Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01736

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1467 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н, М.М нарт холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Ууганбаяраас “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 байрны 77 тоотод байрлах 48,49 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн /000482535 дугаартай/ гэрчилгээг О.Б миний нэр дээр олгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар иргэн Г.Н өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу иргэн Г.Н, М.М нарыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 байрны 77 тоотод байрлах 48,49 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

Тухайн үед Б.Чулуунхүүгээс байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэсний дагуу 130 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээ үйлдэлгүй Б.Чулуунхүүгийн оффис байсан маргаан бүхий 2 өрөө байранд орсон. Үүнээс хойш жилийн дараа О.Б нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар барилга угсралтын гэрээ өнөөдрийг хүртэл Б.Чулуунхүүд шилжүүлсэн баримт байдаг болохоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байдаггүй. Б.Чулуунхүүгийн найз И.Аварзэд нь “Эко капитал” ББСБ-д 60 000 000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэх боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Б.Чулуунхүү, И.Аварзэд нартай хамтарч хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Чулуунхүүгийн хүсэлтээр татан авсан. Дахин нэхэмжлэл гаргах гэсэн боловч худалдах, худалдах авах гэрээ биш зээлийн гэрээ гэдгийг нотлох хүмүүс “Эко капитал” ББСБ-тай танил гэдэг утгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир хариуцагч тал өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна.

Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Б.Ууганбаяраас О.Б орон сууцыг худалдаж авсан. Хариуцагч Б.Ууганбаяр байхаар тогтоолд тусгасан боловч Б.Ууганбаяр, О.Б нар 2 жилийн хугацаанд өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй нь нотлох баримтаар харагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Н, М.М нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол /13371/, Намъяанжугийн гудамж, 74-р байр, 77 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204046603 дугаарт бүртгэгдсэн 48.49 мкв, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 307 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т 70 200 төгрөг олгож, үлдэх 237 750 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1467 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Намьянжугийн гудамж, 74 дүгээр байрны 77 тоотод байрлах 48,49 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаартай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу нэхэмжлэлээ хууль зүйн үндэслэлтэй гаргасан ба анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтдээ:

...Иргэний хэрэг маргааны үндэс болсон Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 дүгээр байрны 77 тоотод байрлах 48,49 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаартай, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.М-тай харилцан тохиролцсоны дагуу хариуцагчид зээлээр худалдан борлуулах гэрээг хийж, эхний төлбөр тооцоонууд хийгдэн, хэрэг маргаан дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:         

Нэхэмжлэгч О.Б нь Г.Н, М.М нарт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т “...хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэжээ.

Нэхэмжлэгчийн татгалзал бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01411 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1467 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Г.Н, М.М нарт холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН