Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2023/00193

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00193

 

 

Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/04635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д-гийн хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,085,723.00 төгрөг гаргуулах үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,741,627 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2008 оноос эхлэн Д- нь Б-д цувуулж нийт 27,200 ам.долларыг хүүтэй зээлдүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлийг 64,252,000 төгрөг, зээлийн хүүг 20.5 хувь байхаар тохиролцон нийт 7,929,943 төгрөг болохыг зөвшөөрч, төлж барагдуулах талаар хэлцэл хийсэн. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 36,400,000 төгрөг төлөхөөс 5,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 2018 оны зээлийн хүүд тооцсон.

1.1 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 27,200 ам.доллар, зээлийн хүү сарын 1,4 хувь байхаар харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,000,000 төгрөг шилжүүлснээс хойш төлбөр хийгдээгүй.

1.2 Хариуцагч Б-ид 2007 оны 12 дугаар сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 27,200 ам.долларыг зээлсэн болон түүний 94,827,350 төгрөгийг 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд буцаан төлсөн талаар маргахгүй. Гэвч эдгээр төлбөрүүд бол хариуцагчийн зээлийн хүүд төлсөн төлбөр юм. Талуудын байгуулсан зээлийн гэрээний эхний хэсэг байхгүйгээс зээлийн хүүг тооцох боломжгүй байгаа боловч 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн. Үүнийг гэрээнд тодорхой тусгасан байхад хариуцагч нь дээрх гэрээг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй, харин нэхэмжлэгчид байхгүй, устаж алга болсон. Гэвч хариуцагч Б-ийн төлбөр төлсөн баримтын утгыг үзвэл тэрээр зээлийн хүүг төлж байсан нь нотлогддог. Мөн гэрч нар мэдүүлэхдээ ...хариуцагч нь зээлийг хүүтэй авсан гэж мэдүүлдэг.

1.3 Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гарын үсэгтэй бэлэн мөнгө хүүтэй зээлэхээр хүлээн авсан тухай баримт, мөн эхний нүүр хэсэг нь байхгүй боловч 2 дахь хэсэгт гарын үсэг зурагдсан зээлийн гэрээний 4.1.1-д тухайн зээлийг хүүтэй авсан гэх өгүүлбэр байгаагаас гадна 3,000 ам.доллар, 5,000 ам.долларыг 2.5 хувь, 7,200 ам.долларыг 2.5 хувьтай зээлсэн гэсэн тамгатай бичгээр үүнийг нотлох боломжтой. Өөрөөр хэлбэл, 135 ам.доллар, 180 ам.доллар гэдэг нь зээлсэн мөнгөний 2.5 хувь болохыг үүгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Бид хариуцагчаас 17,741,627 төгрөгийг илүү аваагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлийн хүү төлж байсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 71,658,400 төгрөг, зээлийн хүү 5,427,323 төгрөг, нийт 77,085,723 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд 77,085,723 төгрөг, 543,371.62 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлд дурдсан сарын 3.5 хувь болон 2.5 хувь гэж хүүтэй мөнгө зээлээгүй, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан гэж зөрүүтэй зүйлийг тайлбарладаг боловч 27,200 долларыг 1.4 хувийн хүүтэй гэрээнээс өөр гэрээ хэрэгт байхгүй. 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид 94,827,350 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 71,658,400 төгрөгийг хасахад 17,741,627 төгрөгийг илүү төлсөн байна.

2.1 Хариуцагч Б- нь нэхэмжлэгч Д-гаас 27,200 ам.долларыг зээлсэн үйл баримтын талаар маргадаггүй ба 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүүгүй зээлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 94,827,350 төгрөгийг авчихаад нэмж 71,658,400 төгрөгийг шаардсан нь түүнд 150,000,000 гаруй төгрөгийг төлөх ёстой гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б- нь эрхэлж байсан бизнестээ хөрөнгө оруулалт хийх зорилгоор нэхэмжлэгч Д-гаас 2007 оноос эхлэн 2012 хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 27,200 ам долларыг зээлэн авч, уг мөнгийг буцаан төлөхөөр амаар тохиролцсон. Хэрэгт авагдсан баримтуудаар орлогын гүйлгээ хийснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийт 94,827,350 төгрөгийг хариуцагч Б-, мөн Г.Х, Д.Ч, Л.А, П ХХК-ийн нэрээр төлсөн.

2.2 Санхүүгийн хямралаас болж ашиг, орлого муудсан, дахиж мөнгө өгч чадахгүй гэхэд хэрүүл маргаан үүсгэж, ажлаа хэвийн явуулахад нь саад учруулж дарамталсаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухайн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулж Б-ид гэрээнийхээ нэг хувийг ч өгөлгүй авч явсан. Тус гэрээнд сарын 1.4 хувийн хүү төлөх тухай тусгагдаагүй. Хариуцагч нь зээлийн асуудлаар нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон ба бидний тооцоолсноор 94,827,350.00 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн асуудлаар амаар тохиролцсон ба бидний тооцоолсноор 94,827,350 төгрөг төлчихөөд байхад нэхэмжлэгч сүүлд зуруулсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ гэх баримтаараа дахин 77,085,723 төгрөг нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр дээрх гэрээн дэх гарын үсэг нь Б-ийн гарын үсэг мөн, тамганы дардас нь П ХХК-ийн албан ёсны тамганы дардастай тохирч байгаа талаар дүгнэсэн, мөн нэхэмжлэгч Д- нь найз нөхдийн итгэлцлээр найзынхаа эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хий нэрийдлээр, бичгийн гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцож байснаасаа буцаж, зээлсэн мөнгөө хүүгийн хамт гаргуулан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг гэрээ ёсоор Д-д төлөх нийт 77,085,723 төгрөгөөс Б- нь Д-д 94,827,350 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,741,627 төгрөгийг нэхэмжлэгч Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 20,000 ам.долларын 2.5 хувийн хүү, 7,200 ам.долларын 3.5 хувийн хүү болох нийт 86,059,518 төгрөгийг миний болон манай хүүгийн данс руу шилжүүлсэн тооцооны баримтыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн уулзалтаар надад хэвлэж өгснөөр анхны гэрээний зээлийн хүү төлөх үүргийг Б- биелүүлсэн гэж үзсэн. 26.400 ам.долларыг Б- дахин хүүтэй зээлье гэснээр мөнгө хүлээн авсан баримт үйлдэн, Б-ийн тавьсан саналаар хүүг 1.5 хувиар тогтоож, үндсэн зээлийг төлөх хуваарийг тэр над руу явуулах, хүүг жич тооцох, гэрээг дараа нь үйлдэхээр тохиролцсоныг бичлэг хийж протоколдсон юм. Тохиролцсон ёсоор 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б- зээл буцаан төлөх хуваарь явуулсан бөгөөд үүндээ үндсэн зээлийн 26,400 ам.долларын дүнг дээгүүр буюу 27,200 ам.доллар, өдрийн ханшийг доогуур буюу 2358.53 төгрөгөөр тооцож нийт 64,152,000 төгрөгийн үндсэн зээлийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны дотор эргэн төлөх хуваарийг явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өмнө тохирсон 1.5 хувийн хүүг 1.4 болгон зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 4 ба 5 сарын хуваарийн дагуу шилжүүлэх мөнгийг хоцроосноо 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б- утасны мессэжээр мэдэгдэж байсан. 17,741,627 төгрөг илүү төлсөн гэсэн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг бүрнээр хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д-гийн гаргасан хариуцагч Б-ид холбогдох 77,085,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д-гаас 17,741,627 төгрөгийг гаргуулж хариуцагч Б-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,378 төгрөг, хариуцагчийн төлсөн 246,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 246,660 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

6.1 Нэхэмжлэгч талаас хариуцагчаас мөнгө авч байсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн бөгөөд 3,000 ам.доллар, 7,200 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлж байгаа талаар тэмдэглэл үйлдэн хариуцагч Б- гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13,000 ам.доллар дээр 4,000 ам.доллар нэмж 2,5 хувийн хүүтэй зээлсэн талаар тэмдэглэсэн баримт, хариуцагчийн гарын үсэгтэй бэлэн мөнгө хүүтэй зээлэхээр хүлээн авсан баримт гэх утгатай бичгийн баримт, цахим шуудан, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хүүтэй мөнгө зээлж авсан болох нь тогтоогдож байгаа юм. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасны дагуу талуудын хооронд хүү тохирч мөнгө зээлсэн, хариуцагч Б- нь гарын үсэг зурсан бичгийн баримт байсаар байтал шүүхээс уг баримтыг буруугаар тайлбарлан, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй гэж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 95, 99, 160,195,196 дугаар талд авагдсан баримтуудад зээлийн хүү гэсэн бичиглэл байгаа нь хариуцагч талаас зээлсэн мөнгөний хүүд тооцон мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбартаа ...Нарантуяагаас авсан мөнгөө бүгдийг буцааж төлсөн, хүү төлнө гэж тохироогүй... гэж тайлбар, мэдүүлэг өгсөн нь гаргаж өгсөн баримтуудтайгаа нийцээгүй, худал мэдүүлсэн байтал шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

6.2 Хариуцагчийн 2,5 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр гүйлгээ хийсэн нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлж байсан гэдгийг нотолж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б-ийн хүүд тооцон төлсөн мөнгийг үндсэн зээл-ийн төлбөрт тооцон нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч талуудын тохиролцооны дагуу зээлийн хүүд төлсөн төлбөрийг шүүхээс үндсэн төлбөр төлсөн гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.

6.3 Шүүх төлбөр барагдуулах гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Гэтэл уг гэрээ нь хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулагдсан. Мөн төлбөр барагдуулах гэрээ хийх хүртэлх хугацаанд сар болгоны шилжүүлгийн дүн нь зээлийн хүү гэж тохирсон зээлсэн мөнгөний 2,5 хувьтай тэнцэж байгааг харгалзаж үзээгүй.

6.4 Хавтаст хэргийн хуудас 187 дээрх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хариуцагчаас ирсэн и-мэйлээр 27,200 ам.долларыг зээлдэгч төлье гэж хүлээн зөвшөөрсөн баримтыг шүүгч хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй. Мөн хэргийн 179-183 дугаар тал авагдсан талуудын ярианы бичлэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний талаар, 2007 оноос хойш болсон үйл явдлыг бүгдийг хамруулсан харилцан ярилцсан, хүүтэй мөнгө зээлснийг нотлох чухал ач холбогдол бүхий баримт байтал шүүхээс уг баримтыг үнэлж дүгнээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Төлбөр барагдуулах гэрээнд заасан 1.4 хувийн хүүгээр тооцоход 77,085,723 төгрөг байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид 94,827,350 төгрөг төлсөн. Өмнө нь хүүгийн талаар яригдаагүй. Гэтэл Д- өгсөн мөнгөндөө хүү тооцно гэсэн учраас төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан. Хариуцагч хүсэж байгуулаагүй, нэхэмжлэгч чи гарын үсэг зурж өмнөх зүйлийг баталгаажуул гэж шаардсан учраас гэрээ байгуулсан. Тухайн үед үүнд гарын үсэг зурахаас татгалзах зүйл хариуцагчид байгаагүй. Учир нь төлбөр төлсөн баримтуудаа хадгалж байсан. Хариуцагч нь төлбөрийг төлж дууссан гэх ойлголттой байсан. Нэхэмжлэлд 1.4 хувийн хүү дурдагдсан болохоос 2.5, 2.3, 3.5 хувийн хүүгийн талаар дурдагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.5, 2.3, 3.5 хувийн хүү зэрэг зөрүүтэй зүйлүүдийг хэлдэг боловч үүнийг нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Илүү төлсөн мөнгө байгаа болохыг мэдсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан эсэх талаар тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал 123 ширхэг баримтын дагуу 94,827,350 төгрөгийг хүлээн авсан талаар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээ дэмжиж байна. Нэхэмжлэл гаргасны дараа өгсөн баримтуудыг тооцож үзэхэд өгөх мөнгөнөөс илүү мөнгө өгсөн байсан. Иймд илүү төлсөн 17,741,627 төгрөгийг буцаан нэхэмжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д- нь хариуцагч Б-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,741,627 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Д- нь 2007 оноос хойш Б-ид мөнгө зээлдүүлж зээлийн харилцаа үүссэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д- нь өмнө зээлсэн мөнгөний нийт дүн 27,200 ам.долларыг сарын 1,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Б- нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-3/

4. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь зээлдэгчийн төлсөн төлбөрийг хүүд тооцсон гэж, хариуцагч нь зээлийн хүү тохиролцоогүй гэж тус тус маргасан байна.

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 27,200 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7. Хариуцагч нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 94,827,350 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. /хх76-169/

8. Нэхэмжлэгч Д- нь 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан баримтыг үндэслэн зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэх боловч уг баримт нь бүрэн биш, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд зээлийн хүү төлөхөөр тохиролцоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв.

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцох үндэслэлтэй байх бөгөөд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Учир нь хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...зээлийн гэрээний үүрэгт 94,827,350 төгрөг төлөх хүсэл зоригийг илэрхийлээгүй, харин 77,085,723 төгрөгийг төлөх ёстой байсан гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна.

10. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр 17,741,627 төгрөгийг нэхэмжлэгчид илүү шилжүүлсэн гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

11. Нэхэмжлэгчийн ...хүү тохирч мөнгө зээлсэн, хариуцагчийн гарын үсэг зурсан бичгийн баримт байсаар байтал шүүх уг баримтыг үнэлж дүгнээгүй, Б-ийн хүүд тооцон төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрт тооцон нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд зээлийн хүү тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд 1 дүгээр хавтаст хэргийн 179, 186, 187 дах талд авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн хүү төлж байсан гэх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлсон гэж дүгнэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/04635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.ЦОГТСАЙХАН