Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02437

 

 

 

 

 

 

 

 

2020 07 03

101/ШШ2020/02437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Д.Н /РД:0/-ийн хэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Базаркул овогт Т.Б /РД:0/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 17,741,627 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Бийн хүсэлтээр 2008 оноос эхлэн хойш цувуулж, зээлүүлсээр нийт 27,200 ам.доллар зээлдүүлсэн. Уг мөнгөө буцаан авч, хүүгийнхээ бизнест хөрөнгө оруулах зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 5-нд нэхэхэд Т.Б нь үндсэн зээлийг 64,252,000 төгрөгөөр, хүүг 7,929,943 төгрөг байхаар тооцож, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн.

2018 оны 1 дүгээр сарын 29-yөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хэлцэл ёсоор 36,400,000 төгрөгийг шилжүүлэх ёстой байснаас 5,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд энэ мөнгөн дүнг 2018 оны жилийн хүүд тооцон хааж, 27,200 ам.долларын үндсэн зээлийг болон үндсэн зээлээс cap бүр 1.4 хувийн хүү тооцож төлбөр барагдуулах гэрээг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

Иймд, Т.Баас зээлийн үндсэн төлбөр 70,158,400 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25 хүртэлх нийт сарын хүү 6,927,323 төгрөг, бүгд 77085,723 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2008 оноос хойш миний мөнгийг авч өөртөө ашигласан. Энэ хугацаанд ашигласан зээлийн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн үндсэн төлбөрөө ч бүрэн төлөөгүй байгаа тул илүү мөнгө төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Нгаас 2007 оны 12 сарын 05-нд 2,200, 2008 оны 02 сарын 19-нд 3.800, 2009 оны 6 сарын 23-нд 1.200, 2010 оны 9 сарын 22-нд 3.000, 2011 оны 11 сард 4.000, 2012 оны 9 сарын 12-нд 5.800, 2012 оны 12 сарын 23-нд 7.200 ам доллар, нийт 27.200 ам долларыг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг санхүүгийн чадавхи, боломжоосоо шалтгаалаад урамшууллын хамт тухай бүр нь төлж ирсэн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба амаар тохиролцсон. Тохиролцсоныхоо дагуу нийт 123 удаагийн гүйлгээгээр, Д.Нгийн Голомт банкин дахь 1601243913, 2705104015 тоот төгрөгийн данс, 2705113387 тоот ам.долларын данс руу нь болон хүү Т.Бгийнх нь эзэмшдэг Голомт банкны 0 тоот картын дугаараар нь юаниар тус тус орлогын гүйлгээ хийж, нийт 94.827.350 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлж ирсэн байдаг.

Мөн Д.Нгийн гуйлтын дагуу түүнийг "П Ф"ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж, компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд Д.Нгийн нийгмийн даатгалын шимтгэлд тооцон 1.322.220 төгрөгийг тушаасан. Энэхүү мөнгийг Д.Нгийн зээлээс хасаж байсан.

Гэтэл Д.Н нь аман тохиролцооноосоо буцаж ззэлсэн мөнгөө, хамт нэхэж эхэлсэн. Тухайн үед Т.Б нь санхүүгийн алдагдал хүлээж, ашиг орлого муудсан. Д.Н нь өөрийн хүү Т.Бгийн хамт ажил дээр олон удаа ирж, улмаар хэрүүл маргаан үүсгэж, ажлаа хэвийн явуулахад нь саад учруулж, дарамталсаар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр "Төлбөр барагдуулах тухай гэрээ" гэх баримтад гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрт нийт 94,827,350 төгрөг төлчихөөд байхад дахин 77,085,723 төгрөг нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн төлбөрт 77,085,723 төгрөг төлөхөөс 94,827,350 төгрөгийг илүү төлсөн байх тул зөрүү 17.741.627 төгрөгийг Д.Нгаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт илүү төлсөн 17,741,627 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

  

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Т.Б нь 27,200 ам долларыг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор, сарын 1.4 хувийн хүүтэй төлөх үүргийг Д.Нгийн өмнө хүлээсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Шүүх хуралдаанд талуудын хэн аль нь дээрх төлбөр барагдуулах гэрээнд тусгагдсан 27,200 ам долларыг хариуцагч Т.Б нь 2007 оны 12 сарын 05-нд 2,200, 2008 оны 02 сарын 19-нд 3,800, 2009 оны 6 сарын 23-нд 1,200, 2010 оны 9 сарын 22-нд 3,000, 2011 оны 11 сард 4,000, 2012 оны 9 сарын 12-нд 5,800, 2012 оны 12 сарын 23-нд 7,200 ам доллараар тус тус Д.Нгаас зээлж авсан үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө 27,200 ам долларыг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй явсаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр анх бичгээр байгуулсан болон зээлийн гэрээний үүрэгт нийт 86,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан үйл баримтын талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 86,000,000 төгрөг авсан боловч энэ нь 2007 оноос хойш 2019 он хүртэлх хугацааны зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөрөөс нэг ч төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж, 77,085,723 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул энэ хугацааны зээлийн хүү шаардах эрхээ алдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 86,000,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэх боловч 2007 оноос хойш 2019 он хүртэл хүүг хэдэн хувиар тооцсон нь тодорхойгүй тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй.

 

Харин талууд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэлцлийг бичгээр байгуулж, зээлийн хүүг 1.4 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ өдрөөс хойшхи зээлийн хүүг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь шаардлагадаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хүү шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хугацааны хүүг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд зээлийн үндсэн үүрэг 27,200 ам долларыг 2,364.48 төгрөгөөр тооцоход 71,657,856 төгрөг, зээлийн хүүг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 7 сараар тооцоход 7,022,463 төгрөг, нийт 78,680,319 төгрөгийг хариуцагч Т.Б төлөх үүрэгтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 86,000,000 төгрөг хүлээн авсан болохоо тайлбарласан тул хариуцагч Т.Б нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтад зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт илүү 7,319,681 төгрөгийг авсан байх боловч хариуцагч Т.Баас 2012 оны 02 сарын 20-нд 2,226.16 юан, 2012 оны 04 сарын 17-нд 2,226.45 юан, 2017 оны 10 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 800 ам долларыг тус тус ...зээлийн хүүд төлөв гэж төлсөн байна.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн тул төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг хамаарахгүй тул нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт илүү авсан 7.319.681 төгрөгийг дээрх зээлийн хүүд төлсөн төлбөрт тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт 17,741,627 төгрөгийг илүү төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хэдийгээр хэрэгт зээлийн төлбөр төлсөн талаархи баримтуудыг хариуцагчаас бүрдүүлж өгсөн боловч тэдгээр баримтуудад 2010 оноос 2019 оны хооронд зээл төлөхдөө гадаад мөнгөн тэмдэгт буюу юань, ам доллар зэргээр төлсөн баримтад мэдээлэл агуулагдсан байна.

 

Хариуцагч нь 2010 оноос 2019 оны хугацаанд юань болон ам доллар нь төгрөгт хөрвүүлбэл хэдэн төгрөгийн ханштай байсан талаархи баримтаа гаргаж өгөөгүй атлаа төлбөр төлсөн дээрх баримтуудыг төгрөгт бодож 17,741,627 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Тэрээр хэрхэн гадаад валютыг төгрөгт тооцож байгаа нь тодорхойгүй, уг баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэсэн тул дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх тодруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Нөгөө талаар, 2007 оноос 2012 оны хооронд зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгө авч, түүнийг урт хугацааны туршид бага хэмжээгээр хэд, хэдэн удаагийн үйлдлээр төлж барагдуулсан нь зээлдүүлэгчийн эрхийг зөрчсөн буюу уг мөнгөн хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө үүсгэх боломжийг нь хязгаарласан үйлдэл байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2007-2019 оны хооронд зээлийн гэрээний дагуу хүү тохирсон болохоо нотлуулахаар хариуцагчтай хийсэн ярианы бичлэгт үзлэг хийлгэсэн. Гэвч дээрх ярианы бичлэгийг хийхдээ хариуцагчид мэдэгдэж хийгээгүй болохыг бичлэг хийх үед хамт байсан гэх гэрч Г.Х-ээс шүүхэд мэдүүлсэн. Түүнчлэн дээрх бичлэг дүрсгүйн дээр бичлэгт ярьж байгаа этгээдүүд нь хэн, хэн болох нь тодорхойгүй байна.

 

Иймд дээрх ярианы бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хууль бус аргаар цуглуулсан байх тул тус бичлэг болон түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдаж байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Бт холбогдох 77,085,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Нгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Д.Нд холбогдох 17,741,627 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,378 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ