдөр гэдгийг баталж байна. Иймдээ ч 2016 оноос өмнө миний адил анагаах ухааны дээд боловсролтой (био-анагаах судлаач, эрүүл ахуйч гэх мэт) эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшил эзэмшсэн олон олон эмч нар ажил үүргээ хийж яваа. ХСҮТ нь 2019-01-30-ны өдөр эмнэлзүйн эмгэг судлаач их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, 2019-02-01-с Био-анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу лаборантаар ажиллуулахаар болсон боловч М- нь ажилдаа эргэн ороогүй гэсэн. Үүнд Био-анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу лаборантаар ажиллуулна гэсэн нь хоёр өөр мэргэжлийг нэгд тооцсон байна. Учир нь: Био-анагаах судлаач мэргэжил нь анагаах ухааны их сургуулийг 5 жил дүүргэж эзэмшдэг анагаах ухааны дээд боловсрол ба Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй Био-анагаахын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг Монгол улсын эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалаар шинээр гаргасан. Харин лаборант мэргэжил нь анагаахын сувилахуйн сургуулийг 3 жил дүүргэж эзэмшдэг анагаах ухааны дунд (дипломын) боловсрол ба эрүүл мэндийн сайдын 2012 оны 183 тоот тушаалд заагдсан лаборантын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар гэж тусдаа өөр зүйл байдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр нь өөр мэргэжил ба ТҮЭМ5, ТҮЭМ4 гэсэн шатлалтай байдаг. Эмнэлзүйн эмгэг судлалын эмч нь лабораторийн биохими, гематологи, иммунологи гэх мэт дэд салбаруудад хөрвөн ажиллах чадвартай боловсон хүчин юм. Эрүүл мэндийн хуулийн 25.11-т Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна гэсэн байдгийн Эмнэлзүйн эмгэг судпалын эмч нь үндсэн мэргэшил, иммунологич эмч нь төрөлжсөн мэргэшил нь юм. Өөр өөр хэлбэл үндсэн мэргэшил болох Эмнэлзүйн эмгэг судлалын эмч нь төрөлжсөн мэргэшил болох иммунологич эмчтэй адил чанарын ажлын байрны тодорхойлолттой байдаг. ХСҮТ иммунологи эмчийн орон тоог хассан гэж байгаа нь төрөлжсөн нэршлийг нь болиулж үндсэн нэршилд нь оруулсан явдал юм. Миний бие 2008 оноос ХСҮТ-ийн нэгдсэн лабораторийн иммунологи лабораторийг үүсгэн хөгжүүлж ирсэн ба одоог хүртэл уг лаборатори үнэ цэнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнийг хариуцсан эмч ч ажиллаж байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Х.М- 2019-01-25-ны өдөр Намхай-Очирын Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв /цаашид Хавдар судлалын үндэсний төв гэх/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2018-12-26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт  хийхийг даалгуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас олговорт 747,733 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж,шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Шийдвэр,магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Х.М-гийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

      Х.М- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд “..урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох..” шаардлага гаргасан бөгөөд талууд ажилтны “..урьд эрхэлж байсан ажил..”-г “иммунологийн лабораторийн их эмч..” /хх1, 5/., нэгдсэн лабораторийн тасгийн   их эмч /хх6,9/., лабораторийн тасгийн иммунологийн их эмч /хх 23/., лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмч /хх45,40,36,27/., нэгдсэн лаборатори иммунологийн их эмч /хх52,53/., иммунологи их эмч /хх 72/ гэж өөр өөр байдлаар тодорхойлжээ.      

      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...иммунологийн лабораторийн их эмчийн ажил хийж байгаад чөлөө авсан бөгөөд уг ажилдаа эгүүлэн тогтоолгох..” /хх1/-г хүссэн ба анхан шатны шүүх хуралдаан дээр “..урьд эрхэлж байсан ажилд..” тогтоолгохыг хүссэн, харин өмгөөлөгч нь “эмнэлзүйн эмгэг судлаач”-н ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй гэж маргасан байна. /хх79-80/

        Х.М- “..урьд нь..” ямар ажил эрхэлж байсныг тодорхой болгох нь  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм.

      Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ажилтан ямар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан болохыг тодорхой дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй гэж үзлээ.     

       2. Шүүх хэрэгт буй нотлох баримтын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3., 38 дугаар зүйлийн 38.5, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.   

      Мэргэжлийн хяналтын газрын 2018-12-24-ний өдрийн 02-02/4871 дугаар албан бичиг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4-5 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт нийцээгүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзнэ.

     Түүнчлэн, талууд “...эмнэлзүйн эмгэг судлалын эмч... иммунологи эмч нь үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшил эсэх...мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл ямар тохиолдолд шаардагддаг...” гэх зэргээр маргасан, энэ талаар дүгнэлт хийхэд анагаахын,  тусгай мэдлэг шаардагдаж болохоор байгааг шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

      3. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул шийдвэр,магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргааны зүйл болсон ажлын байрны талаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулж, хэрэгт буй нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00826 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 905 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ