Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/00624

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/00624

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 36 дугаар гудамж 717 тоотод оршин суух Алтангэрэлийн Г /РД: /,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 5 дугаар байр 114 тоотод оршин суух Баатарын А /РД: /-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгож хадгалуулсан автомашиныг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Баатар овогтой А тай Алтангэрэл овогтой Гантулга миний бие 2015 оны 7 дугаар сарын 20 ны өдрийн №015 тоот дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной, тракторын сэлбэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг нийт 12,600,000 төгрөгөөр бодож өөрийн Субару Форестер маркийн машиныг төлбөр төлөх баталгаа болгон барьцаалсан. Тоног төхөөрөмжийг хүлээн авах үед тоног төхөөрөмжөө задалсан байсан учир шалгах боломж байгаагүй "шууд ашиглах боломжтой, ямарч асуудал байхгүй" гэж хэлээд хүлээлгэн өгсөн. Гэтэл надад өгсөн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүйг Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг Хайчингийн тариан талбайд аваачаад 3 хоног угсрахыг оролдох явцад дараах зүйлс дутуу байгaar ойлгосон. Тухайлбал:

Хагалагч нь: Цан хутга, тулах дугуй, хөрслүүр, борной чиргүүл-хөндөл зэрэг хагалагчилд байх ёстой 7-н эд ангийн 4 нь дутуу бусад эд ангиуд байгаа боловч өөр хоорондоо таарч тохирохгүй өөр маркын ижил төрлийн тоног төхөөрөмжүүдээс цуглуулж эвлүүлсэн байсан.

Хавагч нь: Чиргүүлийн арлын тулгуур байхгүй, борнойн чиргүүлийн арлын тууш дөндийлөг байхгүй, өргөх механизмын хөндлөн төмөр хоолой хугарсан байгааг буцааж гагнахдаа байрлалыг буруу, чанар муутайгаар гагнасан, суман хошуу ажил гүйцэтгэж чадахааргүй болтлоо элэгдсэн, бусад эд ангиуд моралын элэгдэлд бүрэн орж ашиглах боломжгүй болсон байсан.

Тракторын сэлбэг нь: Анх ярихдаа тоног төхөөрөмжийн АНУлсаас оруулж ирсэн, гарал үүслийн бичиг, гаалийн бичигтэй өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй байгаа.

Б.А нь өөрийн боловсруулсан гэрээгээ дараах байдлаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.1 Худалдагч нь эрхийн доголдолгүй бичиг баримтын зөрчилгүй хагалагч, хавагч, борной гэсэн тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлнэ.

1.2 Худалдагч иь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг Худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч 1-т. Биет байдал маш их доголтой (биет байдлын доголтой гэдэг нь мэргэжлийн үнэлгээгээр тогтоогдсон) 2-т. Ямар ч бичиг баримтгүй, гарал үүслийн гэрчилгээ, техникийн паспортгүй. 3-т. Стандарт техникийн шаардлага хангаагүй (энэ нь мэргэжлийн үнэлгээгээр тогтоогдсон) тоног төхөөрөмжийг нийлүүлсний улмаас би төлөвлөж байсан хөрс боловсруулалтын ажлаа хийж чадалгүй хохирсон.

А  нь хуульд заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах,тээвэрлэх нөхцөл, журам баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй.

Г миний бие гэрээний 4.2-т Худалдан авагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдахыг шаардах эрхтэй" гэж заасны дагуу Б.А аас удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн авалгүй өнөөдрийг хүргэж байна.

Мөнхүү гэрээний 1.2-т Худалдан авагч нь Худалдагчид тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулснаар Монгол улсын Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу Худалдан өмчлөх эрх шилжинэ гэж заасан. Г миний бие дээрхи тоног төхөөрөмжийг хүлээж аваад стандарт техникийн шаардлага хангасан тохиолдолд үнийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авах үүрэгтэй байсан. 

Б.А нь "Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ"-ний худалдагч талын гол үүргээ биелүүлээгүй тул худалдан авагчийн зүгээс тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзаж байна.

Иймд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг цуцалж тус гэрээний дагуу хариуцагч талын шилжүүлсэн биет байдлын доголдолтой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /хагалагч, хавагч, борной/ болон тухайн тоног төхөөрөмжүүдтэй нэгдмэл зориулалтаар авсан эрхийн доголдолтой Нью холланд маркийн тракторын сэлбэгүүдийг хариуцагч Б.А д буцаан өгөх; Барьцааны гэрээ хийлгүйгээр хариуцагч Б.А д шилжүүлсэн УНВ 0252 улсын дугаартай SG 9003274 хөдөлгүүрийн дугаартай Субару /Subaru/ маркийн Форестер /Forester/ суудлын, цэнхэр өнгөтэй машиныг жинхэнэ өмчлөгч А.Гантулгад шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний гол нөхцөл нь тракторын сэлбэг болон хөдөө аж ахуйн хавагч хагалагч, борноо гэсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан. Ингэж гэрээ хийхээс өмнө тухайн тоног төрөөмжний энэ хэр тоног төхөөрөмж вэ, тракторт таарах уу, шууд ашиглаж болох уу гэж асуухад тракторт таарна, ажилд гарахад бэлэн чи гэрээгээ хийчих би аваад ирнэ гэж хэлж байсан. Гэрээ хийснээс хойш 7 сарын 27-ны өдөр Ариун бэлчир ХХК-ний агуулахаас очиж тоног төхөөрөмжүүдийг авч байсан. Ингэж хүлээн авах үед н.Хулан гэдэг ажилтан нь хүлээлгэж өгсөн. Тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн задалсан байдалтайгаар цаасан дээр тоо ширхэгийг нь бичиж өгсөн. Бид 2 фортер машинаар нэн даруй ачаад хамгийн эхэнд шалгаж үзэх боломжтой газар болох Дорнод аймаг руу аваачсан боловч угсарч чадаагүй. Эд анги дутуу хоорондоо таарахгүй байсан учир гэрээг цуцлах хүсэлт гаргасан. Мөн барьцааны гэрээ хийгээгүй байж авто машин барьцаанд тавьсан байсан. Иймд худалдах худалдан авах гэрээг цуцлах болон хүлээн авсан тоног төхөөрөмжөө буцаах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүмүүс өөрсдөө тоног төхөөрөмжийг үзэж хараад авсан. Тэгээд шалгаж үзэхээр Дорнод аймаг руу авч явсан. Ингэж ачиж авч явж байгаа талаарх зураг хэрэгт байгаа. А.Г өөрөө манайх руу огт холбогдоогүй. н.Энхтөр гэж хамтарч ажиллаж байсан залуу нь холбоотой байсан. н.Энхтөр нь танайхаас авсан тоног төхөөрөмж асуудалгүй ажиллаж байна, газраа хагалж байна гэж хэлдэг байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь 2016 оны 04 сард Ариун бэлчир ХХК-аас шүүхэд хандсан байдаг. Гэтэл манайхыг шүүхэд хандсаны дараа манайхыг ашиглах боломжгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх мэтээр ярьж эхэлсэн. Гэтэл А.Г нь өөрөө хүрч ирээд бид тариалалтаа хийсэн, бид ашигласан, төлбөрөө төлнө, жаахан рапс хураагаад авсан байгаа түүнийгээ зараад төлбөрөө төлнө гэж өөрөө надтай ирж уулзаад хэлж байсан. Гэтэл одоо ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй, тоног төхөөрөмжөө бүрэн ашигласан. Ашиглахгүй болтол нь ашиглачхаад дүгнэлт гаргуулсан юм уу эсвэл өөр хэрэгцээгүй болсон тоног төхөөрөмж авчирч дүгнэлт гаргуулсан юм уу мэдэхгүй байна. Манайхаас авсан тоног төхөөрөмж гэдгээ өнөөдрийг хүртэл нотлоогүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г нь нэхэмжлэлдээ "хуулинд заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах тээвэрлэх нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй. ... Худалдан авагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдахыг шаардах эрхтэй... тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзаж байна" гэжээ. Иргэн А.Г нь Б.А тай уулзан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж болохыг сайтар ойлгон, зах зээлийн үүнээс маш доогуур үнээр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасныг үндэслэн сийрүүлэгч, борной, анжис гэх 3 тоног төхөөрөмжийг тракторын сэлбэгийн хамтаар Худалдах худалдан авах гэрээ байгуулан 2015 ны 8 дугаар 20-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар буюу зээлээр дээрх тоног төхөөрөмж болон сэлбэгүүдийг хүлээлгэн өгч А. Гантулгын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв шинэ тоног төхөөрөмж байсан бол ийм хямд үнээр зарахгүй байсан ба үүнийг А.Г нь өөрөө сайтар ойлгож байгаа.

1. Ямар үйл ажиллагаанд ямар зориулалтаар ашигладаг болон хэрэглээний шинж чанарын талаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд тайлбарлуулалтгүйгээр мэдэж байгаа боловч худалдах үедээ зориулалт болон хэрэглээний шинж чанарын талаар тайлбарлаж өгсөн. Хэрэв тайлбарлуулахгүйгээр ашиглаж чадахгүй байгаа нөхцөлд А.Г нь утсаар, утас нь болохгүй бол байгууллагын хаягаар ирээд уулзаж, асуух бүрэн боломжтой байсан. Эргээд хандаж байгаагүй нь бүрэн тайлбарлаж өгсөн болохыг баталж байна.

2.Тээвэрлэх хадгалах нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүд нь онцгой тусгай хадгалалтын горим шаардлагагүй том оврын тоног төхөөрөмжүүд юм. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд үүнийг тодорхой мэдэж байгаа.

3. Анжис, сийрүүлэгч, борной гэх эдгээр тоног төхөөрөмжүүд нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж бөгөөд үүнийг А. Г нь өөрөө сайтар мэдэж байсны үндсэн дээр худалдан авалт хийсэн. Хуучин тоног төхөөрөмж тул ямар нэгэн баталгаат хугацаа, эдэлгээний хугацаа зэрэг баталгааг гаргаж өгөх боломжгүй гэдгийг аль аль тал нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан болно.

4.ОХУ-д үйлдвэрлэгдсэн болохыг тайлбарласан ба үйлдвэрлэгчийн нарийн мэдээллүүдийг авснаар тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтанд ямар нэгэн давуу тал үүсэхгүй учир үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

5. Монгол улсын Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1. дэх заалтад "Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ" гэж маш тодорхой хуульчилсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байгаа нь эрхийн зөрчилгүй тоног төхөөрөмж болохыг хуулийн дагуу нотолж байна.

6. Монгол улсын Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2. дэх заалтад "Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" тодорхой хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээн аваад ашигласан байдаг.

7. Нийт 25 сая төгрөгийн үнэ бүхий хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмж болон тракторын сэлбэгийн хамтаар худалдан авахдаа ирж уулзаад гуйж, үнийг нь буулгаж, зээлээр худалдан авсан, "Цагаан эрэг трейд ХХК-ий Захирал У.Ганболд, хуульч Б.Оюунтуяа, Механикч П.Батцэнгэл зэрэг удирдах албан тушаалтнууд нь тоног төхөөрөмжийг үзэж шалгаж хүлээн авч 2 жил ашигласны дараа хүлээн авахаас татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурьджээ. А. Г нь тухайн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч ашиглачихаад үнийг төлөхөөс зайлсхийж хүлээн авахаас татгалзаж байна гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

8.Өөрийн саналаар төлбөр төлөх баталгаа болгож барьцаалуулсан Сүбарү Форестер маркийн автомашинаа авах саналтай байна гэсэн нь хууль эрхзүйн үндэслэлгүй байна.

 

9. А.Г нь нэхэмжлэлдээ "... Б. А аас удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээж авалгүй өнөөдрийг хүргэж байна" гэжээ. Энэ нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Учир нь Б. А ын компани болох "Арвин бэлчир ХХК нь 2016 оны 4 сард буюу тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөнөөс хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүнээс өмнө А. Г нь Б. А д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй.

 

10. А. Г нь 2015 оны 9 сард ирж уулзаад "Алтангэрэл овогтой Гантулгын эзэмшилд байх 2004 оны Subaru Forester (sti) загварын суудлын машин нь тус байгууллагаас худалдан авсан тоног төхөөрөмжийн барьцаанд байгаа бөгөөд машинаа суллаж авахад 10,600,000 төг (Арван сая зургаан зуун мянган төгрөг)-г барагдуулж машинаа буцаан авах хүсэлтэй байна. 2015 оны 11-р сарын 30-с өмнө төлбөрийг барагдуулна. Төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд эзэмших эрх барьцаалагч талд эрхийн дагуу шилжихийг хүлээн зөвшөөрч байна. Хүсэлт гаргасан А. Г /гарын үсэг/ 99053692 гэсэн бичиг өөрийн биеэр үйлдсэн байх ба энэ нь өмнө нь ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байгаагүйгээр барахгүй тухайн тоног төхөөрөмж ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй хэвийн байсан, тоног төхөөрөмжийг ашигласан, тухайн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авсан болох нь нотлогдож байна.

Энэ хүмүүс өөрсдөө тоног төхөөрөмжийг үзэж хараад авсан. Тэгээд шалгаж үзэхээр Дорнод аймаг руу авч явсан. Ингэж ачиж авч явж байгаа талаарх зураг хэрэгт байгаа. А.Г өөрөө манайх руу огт холбогдоогүй. н.Энхтөр гэж хамтарч ажиллаж байсан залуу нь холбоотой байсан. н.Энхтөр нь танайхаас авсан тоног төхөөрөмж асуудалгүй ажиллаж байна, газраа хагалж байна гэж хэлдэг байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь 2016 оны 04 сард Ариун бэлчир ХХК-аас шүүхэд хандсан байдаг. Гэтэл манайхыг шүүхэд хандсаны дараа манайхыг ашиглах боломжгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх мэтээр ярьж эхэлсэн. Гэтэл А.Г нь өөрөө хүрч ирээд бид тариалалтаа хийсэн, бид ашигласан, төлбөрөө төлнө, жаахан рапс хураагаад авсан байгаа түүнийгээ зараад төлбөрөө төлнө гэж өөрөө надтай ирж уулзаад хэлж байсан. Гэтэл одоо ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй, тоног төхөөрөмжөө бүрэн ашигласан. Ашиглахгүй болтол нь ашиглачхаад дүгнэлт гаргуулсан юм уу эсвэл өөр хэрэгцээгүй болсон тоног төхөөрөмж авчирч дүгнэлт гаргуулсан юм уу мэдэхгүй байна. Манайхаас авсан тоног төхөөрөмж гэдгээ өнөөдрийг хүртэл нотлоогүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.А миний бие, иргэн Алтангэрэл овгтой Гантулгад хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжийг худалдахаар харилцан тохирч 2015 оны 07 сарын 20-ны өдөр "Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ" хийсэн юм. Уг гэрээгээр дараахь хөдөө аж ахуйн зориулалттай борков гурвалжинтай 5 ширхэг, хавагч 1 ширхэг, Цилиндр 1 ширхэг, Шланк \залгууртай\ 1 ком, хөл 11 ширхэг, Плюк \рамтай\ 1 ширхэг, Корбус 5 ширхэг, Стермень боолт ком 1, зэрэг тоног төхөөрөмжийг зах зээлийн ханшнаас доогуур худалдан авагч талын саналыг харгалзан үзэж 9,000,000 төгрөгөөр худалдсан юм. Дараа нь нэмж Нью Холланд брендийн тракторын сэлбэг болох гар биений вкладыш 6 ширхэг, их биений вкладыш 6 ширхэг, их бие тулхтай 1 ширхэг, кольц 6 ширхэг, гидрийн шүүр 2 ширхэг, түлшний шүүр 2 ширхэг, моторын шүүр 2 ширхэг, том агаар шүүгч 2 ширхэг, жижиг агаар шүүгч 2 ширхэг зэрэг нийт 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг нийт 3,600,000 төгрөгөөр худалдан нийт 12 сая 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 8-р сарын 20 дотор төлж барагдуулахаар тохирсон.

 

Гэрээний нийт төлбөр төлөгдөж дуустал иргэн А. Г нь өөрийн хүсэлтээр, төлбөр төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн 02-52 УНВ улсын дугаартай Сүбарү Форестер маркын суудлын автомашиныг манай байгууллагын хашаанд тавиулсан байгаа болно.

 

Үүний дараа 2015 оны 10 сард Б. А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэтэй уулзан, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж тосны ургамал болох Paпс тариалсан, энэ жилийн газар тариалангийн үйл ажиллагаа тааруу байсан тухай учирлан, гэрээний үнийн дүнг бууруулж 10,600,000 төгрөг болгон бууруулж өгөх талаар болон ургацаа борлуулж дуусахаар буюу 2015 оны 11-р сарын 30-ний өдрөөс өмнө нийт төлбөрийг барагдуулахаар бичгээр хүсэлт гаргасан байдаг. Мөн тэрхүү хүсэлтдээ 2015 оны 11-р сарын 30-наас өмнө төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд өөрийн эзэмшлийн 02-52 УНВ улсын дугаартай SubaruForester маркийн автомашины эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулсан байдаг. Мөн Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн цагдаагийн газарт хандан гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг залилуулсан учир шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын ХБМБТ-ийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Ууганбаяр нь Дорнод аймгийн Хэрлэн сумд "Цагаан эрэг трейд" ХХК-д ажиллаж байсан ахлах ажилтан Адъяагийн Энхтөр, мөн тус компаний тракторч Пүрэвийн Батцэнгэл, манаач албан тушаалд ажиллаж байсан Баваасан овогтой Амгаланбаатар нарт ЭХТА-ийн 252-р зүйлийг тайлбарлан сануулсны үндсэн дээр хэргийн талаар тайлбар авсан байдаг бөгөөд тус хэрэг нь "Цагаан эрэг трейд ХХК-ий харьяаллын дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хуваарилагдан ирж хянагдаад Баянзүрх дүүргийн Поркурорын газарт шалгагдсан байдаг. Тус материалд тайлбар өгсөн дээрх 3-н ажилтан нь Б. А аас худалдан авсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай байсан гэдгийг баталж байгаа бөгөөд "Цагаан эрэг трейд" ХХК нь санхүүгийн боломжгүй нөхцөлд байдлаас болж газар тариалангийн үйл ажиллагаагаа зогсоосон гэж тайлбарласан байдаг. Гэтэл Цагаан эрэг трейд" ХХК-ий албан тушаалтан А.Г нь (Дорнод аймгийн Булган суманд үзэглэсэн гэрээнд дээрх албан тушаалтан гэдгээр гэрээ байгуулсан байдаг) чанаргүй, доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж гүтгэн өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор иргэн Б.А д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. А.Г нь гэрээний 2-р зүйлийн 2.1 зааснаар 2015 оны 8-р сарын 20-ны дотор худалдан авагч тал тоног төхөөрөмжийн үнэ болох 12,600,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг болтол төлбөрөө хийхгүй хохироож байгаагаас гадна Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш ажилтан, танил талын хүрээнд "... хууран мэхэлж, залилж чанаргүй тоног төхөөрөмжөө худалдсан, муу муухайгаар хэлж доромжилсон... гэх мэтээр худал гүжирдлэгийг тараан иргэн Б. А болон "Арвин бэлчир" ХХК-ийг муу харагдуулах зорилгоор санаатайгаар Хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байна. Гэрээний 3-р зүйлийн 3.4 заалтаар үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заагдсан байгаа. Иймд худалдагч талаас худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн үндсэн төлбөр 12,600,000 төгрөгийг, түүний алдангид 2015 оны 8-р сарын 20-ны өдрөөс эхлэн өдөрт 63,000 төгрөгийн алданги тооцож, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилж өгсний дагуу нийт 6,300,000 төгрөгийн алданги төлөхөөр гарч байгаа болно. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан эрхзүйн туслалцаа авахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна.

1. Гэрээний үнийн дүн болох 12,600,000 төгрөг;

2. Гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 6,300,000 төгрөг:

3. Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг;

4. Шүүх үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хэлбэрээр дахин нэхэмжлэх болно.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А.Гантулгаас одоогийн байдлаар нийт 20,900,000 төгрөгийг гаргаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч А.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би утасны хуулга авах гээд явж үзсэн боловч гаргаж өгдөггүй юм байна билээ. 07 сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээн дээр Б.А ын талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай үйлчлүүлэгчийн авч байгаа эд зүйл нь биет байдлын доголдолтой, ашиглах боломжгүй тоног төхөөрөмж байгаа учраас өөрийнхөө эрхийнхээ дагуу шаардах эрхээ гаргаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдагч тал маань үүргээ биелүүлээгүйгээс болоод манай үйлчлүүлэгчийн эрх ашиг хохироод хуульд заасан хэлбэрийн дагуу цуцалсан энэ гэрээнд гаргаж байгаа учраас бид зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэн ч зарагдахгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ зарсны дараа мөнгө нэхэх, элдэв янзын тохиролцоо байдаг бол түүнийхээ дагуу шаардлага гаргах, тухайн хүн бол эхний ээлжид өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэж авч байж асуудалд хандана шүү дээ. Бид холбогдох нотлох баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн. Энэ асуудлыг шийдэх ёстой. Манай үйлчлүүлэгч гэрээг цуцалсан. Үүний дараа ямар нэгэн гэрээтэй холбоотой харилцаа үүсгэхээс татгалзаж байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчийн зардал гэж байна. Хуульд зааснаар өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах нь сайн дурын үндсэн дээр явагддаг. Энэ бүх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.А д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгож хадгалуулсан автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.А нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12,600,000 төгрөг, алданги 6,300,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөг, нийт 20,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь 9,000,000 төгрөгийн үнэ бүхий хагалагч, хавагч, борнойг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцож, төлбөрийн баталгаа болгож Сүбарү Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг хариуцагчид хадгалуулсан байна. Улмаар гэрээний хавсралтаар Нью холланд маркийн тракторын 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг хариуцагч нь худалдаж, нэхэмжлэгч хүлээн авсан байна. 

Талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ бөгөөд хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг холбогдох бичиг баримтын хамт нэхэмжлэгчид хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч нь тохиролцсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүрэг үүсжээ.

 

Гэрээнд заасан тоног төхөөрөмж болон сэлбэгийг нэхэмжлэгч нь хүлээн авсан талаар маргаагүй боловч эдгээр нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй байсан, улмаар зөрчлийг арилгуулахаар удаа дараа шаардлага гаргасан боловч хариуцагч зөрчлийг арилгаагүй тул гэрээнээс татгалзана гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлсэн. 1980 оны үед үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж тул холбогдох бичиг баримтгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд тухайн үед тоног төхөөрөмжийг үзээд харилцан тохиролцож хямдралтай үнээр худалдсан тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргасан.

 

Хариуцагч нь гэрээний зүйлийг худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлснээр өмчлөх эрх шилжсэн бөгөөд хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үндсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Учир нь нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул эрхийн зөрчилтэй гэж тайлбарласан боловч эд хөрөнгийн эрхийн зөрчил гэж гуравдагч этгээдийн зүгээс тухайн эд хөрөнгийн талаар ямар нэг шаардлага гаргах эрхтэй байхыг ойлгоно. Иймд уг маргаанд гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж, шаардлага гаргасан, гаргах эрх үүссэн нөхцөл байдал үүсээгүй байх тул хариуцагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах бөгөөд нэхэмжлэгч А.Г буюу худалдан авагч тал нь тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа шалгах, биет байдлын доголдлыг илрүүлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тал тухайн тоног төхөөрөмжийг Дорнод аймагт хүргэсэн хойноо угсарч ажиллуулсан, улмаар ашиглах боломжгүй гэдгийг мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тоног төхөөрөмжийг хүлээн авах үедээ шалгах, мэдэх боломжтой байсан, хариуцагч тал боломж олгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар, шаардлага гаргах эрхээ алдсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхгүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйлийн нэг хэсэг болох тракторын сэлбэгийн хувьд нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн нэг адил хүлээн авсан талаар маргаагүй, харин уг сэлбэгийг ашиглах шаардлагагүй болсон тул гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарласан. Энд зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний угаалгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд гэрээ байгуулсан гэж үзнэ. Улмаар худалдагч буюу хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь сэлбэгтэй холбогдуулан биет байдлын доголдлын талаар маргаагүй, харин холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул эрхийн зөрчилтэй гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсан үндэслэлээр эрхийн зөрчилтэй гэж үзэхгүй.

 

Зохигч хэн аль нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзах тухай үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч төлбөр, түүний алданги, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, талууд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч тал болох А.Гантулгыг төлөөлж тоног төхөөрөмжийг хүлээн авсан, А.Гантулгын хамаарал бүхий Цагаан эрэг ХХК-ийн хүмүүс тоног төхөөрөмжийг Дорнод аймаг руу 2015 оны 7 дугаар сарын сүүлээр хүргэсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Ууганбаярын асууж, бэхжүүлж авсан А.Энхтөрийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэг, П.Батцэнгэлийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлэг, Б.Амгаланбаатарын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэг зэргээс үзэхэд Цагаан эрэг ХХК-ийн талбайд 2015 оны 7 дугаар сарын сүүлээр авч ирсэн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байсан үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь дээрх мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг биш гэж маргаж байх боловч эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий этгээдийн бүрдүүлж цуглуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримт мөн. Үүнийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар бүрдүүлж, хэрэгт хавсаргуулсан. Харин нэхэмжлэгч тал дээрх тайлбар, мэдүүлгийг үгүйсгэж нотлоогүй.

Дээрх тайлбаруудаас үзэхэд 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт Цагаан эрэг ХХК-ийн газар дээр авч ирсэн буюу талуудын маргаж буй тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

2015 оны 7 дугаар сарын 20-нд дээрх худалдах-худалдан авах гэрээг байгуулснаас хойш 2016 оны 5 дугаар сард тухайн тоног төхөөрөмжийн талаар Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэн дүгнэлт гаргахаас өмнө А.Г нь эд хөрөнгө хадгалуулах гэрээгээр 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тоног төхөөрөмжөө бусдад хадгалуулсан гэх боловч тоног төхөөрөмж нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдлыг илэрхийлэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу, хагалагч, хавагч, борной гэх тоног төхөөрөмжийн үнэ 9,000,000 төгрөг, Нью холланд тракторын сэлбэг 3,600,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариуцагчид төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд дээрх худалдах худалдан авах гэрээний 4.5, 3.4-т төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар 18,900,000 төгрөгийг худалдагч тал буюу хариуцагчид төлөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн хууль зүйн туслалцаа авахад гарсан 2,000,000 төгрөгийн зардлын хувьд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь хариуцагчийн өөрийн хүсэл зоригоос хамаарсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хамаарахгүй байна. Мөн энэхүү 2,000,000 төгрөгийг төлсөн санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцааны зардал 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчид дээрх худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөх барьцаа болгож Сүбарү Форестер маркийн машиныг барьцаалсан гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, барьцааны гэрээ байгуулаагүй зэргээс уг автомашиныг төлбөр төлөх баталгаа болгож хариуцагчид хадгалуулсан байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний дагуу уг автомашинтай холбоотой эрх, үүрэг үүсээгүй байна. Иймд хариуцагч нь эрх, үүрэг үүсээгүй байхад уг автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж буй үйл баримт тогтоогдож байх тул автомашины жинхэнэ өмчлөгч нь автомашинаа дээрх хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар, нэхэмжлэгч А.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг цуцлах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.А аас Сүбарү Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Гантулгад олгож, нэхэмжлэгч А.Гантулгаас 18,900,000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 238,500 төгрөгийг нэхэмжлэгч А.Гантулгаас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нийт 252,450 төгрөг, хариуцагчаас 237,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.               Зохигчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА