Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 01467

 

       О.Б-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэртэй, О.Б-ийн нэхэмжлэлтэй, Г.Н, М.М нарт холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

хэмжлэгч О.Б шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.У-аас "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 байрны 77 тоотод байрлах 48,49 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2 өреө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн /000482535 дугаартай/ гэрчилгээг О.Б миний нэр дээр олгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар иргэн Г.Н өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу иргэн Г.Н, М.М нарыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 байрны 77 тоотод байрлах 48,49 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Б.Ч-гээс байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэсний дауу 130 000 000 төгрөгийн үнэ бүхийг газрыг худалдах, худалдан авах гэрээ үйлдэлгүй Б.Ч-гийн оффис байсан маргаан бүхий 2 өрөө байранд орсон. Үүнээс хойш жилийн дараа О.Б нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар барилга угсралтын гэрээ өнөөдрийг хүртэл Б.Ч-д шилжүүлсэн баримт байдаг болохоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байдаггүй. Б.Ч-гийн найз И.А нь “Эко капитал” ББСБ-д 60 000 000 төрөгөөр барьцаанд тавьсан гэх боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Б.Ч, И.А нартай хамтарч хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Ч-гийн хүсэлтээр татан авсан. Дахин нэхэмжлэл гаргах гэсэн боловч худалдах, худалдах авах гэрээ биш зээлийн гэрээ гэдгийг нотлох хүмүүс “Эко капитал” ББСБ-тай танил гэдэг утгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир хариуцагч тал өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна. Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Б.У-аас О.Б орон сууцыг худалдаж авсан. Хариуцагч Б.У байхаар тогтоолд тусгасан боловч Б.У, О.Б нар 2 жилийн хугацаанд өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй нь нотлох баримтаар харагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Н, М.М нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол /13371/, Намъяанжугийн гудамж, 74-р байр, 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204046603 дугаарт бүртгэгдсэн 48.49 мкв, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 307 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т 70 200 төгрөг олгож, үлдэх 237 750 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

   Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

    Б.Ч-гийн 2015 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Намъяанжугийн гудамж, 74 дүгээр байрны 77 тоот хаягт байрлах 000467334 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хөлсөнд 110 000 000 төгрөгөөр тооцож "Гангар Инвест" ХХК-иас авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Б.Ч өмнө нь харилцаж байсан "Эко капитал ББСБ” ХХК-иас уг орон сууцаа тус байгууллагын ажилтан найз И.А-ийн нэр дээр шилжүүлж 60 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Б.Ч нь ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд тооцож авсан байраа найзынхаа нэр дээр шилжүүлэх ББСБ-д тавьж зээл авч компаний үйл ажиллагааг тасралтгүй явуулах гэж ажиллаж байхад найз И.А нь ББСБ-аас зээл авахдаа зээлийн гэрээ биш орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээл олгосон байсныг тогтоолгох гэж гэрч асуулгах хүсэлт өгсөн бөгөөд одоо зээлийн барьцаанд тавьсан 110 000 000 төгрөгийн үнэ бүхий байрыг 20 000 000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлж аваад байна.

       Хариуцагч нар Б.Ч-тэй харилцан тохиролцож уг байранд 1 жил амьдрах хугацаанд нэхэмжлэгч нэг ч удаа өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж уг байранд ирж байгаагүй, бөгөөд Б.Ч найз И.А-тэй зээлийн гэрээ байгуулахгүйгээр 20 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг дүр үзүүлэн гэрээ байгуулж авсан нь өөрөө хууль бус юм. Хариуцагч нар болон Б.Ч-тэй амаар харилцан тохиролцож дээрх байранд нүүж ирсэн, мөн Б.Ч нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг найз И.А нь зээлийн барьцаанд биш худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн талаар бичгийн баримт байхгүй ч хэрэгт ач холбогдолтой үйл явдлыг гэрчээр нотлуулж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжтой байтал шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

    Мөн Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1536 дугаартай тогтоолд нэхэмжлэгч нь Б.У-аас уг орон сууцыг худалдан авсан тул гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг нэхэмжлэгч нь худалдагчаас шаардах эрхтэй байсан талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Б.У-аас худалдаж авсан байрыг хүлээн авч, өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй талаар шүүхээс дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.  

 Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “Б.Ч-гээс уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, газраар сольж авахаар тохиролцсоны дагуу эзэмшиж байхад уг орон сууцыг бусдын өмчлөлд дамжуулан шилжүүлж бүртгүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

   Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.У нарын хооронд маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Намьянжугийн гудамж, 74 байр дүгээр байрны 77 тоот 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 7-8/ Тиймээс хариуцагч нь “Маргааны зүйл болох орон сууцыг Б.Ч-гээс газраар сольж авсан байхад бусдад дамжин худалдагдсан байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

   Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 4 дэх хэсэгт зааснаар Б.У-аас орон сууцыг өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлж авсан болон авахаар шаардсан болох нь тогтоогдоогүй байна.

    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгийг хүлээн авсан тохиолдолд тэрээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс тухайн эд хөрөнгийг шаардах эрх үүсэх юм.

    Иймд нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, худалдагч тал болох Б.У-аас эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагч буюу О.Б-ийн эзэмшилд шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.  

    Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЭНХТӨР

                                                        ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА