Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/01850

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/01850

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Н

 

Хариуцагч: М.М нарт холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.У-с орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,  дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, байр,  тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн О.Б миний нэр дээр олгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар иргэн Г.Н нь өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа төдийгүй иргэн миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу иргэн Г.Н, М.М нарыг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, байр,  тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Г.Н, М.М, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... М.М нь иргэн Б.Ч-тэй 2016 оны 01 дүгээр сард анх уулзаж тухайн байрыг худалдаж авах санал гаргасан. Тухайн үед байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж хэлээд Г инвест ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлсэн. Энэ барьцааг чөлөөлж гэрчилгээг шилжүүлж өгөх, байрыг газраар арилжаалахаар харилцан тохиролцсон. 2016 оны 04 дүгээр сард хариуцагч М.М, эхнэр Г.Н-гийн хамт байранд нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр уг байр барьцаанд биш худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжсэнийг мэдсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Б.Ч М.М нар мэдээгүй. Үүнээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч О.Б нь байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг гаргаагүй. Уг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, байр, тоотод байрлах 48.49 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Н, М.М нар уг орон сууцыг Б.Ч-с худалдан авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч О.Б нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж,  байр,  тоотод байрлах 48.49 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.У-с худалдан авч 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өмчлөгч болсон болох нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар лавлагааг тус тус тогтоогджээ /хх-7, 8, 90/.

   

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч О.Бийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба мөн хуулийн 106.3 дахь хэсэгт энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаар нэхэмжлэгч О.Б нь орон сууцны хууль бус эзэмшигчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хариуцагч Г.Н, М.М нар уг орон сууцыг Б.Ч-д газар өгөхөөр тохиролцож, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд гэрч Б.Ч нь хариуцагч М.М, Г.Н нартай маргаан бүхий орон сууцыг газраар арилжихаар тохиролцсон тухай мэдүүлж байх боловч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар лавлагаанаас үзэхэд Б.Ч болон хариуцагч М.М, Г.Н нар тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй байна. 

 

Мөн хариуцагч М.М, Г.Н нар Б.Ч-тэй бичгээр гэрээ байгуулаагүй, харин Б.Ч-д Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах 10.000 м2 талбайтай газрыг бусдад шилжүүлэх эрх итгэмжлэлээр олгосон гэж тайлбарлаж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргасан ба төлөөлүүлэх эрхийг Мөнгөлөг хэнтий ХХК олгосон байгаагаас гадна тухайн газрын эзэмшигчийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй /хх-115/.

  

Хэрэгт авагдсан Г инвест ХХК-тай байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.6.2-т маргаан бүхий орон сууцыг гэрээний үнэд тооцон ерөнхий гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан байх боловч ерөнхий гүйцэтгэгч нь иргэн Б.Ч биш Х констракшн ХХК байна /хх-66-79/.

 

Дээрх бариммтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч М.М, Г.Н, мөн тэдний тайлбарт дурдсан орон сууцны худалдагч Б.Ч нарын хэн алинд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хариуцагч М.М нь О.Б, Б.У Ч.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн /хх-105/ байх боловч энэ хэрэг нь тус иргэний хэрэгт хэрхэн нөлөөлөх, мөн тухайн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй болно.

 

Мөн хариуцагч нь орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болохоо шүүхэд нотлох үүрэгтэй зохигч байхад маргаан бүхий орон сууцыг гэрч Б.Ч 60.000.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан, нэхэмжлэгчид орон сууц шилжүүлсэн Б.У-т худалдаагүй гэх зэргээр татгалзал гаргаж байгаа нь тус маргаанд огт хамааралгүй байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч М.М, Г.Н нарыг нэхэмжлэлд дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж үзэх баримтгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж,  байр,  тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Н, М.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М, Г.Н нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА