Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1805

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Нагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Бшт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 77 085 723 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 17 741 627 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.На,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Жавзандулам,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Бшийн хүсэлтээр 2008 оноос эхлэн хойш цувуулж нийт 27 200 ам.доллар зээлдүүлсэн. Уг мөнгөө буцаан авч, хүүгийнхээ бизнест хөрөнгө оруулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэхэд Т.Бш нь үндсэн зээлийг 64 252 000 төгрөг, хүүг 7 929 943 төгрөг байхаар тооцож, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн.

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хэлцэл ёсоор 36 400 000 төгрөгийг шилжүүлэх ёстой байснаас 5 250 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд энэ мөнгөн дүнг 2018 оны жилийн хүүд тооцон хааж, 27 200 ам.долларын үндсэн зээлийг болон үндсэн зээлээс сар бүр 1.4 хувийн хүү тооцож төлбөр барагдуулах гэрээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

Иймд Т.Бшаас зээлийн үндсэн төлбөр 70 158 400 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү 6 927 323 төгрөг, нийт 77 085 723 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2008 оноос хойш миний мөнгийг авч өөртөө ашигласан. Энэ хугацаанд ашигласан зээлийн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн үндсэн төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа тул илүү мөнгө төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нагаас 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 200 ам.доллар, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 800 ам.доллар, 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1 200 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сард 4 000 ам.доллар, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5 800 ам.доллар, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 200 ам доллар, нийт 27 200 ам долларыг зээлж авсан нь үнэн.

Уг мөнгийг санхүүгийн чадавхи, боломжоосоо шалтгаалаад урамшууллын хамт тухай бүр нь төлж ирсэн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба амаар тохиролцсон. Тохиролцсоныхоо дагуу нийт 123 удаагийн гүйлгээгээр Д.Нагийн, Голомт банкин дахь 1601243913, 2705104015 тоот төгрөгийн данс, 2705113387 тоот ам.долларын данс руу болон түүний хүү Т.Билгүүдэйгийн эзэмшдэг, Голомт банкны 872260600505002 тоот картын дугаараар нь юаниар тус тус орлогын гүйлгээ хийж, нийт 94 827 350 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлж ирсэн байдаг.

Мөн Д.Нагийн гуйлтын дагуу түүнийг “П” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж, компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд Д.Нагийн нийгмийн даатгалын шимтгэлд тооцон 1 322 220 төгрөгийг тушаасан. Энэхүү мөнгийг Д.Нагийн зээлээс хасаж байсан.

Гэтэл Т.Бш нь санхүүгийн алдагдал хүлээж, түүний ашиг орлого муудсан. Д.На нь ажлаа хэвийн явуулахад нь саад учруулж, дарамталсаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай гэрээ” гэх баримтад гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрт нийт 94 827 350 төгрөг төлчихөөд байхад дахин 77 085 723 төгрөг нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн төлбөрт 77 085 723 төгрөг төлөхөөс 94 827 350 төгрөгийг илүү төлсөн байх тул зөрүү 17 741 627 төгрөгийг Д.Нагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Бшт холбогдох 77 085 723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Нагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Д.Над холбогдох 17 741 627 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Бшийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543 378 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.На давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие ямар нэг хуулийн мэдлэггүй жирийн иргэн байхад хариуцагч талаас шүүх хуралдаан болдог өдөр даргалагч шүүгчийн 1 газар ажиллаж байсан хүн болох “өмгөөлөгч" шүүх хуралдаанд оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой байтал хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ нь хэргийн 191 дэх талд байгаа анхны гэрээний 2 дахь хуудас юм. Учир нь нэхэмжлэгч тал өөрт байсан гэрээний нүүр хэсэг алга болсон тухай шүүхэд тайлбарлаж, хариуцагч талаас уг гэрээг гаргуулах хүсэлт гаргасан.

Гэтэл хариуцагч тал өөрт ашиггүй баримт учраас санаатайгаар гаргаж өгөөгүй. Гэсэн хэдий боловч хариуцагч тал 2,5-аас 3,5 хувиар тооцож зээлийн хүүг нэхэмжлэгчид шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримтуудаар хангалттай нотлогдоно.

Мөн шүүхийн шийдвэрийн 4 дэх талын дээрээсээ 3 дахь хэсэгт Т.Бшаас 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2 226.16 юань, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 226.45 юань, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 800 ам.долларыг тус тус зээлийн хүүд төлсөн гэж дурьдсан байгаа нь талуудыг зээлийн гэрээ байгуулсан болохыг хангалттай нотолж байна.

Хэргийн 193 дахь талд зээлдэгч нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 26 400 ам долларыг график гарган төлж барагдуулахаар харилцан тохирч гарын үсэг зурсан баримт байгаа учраас зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хангалттай нотлоно.

Мөн хавтаст хэргийн 194 дэх тал болон түүний ард талд 5000 ам.доллар, 7200 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх гэрээнд үзэж болох бичгээр хийсэн баримт байгаа.

Хариуцагч зээлийн төлбөрт 77 085 723 төгрөг төлнө гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Д.На нь нийт 27 200 ам долларыг тус тус зээлүүлсэн бөгөөд ийнхүү зээлж авсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, гэрээ хийж баримтаар нотлогддог боловч зээлийн харилцааны явцад төлбөр барагдуулах гэрээ хийж амлалт өгч, гарын үсэг зурж, итгэл төрүүлж байсан хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргах үед өмгөөлөгч авчирч “гэрээгүй учраас төлөхгүй” гэж өөрт байгаа гэрээгээ хүртэл гаргаж өгөхгүй байгаа хариуцагчийн үйлдэл шудрага биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Т.Бшаас 77 085 723 төгрөгийг гаргуулж өнгө үү гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.На нь амаар тохиролцсоноосоо буцаж, зээлсэн мөнгөө хүүгийн хамт нэхэж эхэлсэн ба хариуцагч нь нэхэмжлэгчтэй кээлийн асуудлаар амаар тохиролцсон ёсоор 94 827 350 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэгч сүүлд нөхөж зуруулсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ гэх бааримтыг үндэслэж дахин 77 085 723 төгрөгийг нэхэмжилж байгааг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн мөнгөний хэмжээг тогтоохдоо хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлж байсан 89 ширхэг мөнгөн шилжүүлгийн аримт болон дансны хуулга зэрэг баримтуудыг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн 86 000 000 төгрөгийг авсан нь үнэн гэсэн тайлбараар буцаан төлсөн мөнгөний хэмжээг т одорхойлсон нь үндэслэл муутай болжээ.

Мөн юань, ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож зээлийн төлөлтөөс төгрөгөөр тооцож, хасалт хийж байсан нөхцөл байдлыг тооцож бодох боломжтой байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд Д.Нагаас 17 741 627 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлтийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Д.На нь хариуцагч Т.Бшд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77 085 723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 17 741 627 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Д.На нь Т.Бшд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 200 ам.доллар, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 800 ам.доллар, 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1 200 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 ам.доллар, 2011 оны 11 сард 4 000 ам.доллар, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5 800 ам.доллар, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 200 ам.доллар, нийт 27 200 ам.долларыг зээлсэн талаар талууд маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Д.На, Т.Бш нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэлийг хийж, Т.Бш нь дээрх 27 200 ам.долларыг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор сарын 1.4 хувийн хүүтэй төлөх үүргийг Д.Нагийн өмнө хүлээсэн байна. Уг гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна.

 

Нэхэмжлэгч уг гэрээг цуцалж дуусгавар болгосон талаар тайлбар гаргаагүй. Иймд гэрээний хугацаа дуусгавар болоогүй тохиолдолд гэрээний үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм. Энэ үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох учиртай.

 

Сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцох үндэслэлтэй байх бөгөөд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч тал өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох нь нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан гэж дүгнэхгүй. Нэхэмжлэгчид эрх үүргийг тайлбарласан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш эрхээ эдлэх боломжит хугацааг шүүх олгосон гэж дүгнэнэ. Хариуцагчийн өмгөөлөгчтэй холбоотойгоор шүүгчээс татгалзах татгалзлалыг нэхэмжлэгч гаргаагүй. Шүүгч татгалзах үндэслэл байхгүй гэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боложмгүйгээс гадна нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хариуцагчийн өмгөөлөгч болон шүүгч өмнө нь нэг газар ажиллаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 543 378 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 246 660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА